Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Амарбал: хүн ам, орон сууцны тооллогын үр дүн зургаан сарын дараа гарна

 Өнөөдөр Хүн ам, орон сууцны ээлжит тооллого эхэлнэ. Тус тооллогыг манай улс сүүлийн үед арван жилд нэг удаа хийдэг болсон. Дээрх тооллогоор нийгмийн болон хүн амын хөгжлийг тодохойлох боломжтой гэнэ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа.

-Хүн ам, орон сууцны тооллого эхлэхтэй холбоотойгоор иргэд албан байгууллага ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?
-Албан байгууллага ямар нэгэн бэлтгэл хангах шаардлагагүй. Харин иргэд тоологчдыг гэртээ чөлөөтэй оруулаад тооллогын хуудсыг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Баг, хороо бүрт түр товчоо байгуулагдсан. Тэр хүмүүс зааварчилгаа бүх талын мэдээллээр хангагдсан байгаа. Бүгд бэлтгэгдсэн асуулттай явна. Бид тоологдох айлуудыг түүврийн аргаар сонгоод түр товчоодод хүргэнэ.
-Тооллого ямар хугацаатай явагдах вэ?
-Долоо хоногийн хугацаатай.
-Дүн хэзээ гарах бол?
-5-6 сарын хугацаанд тооллогын эхний үр дүнг боловсруулж гаргана. Өмнөх тооллого арван жилийн өмнө явагдсан.
-Өмнөх тооллогоос ямар үр дүн гарсан бэ?
-13 төрлийн маш том судалгаа гарсан. Мянганы хөгжлийн сорилын хэрэгжилт, гадаадад суугаа иргэдийн мэдээлэл, өндөр настнуудын, хүүхэд залуучууд, гар утас интернэт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон сууц, ахуй нөхцөл гэх мэтээр томоохон судалгаанууд хийгдсэн.

-Гадаадад сууж байгаа иргэдийн тоо тэр үед хэд байсан бэ?
-Тухайн үед 107 мянган иргэн тоологдож байсан.
-Бүгд хамрагдаж чадсан уу?
-Чадсан. Консулууд, хилийн бүртгэлээр тоологддог учраас гадаадад суугаа иргэд бүрэн хамрагдсан гэж үзэж болно.
-Өмнөх тооллогод үндэслэж төр ямар бодлого гаргасан бэ?
-Орон сууц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар болон өөр олон чиглэлээр төр бодлого боловсруулахдаа ашигласан байдаг. Хүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн суурь нь манай тооллогын дүн болдог. Одоо байгаа нөхцөл байдлыг тодруулснаар ирээдүйд явуулах бодлогоо гаргана. Боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэндийн бодлогыг хүн ам, орон сууцны тооллогын үр дүнгээр гаргана. Гэрэл, цахилгаан хангамж, ус түлш хүртэл цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэхийг тооллогын үр дүн харуулдаг.
-Сүүлийн үед бизнес эрхлэгчид танай мэдээллийг сонирхдог болсон гэсэн.
-Тэр үнэн. Манайхан өмнө нь нэг их сонирхдоггүй байсан. Харин одооноос нэлээд сонирхож, үйл ажиллагаандаа ашигладаг болсон. Жишээлбэл сургуулийн насныхны тоог манайхаас харна. Тэр тоонд тулгуурлаад хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, гутал хувцас гээд зах зээлийн багтаамжийг харна. Түүндээ тохирсон бизнес хийхийг хичээдэг болсон. Энэ тооллогын дүнгээс ирээдүйд хэдэн онд ямар насны хэрэглэгчид буюу зах зээл бий болох вэ гэдгийг харж чадна. Тэгэхээр тооллогын үр дүн зөвхөн бизнесменүүд биш аж ахуйн нэгж, иргэдэд ч ашиг тусаа өгч байгаа юм. Өмнө нь манай бизнес эрхлэгчид харанхуй зүтгээд байдаг байсан бол одоо манай статистик үзүүлэлтүүдийг нэлээд сонирхдог болоод байгаа.
