Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хилийн чанад дахь монголчууд хүний тооноос хасагдав

 Монголын төр, УИХ шинэ жилийн өмнө гадаадад амьдарч байгаа монголчууддаа “гайхалтай бэлэг” барьсан нь Сонгуулийн хуулиар тэдний Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хассан явдал. Хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулийг хилийн чанад дахь монголчууд энэ удаа хэзээ хэзээнээс илүү чих тавьж байсан гэнэ. Учир нь эх орноосоо алс яваад 30 шахам жилийг үдсэн монголчууд энэ л сонгуулиар улс орон маань өөрчлөгдөх нь үү хэмээн хүлээж байсан. Социализмын үед ОХУ руу ачигдсан адуу хойт хил давахдаа Монгол руугаа харж шээс алдан эргэж хардаг байсан тухай сэтгүүлч Г.Дашрэнцэн бичсэн байдаг. Мөн европоос, тэртээ вьетнамаас түмэн бэрхийг туулж Монголдоо ирсэн адууны тухай баримтат өгүүлэл ч бий. “Монгол хүн, монгол адуу хоёр мөнхөд нутгаа санагалзсаар насаа элээдэг” хэмээн яруу найрагч ярьж байна. Энэ л жишгээр хилийн чанадад Монгол руугаа тэмүүлсэн хэдэн арван мянган монголчууд өнөө ч байсаар байна. Улсын баатар Э.Бат-Үүлийн яриагаар бол тэд өнөөгийн монголд амьдрах хэцүү учраас ирэхгүй байгаа. Тэд нэг үеэ бодвол хөрөнгөтэй, технологитой, хамтрах гадны түншүүдтэй болсон.

 Түүгээр ч зогсохгүй тухайн орны ёс суртахуун, амьдралын хэв маяг гэх мэтийн олон зүйлийг эх орондоо эргэж ирээд монголдоо нутагшуулах сонирхолтой. Харамсалтай нь энэ бүхнийг монголд авчрах нь ямар төр байгаагаас шалтгаалах учраас тэд сонгуулийн тогтолцоонд ихээхэн найдвар тавьж байсан ч Монголын төр тэднийг хүний тооноос хасч орхив. Манай дарга нар төр оршихын тулд татвар оршдог хэмээн сурталчилдаг. Энэ зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлдэг. Харин монголчуудын саналаар төр байгууллагддаг гэдэг зарчмыг уландаа гишгэж орхилоо. Үүнийгээ УИХ-ын дарга Г.Занданшатар техник технологийн боломж алга гэж тайлбарлав. Социализмын үеийн сумын намын үүрийн дарга ингэж хэлсэн бол ойлгож болох юм. Харин 2019 оны Монголын УИХ дахь олонхийн бүлгийн атаман ингэж хэлж байгаа нь дэлхийн шившиг. Өөрөө ингэж хэлэв үү, нам нь ингэж хэлүүлэв үү. МАН түүхийнхээ туршид ард түмний төлөө гэсээр ирсэн нь хаана байна. Дээр нь гадаадад суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Гадаад харилцааны яам гэж байгаа ч өнөөдөр хар тамхи болон мансууруулах бодисын сүлжээнд орчихоод байна. Зөвхөн тухайн оронд амьдарч байгаа иргэд сонгуульд өгөх суваг л байхгүй бололтой. Өнөөгийн хилийн чанад дахь монголчууд хүн. Түүгээр ч зогсохгүй монгол хүн гэдгийг сонгуулийн хууль үгүйсгэлээ. Хилийн чанад дахь монголчууд өнөөдөр хаана ч санал өгөх эрх байхгүй. Нэгэнт ямар ч санал өгөхгүй болохоор аль ч төрд хамаарахгүй гэсэн үг. Төр байгуулах эрхгүй гэдэг бол эх оронгүй гэсэн үг. Эх оронгүй хүн золбин нохой, нүүдлийн шувуунаас ялгаагүй. Ерөнхийдөө хүн биш амьтан хэлбэрт хамрагдана. Харин хилийн чанад дахь монголчуудтай харьцуулахад монгол мал илүү их эрх эдэлнэ. Тэд саяхан тоо толгой, нас хүйс, овог нэртэйгээ монгол төрд тамгалагдсан. Ноос, сүүндээ төрөөс дэмжлэг хүртэнэ. Одоо зуд болох тухай ярьж малд их хэмжээний хангалт базаах тухай эрх баригчид ярьж эхэлсэн. Харин жилд 500 шахам сая доллартой тэнцэх валют, эд бараа монгол руугаа цутгадаг хилийн чанад дахь монголчууд хүний тулгуур эрхүүдийн нэг болох сонгох эрхээ хасууллаа. “Мал төрийн хамгаалалтад” байх Үндсэн хуулийн заалт маш сайн хэрэгжиж байна. Харин ”Монгол хүн төрөө сонгох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн өөр нэг заалтыг эрх баригчид ичгүүргүйгээр зөрчив. Монголд хүний эрхийн төлөө олон байгууллагууд байдаг. Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернейшнл гэсэн мундаг статустай байгууллагууд таг чиг. Гэтэл нэг дарга солонгос өгзөг сонирхож дэлхий даяар шуугиан тарьж байхад Хүний эрхийн үндэсний комиссын дарга яаран хамгаалж байсныг монголчууд харсан. Харин хилийн чанад дахь 200 мянган монголчуудын эрх ашиг хохирч байхад энэ байгууллага ус балгасан мэт дуугүй байгаа нь хэний эрхийг хамгаалдаг байгууллага мөн үү гэдгийг харуулна. Харин энэ асуудлаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим өртөө” ТББ зэрэг байгуулагууд ихээхэн бухимдаж байгаа юм байна. Тэдний үзэж буйгаар өнөөгийн сонгуулийн хуулиар дөрвөн тойрогтой тэнцэх сонгогчдын арван хувь сонгох эрхээ хасуулсан. Сонгуулийн хуулиар бол монголын насанд хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Гэхдээ ял эдэлж байгаа, нас барсан иргэд санал өгөх эрхгүй. Харин эрх баригчид гадаадад амьдарч байгаа 200 шахам мянган иргэн дээрх хоёр бүлгийн алинд хамааруулснаа тас нуусаар сонгуульд орох бололтой.

