Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сэргээгдэх эрчим хүчний 1квт цагийн үнэ 23.79 төгрөг

 Цахилгааны үнийн нэмэгдэл айл өрхийн санхүүд хүндээр тусч байгаа талаар манай сонины “Иргэдийн индэр” буланд олон уншигчдаас санал хүсэлт ирсний дагуу цахилгааны үнийн нэмэгдлийн талаар сурвалжиллаа.

 Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо 225 дугаар байрны зургаагийн 24 тоотод оршин суугч Г.Ганзоригийн цахилгааны хэрэглээний төлбөр сүүлийн саруудад үргэлж өссөн талаар хэлж байна. Тус өрх ам бүл дөрөв. 2-4 насны хоёр хүүхэдтай айл аж. Тус өрхийн тэргүүн Г.Ганзориг хэлэхдээ, Аравдугаар сарын хэрэглээний үндсэн төлбөр 33.750 төгрөг гарсан. Үүн дээр НӨАТ-3375 төгрөг, телевизийн хураамж 1100 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 8897 төгрөг, цахилгаан эрчим хүчний суурь үнэ 2200 төгрөг, үйлчилгээний төрлийн хураамжинд 4935 төгрөг нийт 54.232 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан” хэмээн баримтаа үзүүлэв. “Манай өдрийн 1квт цахилгааны өдрийн хэрэглээг 116.39 төгрөгөөр, шөнийн хэрэглээг 89.19 төгрөгөөр тооцон бодож байгаа юм билээ. Уг нь бол өдөр шөнийн хэрэглээний тариф өөр өөр дүнгээр бодсон байсан. Нэг ёсондоо шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамрагддаг гэж ойлгож байгаа. Тэгсэн хэрнээ л цахилгааны хэрэглээний төлбөр нэмэгдээд байгааг гайхаад байгаа. Дээр нь нэмэлтээр тооцон авч байгаа олон төрлийн үйлчилгээний зардлыг ойлгохгүй байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний нэмэгдэл мөнгийг огт ойлгохгүй байна. Манай цахилгааны хэрэглээ сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг юм болов уу бүр гайхаад байна. Өнгөрсөн есдүгээр сарын цахилгааны хэрэглээний үндсэн төлбөр 26.500 төгрөг бодогдсон. Гэтэл мөн л дээрх үйлчилгээний зардлууд нэмэгдээд 35.533 төгрөг болсон байна. Тиймээс энэ олон төрлийн нэмэлт төлбөрүүдийг хэнд төлөөд байгаа учраа олохгүй юм” гэсэн. Тус байрны СӨХ-ны ажилтан Д.Эрдэнэбат хэлэхдээ 12 давхар бүхий энэхүү байранд 70 өрх амьдардаг. Иргэдийн төлбөр төлөх чадвар сүүлийн саруудад буурч байгаа талаар хэлсэн. Тус байрны зарим айл өрхүүд СӨХ, цахилгаан, ус дулааныхаа мөнгийг төлөлгүй 2-3 сар болж, хэрэглээгээ хязгаарлуулах хүртэл арга хэмжээ авхуулсан. Зарим саруудад өрхүүд СӨХ-ийн мөнгөө бүрэн төлөөгүйн улмаас цахилгаан шат ажиллахгүй болох тохиолдолд ч бий. Ингээд айл өрхүүдийг төлбөрөө төлөхийг шаардахаар “Сар бүхэн ус, цахилгаан, дулааны хэрэглээний төлбөр нэмэгдэж байна” гээд их бухимдалтай байдаг. Бид бичилт хийдэггүй болохоор яагаад нэмэгдсэнийг нь тайлбарлаж мэддэггүй. Сүүлдээ айл өрхүүдээс авах ёстой төлбөр тооцоогоо нэхсэний төлөө өөрсдөө зэмлүүлээд хойшоо” болдог гэв.

 Цахилгааны үнийг эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.

 Мөн ААН-ээс авах цахилгааны төлбөрийг ч энгийн, өдөр, орой, шөнө ялгалгүй квт/цаг тутамд нь 12 төгрөгөөр нэмсэн гэсэн үг. Энэ нэмэгдэл үйлдвэрлэгчдэд нөлөөлөх нь дамжиггүй. Сарын орлогоосоо хэдэн саяар нь цахилгааны төлбөрт өгдөг компаниудад квт/цаг тутмын 12 төгрөгийн нэмэгдэл нөлөөлж байгаа гэдгийг хувиараа бичил бизнес эрхлэгч Б.Энхцэцэг хэлж байна. Тэрээр Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд хувиараа нарийн боовны үйлдвэр ажиллуулдаг. Түүний хэлж байгаагаар өнгөрсөн жил цахилгааны үнийн өсөлт үйл ажиллагааны зардалд нь том дарамт учруулсан гэнэ. Цахилгааны үнэ нэмэгдэхээс өмнө сарын хэрэглээний төлбөр 500-800 мянган төгрөгийн хооронд гардаг байсан бол цахилгаан нэмэгдсэнээс 1-1.3 сая төгрөгийн хооронд гардаг болсон. Мөн халаалт эхэлснээс хойш дулааны мөнгө нэмэгдэж үйл ажиллагааны зардалдаа хоёр сая төгрөг орчим зарцуулах болсон нь цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсон тул үйлдвэрлэж байгаа нарийн боовныхоо үнийг тодорхой хэмжээнд нэмэхээс өөр аргагүй болсон гэв . Мэдээж цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг бүтээгдэхүүний үнэд шингээж, худалдан авагчийн нуруунд ачаа үрүүлэхээс өөр сонголт бизнес эрхлэгчдэд олдохгүй биз.Тэгэхээр эцсийн бүлэгт ААН-ын цахилгааны үнийн нэмэгдэл таны, миний халааснаас гарч байна гэсэн үг.

