Сэргээгдэх эрчим хүчний үндэсний тѳв ТӨҮГ-ын Ерѳнхий инженер, Судалгаа тѳсѳл хѳтѳлбѳрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баяржаргалтай ярилцлаа.
-Манай улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний өнөөгийн байдал ямар байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүч дэлхийн чиг хандлага болж байгаа энэ үед Монгол Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны тайланд тусгаснаар тус онд үйлдвэрлэсэн эрчим хүчний 7.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байгааг мэдээлсэн. 2019 оны байдлаар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 72 хувийг салхин цахилгаан станц, 11 хувийг нарны цахилгаан станц, 17 хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэж байна. Харин дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 53 хувийг усан цахилгаан станц, 24 хувийг салхин цахилгаан станц, 18 хувийг нарны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна.
-Сэргээгдэх эрчим хүч ашиглаж цахилгаан үйлдвэрлэх, цахилгаан станцаас гарган авч байгаа цахилгаан хоёрын гол ялгаа нь юу вэ?
-Одоогоор ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байгаа эрчим хүчний хувьд цахилгаан станцуудаас гарган авч байгаа эрчим хүчтэй нийлж өрх бүрийн хэрэглээнд очиж байгаа гэдгийг иргэд хамгийн түрүүнд ойлгох ёстой. Түүнээс бус сэргээгдэх эрчим хүчээс гарган авч цахилгаан, цахилгаан станцаас гарган авч байгаа тог цахилгаанаас илүү эсвэл дутуу чанартай гэсэн юм байхгүй. Харин нэгж цахилгаан үйлдвэрлэх зардлын хувьд сэргээгдэх эрчим хүчний станцууд, цахилгаан станцуудаас жаахан өндөр өртөгтэй.
-Үйлдвэрлэлийн зардал нь илүү юм бол сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлснээр ямар давуу талтай юм бол?
-Сэргээгдэх эрчим хүчийг их чадалтай гэхээсээ илүүтэй өрхийн хэрэглээ, албан байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах нь санхүүгийн хувьд эхний удаа нэвтрүүлэх зардал нь өндөр боловч ашиглалтын явцад тог цахилгаанаа үнэ төлбөргүй хэрэглэх боломж бүрддэг. Их чадалтай сэрээгдэх эрчим хүчний станцыг ашигласнаар агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд олон талаараа байгаль экологид үзүүлэх нөлөө нь ээлтэй байдаг. Мөн импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг бууруулах давуу талтай. Үнэндээ өнөөдөр малчин айл өрхүүдээр ороход нарны дэлгэцээ цэнэглээд аккумлятортоо уячихсан байна. Ингээд өөрсдийн хэрэглээг бүрэн хангахуйц зурагт, радио, хөргөгч, угаалгын машинаа холбоод хэрэглэж байна. Энэ нь иргэдэд сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголт сайн байгааг илэрхийлж байна.
-Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ малчин өрхүүд түлхүү ашиглаж байгаа юм шиг санагддаг. Хэзээнээс сэргээгдэх эрчим хүч нэвтрэв?
-Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, БНХАУ-ын Засгийн газар, Японы Засгийн газартай хамтран 2001-2011 онд "100 мянган нарны гэрэл" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улсад өрхийн хэмжээнд ашиглах эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж ашиглаж байна. Хэдийгээр “100 мянган нарны гэрэл” гэсэн нэртэй боловч 130 гаруй мянган айл өрхөд энэ систем хүрсэн. Сүүлийн жилүүдэд их чадлыг сэргээгдэх эрчим хүчний станцууд хэд хэд ашиглалтад орлоо. Өөрөөр хэлбэл нарны 10-15 мвт-ын цахилгаан станц тав, 50-55 мвт-ын салхин цахилгаан станц гурав, нийт найман станц байна. Мөн бага чадлын станцууд хөдөөгийн баг болон сумын төвүүд, хилийн цэргийн ангиудад бий. Бага чадлын гэдэг нь 3квт-100квт хүртэлх хүчин чадалтай станцуудыг хэлж байгаа юм.Үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ иргэдийн амьдралд улам илүү ойртож байна.
2018 оны статистикийн мэдээллээс харахад 170 гаруй мянган малчин өрх бий гэсэн тоо баримт байдаг. Эдгээр айл өрхүүд хэрэглээндээ 100 хувь нарны бие даасан системээр хэрэглээгээ бүрэн шийдэж байна. Дээрх тооны тархай бутархай оршиж байгаа малчин өрхийг эрчим хүчээр хангасан дэлхийн жишиг одоогоор алга. Энэ утгаараа энэ төсөл ажлын үр дүнд дэлхийд анх удаа олон тооны айл өрхийг эрчим хүчээр хангасан тохиолдол болсон.
