Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Н.Даваадаштай ярилцсанаа хүргэе. Яруу найрагч, хоржоонтой өгүүллэгээрээ уншигчдын дотны нөхөр болсон, шог зохиолч-сэтгүүлч, нөхөрсөг элэглэл болоод дууны шүлгийн мастер, тэрээр Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан Өд” 2019 наадмын шог хошин болон баримтат зохиолын төрөлд “Буян нүглийн зурлага” бүтээлээрээ тэргүүн байр хүртсэн.
-Буян нүглийн зурлага шог хошин өгүүллэгээрээ утга зохиолын тэргүүн дээд бүтээл шалгаруулдаг “Алтан Өд” наадмын тэргүүн байр хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. “Алтан Өд” хэмээх шагналын эзэн болсондоо баяртай байна. Уг нь би яруу найрагч хүн л дээ. Гэхдээ шог хошин төрлөөр бүтээл туурвиад 20 гаруй жил болж байна.
Үндсэндээ унаа хөтөлгөө хоёр морьтой явж байгаа хүн л дээ. Нийгмийн амьдралд болж бүтээж байгаа зүйл олон байна. Гэхдээ болохгүй зүйл түүнээс олон байгаа нь зохиолч миний сэтгэлийг ихэд эмзэглүүлдэг. Дээрээ ч байна, доороо ч байна. Энэ бүхэнтэй уран бүтээлч хүний хувьд эвлэрээд, дунд нь хутгалдаад явах сонирхол багатай. Аль болох нийгмийн гишүүдэд санал өгч, бодлоо хуваалцаж, ариусал гэгээрлийн үрийг уран зохиолоор дамжуулан үйлчлэх сонирхолтой учраас өнөөдрийг хүртэл зохиол бүтээл туурвисаар явна. “Буян нүглийн зурлага” шог хошин өгүүллэгээрээ нийгэмд үүрлэсэн ёс суртахууны доголдол, улс төрийн хийрхэл, шалиг самуун, эд хөрөнгөний шуналын дон тусах гэх мэт үзэгдлүүдийг ямар нэгэн хэмжээгээр тусгаж, уран сайхны хэлбэрээр илэрхийлсэн.
-Хошин шог төрлөөр зохиол бүтээл туурвихад бусад бичлэгийн төрөл зүйлээс ялгарах онцлог нь юу байдаг вэ?
- Уран сайхны ёгтлол, егөөдөл, амьдчилал, амьгүйчлэл, далдлах аргуудыг ихээхэн хэрэглэдэг. Шог хошин аяс нь хүний сэтгэлийг хөдөлгөхөөр бичдэг. Уншигч, үзэгчдийг инээлгэхээрээ л шог болдог юм биш. Хүний сэтгэлийг хөдөлгөж, уйлуулж, инээлгэж, даанч яав даа гэсэн харамсал, зэвүүцэх сэтгэл төрүүлэх өнгө аясаар зохиолоо бичихийг эрмэлздэг. Манай улсын уран зохиолд хэрэглэж байгаа уран сайхны аргуудыг Монголын судлаачид нэрлэхдээ “32 гүтгэлэг”-ийн арга бий гэж үздэг. Гүтгэлэг гэдэг нь арга гэсэн үг л дээ. Эдгээр аргуудыг хослуулсан байдлаар зохиол бүтээлдээ тусгахад 32-ийг 32 үржсэнтэй ижил буюу 1024 төрлийн арга бий болдог гэсэн үг л дээ. Энэ бүх аргаас суралцаж, түүнийг ашиглаж, өөрийн болгож зохиол бүтээлдээ тусгаснаар хүний сэтгэлд хүрдэг.
-Та хэдэн настайгаасаа утга, уран зохиолын салбарт хөл тавьсан бэ. Зохиолч болоход юу нөлөөлөв?
