Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, эдийн засагч Б.Жаргалантай ярилцлаа.
-Энэ оны эдийн засгийн төлөв байдлыг шинжээчид их гутранги төсөөлцгөөж байгаа шүү дээ. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Манай улсын эдийн засаг олон улсын түүхий эдийн зах зээл дээрх ханшийн өсөлт бууралтаас ихээхэн хамааралтай байдаг. Тийм болохоор гадаад нөхцөл байдлаас эхэлье. Тэгэхээр өнгөрөгч оны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжиж эхэллээ. Үүнээс гадна эрх баригчид сонгуулийн жилийг тохиолдуулж 2.1 их наядын алдагдалтай, хөөсөрсөн төсөв оруулж ирсэн. Тэгэхээр 2020 он монголчуудын хувьд эдийн засгийн хувьд хүнд жил байх болов уу гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ миний хувьд 2020 оныг ярихаас илүүтэй сүүлийн гурван жилийн эдийн засгийн өсөлтийг эрх баригчид хэрхэн ашиглав гэдэг дээр тогтож яримаар байна.
-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдаж чадаагүй гэх шүүмжлэл бий. Үүн дээр хийсэн тодорхой судалгаа, тоо баримт байна уу?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай улс зөвхөн нүүрсний экспортоос гэхэд найман тэрбум ам.доллар олжээ. Зэс, алтны экспорт мөн адил ашигтай байсан. Гадаад худалдааны тэнцэл дандаа эерэг гарлаа. Гэтэл эдийн засгийн энэ өсөлттэй үеийг эрх баригчид үр дүнтэй ашиглаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, ийм таатай нөхцөлд валютын ханшийг барьж чадсангүй. Харин ч татварыг бүх талаар нэмж иргэдийн нуруун дээрх ачааг улам их нэмлээ. Анхан шатны бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Газрын төлбөрийг хүртэл тав зургаа дахин нэмэгдүүлсэн. Үүнээс гадна Засгийн газар өрөө барагдуулж чадсангүй. Сангийн сайд Ү.Хүрэлбаатар УИХ-ын танхимд “Бид нэг ч долларын зээл аваагүй” гэдэг хариуцлагатай мэдэгдлийг хийж байсан. Гэхдээ сая зээл төлөхдөө нэмж бонд аваад төлж байх жишээний. Үүнээс гадна миний сонссоноор Хөгжлийн банкныхан бонд босгохоор Герман руу явсан юм шиг байна лээ. Эрх баригчид гадаад зах зээлээс мөнгө босгох гээд бүтэлгүйтсэн бололтой. МАН 2016 онд гарч ирэхдээ өр бууруулна, нэмж зээл авахгүй, эдийн засгийн өсөлтийг ард түмний амьдралд наалдуулна гэх мэт уриатай гарч ирсэн. Гэсэн ч өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ хэрэгжинэ.
-Эрх баригчдын зүгээс Ардчилсан нам ханшийн өсөлтийг хүчээр барьж байсан. Энэ өсөлт цаг хугацааны зүйл байсан гэх утгатай тайлбар хийдэг. Үүн дээр та юу гэх вэ?
-Макро эдийн засгийн утгаараа бол гадаад худалдааны тэнцэл, валютын урсгал эерэг байгаа нөхцөлд ханш унах нөхцөл байхгүй. Бид хэрэглэж буйгаасаа илүү их доллар олж байна шүү дээ. Мэдээж хэрэг АН-ын хувьд эдийн засаг дээр хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөх зүйлүүд дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр ч гэдэг юм уу барьж байсан талууд байгаа. Гэхдээ эдийн засгийн ийм сайхан эерэг нөхцөл байдлыг Монголбанк, Сангийн яам ашиглаж чадсангүй. Ажлаа сайн хийсэнгүй гэж дүгнэх байна. Манай улс ирэх жилүүдэд маш их хэмжээний долларын өр зээл төлөх ёстой. Тэгэхээр бид ханшийн өсөлтөөс болоод илүү их мөнгө өрөнд төлнө гэсэн үг.
-Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Үүнээс болоод эдийн засагт олон сөрөг үр дагавар гарна гэж эдийн засагчид ярьж байна. Энэ зүйл хэзээнээс иргэдийн амьдралд мэдрэгдэж эхлэх бол?
