Шинэ жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд ураны талаар яригдсан гэдэг ч албан ёсны мэдээлэл бага байна. Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 13-т жагсдаг. Сүүлийн жилүүдэд ураны хэрэгцээ нэмэгдэж байгаа. Энэ талаар ШУА-ийн Физик технологийн хүрээнгийн эрдэм шинжилгээний ажилтан, “Монголын цөм, цацрагийн нийгэмлэг” ТББ-ын Ерөнхийлөгч, цөмийн физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр 1990 онд Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг юм.
-Манайханд цөмийн тухай ойлголт бага. Уранаас болгоомжлох үзэгдэл их байдаг. Үнэхээр уран тийм аюултай эд үү?
-Ураныг эсэргүүцэх үзэгдэл сүүлийн жилүүдэд л газар авсан. Түүнээс дээр үед бол амьдрал ахуйдаа байнга хэрэглэж ирсэн шүү дээ. Ардчилал өөрөө аливаа юмны гэрэлтэй, сүүдэртэй талуудыг адилхан харуулдаг. Манай улс дэлхийд алдартай ОХУ-ын Дубна дахь цөмийн судалгааны төвийг 1950 оны сүүлчээр үүсгэн байгуулалцаж байсан туршлагатай. Өнөөг хүртэл манай арваад өрх тэнд ажиллаж байгаа. Хоёр дахь хэрэглээ бол цацраг туяа гэж нэрлэдэг байсан одоогийн Хавдар судлалын эмнэлэг. Энэ бол цөмийн цацраг туяа ашиглан эмчилгээ хийдэг эмнэлэг.
-Бид олон жилийн өмнө ашиглаж байсан гэсэн үг үү?
-Одоо ч бидний хаа сайгүй ашиглаж байгаа рентген аппарат чинь цөмийн технологи. Захын хүн л энэ аппаратаар үзүүлдэг биз дээ. Уран ашиглаж байсан хамгийн том жишээ нь манай Мардайн ордыг оросууд ашиглаж байсан үе. Ийм хэлбэрээр бид социализмын үед ураныг ашиглаж байсан байхгүй юү.
-Одоо манайд энэ чиглэлийн мэргэжилтнүүд байдаг уу?
-Цөмийн технологийн мэргэжилтнүүд манайд олон бий. Дэлхийн түвшинд яригдана шүү. Цөмийн онолын чиглэлээр хамгаалсан олон докторууд байгаа. Манайх чинь цөмийн физикийн чиглэлээр гурван Нобелийн шагналтан бий болсон.
-Яаж?
-Их сонин юм билээ. Манай нэг байгууллага шагнал авахад бүх насаар нь шагналтад тооцно. Харин гаднын байгууллагууд өөр. Манайхаас Олон улсын цөмийн энергийн агентлагт ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг ханандаа хүрлээр сийлэн бичдэг юм билээ.
-Шагнал авсан хүмүүсийг үү?
-Үгүй ээ. Шагнал авахад тухайн үед гар бие оролцсон хүмүүсийн нэрсийг Олон улсын цөмийн энергийн байгууллагын хананд хүрлээр нэрийг нь бичдэг юм байна.
-Өнөөдөр тэнд монголчууд ажиллаж байгаа юу?
-Ажиллаж байгаа. Тэнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд ажилладаг.
-Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд хэддүгээрт жагсдаг вэ?
-Ураны ашиглах баталгаатай нөөц гэж байдаг. Манайд 63 орчим мянган тонн гэдэг байх. Таамаг нөөцөөр тавд жагсч байгаа. Дэлхийд бол 13-т ордог. Мардайгаас Ховд хүртэл нэлээн юм байгаа шүү дээ.
-Зарим хүн Оюу толгой, Тавантолгойг бодвол уранаас их ашиг олж болно гэж ярьдаг. Үнэн үү?
-Нэг их ашиг олохдоо гол нь биш байх. Дэлхий дээр алтнаас ашигтай, үнэтэй металл олон бий.Тэгэхээр энэ утгаар нь авч үзвэл ашиг олохдоо гол нь биш байх. Харин дэлхий даяар стратегийн түүхий эд гэж тооцдогоороо л чухалд орно.