Дээрх асуудлаар “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Цахим өртөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

-Танай ТББ-ууд хэзээ байгуулагдсан бэ?
-“Цахим өртөө” ТББ 1994, ”Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл “2014 онд байгуулагдсан. Өнөөдөр дэлхийн 50 гаруй оронд монголчуудыг төлөөлсөн 100 гаруй гишүүн байгууллага хамрагдаж байна. “Цахим өртөө” нь 1990 оноос хойш монголчууд гадаадад гарч эхлэх үед улс орнуудад байгаа монголчуудыг холбох зорилгоор байгуулсан. Тухайн үедээ ихэнх нь мастер, магистр, докторт сурдаг оюутнууд байсан. Тэр үед манай цахим сүлжээ нэг их хөгжөөгүй байсан.
-Өнөөдөр та нар бүх гишүүдтэйгээ чөлөөтэй холбогдож байгаа юу?
-Дуртай үедээ. Манайд цахим сүлжээ маш сайн хөгжсөн шүү дээ.
-Хэдэн монгол иргэн гадаадад амьдарч байна?

-Бүрэн хэмжээний албан ёсны тоо гарахгүй байгаа. Гадаад харилцааны яамны бүрэн бус тоогоор бол 170 мянган монголчууд хилийн чанадад амьдарч байна. Харин бидний багцаалж байгаагаар 200 гаруй мянга. Гэхдээ энэ бол албан бус.
-Сонгуулийн хууль батлагдсаны дараа танайхан нэлээд бухимдаж, мэдээлэл хийсэн.
-Өнгөрсөн баасан гарагт бид сонгуулийн хуульд хориг тавихыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн.
-Яагаад?
-Сүүлд баталсан сонгуулийн хуулиар гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийг хассан учраас.
-Өмнөх УИХ-ын сонгуулиудад саналаа өгдөг байсан уу?
-2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны УИХ-ын зэрэг гурван сонгуульд гадаадад байгаа монголчууд саналаа өгч байсан туршлага бий. Гэтэл өнөөдөр УИХ өөрөө хууль гаргаад Үндсэн хууль дахь иргэдийнхээ сонгох эрхийг хасаад хаячихлаа.
-Хууль батлагдсан. Ерөнхийлөгч хориг тавиагүй. Одоо тэмцээд нэмэр байна уу?
-Манай хуульчдын үзэж байгаагаар одоогийн хууль эрх зүйн орчинд гадаадад байгаа монголчуудыг санал өгүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Одоогийн мөрдөж байгаа Женевийн конвенцээр гадаадад байгаа манай дипломат корпусууд Монгол улсын нутаг дэвсгэрт тооцогддог. Тэнд орсон монгол хүн эх орондоо байгаатай адил тооцогдоно. Үүнийг ашиглаж болно гэж үзэж байгаа. Манай хуулиар иргэн бүр амьдрах газраа сонгох эрхтэй. Харин төр оршин суугаа газраас үл хамааран төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Сая баталсан хуулийн төслийн ажлын хэсгийг анх С.Энх-Амгалан гишүүн ахалж байсан.Тэр үед дипломат төлөөлөгчийн газрынхан санал өгөх эрхтэй гэсэн төсөл явж байсан. Гэтэл дараа нь ажлын хэсгийг ахалсан н.Тогтохсүрэн үүнийг аваад хаячихсан. Манай хуульчийн үзэж байгаагаар хууль тогтоомж батлах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Хуулийг анх өргөн баригдсан үзэл санааг УИХ дэмжсэн өөрчлөх ёсгүй гэдэг юм байна. Хууль батлахдаа энэ зарчмыг зөрчсөн байх магадлалтай.
-Та нар энэ тухай ажлын хэсгийн даргатай уулзсан уу?
-Үгүй. Бид анх баригдсан төсөл зарчмаасаа өөрчлөгдөхгүй гэж итгэж байтал гэнэт баталж орхисон.
-Техник технологийн боломж байхгүй гэсэн тайлбар өгсөн шүү дээ.