-Анх 20 настай залуу шүлэг бичиж эхэлсэн, өнөөдөр ч бас бичиж байна. Үндсэндээ 50 жил шүлгийн үзэг барьж байна, сэтгүүлчийн үзгийг 40 жил, шог зохиолын үзгийг 20 жил барьж байна даа. Залуу насны дэврүүн хүсэл тэмүүлэл, оргилуун мөрөөдлөөр зохиолч болно гэж боддог байсан. Ингээд цэргийн хуаранд 20 настай хүү шүлэг бичиж эхэлсэн. Тухайн үед П.Бадарчийн “Морьд”, Ш.Дулмаагийн “Өглөө” зэрэг түүврүүд гарч байсан. Тэр зохиол бүтээлүүдийг уншаад “Би яагаад энэ хүмүүс шиг зохиол бүтээл туурвиж болохгүй гэж” хэмээн бодсон. Он цагийн уртад энэ хүмүүс шиг болно хэмээн мөрөөдөж шүлэгч болсон түүхтэй. Уран зохиолд нэг л шунан дурласан хүн эргэх арга байдаггүй. Муухан зүтгэвэл олны шившиг болохоор. Тайз хатуу гэдэг шиг уран зохиол ч хатуу. Хүнд таашаагдахгүй юм бичин цаг үрж, цаас гарзадвал хэцүү. Энэ бүхнийг бодолцож их дээд сургуульд суралцан онол үзэж, дэлхийн болон Монголын уран зохиолын түүхийг уншиж судалсан. Үүний үндсэн дээр уран зохиолын морин дээр зөв явах дүр төрхтэй болсон хэрэг.
-Зохиол бүтээл туурвих нэг хэрэг. Түүнийг уншдаг хүн байна гэдэг нэг хэрэг байх. Таны бодлоор өнөө цагт номыг шимтэн уншигчид хэр олон байна?
- Нэг үе монголчууд оросуудыг дуурайгаад уншигч ард түмэн байсан л даа. Орчин цагт мэдээллийн технологи хөгжихийн хэрээр серал хөөгөөд алга болдог боллоо. Нэг ёсондоо хогон мэдээлэл рүү хошуурч байна. Сонгодог бүтээлүүдийг орхигдуулаад байна. Дэлхийн сонгодог уран зохиолуудаас уншсан оюутнууд ч цөөхөн байна. Тэгэхээр Монголын сонгодог уран зохиолыг уншсан хүн бүр ч цөөхөн байгаа байх. Магадгүй тайз дэлгэцийн бүтээл болон гарсан зохиолуудаас мэддэг байж болох юм. Өнөө цагт гоо сайхны мэдрэмжиндээ хөглөгдөж уран зохиолыг оюун санаандаа оруулах гэрэл гэгээ гэдгийг ойлгож, бодож уншдаг уншигч цөөрсөн. Мэдээлэл хайгаад байдаг. Яргуй хөөсөн ямаа гэдэг шиг л . Хүн тогтож уншиж байж ухааны шим сууж, бодол санаа нь ариусч билиг оюун нь төгөлдөрждөг жамтай. Хогон мэдээлэл гэдэг бол угтаа Дорж гэдэг УИХ-ын гишүүн Дулмаа гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаарх мэдээлэл сонин биш. Харин манай улсад ийм ийм уулс ус, гол мөрөн байна. Тэдгээр уул усны домог нь ийм юм гэх мэтчилэн. Бүр цаашлаад уран зохиолын хийсвэр сэтгэлгээ рүү орох жишээний. Ийм үнэ цэнтэй мэдээлэл нь өөрөө асар их баялгийг бий болгож байгаа юм. Тиймээс аль төрлийн мэдээллийг сонгон уншихаа уншигчийн мэргэн ухаан шийдэх биз ээ.
-Ном уншдаг хүнийг төлөвшүүлэхийн тулд юунаас эхэлж ямар ажил хийх хэрэгтэй гэж бодож байна?
