Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бригадын генерал М.ЭНХ-АМАР: ЦЭРГИЙН ХУВЦАС ӨМССӨН ЭНГИЙН ХҮМҮҮС ОЛШИРВОЛ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЗАРЧИМ, МӨН ЧАНАР АЛДАГДАНА

 Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Анх 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар уг комиссыг байгуулсан түүхтэй. Улсын онцгой комисс Засгийн газрын дэргэдэх комисс бөгөөд хүн ам, хүрээлэн байгаа орчин, мал, амьтныг гамшгийн аюулаас хамгаалах, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

 Үер, ган, зуд, өвчин, тахал зэрэг хэлж ирдэггүй гамшгийн үед бидэнд тусламж үзүүлж, өргөө цагаан гэр, автомашин, эм, биобэлдмэл, хөрөнгө мөнгө өгч, асуудлыг шийдвэрлэдэг газар бол Засгийн газрын дэргэдэх Улсын онцгой комисс юм.
Ингээд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол бригадын генерал цол хүртсэн Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, бригадын генерал М.Энх-Амартай уулзаж ярилцлаа.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
БОЛ БАГА ЗАСГИЙН ГАЗАР ГЭСЭН ҮГ

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс бригадын генерал хэмээх энэ эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэе. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонсч байх тэр мөчид төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Айлын есөн хүүхдийн том, доороо найман дүүтэй. Багаасаа дүү нараа өсгөж, харж хандаж ирсэн. Багын л цэрэг, эх оронч, баатарлаг тууж, ном зохиол уншиж өссөн нь цэргийн эрдмийг сонирхон судлах хүсэл тэмүүллийн суурийг тавьсан болов уу. 1987 оны офицер. Цэргийн хүнд генерал цол гэдэг хамгийн эрхэм нандин цол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг унших мөчид маш их баярлаж, онцгой байдлын албаараа бахархаж зогслоо. Тэр өдөр Төрийн ордонд онцгой байдлын албанаас төрсөн залуухан гавьяат аврагчийнхаа хамт зогсч байхад маш сайхан санагдсан. Генерал хэмээх энэ эрхэм цолыг хүртсэн нь маш том хувь тавилан, баяр баяслын зэрэгцээ асар их үүрэг хариуцлага гэж ойлгож байна.
-Та Улсын онцгой комисстой яаж яваад ажил, амьдралаа холбочихов оо?
-Би Улсын онцгой комиссын Нарийн бичгийн даргын албыг сүүлийн 11 жил тасралтгүй хашиж байна. 2009 оны есдүгээр сарын 18-ны өдөр уг албан тушаалд томилогдож байлаа. Үүнээс хойш таван Засгийн газрын үед долоон Шадар сайдын удирдлаганд Улсын онцгой комиссын Ажлын албыг хариуцан ажилласан.

 Улсын онцгой комиссын дарга нь Монгол Улсын Шадар сайд, гишүүдэд нь сайд, төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар, зарим голлох агентлагийн дарга, МУЗН багтдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тохиолдсон томоохон гамшгийн үед хариу арга хэмжээ авч ирлээ. Тухайлбал, 32 хүний амь насыг авсан H1N1 өвчний үед Монгол Улсын Засгийн газар нэг удаагийн хуралдаанаар 6.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэж шаардлагатай вакциныг гааль, татвараас чөлөөлж яаралтай оруулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж байлаа. Мөн 2009-2010 оны 4000 гаруй айлын хотыг харлуулж, 9,9 сая малаа алдаж байсан зудын гамшгийг монголчууд нэг сэтгэлээр даван туулж байв. Улс орон даяар тусламжийн аян өрнөж, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагууд, гадаад орнууд халуун сэтгэлийн тусламж илгээж байсан. Мөн хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, ган, зудын үнэлгээ хийх зэрэг олон гамшгийн хохирлыг арилгахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад, ОБЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, аймаг, нийслэлийн Онцгой комисс, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын оролцоо маш их байсан.

 Миний бие өнгөрсөн 11 жилийн хугацаанд 500,000 гаруй км замыг туулж, эх орноо тойрсон байна. Мөн Засгийн газрын 100 гаруй удаагийн хуралдаанд асуудал оруулж, 200-гаад тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ бүх ажлыг хамтын хүчээр даван гарсан. Би Улсын онцгой комисс хэмээх энэ их айлын голомтыг үргэлжлүүлэх хүндтэй үүрэг хүлээсэндээ их ховор аз гэж бахархаж явдаг.
-Та ихэвчлэн аймаг, орон нутагт ажилласан байна. Хөдөө ажил үүргээ гүйцэтгэж явахад хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Засгийн газрын бодлого шийдвэрээр гаргасан хөрөнгө мөнгө, бараа, материал гамшигт нэрвэгдэгсдэд эзнээ олж хүрээд, хүмүүсийн харц гэрэлтэй, өөдрөг байх л хамгийн сайхан мөч байдаг. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр тухайн суманд өгсөн машинаар цастайд ч, үертэйд ч жирэмсэн эх, өвчтэй хэн нэгнийг зорьсон газарт нь саадгүй хүргэж өгч, ар гэрийнхэнд нь амьдрал бэлэглэж байгааг харах сайхан санагддаг. Мөн өвлийн тэсгэм хүйтэнд өдөр, шөнөгүй нүүдэл хийж буй бүсгүйчүүд, хүүхдүүдийг тосоод ирэхэд нь отрын штаб байгуулаад угтаад авах сайхан байдаг. Энэ бүхий л хөрөнгийг шийдвэрлэхэд гар бие оролцдогтоо ажлаараа маш их бахархдаг.

