Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дугтуй дотор дурайлган сийлсэн сэтгэлийн үгтэй нандин захидлууд

“Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?
Юуны өмнө энэхүү захидал очих гэгээн өдрийн мэндийг та нартаа хүргэе. Та нар минь сайн сууж байна уу. Охин нь сайн сууж байна. Хөдөө нутгийнхаа уудам хөндийгөөс хот газар ирээд гэрээ жаахан санагалзаж байна. Ялангуяа, тоодон дээлтэй жаахан дүүгээ бүр ч их санах юм. Та нараасаа холдоод гурван сар боллоо. Дүү минь улам л том болсон байх даа. “Буурлын тал”-д цас их унасан уу. Ижий, аав та хоёрын минь бие сайн уу. Болдог сон бол та нар дээрээ гүйгээд л очмоор байна”

 Ийм нэгэн захидлын хэсэг уншигч танд танил дотно санагдаж байна уу. Та хамгийн сүүлд хэзээ, хэнээс чин сэтгэлийн үгтэй нандин захиа хүлээж авч байсан бэ? Эсвэл хэзээ хэн нэгэнд ийм захидал бичсэн бэ? Техник технологи хөгжсөн өнөө цагт бидний дунд уламжлалт захидал, шуудан холбоо ашиглаж харилцдаг хэчнээн хүн байдаг бол гэсэн сониуч зандаа хөтлөгдөн хэзээний л Сүхбаатарын талбайн баруун талд байрласаар байгаа Монгол шууданг зорилоо.

 Үдийн 11:00 цагийн үед тус төвийн шуудан харилцааны хэсэгт 10 гаруй хүн хэн нэгнээс ирсэн илгээмжээ авахаар, эсвэл хэн нэгэнд шуудан илгээхээр зогсож байгаа харагдана. Үйлчлүүлэгчдэд зориулсан ширээн дээр 40 орчим насны эр нямбай гэгч нь захидал бичиж зогсоо нь нүдэнд тусав. Ширээн дээр бичгийн цаас базаад орхисон байгаагаас үзэхэд захидлынх нь ноорог бололтой. Үүнээс үзэхэд тэрээр захидалдаа ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илт. Түүний нэрийг Б.Гантогтох гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас нийслэлд ирээд гурав хонож байгаа гэнэ. Хот газрын хөгжил цэцэглэлтэй танилцаж, төв талбайгаараа дайран өнгөрөхдөө шуудангийн газрын хажууд байгаагаа анзаараад нийслэлийн Зэвсэгт хүчний 120 дугаар ангид алба хааж буй хүү Б.Буянтогтохдоо захидал илгээхээр шийдсэн нь энэ аж. Түүний хэлж буйгаар хоёр хоногийн өмнө хүүгээ эргэж очсон бөгөөд эр цэргийн албыг нэр төртэй хааж байгаа хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн гэв. Эргэлтийн 20 минут нүд ирмэхийн зуурт өнгөрсөн ч хүүгээсээ хамгийн нандин бэлэг авснаа хэллээ. Тэр бол ам дөрвөлжин цаасан дээр бичсэн захидал байсан аж. “Хүүгээ эр цэргийн албанд мордуулахдаа нулимс унагаагүй мөртлөө дэвтрийн цаасны гол дээр нямбайлан бичсэн хүүгийнхээ захиаг уншаад хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй бөмбөрсөн. Чамтай тааралдахыг мэдсэн бол захиаг нь өвөртлөөд ирэхгүй юү” хэмээн хүүгээрээ бахархан, бахдан ярих. Б.Гантогтохын хувьд гурван жилийн цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед харилцаа холбоо одоогийнх шиг хөгжөөгүй байсан учир жилд 1-2 удаа гэрийнхэнтэйгээ захидлаар харилцдаг байжээ. Жагсаалд зогсох үед “Байлдагч Б.Гантогтох над дээр” гэх жагсаалын даргын тушаалаар байдаг хурдаараа гүйн очиход дугтуйтай захидал гарт нь атгуулаад “Гэрээс чинь захиа ирсэн байна” гэх үгийг сонсох тэр мөчид хэчнээн их жаргалтай байдаг гэж санана. Хурдхан шиг л захиагаа задлаад уншихын түүс болдог сон” хэмээн цэрэгт байсан үедээ очсон мэт догдлон ярив. “Гэрийнхнээс нэг удаа захидал ирсний дараа хэдэн сардаа л гэрээ санахаа больчихдог сон. Тиймээс хүүдээ энэ мэдрэмжийг мэдрүүлэхээр шийдээд бичих гээд будилж сууна. Ааваас нь захиа ирнэ гэж төсөөлөх ч үгүй байгаа байх даа. Ялангуяа, саяхан эргэлтээр очсон болохоор өөрийнх нь нэрийг дуудаад захиа өгөхөд их гайхаж, баярлах байх. Тийм нэг сонин мэдрэмжийг хүүдээ мэдрүүлэхийг хүссэн. Гэхдээ захиа бичилгүй олон жил болсон болохоор гар эвлэж өгөхгүй л байна. Ямар сайндаа л ноорог болгочхоод сууж байх вэ. Үнэндээ цэргээс халагдсаны дараа эхнэртэйгээ танилцаад удалгүй манай хүн хот руу сургуульд сурахаар явсан. Бараг хоёр жил орчим хичээл нь амраад нутагтаа ирэхээс бусад хугацаанд эхнэртэйгээ захидлаар харилцаж байсан. Сүүлдээ би хотод ирж ажилласнаас хойш захидал ер бичээгүй. Тэгэхээр бараг л 20 орчим жил хэн нэгэнд захиа бичээгүй юм байна шүү дээ” хэмээн инээх нь тэр. Ийн Монголын нэг өдөр хэн нэгний амьдрал захидалтай холбоотой шинэ түүх, шинэ дурсамжаар нэмэгдэж байгаад яагаад ч юм баяр төрөх шиг.