 Ингээд Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг тодруулахад “Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх,техникийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, түлшний зардлаа хэмнэх зэргээр бүх шатны арга хэмжээ авсан. Гэтэл 2015 оноос хойш нүүрсний үнэ 40, тээврийнх нь зардал 10, мазутын үнэ 31.8, гадаад валютын ханш 31.6, усны үнэ 20.7, импортын цахилгааны үнэ 31.3, эрчим хүчний байгууллагын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл 7.7 хувиар өслөө. 2015-2019 оны хооронд эрчим хүчний салбар өртөг, зардлаа бууруулах, үнэ тарифаа нэмэгдүүлэх биш, дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар өдийг хүртэл явж ирсэн. Тиймээс манай салбарын өр, төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн. Нэг кВт/ц цахилгааны үнэд нүүрс олборлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх бүх зардал багтдаг учраас хэрэглэгчийн тарифыг нэмэхээс өөр аргагүй байсан. Ахуйн хэрэглэгчийн тариф өөрөө хөнгөлттэй тариф байдаг.Өөрөөр хэлбэл бодит өртгөөс ахуйн хэрэглэгчдийн тариф 20-58 орчим хувиар доогуур үнээр хэрэглэдэг. Ахуйн хэрэглэгч дундаа амьжиргааны түвшнээс доогуур айл өрхүүд ахуйн хэрэглэгчдийн мөрдөж байгаа үнээс хоёр дахин бага үнээр хэрэглэж байгаа. Мөн Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2017 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу нийслэл хотын нийт гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 100 хувь хүртэл хөнгөлөх, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын хэрэглэгчдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны хэрэглээг 50 хувь хүртэл хөнгөлөх тогтоол гарсан. Үүний дагуу 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл, хамгийн сүүлд 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2020 оны тавдугаар сарын 01 хүртэл нийслэлийн болон аймгийн төвийн гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн цагт хэрэглэсэн хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Ахуйн хэрэглэгчдийн хувьд шөнийн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цагийн хооронд хөнгөлөлт эдэлж байна. Тиймээс хэрэглэгчдийн хувьд хэрэглээгээ зохицуулах замаар төлбөрөө бууруулах бүрэн боломжтой” хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ учирласан юм. Түүнээс Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг цахилгаан эрчим хүчнийхтэй хамт тооцон авдаг болсныг шүүмжлэх иргэн цөөнгүй байна. Энэ нь ямар учиртайг тодруулахад “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа ажил. Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг хуулиар тогтоосон байдаг. УИХ-аас 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталсан.Тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 15-18, салхиныхыг 8-9.5 америк центээр тооцож эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон. Энэ үнийн зөрүүг хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифт шингээж тогтооно гэсэн хуулийн заалттай байгаа юм. Энэ хуулийн дагуу ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд буюу нарны станцууд 400-480 төгрөг, салхин станцууд 220-250 төгрөгөөр цахилгаанаа худалдаалж байгаа. Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэг квт цаг нь 23.79 төгрөг байгаа. Гэхдээ дээрх хуульд өнгөрсөн зургадугаар сарын 6-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, төлбөрийг нь бууруулах болсон. 2013-2019 онд салхины гурав, нарны цахилгаан станц зургаа ашиглалтад орсон. Тэдгээрээс манай улс нийт эрчим хүчнийхээ 18 хувийг бүрдүүлж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүргээ биелүүлэх, хүлэмжийн хийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчийг улс орнууд ашигладаг. Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт 2020 он гэхэд цахилгааны хүчин чадлын 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлнэ гэж заасан. 2030 онд уг үзүүлэлтийг 30 хувьд хүргэх ёстой. Харин үнийн хувьд бусад салбарыг бодвол харьцангуй тогтвортой байна” гэлээ.

 Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн дараагийн төлбөр бол ус ашигласны төлбөр юм. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл цэвэр, бохир усны үнийг тогтоодог. Тус байгууллагаас мөн л өнгөрсөн тавдугаар сард усны үнийг огцом нэмсэн. Тухайлбал, айл өрхийн нэг шоо метр цэвэр, бохир усны төлбөр 200, жижиг үйлдвэрлэл, албан байгууллагынх 380, архи, пиво, ундаа үйлдвэрлэл, автомашин угаалга 440, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр 450 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэх болсон шалтгааны 20 хувь нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой гэж тус зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун ярьсан. Тэрбээр цэвэр, бохир усны төлбөр нэмэхэд цахилгааны үнээс гадна гэр хорооллын усны хэрэглээг хангахад зарцуулсан хөрөнгийг нөхөх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зардлыг багтаах, ажилчдын цалинг нэмэх “даалгавар” нөлөөлсөн тухай дурдлаа. Цэвэр ус шахах, бохир ус татуургын ажилд цахилгаан маш их хэрэглэдэг, мөн ус түгээх олон салбарын цахилгааны хэрэглээ нэмэгдэхээр усны үнэд нөлөөлсөн нь энэ аж. Өөрөөр хэлбэл нэг үнийн нэмэгдлийг дагаад олон олон үйлчилгээ, хэрэглээний тариф өсч байгаа нь иргэдийн нуруунд хүнд ачаа болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com