Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сонгуулийн өмнөхөн амьдрал сайхан болно

 Он гарангуут сайн мэдээ огцом олширч буйг уншигчид маань анзаарсан байлгүй. Оны сүүлэн дээр эрхэм Ерөнхийлөгч маань шинэ жилийн мэндчилгээндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн айлдсан. Оргилуун дарстай түүний мэндчилгээ ахмадуудын сэтгэл хөдлөлийг оргилд нь хүргэв. Энд тэндгүй зээл ярьсан хөгшид. Сонгуулийн өмнөх хөөрлийн “улаан тууз”-ыг Ерөнхийлөгч “хайчлав” бололтой. Улстөрчид, том жижиг намууд ч тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв талаар, зарим нь бүр хууль санаачилж байгаа тухайгаа ам уралдан мэдэгдэв. Зээлийг тэглэхийн эсрэг үг хэлсэн улстөрч ардын дайсан болох янзтай. УИХ-ын дарга маань ч авлигачдад очиж байгаа мөнгийг, ахмадуудад очиж байгаатай харьцуулсныг яана. “АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр авлигачид улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа төр, түмэн аль аль нь ач санах л учиртай” хэмээн тэрбээр фэйсбүүк хуудастаа бичжээ. Авлигачидтай “барьцаад” олуулаа нийлж байгаад байгалийн баялгаа “хүртчихвэл” ордгүй хойч үеийн ахмадуудад юу ногдох бол?

 Ахмадууддаа нэг ордоо зориулдаг л юм байж. “Хуваарилалт нь шог” бол зээл тэглүүлсэн ахмадууд нь ч сэтгэл дундуур, зээлгүй настнууд нь бүр ч гомдолтой үлдэх вий. 10 саяас дээш зээлтэй цөөн ахмад ихийг хожоод, бага зээлтэйд нь өчүүхэн хэсэг нь ногдож, зээлгүйд нь “хусам” нь ч хүртэхгүй байж болох уу? Ядаж тэглэх зээлийн дээд хязгаарыг тогтоох учиртай. Ахмадуудын нэг сая төгрөгийн зээлийг хүчингүй болгоно гэх мэтээр тэгш тоо хэлж болдоггүй юм байх даа. Огт зээлгүй ахмадуудад ийм хэмжээний мөнгө өгнө гэвэл ядаж л барьцахгүй шүү дээ. Тэтгэврийн зээлийг тэглэх гэдэг сайхан санааны үзүүрт шар тос бус “хэрүүлийн алим” байж болохгүй л юм сан.

 Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал шүүхэд явж байгааг хуульчид сануулж буй. Хуульзүйн маргаантай байгаа дуусдаггүй ярианд ахмадуудаа хутгачих вий.
Эдийн засагчид хамтраад тэтгэврийн реформ хийхийг шаардсан. Тэтгэврийн реформ хийх нь өнөөгийн болон ирээдүйн тэтгэвэр авагчдад өгөөжтэйг тэд сануулж буй. Тэтгэврийн реформын оронд “Нэг удаа тэтгэврийн зээл тэглэнэ” гэсэн хууль батлах нь сайны ёр уу муугийнх уу. Муугаар яривал үүнийг сонгуульд хамгийн идэвхтэй санал өгдөг нийгмийн бүлгийнхний саналыг худалдан авах арга гэж тодорхойлж болно. Тэтгэврийн зээлээ ахмадууд өөрсдөдөө зориулдаггүй гээд хэн хүнгүй хэлээд байгаа. Хөгшдийнхөө тэтгэврээс “зулгаахааргүй” хүн шиг амьдрах бололцоог үр хүүхдүүдэд нь олгомоор байгаа юм. Бүрэн эрхийнхээ хугацаанд тэтгэврийн реформ хийж амжаагүй эрх баригчид ийнхүү “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги”-ийг илүүд үзлээ.