 Ингээд хэсэг хором түүнтэй хөөрөлдсөнийхөө дараа өөр хэн хаана захидал бичиж байгааг ажиглан харав.
 Монгол шуудангаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь Б.Гантогтохоос өөр төрлийн илгээмж явуулж байлаа. Ихэнх нь нэгэн байгууллага, хувь хүмүүс рүү албан бичиг илгээж байв. Түүний нэг нь Н.Болортунгалаг. Тэрээр Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж захидал илгээж байгаа талаараа хэллээ. Түүний хувьд тэдэнд удаа дараа захидал илгээх болсон нь өөрийн охин Г-г долоон жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан хэмээн үздэгтэй холбоотой. Уг хэргийг хууль шүүхийн байгууллагаас шударга бусаар шийдвэрлэсэн хэмээн хөлөө хүрэх газар хүртэл явсан ч үр дүн муутай байгаа талаараа учирлав. Тиймээс эцсийн найдвар нь дээрх гурван хүн болоод байгаа учраас дахин үүссэн нөхцөл байдлын талаар баримт нотолгоог хавсарган шударгаар шийдүүлэх хүсэлтээ захидлаар илгээж байгаа нь энэ аж. Тийм ээ захиа бүхэнд өөр өөрийн зорилго, өөр өөрийн шалтгаан бий.

