Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Г.Ганзориг: Бид эдийн засгаа эмчлэх л хэрэгтэй

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.

-Таныг хэрэглэгчийн хүлээлтийн талаар сонирхож судалдаг гэж сонслоо. Монголчууд өөдрөг хүмүүс. Шинэ оныг ямар хүлээлттэй угтаж байна вэ. Улс төрийн худал амлалтуудтай холбоотойгоор итгэл найдвар нь алдагдаж байгаа болов уу?
-Харин ч эсрэгээрээ. Хэрэглэгчийн хүлээлтийн индекс судалгаа нь монгол хүн өөдрөг, өөдрөг бусыг хэмжихгүй. Монголчуудын хүлээлт хэвийн нөхцөлөөсөө дээшилж, доошилж байна уу гэдгийг хэмждэг. Ингээд харахад сонгуультай жилийн өмнө хүлээлт дээшилдэг.
-Сонгуулиар хувьсгал хийнэ гээд дээшилдэг юм болов уу?
-Үгүй. Гоё юм амлаад хүмүүсийн хүлээлтийг нэмэгдүүлдэг юм байна гэж би тайлж уншиж байгаа. Тэгэнгүүт хүмүүс итгэдэг юм байна.
-Хүлээлтэд юу нөлөөлж байна гэдэг сонин юм байна?
-Сүүлийн үед хүлээлтийг хэмжихэд хэцүү боллоо. Сүүлийн гурван жилийг хэлж байна л даа. Сошиал медиа бүр “солиортол” явж байна. Хүн бүр хэрэглэдэг болчихлоо. Сошиал медиатай холбоотойгоор хүлээлт савдаг боллоо. Тэгээд манай үзүүлэлт сүүлийн үед савлагаатай болоод байгаа. Нэг орой фэйсбүүкт ороход бүх юм болж бүтэхгүй, улс орон сөнөх гэж байгаа аятай л байна. Хар пи ар явж байдаг. Гэтэл маргааш нь цагаан пи ар битүү явж байх жишээтэй. Мэдээллүүд зорилготой, зорилгогүй олон төрлөөр яваад байна. Ийм мэдээллүүд хүнийг янз бүр болгоод байна. Хоёулаа онолын юм ярья. Роберт Шиллер гэж алдартай эдийн засагч байдаг. Тэр 2019 онд “Өгүүлэмжийн эдийн засаг” гэж орчуулагдах юм уу даа ном гаргасан. Хүн түүхэнд, өгүүлэмжинд дуртай байдаг юм байна. Гоё түүх зохиож ярьж байгаа хүнд маш их итгэдэг юм. Түүх гэдэг нь эхлэлтэй, өрнөлтэй, эзэн биетэй. Улстөрчид үүн дээр ажилладаг. Ингэж эдийн засгийн хүлээлтэд нөлөөлдөг. Тэд үүнийгээ ч мэдэхгүй байгаа. Зан үйлийн эдийн засагч нар манайд байдаггүй учраас энэ талаар нэг их юм яригдахгүй байна л даа. Гэхдээ энэ бол ярих ёстой сэдвийн нэг. Улстөрчид нэг ч үйлдэл хийхгүйгээр үг яриагаараа эдийн засгийг хорлож чаддаг юм байна.
-Тэгэхээр манай нийгэмд популизмын орон зай, хөрс суурь хангалттай байна гэсэн үг үү?