-Дунд сургуулийн уран зохиолын хичээлийг нэгдүгээрт, цөөхөн цагаар заадаг болсон. Хоёрдугаарт, багш нар уран зохиолынхоо хичээлийнхээ цаад мөн чанарыг ойлгож, хүүхэд нэг бүрийнхээ зүрх сэтгэлд хүрэхээр зааж сургадаг эсэх нь эргэлзээтэй. Хүүхдийн яс маханд нь шингэтэл “Тунгалаг Тамир” романыг үйл явдлаар нь, уран сайхны дүрслэлийн сайхныг нь ба бэ-гүй ярьдаг багш байгаа эсэхийг мэдэхгүй байна. Биднийг хүүхэд байх үед Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, “Шувуун саарал” гэх мэт зохиолуудыг багш нар маань цээжээрээ л ярьдаг байлаа. “Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн суун хатирч ирээд гээд л.... Ширэлдсэн хар гэзэгний сэрвийсэн хэдэн үс шанаа руу нь унжжээ, цагаан алчуураар толгойгоо ороожээ....” гээд л нүдэнд харагдаж, гарт баригдтал ярьдаг байлаа шүү дээ. Тэгэхээр л энэ багш шигээ болно гэж тэмүүлж, багшийн ярьсны үргэлжлэлийг олж уншихын түүс болдог байлаа. Багш Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг эх орноороо бахархаж, огшиж, омогштол цээжээрээ уншаад, итгэл үнэмшил төрүүлдэг байлаа. Сүүлийн үед бид ч хүүхдүүдэд тэгж заадаг байсан. Сурагчийн цагаан гортиг дотор уран зохиолын амт шимтийг суулгаагүй хүүхдэд түүнээс хойш хэчнээн сайхан ном зохиол хүзүүнд нь зүүгээд уншихгүй. Тэгэхээр багаас нь хүүхдийг уран зохиолд дурлуулж сэтгэлийг нь хөгжөөж, сайн, муу үйлийн ялгааг таниулан ойлгуулахаас л эхтэй болов уу гэж бодож байна.
-Таныг хүүхэд ахуй цагт зохиолчтой уулзана гэдэг ховор олдох завшаан байсан гэж сонссон. Харин өнөөдөр та бүхнийг сургууль дээрээ урьдаг, хүүхдүүдтэй уулзуулдаг тохиолдол хэр олон байна?
-Биднийг хүүхэд байх үед номын зохиолчтой уулзана гэдэг хүүхдүүдийн хувьд аз завшаантай, аз жаргалтай хэрэг байлаа шүү дээ. Одоогоор уран зохиолын хичээлийн хүрээнд зохиолчидтой уулзалт зохион байгуулдаг сургуулийн тоо хэр олон байгааг мэдэхгүй л байна. Миний хувьд 2-3 сургууль дээр очиж байсан. Хүүхдүүд хөөрхөн юм асууж, сонирхдог юм билээ. Түүнийг нь улам дэлгэрүүлж зохиолчийн зохиол бүтээл туурвих үе, ажил амьдралын онцлог, зохиолын дүрийн тухай гээд өргөн хүрээнд уулзаж ярилцах нь хүүхдүүдийн оюун санаанд шинэ үр хөврөл суулгаж эхэлдэг. Өнөө цагт тоо сайн боддог, англи хэлтэй хүүхэд л сайн гээд байхаар хүүхдүүд тийшээ л хошуураад байгаа юм. Гэтэл хүүхдийн хамгийн том хүмүүжүүлэгч уран зохиолыг орхигдуулж байгаа нь харамсалтай. Уран сайхны үзэл таашаал авч, оюун ухаанаа цэнгүүлж, тэндээс хамгийн том уран сайхнаар дамжуулан олж авах хүмүүжил хаалттай болж байна. Өнөөдөр дэлхий хавтгай болж байна гээд олон орны хэлийг хазгай муруй сурдаг болж. Аливаа орны хэлийг сурна гэдэг чухал. Тэгэхдээ уран зохиолын хэлийг нь сурвал бүр чухал. Ингээд уран зохиолын хэлээр нь бичдэг бол чухлын чухал. Тэгтлээ төгөлдөржиж, оюун ухааны сан хөмрөгтэй болсон хүн олон байгаа эсэхийг мэдэхгүй байна. Уран зохиолыг өнөөгийн иргэд цахим ертөнц шиг их мэдээлэл өгч чадахгүй гэж боддог байж магадгүй. Гэтэл уран зохиол хүнийг хүн болгож, дотоод ертөнцийг төлөвшүүлдэг. Орчлонгийн шүтэн барилдлагын учир утгыг ойлгуулдаг.