 Сонгууль болтол зургаахан сар үлдсэн болохоор эрх баригчдын “ёслолын буудлага” үргэлжилсээр байх төлөвтэй. Гэтэл өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд муу мэдээ л зонхилж байсан. Эрх баригчид амлалтаа биелүүлсэнгүй. Хүүхдийн мөнгө өгсөнгүй л гэнэ. Иргэдийн боломжийг луйвардлаа л гэцгээсэн. “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлэх” үү.

 Сонгуулийн өмнөхөн харин бүх хүүхдэд хүүхдийн мөнгө очих нь тодорхой. Харин сонгуулийн өмнөхөн хэсэгхэн хугацаанд л амлалтаа биелүүлж “чихэр долоолгодог” энэ байдал сонгогчдыг баярлуулж дөнгөх байгаа.

 Энэ бүх татгалзахын аргагүй саналын дараа эрх баригчдын сонгуулийн амлалт биелсэн эсэхийг эрүүл саруулаар дүгнэх хүн хэр олон үлдэх бол. Юутай ч “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэн баталсан агаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх зөвлөмж гаргасан юм билээ. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, үнэт цаас гаргах замаар бүрдүүлнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын мэдээлэлд дурджээ.

 Улс төрчдийн хувьд нийгмийн асуудлыг шийдэх хэцүү даалгаврын оронд гарын бэлэг сэлтхэнээр сонгогчдыг хахуульдах нь хялбар санагдаж байгаа бололтой. Манай хорооллынхон лав гурван жил гаруй хугацаанд сургууль, цэцэрлэг нэхээд хариуд нь гишүүнээсээ гарын бэлэг л хүлээж авсан даг. Түмпэн сав, гурил будаахнаар хуурахын тулд сонгогчид нь ядуу байхыг тэд цаагуураа хүсэмжилдэг нь лав.
Гэсэн ч нийгмийн сэхээлэг хэсгийнхэн аль хэдийнэ улс төрчдөд “хөгжмөө захиалж” эхэлсэн.

 “Оном” сангийнхан улс төрчдөд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр санал болгож байж эрх баригч намын сонгуулийн хөтөлбөрт оруулсны хүчинд олон мянган хүн элэгний вирусээсээ ангижирсан сайн жишиг бий.
Хуульчид ЖДҮ хулгайчдад хариуцлага тооцох нэхэл хатуутай ажлыг эхлүүлсэн. Хууль шүүхийнхэн ЖДҮ хулгайчдад хариуцлага тооцож хүчрэхгүй бол сонгуулиар олон түмэн хариуцлага тооцох нь лав.
Эдийн засагчид “Тэтгэврээ аваръя” хөдөлгөөн өрнүүлсэн. Өнөөг хүртэл тэтгэврийн реформ хийж чадаагүй эрх баригчид эдийн засагчид, олон нийтийн шахалтаар энэ асуудалд анхаарахаас өөр аргагүй болж байна. Одоогийн эрх баригчид тэтгэврийн шинэчлэл хийж чадаагүй ч шинээр сонгогдох эрх баригчид хийх нь лав.

 Хүчирхэг удирдагч гарч ирээд Монголоо мандуулна хэмээх коммунист үлгэрийн төгсгөл энэ хүрээд жаргах вий. Монголчууд 1990 оноос хойш хөгжлийн 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байсныг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг гардан авлаа. Сонгуулийн үеэр бодлого нэхсэн олон нийтэд сонсоход сайхан хөгжлийн бодлого бэлэн болох нь тэр. Ийм байхад тэднийг алсын хараагүй гэж шүүмжлэхгүй нь лав.

 Сонгуулийн өмнө амьдрал сайхан болно. Олон сайн мэдээ дуулдана. Эрх баригчдын чих зөөлөрнө. Элдэв мөнгөний амлалт өгнө. Элдэв муу асуудлууд дарагдана, мартагдана. Гэсэн ч сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com