-Тэр тухай ахиад гоё судалгаа байна. Тэр нь юу гэхээр орлогын тэгш бус байдал өсөх тусам популизм төрдөг. Америкийн судлаачид ингэж дүгнэсэн. Д.Трамп поп улс төрч. Тэр яаж гарч ирсэн юм. Орлогын тэгш бус байдал Америкт нэмэгдсэн болохоор гарч ирсэн. Орлогын тэгш бус байдал ихсэхээр доор үлдсэн хүмүүс бухимддаг. Хэнийг муулж байна, хэн чихэнд наалдахаар юм ярьж байна. Түүнийг дэмждэг. Ямар ч үнээр хамаагүй энэ системийг нураахыг хүсдэг аюул бий. Түүх ярьж өгье. 1793 онд Францад хувьсгал гарч байгаа юм. Баян хоосны ялгаа асар өссөн. Хатан хааны үлгэр байдаг. Мари-Антуанетт дээр очоод “Хатан хаан, бослого гарлаа яах вэ” гэхэд “Яагаад бослого гараад байгаа юм” гэж асуужээ. “Өлсөөд байна” гэнэ ээ гэхэд нь “Хүүш, торт өг, торт өг” гэдэг. Ядарсан иргэд нь торт гэж мэдэхгүй. Мари Антуанетт ордноос гарч үзээгүй. Насаараа торт идсэн. Тэгээд ийм юм болсон. Ингэж орлогын тэгш бус байдал нэмэгдэх тусам популизм төрдөг юм байна.
-Уул уурхай, алт, зэс, нүүрс гээд байнга ярьдаг мөртлөө хэрэглэгчийн сэтгэл санааны байдлыг онцолж ярьдаггүй юм байна?
-Зан төлөвийн эдийн засаг гэдэг эдийн засагт хүчтэй түрж орж ирсэн салбар ухаан. Даниел Канеман гэдэг хүн энэ чиглэлээр тодорч гарч ирсэн. Сүүлд 2017 Нобелийн шагнал хүртсэн Чикагогийн Их сургуулийн эрдэмтэн Ричард Талерийг “Эдийн засгийн зан төлөвийн ойлголтод үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж үздэг. Тэр хүний “Nudge” гэж ном байдаг. Тохойлдох, ёврох гэсэн утгатай үг.  Хүн өөрийгөө ухаантай гэж боддог ч яг шийдвэр гаргах гээд зогсч байхад нь хүн ёворчихоор огт өөр шийдвэр гаргачихдаг.
-Улс орныг удирдаж байгаа, эдийн засгийн гол шийдвэр гаргаж байгаа хүмүүст хэн, юу нөлөөлж байгаа нь бас л сонирхолтой сэдэв юм байна?
-АНУ-ын төв банкны ерөнхийлөгч өмнө нь тэр болгон мэдэгдэл хийгээд байдаггүй байсан. Гэхдээ сүүлдээ тэд хүлээлтийг удирдах зорилготой тогтмол мэдэгдэл хийдэг болсон.  Тэгнэ ээ ингэнэ ээ гэдэг. Монголд ч тийм юм болдог. Хүлээлт гэдэг сонирхолтой. “Nudge” номон дээр сонирхолтой жишээ байдаг. Хоолны цэс байдаг. Цэсэн дээр баахан хоолны нэр жагсаана. Нэгийг нь томоор бичихэд түүнийг олон хүн сонгодог гэнэ л дээ. Утгагүй юм шиг мөртлөө сонин зүйс шийдвэр гаргахад нөлөөлж байдаг. Монголд амьдардаг хүмүүст бүх юм болж бүтэж байгаа юм шиг санагддаг. Гадаадад байгаа хүмүүст Монголд бүх юм болж бүтэхгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Хүлээлт...Би Англид байсан. Монголд ирээд “Арай ч бас тийм биш юм байна” гэмээр. Хүлээлт гэж ийм байдаг. Хүлээлт яах аргагүй шийдвэр гаргахад нөлөөлдөг.
-Хүлээлт хамгийн их нөлөөлдөг зах зээл юу байна вэ?
-Тэр нь валютын зах зээл. Нэг нь “Саарал жагсаалт” гэж орилдог. Нэг УИХ-ын гишүүн ингээд хэлчихээр өдөржингөө баахан хүн “Доллар даръя” гээд шуугиан болдог. Нэг ч суурь үзүүлэлт хөдлөөгүй байхад шүү дээ. Түүнээс хойш валютын ханш 100 төгрөгөөр өссөн. Эдийн засгаа хүлээлтээр хорлож байгаа хэрэг.