-Үүнийг миний хувьд шалтаг гэж үзэж байгаа. Өнөөдөр таван настай хүүхэд өөрөө утсаа залгаад АНУ-д байгаа аав, ээжтэйгээ утсаар ярьчхаж байна. Хонины бэлчээрээс дэлхийн хаанаас ч мэдээ авч, мэдээлэл өгч байгаа. Гэтэл үүнийг мэдэхгүй гишүүд хууль баталж байгаа юм шиг юм яриад байх юм.
-Дэлхийн бусад орнууд гадаадад суугаа иргэдийн саналыг авдаг болов уу?
-Техник технологи хөгжсөн өнөө үед манай УИХ-ын гишүүдээс бусад хаанаас л бол хаанаас санал авч байна. Хэрэв аль нэгэн хөгжилтэй оронд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахгүй гэвэл тэр нам сүйрнэ. Монгол Азидаа IT-гаар өндөр хөгжсөнд тооцогддог.
-Өөр хүн өмнөөс нь өгчих юу магадгүй л дээ.
-Тэр бол зүгээр хөгжлөөс хоцорсон хүмүүсийн яриа. Хүсвэл хурууны хээ, цахим гарын үсэг гэх мэтээр давтагдашгүй өгөгдлөөр авах олон арга бий.
-Гадаадад байгаа монголчууд сонгуулийн хууль батлах явцыг харж байсан уу?
-Маш анхааралтай харж байсан. Гэхдээ ингэж хуурна гэж хэн бодох вэ дээ. Саяхан манай байгууллага байгуулагдсаныхаа таван жилийн ойг тэмдэглэж гадаад явдлын яаманд хурал зохион байгуулсан. Энэ хурал дээрээ гадаадын орнууд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг яаж авдаг тухайн маш олон туршлагуудыг танилцуулсан.
-Хууль батлагдсаны дараа гадаадад байгаа монголчууд ямар сэтгэгдэлтэй байгаа бол?
-Бид байнга харилцаатай байна. Өнөөдөр монгол улсын хүн ам 3.2 саяас давсан. Үүнийг УИХ-ын 76 тойрогт хуваахад нэг тойрогт 42 мянган иргэн ногдож байна. Гэхдээ энэ нь тойргийн сонгогчид биш тойрогт хамрагдах иргэд. Ингэхээр УИХ-ын дөрвөн тойрогтой тэнцэх иргэд гадаад амьдарч байгаа ийм тооны иргэд сонгуулиар төрийн эрх байгууллагаа сонгох эрхээ эдлэх боломжгүй болж байгаа юм.
-Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг бүрэн хураадаг жишиг байна уу?
-Манайхны жилд хэд хэдэн удаа явдаг сонгуулийн тухайд Эстон улс манайхтай олон талаараа төстэй. Энэ улсын иргэд ч гадаадад байдаг. Гэхдээ гадаадад байгаа иргэд нь улсынхаа сонгуульд ямар ч асуудалгүй саналаа өгдөг. Австрали улс гэхэд л гадаадад байгаа иргэдээ сонгуульд саналаа өгөхийг үүрэг болгочихсон. Өгөхгүй бол торгуультай. Зарим улс иргэдийн санал өгөх ажиллагааг төрийн үйлчилгээтэй холбочихсон. Бусад орнууд иргэдээ санал өгүүлэхийн тулд ажилладаг байхад манайх эсрэгээрээ төр нь иргэдээ санал өгөх боломжгүй хууль баталж байна.
-Та нар санал өгөх сүлжээ байгуулж чадах уу?
-Зөвхөн бид биш. Манай сэтгүүлчид сайт байгуулаад дэлхийгээр мэдээлэл тараагаад, цуглуулаад байгаа биз дээ. Мэдээж аюулгүй байдал хамгаалалт гээд илүү ажиллагаа шаардана. Гэхдээ төрд бол нэг их цаг, хөрөнгө зараад байх нүсэр ажил биш шүү дээ. Боловсон хүчин ч манайд хангалттай бий.
-IT мэдэхгүй хүн ажлын хэсгийг удирдсанаас болсон юм болов уу?
-Би бас гайхаад л байгаа юм. Адилхан монголчууд бусдыгаа албан тушаалаар төр байгуулахад оролцох эрхийг хуулиар хязгаарлана гэдэг нь үнэхээр ичмээр зүйл шүү дээ.
-Цаашдаа та нар ямар арга хэмжээ авах вэ?
-Эхний ээлжинд Ерөнхийлөгчид бичиг өгсөн. Цаашдаа гадаад дотоодын хүний эрхийн байгууллагуудад хандах болно. Гадаадад байгаа монголчууд ч зүгээр суухгүй байх. Зөвхөн гадаадад байгаа иргэд ч биш эх орондоо амьдарч байгаа цөөнгүй иргэд ч хуулийг эсэргүүцэж байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com