2019.12.30-ны өдөр
“Чиний фэйсбүүк хаяг, зураг цахим орчинд Live-аар гарч байна”, “Итгэхгүй бол энэ линкээр орж үзээрэй” гэсэн чат, линкийн хамт миний мессенжерт ирлээ. Мэдээлэлд ойр байдаг сэтгүүлч хүний хувьд янз бүрийн линкээр нэвтэрч, пасс кодоо оруулж болохгүй гэдгийг урьд нь олонтоо сонсч байсан. Гэсэн ч хүн гэдэг амьтан ямар ч нөхцөлд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлж болдгийн тод жишээ өөрөө болсон тул өөр олон хүнд сэрэмжлүүлэх үүднээс фэйсбүүк хаягаа хакердуулсан түүхээ нэг бүрчлэн бичихээр шийдлээ.
Ингээд фэйсбүүк хаяг, пасс кодоо хийгээд тухайн линкээр нэвтрэн ортол миний тухай ямар нэгэн мэдээлэл байсангүй.
Юу болоод буйг ойлгож амжаагүй байтал миний цахим хаяг автоматаар хаагдчихав. Эргээд нэвтрэх гэтэл болдоггүй. Тэрхэн зуур элдвийн юм бодсонгүй тайван сууж байтал АТГ-ын мэргэжилтэн Н.Тунгалаг эгчээс дуудлага ирлээ. “Нараа, чиний хаяг хакердуулсан юм биш үү. Надаас сая 300 мянган төгрөг асууж чат ирлээ. Чамайг шинэ жилдээ орох гээд мөнгөгүй болсон юм болов уу гэж бодлоо. Мөнгө шилжүүлэх гэж байснаа гэнэт сэжиглээд над руу залгаарай гэхэд таг болчихлоо” гэж байна. Миний дотор “Буруу зүйл хийжээ” гэсэн бодол бүүр түүрхэн орж ирэв. Удалгүй цагдаагийн ерөнхий газар, улсын прокурорын хэвлэл хариуцсан мэргэжилтнүүд залгаж байна. Энэ тохиолдолд заавал дүүргийн цагдаагийн хэлтэстээ өргөдөл гомдол гаргаж, бүртгүүлэх ёстой талаар ч зөвлөлөө. Нэлээд сандарч эхэлсэн би бээр найз нөхөд, ах дүү хамаатан садан руугаа залгаж фэйсбүүк хаягаа хакердуулсан тухай мэдэгдэж эхлэв. Гэсэн ч хожимджээ. Нэг найз маань 400 мянган төгрөг шилжүүлсэн тухайгаа над руу утасдаж хэлэхэд би бүр шоконд орчхов. Сарантуяа гэх нэртэй ХААН банкны тоот дансаар мөнгө шилжүүлсэн гэж байна. Өнөөх этгээд хэнээс юу гэж хэлээд хэдэн төгрөг авахаа мэддэг нэлээн зальтай нөхөр бололтой. Манай найз руу “Яаралтай 400 мянган төгрөг хэрэг боллоо. Гэрээс гарах боломжгүй байна. Өглөө шилжүүлье” гэж хэлжээ. Ингээд найзынхаа 400 мянган төгрөгийг хаанаас, яаж олж өгөх вэ гэдэг бодолд дарагдаж эхлэв. Тэрхэн зуур ойрмогхон болсон нэгэн үйл явдал санаанд орлоо.
