Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Ёолк гэж багцалж боосон бургас, мөчрийг нь янзалж, чимчихсэн. Үнэхээр гоё санагдаж байсан шүү”

Шувт Ядамын ДҮГЭР

 2019 он шувтарч, шинэ 2020 онд халаагаа өгөх цаг мөч ойртжээ. Хаанахын хэнбугайд ч өмнөх оны бүхэл бүтэн 365 хоногийг үдэж, мөн л 360 гаруй хоногтой шинэ оныг угтах гэдэг “юм бодогдуулах” мөч мөнөөс мөн. Өнгөрсөн жил би юу амжуулав. Ирэх жил яамаар байна гээд. Эргэцүүлнэ. Та заавал “Уулыг нурааж, усыг эргүүлэх” албагүй. Бизнесээ явуулж, өтгөсөө өргөж, нялхсаа асарч, ер нь хийдгээ хийсээр бусдад ус биш, тустай өнгөрүүлсэн өдөр хоног бүхэн тань гавьяа, буян. Сайн үйл багаддаггүй. Сайн хүнээс сайн сайхан ард түмэн, сайн сайхан ард түмнээс сайн сайхан улс орон цогцолдог гэдэг. Хүн бол маш аминч амьтан. Юун түрүүн өөрийгөө, дараа нь гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхоо хүмүүсийн “түвшин”-д дээрх асуултыг тавьдаг. Хамт олноороо юм уу, гэр бүлээрээ, ер нь, олноороо татуулсан зураг дотроос хүн юун түрүүнд өөрийнхөө дүрс, байдлыг эрдэг юм гэсэн.

 Европын орнуудад шинэ, хуучин оноо өнөөгийн бидний мэддэгээр үдэж, угтах уламжлал тогтсоор уджээ. Харин тэд энэхүү уламжлалыг эртний ромчуудаас “будаа идсэн” байдаг. Аливаа шинэ юм яадаг билээ, тэр жам ёсоор “Амар гэхээсээ хамар даваа давж” байж нэгдүгээр сарын 1-нд шинэ оноо угтах энэ ёс өдгөө заншил болсон юм билээ.
Англид гэхэд аль дивангарын үеэс шинэ жилээ жил бүрийн III сарын 26-нд тэмдэглэдэг байжээ. Британы парламент шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг болох асуудлаар олон жил –“халуухан маргалдсан” юм гэдэг. Сүм хийдийнхэн нэлээд эсэргүүцсэн. Тэр нь ч учиртай...

 Юутай ч дэлхийн бүх улс орнууд нэг он тоололтой болсон нь маш том дэвшил юм. Гэрээ хэлцэл хийх, харилцан ойлголцох, мэдээлэл солилцох гээд асар их ач холбогдолтой шийдэл. Монгол ч шинэ жилийг  олны жишгээр тэмдэглэх болсон нь дэвшил.

 Монголчууд бидний амьдралд социализмтай хамт орж ирсэн нэг зүйл бол шинэ жилийг европ маягаар тэмдэглэх ёсон. Энэ бол бидний хэлж заншсанаар ёолк буюу сүлд модны наадам. “00” цагт үдэх – угтах ажиллагаа явагддаг. Монголчууд бид үүнээс өмнө дорнын зурхайн дагуу он улирсны баяр болгон Цагаан сараа тэмдэглэж, уул овоондоо мөргөж, өргөл өргөж, ном айлдуулж, сан салхиа тавиулж, даллага авхуулж, ахмадынхаа амар мэндийг асууж, идээ будаагаа элбэг ихээр дэлгэж, буян үйлдэж ирсэн. Социализмын үед цагаан сарыг төдийлөн таашаадаггүй байсан. “Үндэсний хоцрогдсон ёс”, “феодалын үеэс уламжлагдсан” гэж үздэг сэн. 1952 оны цагаан сарын битүүний өдөр Москвад Х.Чойбалсан нас барснаас хойш Цагаан сарыг бүрмөсөн хориглох шалтаг гарсан. Гэхдээ уламжлал, мөрөөдөл, бэлгэдэл даанч амь бөхтэй, даан ч ариун тул бүрмөсөн мартуулж бараагүй юм уу даа. Ингээд “Малчдын баяр” гэж нэг хэсэг явсан. Гэхдээ шашны ном уншуулах, ёслол үйлдэх хориотой. Нэгдэлч-малчдын баяр гэсэн үг л дээ. Сум-нэгдлийн дарга, намын дарга нар тэгэхэд хурал хийж, хөдөөний багш нарт “Золгох бол заавал ёолкоор л золгоно шүү. Ухамсартай сэхээтэн улс та нар үүнийг хатуу анхаарч, үлгэрлэх ёстой!” гэдэг, малчдын баяраар “баярласан” эсэхийг бүртгэж, “зохих дүгнэлт хийж” мэдээлдэг байж билээ. 1990 онд ардчилсан хувьсгалтай цуг Цагаан сар ч сэргэсэн, 1990-ээд оны эхээр сонин хэвлэлээр хүртэл “Тэгж золгодог юм, идээ будаагаа ингэж засдаг юм” гэж зааж зөвлөж байсан даа.