-Оны өмнөхөн би жижиглэнгийн худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Тэгэхэд тэд шинэ жилийн үеэр борлуулалт илт өсдөг. Гэвч энэ жил их муу байна гэж байсан. Тэгэхээр эдийн засагт сөрөг дохио ирж эхэлсэн гэж ойлгож болно. МАН өнгөрсөн хугацаанд ямар бодлого барьж байсан нь ойлгомжтой болоод байна. Татвар нэмсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдээ өөрсдөө авч шамшигдууллаа. Энэ мэтээр иргэдэд, бизнес эрхлэгчдэд халгаатай бодлого олноор хэрэгжүүллээ. Тэгэхээр 2020 оны сонгууль юм бүхэнд дүн тавьсан, эргээд иргэд, бизнес эрхлэгчид маань өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарсан жил болох болов уу.
-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид ипотекийн зээлийг хумьж, хүүхдийн мөнгийг хязгаарласан. Үүнийг тайлбарлахдаа төсөвт дарамт үүсгэж байсан гэдэг?
-Найман хувийн зээл бол төсөвтэй хамаагүй эх үүсвэрээр бий болсон. Монголбанк, арилжааны банкууд хамтраад хийж байсан хөтөлбөр шүү дээ. Ипотекийн зээл нэгдүгээрт иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, орон сууцаар хангах, залуу гэр бүлийг дэмжих, нийгмийн асуудлыг нь шийдэх, цаашлаад Улаанбаатар хотын утааг бууруулах гэх мэт маш олон асуудлыг нэг дор шийдсэн хөтөлбөр байлаа. Үүнийг хумьж, анхных нь дүр төрхийг өөрчлөөд явж байна. Энэ бол дээр дурдсан асуудлууд дээр эрх баригчид хойрго хандаж байгаагийн илрэл гэж боддог. Харин хүүхдийн мөнгө гэх мэт төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол баян ядуугийн ялгааг саармагжуулах зорилготой дахин хуваарилалтын бодлого байсан. Хүүхдийн мөнгийг би халамжийн бодлого гэж хэлэхгүй. Иргэдийн худалдан авах чадварыг дэмжих замаар эдийн засгаа, иргэдээ дэмжих макро бодлого гэж харах нь зүйтэй болов уу. Учир нь уул уурхайн өсөлт, орлого бодитоор иргэдийн амьдралд нөлөөлөх суваг өнөөдөр хэчнээн байгаа билээ. Тэгэхээр үүн дээр бодлого хэрэгжүүлж байсан л гэж хардаг.
-Иргэдэд очих ёстой байсан 1072 хувьцааны ногдол ашиг төмөр замын санхүүжилт болсон. Энэ шийдвэрийг эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна?
-Нэг талаас төр дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Нэн ялангуяа эдийн засагт маш чухал экспортуудыг гаргаж байгаа дэд бүтэцдээ хөрөнгө оруулах нь зүйн хэрэг. Нөгөө талаас өнөөдөр төр засгийн хэрэгжүүлж байгаа менежмент ямар билээ. Авлига, хээл хахууль ямар байгаа билээ. Төр засаг тэр мөнгийг бодитой бүтээн байгуулалт болгох чадвар, чадамж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэр чадвар чадамж төрд байхгүй гэж үзэж байгаа нөхцөлд тэр мөнгийг иргэддээ тараагаад өгчихсөн нь дээр байхгүй юу. Цөөхөн хэдэн хүний гарын салаагаар урсч, авлига хээл хахуулийн уул уурхай болж байсан дор иргэд түүнээс хүртсэн нь дээр. Үнэхээр төрийн засаглал сайн, аливаа зүйлийг бодит бүтээн байгуулалт болгож чадаж байгаа нөхцөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг төр хийх үүрэгтэй юү гэвэл үүрэгтэй. Тийм л байж боломгүй огтлолцол дээр байна. Тийм итгэл байхгүй үед иргэддээ ногдол ашиг болгож өгсөн нь дээр. Эргээд эдийн засагт өгөөжтэй зүйл болно гэсэн итгэл иргэдэд алга. Олон сайхан зүйл ярьсан ч хэрэгжээгүй шүү дээ.
-Татварын багц хуулийн өөрчлөлт дээр та ямар дүгнэлт өгөх вэ?