-АНУ Ирантай баяжуулалт гээд муудаад байх бололтой юм?
-Ураныг баяжуулаад хоёрхон зорилгоор ашиглана. Энхийн зорилгоор гэдэг нь атомын цахилгаан станц байгуулахыг хэлж байгаа юм. Фүкүшимагийн ослоос хойш нэлээд шуугьсан. Гэхдээ өнөөдөр хангалттай аюулгүй технологи бий. Нөгөөтэйгүүр цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглана. Энэ өөрөө олон улсын томоохон маргаан дагуулаад байгаа. Цөмийн зэвсэгтэй арваад орон байна. Харин дэлхий дээр 500 орчим л атомын цахилгаан станц байдаг.
-Бид уранаа ашиглаж болохгүй юу?
-Хуулиараа манайд гүн боловсруулалт хийхийг хориглосон. Шар нунтаг хүртэл байж болно. Энэ нь анхан шатны боловсруулалт гэсэн үг.
-Шар нунтаг худалдан авах орон олдох болов уу?
-Байгаа. Атомын цахилгаан станц барьдаг орнууд авна. Тийм улс 2-3 л байна. Гол тоглогч нь Франц, ОХУ л даа. Нэг атомын цахилгаан станц 30-40 сая хүний амьдралыг хамардаг. Оросуудын барьж байгаа атомын цахилгаан станц манай ТЭЦ-4-тэй харьцуулахад багаар тооцоход арав дахин том хүчин чадалтай. Хоёр хөршүүд маань манай ураныг гуравдагч оронд ашиглуулахыг таашаадаггүй.
-Яагаад?
-Их гүрнүүдийн бодлого. Тийм ч учраас Канадын “Хан ресурс” гэдэг компанийг хөөж явуулсан. Гэхдээ бас хоёр хөршөө хулхидсан. Нөгөө хөөгдсөн Канадын компани олон улсын шүүхээр зарга үүсгээд хэдэн зуун сая ам.доллар авсан.
-Тэр яг юу болсон юм бол?
-Цөмийн энергийн тухай хууль гэж байдаг. Түүнд хэрэв улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг бусдад ашиглуулах болбол 34 хувийг төр үнэгүй эзэмшинэ гэдэг заалт бий. Тиймээс “Хан ресурс” 34 хувиа манайд өгч хувь нийлүүлсэн компани болох хэрэгтэй. Канадууд өөрсдөө атомын цахилгаан станц барьдаггүй учраас алсдаа хоёр хөршийн аль нэгд нь л зарна. Тиймээс манайхаас гадна гуравдагч хөршийг хувь нийлүүлэгчээр оруулахыг сонирхож байгаа. Оросууд ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн. Аль нэг томоохон биржээр дамжуулж хувьцааг авна гэдгээ илэрхийлж байгаа. Гэтэл бас нэг заалт байсан. Таван хувь шиг санаж байна. Аль нэг тал таваас дээш хувийн хувьцаа зарах бол төрөөс зөвшөөрөл авна. ОХУ-ын төрийн компани биржид мөнгөө байршуулчихсан. Гэтэл манайхан хятадуудтай хэлэлцээр хийгээд эхэлсэн. Ингээд орос ч үгүй, хятад ч үгүй, канад ч үгүй болоод их хэмжээний өрөнд орсон доо. Арбитраар ороод түүнийгээ төлсөн.
-Лиценз нь хаана байна?
-Миний ойлгосноор “Мон атом” гээд төрийн мэдлийн компанид байгаа байх. Ер нь Монголын ураны бүх лиценз тэнд байгаа. Ураны компани бүрт Монголын төрийн оролцоо байгаа.
-Хөршүүд сонирхоод байгаа юм бол шар нунтгаа нефтиэр сольж болохгүй юу?