-Жишээлбэл?
-Тооллого дуусангуут бид ирэх 20 жилд ямар насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүд байх вэ гэдгийг хэлээд өгчихнө. Эндээс боловсролын салбарын зах зээл ирээдүйд ямар байх нь харагдана. Үүгээрээ тоолого их ач холбогдолтой.
-Гадаадад байгаа иргэдийн тоо маш их зөрүүтэй байдаг.
-Хүн ам, орон сууцны тооллого гэдэг нь НҮБ-ын зарчмаар явагддаг. Тэд тухайн улс дотор байгаа хүнээ л тоолох шаардлага тавьдаг. Зургаан сараас дээш Монголд амьдарч байгаа гадаадын иргэд манай иргэдтэй адил тооллогод хамрагдана. Улс бүр өөрийн хил дотроо байгаа хүний тоог гаргаж байж 7.6 тэрбум хүнийг давхардуулахгүй тоолох зарчим барьдаг байхгүй юу. Харин Монгол Улс өөрөө хүн цөөтэй, тодорхой хувь нь гадаадад амьдраад байгаа, тэдний улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр асар өндөр учраас гадаадад байгаа монголчуудаа тоолох нь бидний үүрэг болчхоод байгаа юм. Дэлхий нийтэд мэдээлэхдээ гадаадад байгаа иргэдийнхээ тоог хасаад Монголд суурин амьдарч байгаа хүний тоог мэдээлдэг. Энэ тооллогын бас үр дүн нь манай улсад аль орноос хэдэн иргэн байгааг баталгаатайгаар мэдэж болно.
-Явуулын хүмүүс тооллогод яаж хамрагдах вэ?
-Энэ удаагийн тооллого хосолмол аргаар явагдаж байгаа. Энэ нь хүн амын мэдээллийн сан болон түүвэрлэж авсан иргэдийг уламжлалт маягаар тоолох аргыг хослуулна гэсэн үг. Тийм учраас явуулын хүмүүсийг тоолохгүй. Тэдний мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн суурь сангаас авна. Өглөөнөөс явагдах арван хувийн хэсэг нь тодотголын хэсэг болж байгаа. Шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл гэх мэтийг тодотгож байгаа юм. Бүх иргэний мэдээлэл хүн ам, өрхийн мэдээллийн санд байдаг юм. Бүртгэлгүй иргэн гэж байхгүй. Тийм учраас та ч гэсэн өөрийн бүртгэлтэй. Тэр мэдээллээр тоологдоод явна гэсэн үг.
-Нийслэлд баахан явуулын иргэд байгаа даа?
-Тэр хамаагүй. Манайд бүртгэлгүй нэг ч иргэн байхгүй. Мэдээллийн санд бүгд бүртгэгдсэн байдаг. Манай бүртгэл, хаяггүй иргэн гэж байдаггүй. Ямар нэгэн байдлаар заавал бүртгэгдсэн байдаг. Нутаг захиргааны аль нэгэн нэгжид заавал бүртгэлтэй байгаа. Тийм учраас хүн хаягдана гэж байхгүй. Хүн гэдэг амьтан чинь төрөлт нас баралтаараа бүртгэгддэг. Жишээлбэл 1970 онд төрсөн иргэдийн тоог өнөөдөр нас барсныг нь хасчихад л тоо нь бүрэн бүтнээрээ гараад ирнэ. Энэ багцаа чинь бэлэн байдаг юм.
-Манай судалгаануудыг олон улсын түвшинд хэр үнэлдэг бол?
-Сайнаар үнэлдэг. Том газар нутагтай ч хүн амдаа хүрч чадсан. Сүүлийн жилүүдэд дижитал технологийг хүн амын бүртгэлдээ нэвтрүүлж чадсаныг хүлээн зөвшөөрдөг.