 Захидал илгээхдээ заавал марк наадаг аж. Захидалд марк чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тус төвийн борлуулалтын ажилтан хэллээ. Үнийн хувьд 100 төгрөгөөс 999 мянган төгрөг хүртэл үнэлгээтэй. Зарим иргэдийн хувьд маркинд төдийлэн ач холбогдол өгдөггүй бол зарим хүн маркны илэрхийлэх утга санаанд ихээхэн анхаардаг аж. Биднийг ийнхүү ярилцаж байх зуур “Эгч нь захиалсан маркаа авахаар ирлээ” хэмээн 40 орчим насны эмэгтэй ирлээ. Түүний тооцоо 70 гаруй мянган төгрөг болов. Ийм хэмжээний мөнгө маркинд зарцуулж байхыг бодоход бусадтай захидлаар харилцдаг байх хэмээн таамаглав. Түүнийг Б.Оюунчимэг гэдэг. Хоёр жилийн өмнөөс марк цуглуулах хоббитой болсон бөгөөд оны дараа шинээр гарч байгаа маркны төрлөөр цуглуулгаа баяжуулж байгаа нь энэ аж. Одоогоор 500 гаруй төрлийн марк цуглуулсан гэнэ. Энэ хоббиг найз нөхөд нь мэддэг болсон тул сонин содон марк тааралдвал худалдан авч, цуглуулгад нь нэмэрлэдэг аж. “Зарим хүн цуглуулганаасаа захидал илгээхдээ хэрэглэдэг. Харин миний хувьд цуглуулганаасаа хэн нэгэнд захидал бичихдээ илгээж байгаагүй. Хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнд өөрийн гараар захидал бичиж илгээснээ санахгүй л байна” хэмээн инээмсэглэсэн юм. Өнгөрсөн жил наймдугаар ангид сурдаг охиноосоо захидал аваад маш их баярласан гэв. “Нийгэм өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн дэвшил хүний ажил амьдралыг хөнгөвчлөх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр сайн нөлөө үзүүлж байна. Гэвч гэр бүлийн гишүүд бүгд гар утастайгаа “ноцолдоод” өөр хоорондоо ярилцах нь багассан. Нөгөөтэйгүүр компьютер, гар утасны цаанаас мэндчилгээ хүргэдэг амьд бус харилцаа бий болсон энэ цаг үед сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан байж чин сэтгэлийн халуун дулаан үгтэй захидал авах үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байсан болохоор урьдын адил цахимаар мэндчилгээ ирэх байх хэмээн бодож байсан ч охин маань, аавтайгаа нийлээд цэцэгт мэндчилгээний хамт урт гэгчийн захиа илгээсэн нь хамгийн сайхан бэлэг болсон. Тиймээс цаашид өөрийн хайртай хүмүүстээ гараараа захиа бичиж илгээдэг соёлоо эргэн дэлгэрүүлэх юм бол олон хүнд сайхан санагдах байх. Миний хувьд одоогоор ажлын онцлогоос шалтгаалж email хаяг ашиглаж хүмүүстэй захидлаар харилцаж байна. Гэхдээ цаашид дотны хүмүүстээ гараараа захидал бичиж бэлэг барих талаар бодож байгаа” гэсэн юм.

 Монгол шуудангаар өдөртөө 100 гаруй хүн гадаад дотоодоос ирсэн илгээмж авах, гадаад дотоод руу илгээмж явуулахаар үйлчлүүлдэг юм. Тус компанийн Дотоод шуудан ялган боловсруулах төвийн дарга н.Нандин-Эрдэнэ хэлэхдээ жилдээ давхардсан тоогоор 1.8 сая захидлыг дотоодын хэмжээнд эздэд нь хүлээлгэн өгдөг. Ийн мартагдах шахсан соёлыг монголчууд хадгалж, өнөө хэр нь амар мэндээ мэдэлцэж байна. Мөн мэдээллийн эрин зуунтай холбоотойгоор бийр бэх, бичиг цаас нийлүүлж захиа бичээд суудаг иргэдийн тоо өмнөх үетэй харьцуулахад багассан гэдэг нь тодорхой боловч шууд утгаараа захидлаар харилцах иргэдийн тоо буурсан гэж ойлгож болохгүй. Учир нь цахим сүлжээ ашиглаж захидлаар харилцдаг иргэд олон бий” гэлээ.