 Ёолк гэж орос хэлнээс орж ирсэн үг. Ёлка, Ёлочка – гацуур, гацуурхан... Шинэ жилээр гацуур мод чимэх заншлаас үүдэн энэ баярыг ингэж нэрлэж бид заншсан. Орост шинэ жилийг Нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх журмыг I Петр хаан 1699 онд зарлигаар тогтоосон.

 Миний анх үзсэн ёолк бол 1950 онд Бөхмөрөний (Увс) бага сургуулийн шинэ жил. Сумын сургууль бол тухайн үедээ сумын соёл-урлагийн төв байж дээ. Цахилгаан сураггүй байсан цаг. Гэхдээ олон дэнлүү асаачихсан их л сайхан байсан нь сэтгэлд гэгээн дурсамж болон мөнхөрчээ. Би хувьдаа бог малын хатаасан гүзээ, давсганд дэнлүү асаачхаж гэж л ойлгосон. Айргийн тос тэгж хадгалдаг байсан юм. Ёолкоор сумын удирдлага, багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд тэр аяараа хөдөлж байж дээ. Танхимаа чимэх, гэрэлтүүлгийн асуудлыг шийдэх, урлаг-соёлоор үйлчлэх гээд... Багш Ц.Балдан, багш бөгөөд миний авга эгч Б.Дэлгэр (өдгөө ч амар мэнд байгаа), багш Жав, Гэнэн, Бадарч нар мөн хүүхдүүд дуулж, шүлэг уншиж, “мандолин” хөгжим тоглож, биелж байсныг санаж байна. Өвлийн өвгөн, алиалагч (манай тэнд нэг үе “сармагчин” гэдэг байж билээ) -ийг тэгэхэд анх үзсэн сэн. Ёолк гэж багцалж боосон бургас, мөчрийг нь янзалж, чимчихсэн. Үнэхээр гоё санагдаж байсан шүү.

 1954 онд Өлгийд 10 жилийн II дугаар дунд сургуулийн (монгол) тавдугаар ангид анх цахилгаан гэрэлтэй ёолк үзэв ээ, базарваань! Жинхэнэ амьд, мөнх ногоон гацуурыг тэгэхэд харсан юм. Сургуулийн минь “Хүрэн байшин” одоо ч нүдэнд ил. Ёолкийг н.Цэнгэлээс авчирсан гэж дуулдсан. Тэр үеийн ёолк шинэ, хуучныг хослуулсан гэмээр байсан юм уу. Өвлийн өвгөнийг даган урьдын цам майдарын ёс, 12 жилийг бэлгэдсэн 12 амьтан, бас “малын дайсан саарал чоно”, ойн хүрэн баавгай байсныг санаж байна. Өвлийн өвгөн сүлд модыг тойрон алхангаа өөрийн явсан улс орнууд хийгээд улс, аймаг, сум, сургуулийн ажил амьдралын тухай “товч тайлан” тавина. Дагуул – амьтдаа урина. Урт дуран зүүсэн алиалагч ар өвөрт нь гүйж, “дурандаж”: “Онц сурлагатан ...тэр тэнд сууна” гэх юм уу, “сургуулиас оргодог ...тэр”, “муу сурдаг... тэр хаана байна?” гэхчлэн “шараа болгоно”. “Дурандуулсан” бол бөөн инээд доог, магтуулах бол “Төрийн одон” хүртсэнтэй адил юм болно.