-Миний амьжиргааны тухай мэдээлэл төрд байгаа гэсэн үг үү?
-Байгаа гэхдээ салангид байгаа нь асуудал байгаа юм. Тухайлбал, цалин хөлсний мэдээлэл нэг байгууллагад эрүүл мэндийнх өөр байгууллагад байх жишээтэй. Энэ бүхнийг нэг дор нэгтгэх хэрэгтэй.
-Бүх мэдээлэл тоон технологид шилжсэн биз дээ?
-Мэдээллүүд хангалттай, тоон технологид шилжсэн нь үнэн. Гэхдээ нэг дор төвлөрөөгүй байна. Цалингийн мэдээлэл нийгмийн даатгалд, үл хөдлөх хөрнгийн тухай мэдээлэл улсын бүртгэлийн газар гэх мэтээр салангид байгааг нэгдсэн мэдээллийн санд оруулах шаардлагатай байгаа юм.
-Ийм мэдээллийн сан байгуулахын тулд юу хийх вэ?
-Эхний ээлжид мэдээллийн аюулгүй байдлыг нэг номерт тавих ёстой. Таны болон монголчуудын мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдлыг хангаж чадвал бусад бүх зүйл бэлэн.
-Технологи, техникийн шийдэл манайд боломжтой юу?
-Боломжтой.
-Багцаагаар хэзээ шийдэгдэх бол?
-Миний мөрөөдөл бол энэ ондоо багтаагаад гаргачихмаар байгаа юм. Мэдээллүүд аль талдаа бэлэн байгаа. Зөвхөн нэгтгэж оруулах асуудал л байгаа.
-Аюулгүй байдлыг хэн хангах ёстой вэ?
-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг дата төвийнхөн, тагнуулынханд байдаг. Одооохондоо тус тусдаа байгаа учраас аюул багатай байгаад байгаа юм. Харин нэгтгэхээр маш их мэдээлэл нэг дор цуглана. Үүнийг л аюулгүй байлгах арга хэмжээ маш чухал л даа.
-Энэ мэдээлэл алдагдвал юу болох бол?
-Хүн ам, нийгмийн асар чухал мэдээлэл алдагдвал тусгаар тогтнолын тухай ч асуудал үүснэ.
-Энэ мэдээллүүд бүгд цахимжсан уу?
-Тус тусын байгууллагууд бүгд цахимжсан.
-Хэдэн жилийн өмнө гадны байгууллага “Танай хүн амын мэдээлэл их муу юм” гэж байсан даа?
-Үгүй ээ. Одоо 1212 руу ороход бүх мэдээлэл хангалттай бий. Буруу хайсан байна. 1212 руу ороод Ховд аймгийн Манхан сумын иргэдийн тоог авахад чөлөөтэй. Хүн амын тоо бол нууц биш. Харин тухайн иргэний хувийн мэдээлэл нууцад хамаарна. АНУ гэхэд нас барсан иргэдийн мэдээлэл ил байдаг. Харин манай улсад энэ мэдээлэл нууцад хамрагдана. Улс орон бүрт мэдээллийн хэлбэр өөр өөр байдаг. Хувь хүний мэдээлэл янз бүр байдаг. АНУ-д бол иргэн өөрөө зөвшөөрсөн бол хувийн мэдээллийг нь ил тавьдаг.
-Манайхны мэдээлэл ямар түвшинд байдаг бол?
-Манай иргэдийн мэдээлэл өмнө төрийн нууцад хамаардаг байсан. Одоо албаны нууцад хамаардаг болсон. Харьцангуй мэдээлэл солилцох бололцоо бага багаар хангагдаад байгаа. Хангагдах нь сайн хэрэг. Хамгийн гол нь мэдээллийн аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй.
-Би өөрийн хувийн мэдээллээ ил тавиулж болох уу?
-Болно. Манай хуулиар хаана, ямар түвшинд харуулахаа иргэн өөрөө илэрхийлээд л болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com