 Захидалтай холбоотой дурсамж хэн бүхэнд бий. Сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суухдаа “Би чамд хайртай” гэсэн гуравхан үгтэй захиа аваад догдолж байсан охид, хөвгүүд олон биз. Захидалтай аяллын энэ хэсгээ үргэлжлүүлэхээр шийдэв. Олон оролдлогын дараа залуу насандаа хайрын захидлаар охидын сэтгэлд шар ус хуруулж явсан Д.Болдхүүтэй ярилцах завшаан тохиолдов. Тэрээр Архангай аймгийн Хашаат суманд сурагч насаа өнгөрүүлжээ. 1978 онд ахлах ангид байхдаа найз нөхдийнхөө дурлалын захиаг багагүй үнэрхэж бичиж өгдөг байсан гэдгээ хуучлан ярив. “Сэсээр улсаас гаралтай, Сэвсгэр цагаан цаасан дээр, Сэтгэлийнхээ хэдэн үгийг сийрүүлэн бичиж сууна”, “Архангайн хөөрхөн бүсгүй чи сайн сууж байна уу” гээд л эхлүүлдэг байлаа шүү дээ. Дундуур нь дурласан охиныхоо хөөрхөн, сайхныг нь магтаад хамгийн сүүлд нь “Би чамд хайртай. Надтай үерхээч, хариу” гэж бичээд нугалж, цаасанд боогоод гадна талд нь түүнээс түүнд очно гэж бичээд миний ажил дуусдаг байлаа. Зарим хөвгүүдийн захидлыг ижилхэн шахуу л бичсэн байх даа. Гэхдээ олон хүнийг үерхүүлж байсан юм хэмээн инээмсэглэнэ. Тэрээр найзуудынхаа хайрын захиаг олон удаа бичиж байсан ч өөрөө хайртай охиндоо захиа өгч байсан нь ховор гэнэ. Түүнийг аравдугаар ангиа төгсөх жилийн намар зэргэлдээ сумаас нэг охин шилжиж ирсэн нь сэтгэлийг анх удаа хөдөлгөжээ. Тэгсэн харин нөгөө уран цэцэн үг нь гарч өгдөггүй гацчихдаг юм билээ хэмээн хөөрөв. Гэхдээ ямар ч байсан хайрын захидал бичиж, хос хун зураад хариу хүлээсэн ч татгалзсан хариу авсан нь жаахан тиймхэн. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэг дээ. Олон хосыг учруулсан, өөрөө харин шархалсан ийм л хайрын захианы түүх түүний сэтгэлийн гүнд хадгалан үлджээ. Ийн 42 жилийн өмнө сэтгэлийнхээ гүнд түгжээд орхисон түүхийг өнөөдөр сөхөх хувьтай л байж. Хүүхэд ахуй насныхаа гэнэн цагаахан шохоорхол, хайр дурлалын талаар эргэн санахад хэн бүхэнд сайхан санагдах нь лавтай. Бүтсэн ч бүтээгүй ч бужигнуулж явсан тэр л дурсамжаараа энэ өдөр хөглөгдсөн тэрээр жаргалтай гэгч нь цааш алхсаар одсон юм.

 Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд захидал бичих соёлыг дэлгэрүүлсэн уралдаан тэмцээн зохиогдох болсон нь сайшаалтай. Түүний нэг бол МҮОНРТ-ээс зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” уралдаан юм. Тус уралдаанд өнгөрсөн хугацаанд нийтдээ 25 мянган орчим захидал ирсэн байдаг. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс харахад ээжийгээ бурхан болсон хойно нь маш их харуусал, нулимстай бичсэн захидал олон байдаг. Тэгэхээр хожимдож хайртай хүмүүстээ чин сэтгэлийн халуун дулаан үгтэй захидал илгээхээс илүүтэй хожимдохоосоо өмнө одоо л захидал бичээрэй.
Гадаа хүйтэн ч сэтгэлд дулаахан дугтуй дотор дурайлган сийлсэн сэтгэлийн үгтэй нандин захидлуудтай нэг өдөр ийн жаргав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com