-Сонгууль дөхөхөөр улстөрчид “Оюу толгойн гэрээг зогсооё” энэ тэр гээд байгаа нь хүмүүсийн баялагтаа эзэн байх гэх мэт хүлээлт дээр тоглоод байна гэсэн үг үү?
-Тэр бол орлогын тэгш бус байдал дээр тоглолт хийж байгаа юм. Хүлээлт дээр тоглолт хийж байгаа нь яг тэр валютын ханш. Эдийн засаг эмзэг. Түүнийг ойлгодоггүй, хайрладаггүй. Валютын ханш 100 төгрөгөөр өсөхөд бүх нийтээрээ л төлж байгаа шүү дээ. Хэн хорлосон юм. Нэг, хоёрхон хүний л ажил.
-Валютын зах зээлээс гадна хүлээлт дээр тоглолт хийх боломжтой өөр ямар жишээ байдаг вэ?
-Хөрөнгийн зах зээлд аймаар хүчтэй нөлөөлдөг. Янз янзын хувьцаанууд байна. Зарим хувьцааны талаар “Bloomberg”-ээр хэд санхүүгийн салбарын шинэ технологи, гайхамшигтай гээд л гарсан. Тэгээд захиалга нь хэд давж биелээд. Хувьцааны ханш нь шууд өссөн. Энэ хүлээлт байх нь. Ерөнхийдөө хүлээлтийг иймэрхүү зах зээл дээр ажиглаж болдог. Хэрэглээний зах зээл дээр хойно ажиглагддаг учраас судалж хянахад хэцүү.
-Монголчууд юунаас ашиг олж болох вэ. Юуг илүү хүлээж найдлага тавьж болох бол. Одоо бол манай эдийн засаг зэс, нүүрсний үнээс шууд хамааралтай байна шүү дээ. Мэдээллийн технологи монголчуудад илүү боломж авчирч байна гээд ярьдаг?
-Хүүхэд байхад бид мянган төгрөгтэй болчихвол тийм юм худалдаж авна даа гэдэг байсантай адилхан санагдаж байна. Бид ямар ч мөнгөгүй. Ийм байдалтай ямар салбар хөгжүүлэх вэ гэж ярих сонин. Бид одоо байгаа эдийн засгаа эмчлэх л хэрэгтэй. Эхлээд сууриа янзлах хэрэгтэй юм билээ.
-Суурь гэдэгтээ та яг юуг хамруулж байна?
-Капиталын зах зээл гэж байдаг шүү дээ. Капиталист нийгэмд хувь хүн хоёр орлоготой байдаг. Нэг нь капиталын орлого, нөгөө нь хөдөлмөрийн орлого. Капиталын орлого гэдэг хөрөнгө оруулалтын орлого. Хөдөлмөрийн орлого гэдэг цалин хөлс. ДНБ-ны 26 хувь нь цалин юм байна. 54 хувь нь компаниудын ашиг байдаг. Тэр 26 хувийг ард иргэд бүгдээрээ цалин гэж хувааж авдаг. Капиталын орлого буюу компанийн ашиг 56 хувь. Түүнийг хэн авч байна гэсэн чинь топ 100 компанид л очдог. Топ 100 компани нь бүгд нэг, хоёр эзэнтэй. Капиталын зах зээл буюу капиталист нийгэмд капитал чөлөөтэй дамжихгүй үед хөгждөггүй. Капиталын зах зээлд капитал чөлөөтэй дамжих үед хөдөлмөрийн зах зээл шударга болж эхэлдэг. Уг нь чармайсан, хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг. Гэтэл манайд хамаатан саднаа, найз нөхдөө тавьчихдаг. Хэрвээ нэг компани олон эзэнтэй бол хэний хамаатан садныг тавих юм. Сайн менежер тавиад ашигтай ажиллуулахыг