-Нэг сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа татварын хууль дээр жижиг дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн ганц нэг заалтууд орсон байна лээ. Энэ чинь бас өмнөх их хурал дээр яригдаж байсан хуулийн төсөл явсаар байгаад сая орж ирж байгаа юм. Тодорхой босго тавиад тэр босгоос доогуур аж ахуйн нэгжүүд нэг хувийн орлогын албан татвар төлнө ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа энэ бол хангалттай үзүүлэлт биш. Ер нь бизнес эрхлэгчдийн хувьд гол дарамт нь орлогын албан татвар гэхээс илүү бусад татвар, зардлууд байдаг. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл ямар их хэмжээгээр нэмэгдсэн билээ. Бизнес эрхлэгчдэд наад зах нь цалингийн сангийн зардал маш том дарамт болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл маш том ачаа болдог гэх мэтчилэн. Эргэж хармаар бодлого шийдвэр олон байна. Тогтолцооны хувьд өөрчлөлт авч ирэхээр, баян ядуугийн ялгааг саармагжуулах чиглэлийн татварын бодлого харагдахгүй л байгаа. Уг нь татварын бодлого төр засгийн эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг шүү дээ. Ардчилсан нам 2008 онд үүн дээр “4 арвын татварын бодлого” гэж хэрэгжүүлж байсан. Хүн амын орлогын албан татвар, нөат, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар гээд бүгдийг нь 10 хувь болгосон. Тэр бол реформ болж байлаа. Түүнээс хойш тийм зүйл хийгдсэнгүй.
-Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дотооддоо нэлээдгүй шинэчлэл хийж бодлогын нам болсон байгаа. Тэгэхээр эдийн засгийг иргэдийн амьдралд наалдуулахын тулд ямар бодлого барьж ажиллах бол?
-Эдийн засагчдын санааг зовоож байгаа бас нэг асуудал бол манайд баян ядуугийн ялгаа маш их нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааг харахад хамгийн ядуу 20 хувийн айл өрхүүд нь хамгийн баян 20 хувиасаа тав дахин бага хэрэглээтэй байна гэсэн. Энэ чинь манай нийгмийн бүлэглэл хоёр туйл руу хандаад байна гэсэн үг. Зөвхөн уул уурхай дээр суурилсан эдийн засгаас цөөхөн хувь нь ашиг хүртдэг. Бусад иргэд нь төгрөгийн ханш, инфляц, татварт дарлуулж байна шүү дээ. Баян ядуугийн ялгааг яаж байхгүй болгох вэ. Татварын бодлого, нийгмийн халамжийн бодлого ямар байх юм гэх мэтээр үүн дээр төвлөрөх хэрэгтэй. Түүнээс биш сонгуулийн үеэр санал худалдаж авах зорилготой амлалт баймааргүй байна. Манай эдийн засаг африкийнх шиг болох гээд байна. Намууд ямар бодлого барих юм гэдэг дээр ард түмэн ам асуух хэрэгтэй. Намуудын мөрийн хөтөлбөр хараахан зарлагдаагүй байна. Гэхдээ АН-ын хувьд баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ утгаараа дундаж давхарга, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийг дэмжих, татварын дарамтыг бага байлгах талын бодлого барих болов уу.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг сайжруулъя гэвэл тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй гэдэг зүйл их ярих болжээ. Залуу лидер хүний хувьд энэ өөрчлөлтийг хаанаас яаж эхлэх ёстой гэж харж байна вэ?
-Өнөөдөр төрийн алба маш чадавхгүй болж байгаатай холбоотой болов уу. Тогтолцооны гажиг бол тэр юм. Үүнтэй холбоотой нэг жишээ санаанд орчихлоо. Сая шахмал түлшний асуудал дээр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хандсан хандлагыг хөндлөнгөөс ажиглаж байхад үнэхээр гутармаар санагдаж байлаа. Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхгүй гэдэг шийдвэр гаргасан. Шийдвэр зөв байсан байж болно.