2019.12.23-ны өдөр
Нийслэлийн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийсэн. Тэр үеэр нийслэлийн шилдэг мөрдөгчөөр шалгарсан цагдаагийн ахлах дэслэгч Э.Түвшинжаргалтай уулзаж ярилцсан билээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст ажилладаг бөгөөд өнгөрөгч арваннэгдүгээр сард 730 хүнийг 18 сая төгрөгөөр хохироосон цахим гэмт хэрэгтнийг илрүүлсэн тухайгаа ярив. Дээрх хэргийн араас хоёр сар мөрдөн шалгалт хийсний эцэст хэргийн эзэн 18 настай хүн болохыг олж тогтоосон байна. Үүгээр зогсохгүй хохирогч нарын хохирлыг барагдуулж өгсөн тухай ярьж байсан нь санаанд орсон хэрэг. Ингээд танил цагдаа руугаа утас цохитол маргааш хүрээд ир гэлээ. Найзынхаа 400 мянган төгрөгийг олж өгөх жаахан ч гэсэн найдлага төрөөд тэр шөнөдөө тайван хоносон юм.
2019.12.31-ний өдөр
Маргааш өглөө гэхэд миний фэйсбүүк хаяг цахим орчноос бүр мөсөн арчигдсан байлаа. Хаягаа сэргээх гэсэн хэдэн зуун удаагийн оролдлого бүтэлгүйтсээр. Миний и-мейл хаяг, утасны дугаарыг хүртэл өөрчилсөн байв. Харин би амь наана, там цаана гэдэг шиг байдалд орсон байлаа. Эхний ээлжинд найзынхаа мөнгийг л олж өгөх юмсан гэдэг бодол толгойд эргэлдэнэ. Даруйхан автобусанд сууж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг зорилоо. Ахлах дэслэгч Э.Түвшинжаргалтай уулзаж, Сарантуяа гэх данс эзэмшигч Хаан банкны тоот данс руу 400 мянган төгрөг шилжүүлж авсан тухай хэлэв. Урьд нь энэ төрлийн хэрэг илрүүлж байсан туршлагатай нэгэн гэдэг нь харваас илт. Түүний компьютер дээр Хаан банкинд данс эзэмшигч нарын мэдээлэл байна. Ахлах дэслэгч Э.Түвшинжаргал хэлэхдээ “2019 онд шинээр нээгдсэн данс байна. Батхуягийн Сарантуяа нэртэй арав гаруй хүн Хаан банкинд данс эзэмшдэг юм байна. Энэ бүх хүн рүү утасдаж, тодруулна. Жинхэнэ хэргийн эзэн Батхуягийн Сарантуяа биш. Түүнээс цааш хоёроос гурав дамжсан байж таарна. Түүнийг л олж илрүүлэх хэрэгтэй” гэв. Ингээд арав гаруй хүнтэй холбогдлоо. Дундговь аймагт айлд хүүхдээ үрчлүүлээд явсан Сарантуяа гэгч этгээд тун сэжигтэй болоод ирэв. Гэхдээ баталгаатай биш. Бусад нь мөнгө шилжүүлж авсан Хаан банкинд “5135...” бүхий тоот данс эзэмшдэггүй гэв. Ахлах дэслэгч эрлээ өөр газраас үргэлжлүүлэхээр шийдэв. Тэрбээр Монголбанкин дахь танил руугаа залгаж, Хаан банкны “5135...” тоот данс эзэмшигчийг тодрууллаа. Тухайн данс эзэмшигчийн регистрийн дугаар ахлах дэслэгчийн чатад ирж байна. Регистрийн дугаараар хайлт хийж, данс эзэмшигчтэй холбогдох дугаарыг олов. Ингээд хэргийн эзэн Сарантуяатай холбогдлоо. Тэрбээр 19 настай, зургаан сартай хүүхдээ хараад гэртээ суудаг эмэгтэй бөгөөд “Гэртээ суугаад цахим орчинд ажиллах боломжтой ажил байна. Өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай” гэдэг зарын дагуу нэгэн хүнтэй холбогдсон болохоо хэлэв. Ингээд түүний “5135...” тоот дансаар өчигдөр орой 400 мянган төгрөг орж ирсэн. Түүнээс 30 мянгыг нь авч үлдээд 370 мянгыг Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн гэв. Гэтэл 370 мянган төгрөг авсан данс эзэмшигч нь 14 настай хүүхэд байв. Түүний эцэг эхтэй холбогдож эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл үүсээд буйг танилцуулж, дансанд нь үлдсэн 90 мянган төгрөгийг “Үрэхгүй” байхыг сануулав. Мөн он гармагц цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг үүрэгдлээ. Харин хэргийн эзэн 14 настантай холбогдож мөнгөө юунд зарцуулсныг лавлахад “Dota” тоглоомын хэрэгсэл худалдаж авсан гэдгээ хүлээв.