л бодно. Энэ суурь асуудлаа шийдэх ёстой юм билээ. Тэгж байж энэ тэр салбарыг хөгжүүлнэ гэж ярина. Хөгжихөөр салбар манайд зөндөө л байна. Ноолуураа ярьж болно. Яах аргагүй аж үйлдвэрийн IV хувьсгал явж байна. Технологийн дэвшлүүдтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Хүнсний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангадаг болмоор байна. Валютын гарах бус орох урсгалтай болмоор байна. Төлбөрийн тэнцэл гэж бий. Монгол Улсын орох гарах урсгалыг хэмждэг. Дандаа гарч байгаа. Бид юу авч байна. Битүү приус, виски, тамхи. Валютын ханшаа барих ёстой. Хүчээр барьж чадахгүй шүү дээ. Бүтцээр нь барина шүү дээ. Төлбөрийн тэнцлийн урсгал дансууд дээрээ цохилт өгөх ёстой. Уучлаарай, монголчууд Шотландаас ирсэн скочоор яах юм бэ. Францын брэндээр юу хийх юм бэ. Татвар тавьчихъя. Түгжирч гүйцлээ. Машины татвар өсгөе. Манайд ямар доллар орж ирж байна. Алт, зэс, нүүрс, ноолуур.Эднийгээ дэмжээд өгье л дөө. Ингээд валютын урсгалаа барих учиртай. Дараа нь бид яах вэ. Зээлжих зэрэглэлээ аврах хэрэгтэй. Нийт 22 зэрэглэл байдаг. Голоор нь хуваагаад, доод талыг нь дэлхий даяар хог гэж үздэг. Дээд талыг нь хөрөнгө оруулах боломжтой гэж үздэг. Манайх дороосоо гуравны хоёрт байдаг. Хогоосоо ч доошоо байдаг. Үүнийгээ янзалъя. Яагаад ийм байдаг вэ. Нэгдүгээрт, манай гадаад өр хүзүүгээр татсан. 29 тэрбум ам.доллар. Дээр нь манайх өрийн менежмент муутай. Эдгээр суурь өвчнүүдээ эмчлээд дараа нь энэ салбараа хөгжүүлье гэх учиртай юм билээ. Манайх ханш, зээлжих зэрэглэл, хөрөнгийн зах зээл, тэтгэврийн тогтолцоогоо эмчлэхгүй бол мэдээллийн технологи, финтек яриад бүтэхгүй. Хөрсийг нь бэлдсэн хойно ямар ч салбар хөгждөг. Дэлхийн эдийн засгийн түүхийг дөрөв ангилдаг. Хамгийн эхлээд таваарын зах зээл. Хоёр дахь нь бүтээгдэхүүний зах зээл гэж байгаа юм. Энд аж үйлдвэржилтийн хувьсгалыг ерөнхийд нь авч үздэг.Бүтээгдэхүүний зах зээлд хэн үйлдвэрлэсэн нь маш чухал байдаг. Америкийнх уу, Японых уу? Гурав дахь үе шат нь үйлчилгээний зах зээл. Одоо хэн авч байгаа нь сонирхол татна. Эхлээд газраас тасдаж аваад зардаг байлаа. Дараа нь хэн хийсэн нь сонирхолтой болоод, дараа нь хэн авч байгаа нь сонирхолтой болоод, дөрөвт нь мэдрэмж чухал болсон. Бараг тоглолт хийж зардаг. Гадны бүтээгдэхүүн iPhone, Samsung хараарай. Бүтэн мэдрэмж өгөхийг хичээдэг. Энэ ирээдүйн чиглэл байхгүй юу даа. Бид дэлхийн тавцанд өрсөлдье гэвэл энэ тухай ярих ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com