Гэхдээ шийдвэр гарснаас хойш тухайн асуудлыг хариуцсан хүмүүс шат дараалсан байдлаар ямар арга хэмжээ авав. Ямар үр дүнд хүрэв гэдэг асуудал байна. Шийдвэр гаргасны дараа тооцоо судалгаа хийв үү, иргэдийг соён гэгээрүүлэв үү, шахмал түлшээ сурталчилж чадав уу, түгээлт, үйлдвэрлэл савлагаа зэрэг бүх асуудлаа жигдрүүлж чадав уу. Асар олон асуудал гарлаа. Өчнөөн олон хүний амь насаар бид туршилт хийчихлээ. Энэ хугацаанд тухайн асуудлыг хариуцаж байгаа хүмүүс тооцоо судалгаатай, ажлын дэс дарааллыг гаргаад, мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулаад, судлаад, дараа нь иргэдийг соён гэгээрүүлээд, түгээлтийн сүлжээгээ орчин үеийн байдлаар хийх боломж зөндөө байлаа. Гэтэл ерөөсөө тэгэлгүй, XIX зуун шиг юм боллоо. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр манай төрийн алба ямар айхтар чадамжгүй болсныг л харуулж байна. Тав, арван жилийн өмнө цүнх баригч гэсэн ойлголт байсан уу байсан. Гэхдээ төрийн албанд цүнх баригч нар нь 20 хувь, хуучны мэдлэг боловсролтой, ясны хүмүүс олонх хувийг эзэлж байсан юм байна. Одоо түрүүчээсээ тэд тэтгэвэрт гараад, цүнх баригч нар нь олонх болчихлоо. Ингэснээр шийдвэр гаргах түвшний ажлын горим алдагдаад ирж байна. Энэ бол маш том эмгэнэл юм. Тогтолцоо гэж ярих юм бол хамгийн түрүүнд эндээс эхлэх хэрэгтэй болов уу. Иргэд төрөөс үүнийг шаарддаг баймаар. Шахмал түлшний асуудлаас бидэнд сурах зүйл их байна. Мөн энэ жишээн дээр МАН-ын зах зээлд, эдийн засагт хандах хандлага тодорхой харагдлаа. Төрийн монополт компани бий болголоо. Бүх шатанд төрийн албан хаагчдыг дайчилж нүүрсээ савлуулдаг ч гэх юм уу. Ямар ч хувийн хэвшлийн оролцоо байхгүй, зах зээлийн ямар ч механизм байхгүй байна. Тооцоо судалгаа нь хаалттай. Ямар ч анализ хийх боломжгүй. Энэ бүхэн Ардын намын хандлагыг харуулж байгаа юм. Хувийн хэвшлийг дэмжсэн, зах зээлийн механизмыг дээдэлсэн хандлага харагдахгүй байна шүү дээ. Үүн дээр бодлогын ялгаа харагдаж байна. Үүнийг л иргэд илүү ойлгоосой гэж боддог.
-Иргэд улстөрийн намд итгэх итгэл буурсан энэ үед “Уухай”, “Электрот” гэх мэт хөдөлгөөнд маш олон манлайлагч залуус нэгдэж байна. “Уухай” хөдөлгөөний гишүүний хувьд нийгмийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
-Эдийн засгийн нөхцөл байдал манай залууст хамгийн хамааралтай. Залуучууд өөрсдийн амьдралыг бүтээх, хангалттай орлоготой, орон сууц худалдаж авах чадвартай байх ёстой.
Гэвч өнөөдөр залуучуудын нөхцөл байдал сайнгүй байна. Сургуулиа төгссөн залуу ямар цалинтай, ямар ажилд, хэзээ орох нь тодорхойгүй. Тэгэхээр “Уухай” хөдөлгөөн залууст чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг, бизнес эрхлэх боломжоор хангадаг, ажлын байрыг нэмэгдүүлж чаддаг ийм нийгмийг хүсч байгаа юм. Гэтэл өнөөдөр залуусын нийгмийн идэвх, сонгуулийн идэвх сул байснаас сонгуулийн үр дүнг ахмад настнууд шийддэг жишиг тогтсон шүү дээ. “Уухай” хөдөлгөөний гол зорилго бол залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах, тэдний санаа бодлыг шийдвэр гаргагч нарт хүргэх явдал. Мөн бид энэ тал дээр намуудад шахалт үзүүлэх, нөгөө талаас залууст уриалга гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Аль аль намууд залууст хандсан бодлого гаргахад илүү анхаараасай гэж боддог. АН бол үүн дээр онцгой анхаарч байгаа. Мөрийн хөтөлбөрийн цөм нь залууст хандсан зүйлээр дүүрэн байх болов уу гэж харж байна.