-Нарны зай хураагуурын зах зээлд худалдаалагдах үнэ ханш хэд бол?
-Хүчин чадлаасаа хамаараад 150-600 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Ашиглалтын хугацааны хувьд ямар нэгэн гадны нөлөөтэй унагаж, хагалаагүй тохиолдолд ойролцоогоор 10-15 жил ч ашиглах боломжтой. Харин аккумляторын хувьд хамгийн уртдаа таван жил ашигладаг.
-Цаашид сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байна?
-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичигт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувь, 2025 онд 25 хувь, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс хангах төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөний дагуу энэ онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа. Манай улсад жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг тул нарны эрчим хүчийг ашиглах боломжоороо дэлхийд дээгүүрт ордог. Нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байдаг. Манай улсын өмнөд хэсэг буюу Дорноговь, Өмнөговь аймагт нарны цахилгаан станц барих нь илүү үр дүнтэй гэсэн тооцоо гарсан. Салхины хувьд ч мөн Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар нягт ихтэй байдаг нь олон улсын ангиллаар "маш сайн" хэсэгт багтдаг. Мөн нутгийн зүүн болон зүүн өмнөд хэсэг салхины эрчимжилт өндөртэй ангилалд хамаарч байгаа. Энэ бүс нутгуудад салхины эрчим хүчийг ашиглах нь өндөр үр ашигтай. Харин усны эрчим хүчний нөөцийн хувьд, Монгол орны баруун, баруун хойд хэсэгт байрлах голуудад илүү боломжтой гэсэн сэргээгдэх эрчим хүчний нөөц тогтоогдсон. Цаашлаад өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр бодлогоор дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тухайлбал, байшингийнхаа дээвэр дээр дулаан цахилгаан үйлдвэрлэдэг нарны тоног төхөөрөмж суурилуулаад, түүгээрээ гэрийнхээ дотоод хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Мөн албан газрууд дээвэр дээрээ, хашаа дотроо нарны цахилгаан үүсгүүр суурилуулаад түүгээрээ тодорхой хэмжээний дотоод хэрэгцээгээ хангах боломж бүрдэж байгаа. Энэ тал дээр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийнхөн 25 квт-ын нарны цахилгаан үүсгүүрийг барилгын дээвэр болон гадна талбайдаа суурилуулсан. Ингэснээр нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг нарнаас авч байна. Энэхүү сайн жишээг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл нар мандахаас, жаргах хүртэл хугацаанд цахилгаан үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлнэ. Нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааны нөөц дуусах үед цахилгаан станцаас нийлүүлж байгаа төвийн эрчим хүчийг ашиглах юм. Үүнийг тохиргоогоороо зохицуулах боломжтой.
-Сэргээгдэх эрчим хүчийг нөөцлөх боломж бий юү?
-Эрчим хүчийг нөөцөлж байгаа технологиуд байгаа л даа. Цэнэг, батарей хураагуур гэж бий. Мөн усан цахилгаан станц өөрөө цэнэг хураагуур болдог. Гэхдээ дээр дурдсан байгууллагууд дээвэр дээрээ нарны эрчим хүч үйлдвэрлэгч байршуулсан тохиолдолд нөөцлөх боломж байдаггүй.
-Цахилгааны төлбөр төлдөг өрх бүр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөр төлж байгаа. Тэр мөнгө юунд зарцуулагддаг вэ?
-Нэг өрхөд 3000 орчим төгрөгийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф ногдож байгаа. Иргэдийн дунд нэг ташаа ойлголт байдаг нь энэ мөнгийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дээр төвлөрдөг гэж ойлгодог. Манай байгууллага бол төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас өөрсдийн үйл ажиллагааныхаа зардлыг үйлчилгээгээрээ нөхөж олдог. Төрөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Манай улсын цахилгаан хэрэглээний өртөг дэлхийн улс орнуудтай харьцуулахад хямд. Олон улсын эрчим хүч ашиглах үнэтэй харьцуулахад 50 орчим хувиар хямд. Тиймээс гадаадын төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжих магадлал бага. Учир нь цахилгаан хэрэглэсэн үнэ хямд учраас эргээд зардлаа нөхөх хугацаа урт учраас, банкны зээлээ төлж чадахгүй байх эрсдэл их. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй зээлээр төслөө хэрэгжүүлээд хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулахаар эргэн төлөх хугацаа нь урт болно гэсэн үг. Тиймээс төрөөс энэ тал дээр бодлогоор анхаарч Дэмжих тарифын тухай хууль баталсан. Уг хуулийн дагуу өрхөөс цугларсан дэмжих тарифын мөнгийг сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцуудад хуваан олгодог.