-Зохиолчдыг төр засгаас хэр зэрэг дэмжиж байна? Оюуны хүч чадал, биеийн хүч чадлын үнэлэмжийн талаар юу гэж бодож байна?
-Төр засгаас биднийг дэмжих байдал нь одон медаль энэ тэр л олгохоор хязгаарлагдахаас биш зохиолчдын хороонд мөнгө өгөөд бодитоор хөрөнгө оруулж, дэмжээд байгаа юм алга. Бидний бүтээсэн ном зохиолыг худалдаж аваад төрийн сан хөмрөгт оруулаад байгаа юм алга. Хөгжмийн зохиолч болон зураачдын бүтээлийг улсын сан хөмрөгт тодорхой хэмжээгээр авч байгаа. Зарим дарга нар Монголын зохиолчдод өөдтэй зохиол бичдэг хүн байхгүй. Тиймээс гадаадын зохиолыг уншъя гэж боддог нь ч бий. Тэгэхээр Монголын уран зохиолын амт шимтийг мэдрээгүй хүн юу ч гэж ярьж мэднэ л дээ. Гэхдээ бидэнд дутагдал байхгүй биш байгаа. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх зохиолч хэн байгаа юм бэ гэхээр нэр заагаад хэлчих хүн ховор байна. Англи хэлээр зохиол бүтээлээ туурвидаг хүн л дэлхийд үнэлэгдэхээс бус дэлхийн тавцанд Монголоороо мянган сайн бүтээл туурвисан ч хэн олж, уншиж үнэлэх билээ. Залуус олон орны хэлээр номоо хэвлүүлдэг болж, тэр нь үнэлэгдэж байгаа нь сайшаалтай. Үүнд л даяаршлийн гол утга учир оршиж байгаа юм.Тухайн орны хэлээр өөрийнхөө үндэсний зан заншил, өвөрмөц онцлогийн талаар бичээд эхэлбэл “THE HU” хамтлаг шиг сонирхоод эхэлнэ.
-Сүүлийн үед уран зохиол, утга зохиолын чиг хандлага хаашаа эргэж байна вэ. Нийгмийн байдлыг соргогоор мэдрэх нь чухал байх?
-Зохиолчид үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг л даа. Эх орноо хайрлахын тухай тэдэн мэдэрдэг хүмүүс байхгүй. Хүний амьдралд тохиолдсон баяр гуниг, зовлон жаргалыг тэдэн шиг мэдэрч өр зүрхээ өмөлзүүлж, чин сэтгэлээсээ баяр жаргалаар бялхдаг хүмүүс ховор. Тиймээс зохиолчид ёс суртахууны өндөр дархлаатай хүмүүс юм л даа. Тэр чанараараа нийгэмд гэгээрэл, боловсрол, ариуслыг түгээж байдаг. Хаана зохиолч олон байна тухайн газрын сэтгэхүй өөр түвшинд байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл, хүнлэг үзэл тэнд илүү байдаг. Тиймээс зохиолчдыг сайн муу гэж ялгалгүй дэмжиж, тусалж, тэднээс суралцах хэрэгтэй.
-Таны зохиол бүтээлүүдийг харахад орон нутаг судлал, түүх, хүн судлалаар олон бүтээл гаргасан байдаг. Сүүлийн үед ямар зохиол бүтээл дээр ажиллаж байна?
-Өвөрхангай аймгийн түүхийн 10 боть ном гаргаад байна. Мөн н.Намнансүрэн хааны тухай түүхийн цуврал ном, баримтуудын бичвэрийн чуулган хэвлүүлсэн. Энэ мэтээр ярих юм бол их юм бий. Дууны яруу найраг бас сонирхоно. 200 орчим дууны шүлэг бичсэн байна. Түүнийгээ удахгүй ном болгон хэвлүүлэх талаар ажиллаж байна.