Ахлах дэслэгч хэлэхдээ “Ер нь иймэрхүү хэргийн ард буй эзэд ихэнх нь төлбөрийн чадваргүй хүмүүс байдаг. Үүнээс өмнө миний илрүүлсэн 18 сая төгрөгийн цахим залилангийн хэргийн эзэн эцэг эхийн асрамжид байдаг, эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй хүн байсан. Тэр тохиолдолд эцэг эх нь хохирлыг барагдуулсан удаатай. Энэ удаад иргэн Б.Сарантуяа 30 мянган төгрөгөө, 14 настан 90 мянган төгрөгөө үрээгүй болохоор 120 мянган төгрөг ямар ч гэсэн олдохоор байна” гэв. Ингэж нэг дотор онгойв. Азаар гэх үү, ажил мэргэжлийн онцлогоор гэх үү ямартаа ч хэргийн эзнийг олж чадсандаа сэтгэл тэнүүн цагдаагийн хэлтсээс гарч явлаа.
2020. 01.06-ны өдөр
Энэ явдлаас үүдээд надад хэд хэдэн сургамж үлдсэн юм. Юуны өмнө цахим хаягт өөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахаас аль болох татгалзах хэрэгтэй. Арван жил ашигласан цахим хаягаа хакердуулна гэдэг багагүй хохирол аж. Ялангуяа өдөрт хэдэн арван эх сурвалжтай холбогдож, сайн муу мэдээлэл солилцож байдаг сэтгүүлч хүний хувьд том гарз болжээ. Надтай адил хаягаа хакердуулж, өчнөөн төгрөгийн хохирол амссан ч хаана хэнд хандахаа мэдэхгүй, цагдаад мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ авалгүй хэрэг нь хаагддаг жишээ олон байдаг талаар сонсоход үнэхээр харамсалтай. Цахим луйврын хохирогч нар наад зах нь найз нөхөдтэйгээ харилцаа холбоогүй болохоос эхлээд тухайн хүний алдар нэр сэвтэж, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсдаг юм байна. Тэгэхээр цагдаагийн байгууллага цаг үетэйгээ хөл нийлж энэ төрлийн гэмт хэргийг илрүүлдэг мэргэшсэн мөрдөгч нарыг улам олшруулах зайлшгүй шаардлага тулгарчээ.
Хоёрт, цахим орчинд мессенжер чатаар хэн нэгнээс пасс кодоо хийж нэвтрэх шаардлагатай ямар нэг линк, холбоос ирвэл татгалзах хэрэгтэй юм байна. Хүн биеэр үзэж байж зовлонг нь ойлгодог гэдэг үгтэй. Цахим луйвар, халдлага гэдэг тэртээ холын зүйл биш, энүүхэнд хажууд чинь байгааг үргэлж санаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Наад зах нь таны ойр дотны хүн мессенжер чатаар мөнгө гуйвал заавал утсаар тодруулж баймаар юм билээ шүү.
Эцэст нь уншигч нартаа зориулж фэйсбүүк хаягаа хамгаалах хоёр шатлалт аргыг хүргэе. Үүний тулд Facebook-Settings-Security and Login цэс рүү ороод Two Factor authentication гэдэг тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд таны цахим хаяг руу хаа нэгтэйгээ нэвтрэх оролдлого хийвэл таны бүртгүүлсэн утасны дугаар, цахим хаягт анхааруулга ирдэг юм байна.