-Асуудал байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой гэсэн ухуулгад байгаа юм. Нүүрс ухах ч байгаль орчинд нөлөөтэй. Шар нунтаг нөлөөгүй гэхээр худлаа ярьсан болчхоод байгаа юм. Энэ шар нунтгийг хаагуур ч тээвэрлэж болдог. Шар нунтаг гэдэг нь шороо, чулуунаас салгасан зүйлийг л хэлээд байгаа. Улс орнууд нутаг дэвсгэр дээгүүрээ тээвэрлэхийг зөвшөөрнө гэдэг чинь аюулгүй тээвэр хийж болно гэсэн үг биз дээ.
-Ураны зах зээл дэлхийд ямар байгаа бол?
-Фүкүшимагийн асуудлаас болоод нэлээд шуугьсан. Намжмал байдалд орсон. Гэхдээ сүүлийн дэлхийн дулаарал, озоны цоорхой гэх мэт давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахаар өөрийн эрхгүй хамгийн зөв гарц нь атомын цахилгаан станц болж байгаа юм. Дахиад л нөгөө муу нэртэй уран хэрэг болно. Эрчим хүчний томоохон хэрэглэгч нар атомын цахилгаан станцыг л сонирхож эхэлсэн. Турк, Энэтхэг, Хятад гээд цөөнгүй орнууд станц шинээр нэмж барихаар болсон. Эцсийн эцэст атомын цахилгаан энерги л байгаль орчинд хамгийн ээлтэйгээр шалгарч байна.
-Ашигласан түлшний асуудал манайд ихээхэн шуугиан тарьдаг даа?
-Өнөөдөр ашигласан түлшиндээ гүн боловсруулалт хийдэг технологи гарчихсан.
-Шар нунтаг зарсан орон ураны хаягдлыг өөрийн орондоо оршуулах үүрэг хүлээдэг гэсэн үнэн үү?
-Шал худал яриа. Шар нунтаг бүү хэл цөмийн түлш буюу харандаа нэртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн орон ч тийм үүрэг хүлээдэггүй.
-Яагаад манайд байнга ийм яриа гардаг юм бол?
-Би үүнийг өөрөөр хардаг. Манайд гуравдагч орон жаахан хөрөнгө оруулчихаар асуудал үүсдэг. Канадуудыг гаргачихлаа. Одоо францууд руу хаягласан юм явуулж байна. Бид нэг их биеэ даасан гадаад бодлого явуулаад байна гэдэгт итгэдэггүй. Үнэндээ манайхан гуравдагч орны хөрөнгө оруулалтад харшилтай улс.
-Хачин жигтэй амьтан төрөөд байна гэсэн мэдээ юу болж төгссөн бэ?
-Тэр нь уранаас болж төрдөг бол хэдэн жил төрөх байлгүй дээ. АН эрх барихаар аймшгийн юм төрөөд МАН эрх барихаар больчхоод байх шиг байгаа юм. Миний мэдэхийн Н.Алтанхуягийн засгийн үед л хамгийн олон аймаар амьтан төрсөн. Одоо сураггүй болсон байгаа биз дээ. Харин Францын “Арева” бараг үйлдвэрлэлээ эхэлчихсэн байх шүү.
-Хэн ч хөрөнгө оруулж болох хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Бүрдсэн. Гэхдээ энэ салбар их хөрөнгө оруулалт шаарддаг. Ихэнхдээ улсын компаниуд байдаг. Ганзагын наймаачин орж ирээд лиценз дамлаад сууж байх ямар ч боломжгүй салбар. Гэхдээ хайгуул хийж болно. Ганц лиценз авсан хүний сураг дуулддаг. Ашиглах болохоороо төрийн мэдэлд ороод ирдэг байхгүй юу. Тэр шар нунтаг зарах тухай асуудал бол бараг бүтэхгүй.
-Яагаад?
-Нүүрсийг олборлочхоод, зар тавиад зарж болно. Гэтэл шар нунтгийг олборлогч нь өөрөө худалдан авагч байдаг байхгүй юу. Тиймээс энэ салбарт оруулсан худалдан авагчийг баталгаатай хөрөнгө оруулагч гэдэг юм.