Г.УУГАНБАЯР
Сонгуулийн тухай хуулиар хориглосон нэг чухал зүйл бол ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор эд мөнгө тараах, бэлэг сэлт өгөх, улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгагдаагүй амлалт авах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, уралдаан тэмцээн ивээн тэтгэх гэх мэт олон үйл ажиллагааг хориглодог. Одоогоор хүчин төгөлдөр буй Сонгуулийн тухай хуулийн 35.18 дугаар зүйл бүхэлдээ ийм агуулгатай хязгаарлалтад зориулагдсан байдаг. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж хуульчилсан.
Харамсалтай нь эрх баригчид өөрсдөө өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчих нь олон. Сонгуулийн жил угтаж ард түмэнд таалагдах хууль, журам баталдаг уламжлал энэ жил ч давтагдав. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь үүний хамгийн том жишээ. Улс орнуудын практикт урьд өмнө байгаагүй энэ стандарт бус шийдвэрийн цаана иргэдээс оноо авах гэсэн Засгийн газрын санаархал цухалзана.
Тэтгэврийн зээл тэглэх нь архиар шараа тайлахтай адил
Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийнх нь зээлийн хүүг бууруулах гэх мэт нийгмийн халамжийн шинжтэй асуудал таван жилийн өмнө мөн л парламентын түвшинд хүчтэй яригдаж байв. Учир нь 2016 он гарах дөхчихсөн, сонгуулиар тухайн үеийн эрх баригчид болон сөрөг хүчин аль аль нь олон нийтэд таалагдах шийдвэр гаргах гэсэн эрмэлзэлтэй байсан.
Тухайн үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж бололцоо байгаа талаар судалгаа хийсний эцэст УИХ-аас шийдвэр гарган тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй, харин тэтгэврийн зээлийн асуудлаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төсөл санаачлаад батлуулах шаардлага байна гэдгийг танилцуулж байсан. Сонгууль угтаж олон нийтэд таалагдсан хууль батлах гэж зүтгэх нь сөрөг үр дагавартай гэдгийг ч тухайн үед АН-ынхан хэлж байв. Гэтэл эдүгээ ээлжит сонгуулийн босгон дээр ахмад настнуудын тэтгэврийн асуудал дахин босч ирэв. Тэгэхдээ тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бус бүр зээлийг нь нэг удаа тэглэх хувилбарыг ҮАБЗ-ийн түвшинд шийдэж, УИХ-д зөвлөмж болгосон нь анхаарал татна.
Энэ асуудал УИХ, Засгийн газар дээр гэрлийн хурдаар шийдэгдэж энэ долоо хоногт хуульчлагдан батлагдах төлөвтэй байна. Эрх баригчид ийнхүү хууль батлан 229 мянган тэтгэвэр авагч иргэний 763.3 тэрбум төгрөгийн зээлийг тэглэх нь. Ингэснээр 229 мянган иргэний санал эрх баригч МАН-д автоматаар ирнэ гэж тэд тооцоолж буй нь лавтай. Харамсалтай нь тийм байлаа ч сонгуулийн дараа улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болох вэ гэдгийг МАН-ынхан тооцохгүй байгаа ажээ. Улсынх нь гадаад өр таазандаа тулчхаад байгаа атал иргэдийнхээ тэтгэврийн зээлийг тэглэж, арилжааны банкуудад төрийн мөнгөөр зузаатгал хийх гэж байгаа нь үнэн хэрэгтээ гэмт хэрэг юм. Улсаа хорлож буй шийдэл. Архиар шараа тайлж буйтай адил хортой үйлдэл.
Архи ууж шараа тайлсан хүн хэсэгхэн зуур хөөрлийн байдалд орж таатай мэдрэмж төрөх боловч эргээд асар гүн хордлогод ордог, нэг бол ухаанаа алдаж согтдог. Ахмадуудын тэтгэврийг тэглэх гэж байгаа нь үүнтэй яг адилхан. 229 мянган ахмад настан зээлгүй болж, тэтгэврээ бүтэн авна. Тэдний хувьд энэ баярт үйл явдал. Гэхдээ энэ хөөрөл баясал удаан үргэлжлэхгүй. Зээлээ тэглүүллээ гээд амьдрал нь сайжрахгүй. Үнэ ханшийн өсөлт, төгрөгийн ханш сулралт гээд олон асуудал бахь байдгаараа тул өмнө нь зээл авсан шиг зайлшгүй шалтгаан дахиад л бий болно. Тэр цагт яах вэ. Дахиад тэтгэврээ урьдчилан зээлж авах уу гэдэг асуулт тулгарна. Сонгууль болоод өнгөрчихсөн, эрх баригчид эрх ямбандаа тухалсан хэвээрээ. Иргэдийн орлого буурч, төгрөгийн ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн, улс орны хувьд гадаад өрүүдээ төлөхийн тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, бүсээ чангална гэгчээр аргаа барж, саарал жагсаалт, ОУВС-гийн хөтөлбөр зэрэгтээ хавчигдан юм юм болж байх тэр үед өнөөдрийн тэтгэврийн зээлийг тэглэсний үр дүн юу ч үгүй болсон байх вий. Муу амлаж байгаа юм биш. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа яг ийм байдал ахмадуудыг төдийгүй бүх монголчуудыг угтана.