 Би нэг охинтой хоёр ч удаа “туулай” болж, хуучин сониноор жонхуудаж наасан баг, нэг бор саарал халаад шиг юм өмсч, үгээ хэлж, бусад амьтдын хамт “бүжиглэн” модоо тойрч байж билээ. Тэр охин, бид хоёрыг нэг хэсэг “холбож” шоолдог байсан сан. Тэр жил би хүн болсоор анх удаа эсгий гутал өмсч үзсэн. Ер нь цөмөөрөө монгол гуталтай, хөвгүүд хөх, охид ногоон даалимбан дээлтэй байсан, одоогийнхоор бол дүрэмт хувцас л гэсэн үг. Торгууд хүүхдүүд тоохуутай байсан. Багш болсон хойноо хоёр ч удаа өвлийн өвгөн болсон. Өвгөний хувцас, малгай сумын клубт бэлэн, тэгээд цагаан хөвөнгөөр ороосон таягаа тулж, хавтсаа барьсаар ороод явчихна. Алга ташиж, маш сайхан угтана. Цасан охин тосон гүйж ирнэ. Араас алиалагч шуудай дүүрэн бэлэг үүрч, аахилсаар орж ирнэ. Өвгөн танхимд суугаа хүмүүстэй мэндэлж, үг ерөөлөө хэлнэ. Сайхаан, сайхан. Сумынхан бэлэг, бэлэг өгөх хүмүүсийн нэрсийг бэлдчихсэн байна. “Тэргүүний малчин тэр ирж бэлгээ авна уу” гэхчлэн бэлэг тарааж, авсан хүмүүсийг заавал үнсэнэ. Бүр хэзээ хойно, “Чиний гараас бэлэг авч, үнсүүлсэн минь олон жил хүнд үнсүүлээгүй явсан надад маш сайхан санагддаг юм” гэхийг ихээ өндөр настай хүмүүсээс сонсох сонин л байдаг.

 “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэх” гэдгээр цаг цагийн ёолк сайхан болж байсан. Хүн бол маш бүтээлч амьтан. Сэтгэмж сайтай. Ялангуяа өөрсдийгөө баясгаж баярлуулах, тоглож зугаацах юман дээр хэзээд арга ухаан олдог. Баяр ёслол, бэлэг заавал баян тансаг байх албагүй. Гол нь үнэн сэтгэлээс баярлах... Орчин, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд... Саахарын цаасан хайрцаг задалж, уудаг цаас туузлан хайчилж, сурагч дэвтрийн цаасыг будгийн харандаагаар будаж, “хэл, гинж, цасан ширхэг” хийж, сүлд модоо хөвөн имхэрдэн чимж, чийдэнгийн шилийг 1 төг 50 мөнгөний усан будгаар будаж танхимаа чимэх, бэлгэнд 12 хуудастай дэвтэр, 3-4 хатуу чихэр, 5-6 ёотон авч магнай хагартал баярладаг байлаа.

 Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1990-ээд оны дундуур шиг билээ, нэг газрын сүлд модны наадамд уригдаж очоод талархал илэрхийлж “Маш тансаг байлаа” гэчихсэн, тэгээд “Социализмын үед ч сайд, дарга хийж, олон газар явж, юм үзэж нүд тайлсан хүн атлаа юм үзээгүй хүн шиг аашилж, “Тансаг байлаа” гэж магтсан нь цаанаа, ардчиллыг сайшаасан утгатай үг” гэж баахан баалуулсан. Ардчилал гэхээр үс нь босдог, “...түүнийг байхад, ...тэр үед”, “урьд цаг сайхан байхад” гэхээр нүд нь сэргэдэг улс нэг л хачин санагддаг. Дэлхийн хөгжил дэвшлийн шимийг монголчууд бид чухам бялууртлаа хүртэж, амталж тамшаалж байна даа. Өнөөгийн монголчууд бид маш их азтай хүмүүс. Бидний амьдрал үргэлж өнөөгийнх шиг сонирхолтой, тэнүүн байгаагүй юм шүү. 1921-1990 он хүртэл Москва бидний ямар нам-төртэй байхыг маань мэддэг, заадаг, залдаг байсан. Сүүлийн 30 жилд бид бусдаас хараат байхаа больсон. “Хүний эрхэнд тос уухаар, өөрийн эрхээр ус уу”, “Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов” гэдэг.

 “Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга. Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга. Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга, Оюун ухаан дундаршгүй тул уншиж судлахад цаг гарга” гэж нэг сайхан шүлэг эхэлдэг дээ. Инээцгээ, баясацгаа, баярлацгаа. Бүр “Гэрт инээхэд гадна маасайх” гэдгээр ч болтугай инээж баясацгаа! Инээж баясах учир үндэс бидэнд бий.

ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛЧУУД БИДНИЙ
ТЭГШ САЙХАН АМЬДРАЛЫН НЭГЭН ОН
ШИНЭ ЖИЛ АЙЛЧЛАН ИРЖ БАЙНА!
МОРИЛОН ИРЖ БУЙ ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
САНАСАН БҮХЭН ТАНЬ
СЭТГЭЛЧЛЭН БҮТЭЖ,
САЙН ҮЙЛС БҮХЭН ТАНЬ ДЭЛГЭРЧ
САН ХӨМРӨГ ТАНЬ АРВИЖИХ БОЛТУГАЙ!

Амжилт бүтээл, аз жаргалыг дагуулан айлчлан ирж буй 2020 ондоо айл хотлоороо аз
хиймортой байхын ерөөлийг дэвшүүлье! Та бүхнийг төрийн маань сүлд өршөөх болтугай! Харин төрөө бид өөрсдөө “төрүүлдэг” болсон...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com