-Гамшигтай тэмцэнэ гэдэг гашуун зовлонтой нүүр тулж байна гэсэн үг. Энэ ажлыг даван туулахад хаанаас эрч хүч авдаг вэ?
-Улсын онцгой комиссын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашихдаа би нэг л зарчмыг баримталсаар ирсэн. Энэ бол аавын минь захиас. Аав маань амьддаа “Миний хүү буцаад очихдоо буух айл олонтой яваарай” гэж хэлж байсан. Энэ нь хүн хаана ч, ямар ч явсан бай хамт олонтой, хүмүүст чадлынхаа хэрээр тусалж, олон түмэнтэйгээ эвтэй сайн яваарай гэсэн үг гэж ойлгодог. Тийм ч болохоороо дүү нартаа, хүүхдүүддээ, хамт олон, найз нөхдөдөө хэлж захиж, өөрөө биелүүлэхийг хичээн амьдарч байна.

-Улсын онцгой комиссын Ажлын алба нь Онцгой байдлын ерөнхий газар байдаг. Өнөөдөр онцгой байдлын алба ямар түвшинд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Өнөөдөр Улсын онцгой комисс байгуулагдаад 30 жил, харин Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаад 15 жил болж байна. Улсын онцгой комисс гамшгийн аюул нь хоёр болон түүнээс дээш аймгийг хамарсан, мөн хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг тухайн яам, харьяа агентлагууд хүчрэхгүй болсон тохиолдолд асуудлыг нэг цэгт хариуцан авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг.
Өнөөдөр комиссын Ажлын алба болох онцгой байдлын алба улам хөгжин, бэхжиж байна. Анх 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар, Иргэний хамгаалалтын газар гэсэн гурван хүчирхэг байгууллагыг нэгтгэснээр өнөөдрийн Онцгой байдлын алба үүссэн түүхтэй. Бид хүний нөөц, техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийн өнөөдрийн хүрсэн түвшинг тодорхойлохдоо 2040 онд л энэ хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байсан ч 2019 онд хүрчихсэн байна. Мөн онцгой байдлын алба бол монгол цэргийн үндэс нь болсон. ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ бол монгол цэргийн үндэс юм. Би нэг үгийг алба хаагчдадаа байнга захиж хэлдэг. “Цэргийн хувцас өмссөн энгийн хүмүүс олширвол цэргийн байгууллагын үндсэн зарчим, мөн чанар алдагдана” гэж. Онцгой байдлын алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсээр явна.

 ОБЕГ-ын үе үеийн дарга нарын гүйцэтгэсэн үүрэг ч их. Ялангуяа гурван байгууллагыг нэгтгэж шинэ алба байгуулж байх үед ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал П.Даш, бригадын генерал Ц.Амгаланбаяр, мөн хурандаа Т.Дуламдорж, өнөөдөр энэ байгууллагыг удирдаж байгаа хошууч генерал Т.Бадрал нарын хийсэн ажлууд их. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа маш эрчимтэй хөгжиж байна. Онцгой байдлын албанд 10-аад жилийн өмнө 3000 алба хаагч ажиллаж байсан бол одоо бие бүрэлдэхүүний тоо 5000-д хүрсэн.

 Бие бүрэлдэхүүнээ харахаар үргэлж бахархах сэтгэл төрдөг. Хэдийгээр албан ажлын шаардлагаар үүрэг даалгавар өгөхдөө заримдаа цэргүүддээ хатуухан үг хэлэх үе гарч байсан. Цэргүүдээ загнаж болно оо, гэхдээ орой гэртээ хариад тайван нойртой хонуулахын тулд ажлынхаа өрөөнд л загнадаг, ажлын цаг тарахад заавал загнасан, зэмлэсэн цэргүүдээ дуудаж алдааг нь хэлж ойлгуулж тайвшруулдаг.

-Онцгой байдлын алба хурдан хугацаанд чадавхжиж, хүчирхэг болоход юу нөлөөлсөн бэ?
-Манайхны мэргэжлийн ур чадвар, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байсан нь нөлөөлсөн. Мөн удирдлагуудын бие биенээ ойлгож дэмжих үе үеийн Шадар сайдууд үнэхээрийн энэ байгууллагуудыг чадавхжуулахад хүчин зүтгэсэн.

-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар хэн, хэн ажиллаж байсан бэ?
-Монгол Улсын анхны Шадар сайдаар одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван удаа ажиллаж байв. Мөн Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ц.Дорлигжав (үүрэг гүйцэтгэж байсан) нар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар Ө.Энхтүвшин ажиллаж байна. Үе үеийн Шадар сайдууд, тэдгээрийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, гамшгаас хамгаалах улсын албадын хамтын хүчин зүтгэл бол өнөөдрийн Улсын онцгой комиссын оршин тогтнолын үндэс юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com