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг эрх баригчид давуу байдлаа ашиглан баталж, сонгогчдын саналыг “худалдан авах” гэж санаархаж байгаа нь нийгмийг талцуулав. Тэтгэврийн зээлтэй ахмадууд мэдээж талархан хүлээж авч байгаа. Гэхдээ Монголын ахмадын холбооныхон өчигдөр мэдээлэл хийж тэтгэврийн зээлийг тэглэх нь нэг удаагийн гал унтраах алхам. Үүний оронд тэтгэврийн зөрүүг арилгах шийдвэрийг гаргах хэрэгтэй гэдгийг онцолсон. Энэ бүхний эцэст дүгнэхэд эрх баригчид тэтгэврийн шинэчлэл, реформ хийхийн оронд өр, зээл, зээлийн хүүг тэглэх гэх мэт гал унтраасан, аргацаасан байдлаар ахмадуудын саналыг худалдан авахад л анхаарч иржээ. Энэ жил ч мөн адил урьдын аргаа хэрэглэж байна.
Үнэгүй халамжийн төлөөс
Он гарахын өмнөхөн Засгийн газар эерэг сайхан мэдээллийн үйлдвэр болж хувирсан. Цалин тэтгэвэр нэмлээ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг болиуллаа, угаар шүүгчийг үнэгүй тарааж өгөхөөр боллоо, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө гээд л. Тухайлбал, олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмсэн. Мэдээж энэ бол зөв шийдвэр. Гэхдээ заавал сонгуулийн жилийн босгон дээр яагаад үүнийг шийдэв. Өмнө нь Засгийн газар юу хийж байсан юм бэ. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа. Тэдний 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон байдаг. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмсэн нь эрх баригчдын хувьд тэтгэврийн хэдэн хөгшдийг биш сонгуулиа л бодсон алхам. Тэтгэврийн зөрүүг шийдье гэвэл шийдэхээр хангалттай хугацаа ч байсан. Эрх баригчдад тэгэх сэтгэл байгаагүй. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдүүлсэн нь Засгийн газрын дараагийн нэмэх оноо горилсон алхам байв. Ямар нэгэн шалтгаанаар тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй өнгөрсөн 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэдгийг Засгийн газар аль хэдийнэ тооцоолж, тэр хэрээр нэмэх оноо цуглуулна гэж бодож буй биз ээ. Засгийн газар мөн төрийн алба хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 48.9 хувиар нэмэгдэж байгааг бахархан зарлав. Энэ бүхэн бол манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт орохдоо өгсөн ам өчгийн эсрэг үйлдлүүд. Ингэж нийгмийн халамжийг тэлж, өргөтгөж байгаа нь МАН энэ жилийн сонгуульд ялахад сайнаар нөлөөлж мэдэх ч Монгол Улс ирэх жилүүдэд ямар эдийн засагтай байх вэ гээд хэдхэн алхмын цаадахыг харвал сөрөг, муу нь дэндүү их.
Хамгийн аюултай нь эрх баригчид энэ мэт хэт популист, хэт халамжийн бодлого, хууль, шийдвэрээ гаргахдаа тухайн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, уг бодлогын үр шимийг хүртэгсэдийн санал бодлыг огт сонсохгүй байгаа нь сонгуулийн саналыг хууль бусаар авах гэж улайрсных гэхээр өөр тайлбар олдохгүй байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг шийдвэрээ хүч түрэн хуульчлах гэж байхад нь тэтгэврийн өвгөд, хөгшдийг төлөөлдөг хамгийн том байгууллага Монголын ахмадын холбоо хийгээд манайдаа толгой гэгддэг хуульч, эдийн засагчид хүчтэй эсэргүүцэж байгаа нь үүний жишээ.
Хүн бүр сүүлийн үед эш татаж жишээлэх болсон Венесуэль эрх баригчдынхаа яг ийм шийдвэр, шийдлүүдээс болж өнөөдөр дэлхийн хамгийн ядуу дорой, улс төрийн хувьд тогтворгүй улс орон болж хувирсан. Тус улс байгалийн асар их баялагтай, чинээлэг улс орны нэг байсан ч 20-иодхон жилийн дотор ийм эмгэнэлтэй байдалд орсон нь Уго Чавес гэгч эх оронч удирдагчийн хийсэн ажил. Улсын төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулж, халамжийн бодлогыг хавтгайруулан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зарж байсан зэрэг нь тухайн үед венесуэльчүүдэд ёстой л бурхны хишиг байсан биз. Тэд энэ их халамжуудынхаа төлөөсийг даанч их үнээр төлж байна.
Ийм бэлэн гашуун сургамж байсаар атал өнөөгийн эрх баригчид хуулиар халхавчлан сонгууль угтсан популизмаа хийсээр л. Эрх баригчдын энэ шийдвэрүүдтэй барьцан бусад улс төрийн намууд ч иргэн бүрт орон сууц үнэгүй олгох, айл бүрийг орон сууцаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээсийн орон сууцны хөтөлбөрөөс 20 хувийн квот олгох гэх мэт бодлогыг дэвшүүлэн зарлаж эхэллээ.
Үнэхээр тийм боломжтой юм бол тэднийг сонгож гаргачхаад бүгдээрээ үнэгүй байранд амьдарч, бүх зээлээ тэглүүлж, цалин тэтгэврээ нэмүүлчхээд цэнгэлийн манлайд хүрцгээе гэх сэн. Даанч иргэдээ ядуу байлгаж, туйлдуулж, цөхрүүлсний эцэст өөрсдөө гэнэт буянтан мэт гарч ирж, тэднийг сайхан амьдруулах үлгэр ярьж уяраадаг нь эрх баригчдын хоржоонтой хорлонтой арга билээ.