Үнэндээ би Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуультай тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу. Нэгдүгээр сард “төрсөн” Үндсэн хуулиас би нэг сараар л дүү. Ингээд бодох нь өнөөг хүртэл алдсан бас оносон, унасан бас боссон, уйлсан бас инээсэн өдрүүд энэхэн амьдралд минь олонтоо тохиож байж. Харин нас чацуу Үндсэн хуультай өөрийгөө харьцуулаад харах нь бид хоёр эн тэнцүү ижил замаар замнасан ч юм шиг.
Ийн өгүүлэх нь ижий, аав хоёр минь өчүүхэн намайг өлгийдэж өсгөсөн цагаасаа өнөөг хүртэл хүний зэрэгтэй хүн болгох гэж хуруу хумсаа хугалах шахаж ажилласан бол өдгөө 28-хан насандаа би өөртэйгөө эн чацуу ардчилсан Үндсэн хуулийн үүх түүхийг анх удлаа л сонирхон судлаж суухдаа үүнийг бүтээлцсэн эрдэмт “аав, ээж” нараар бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа.
Ардын Их хурлын 430 депутат, Улсын Бага хурлын 50 гаруй гишүүн 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл бүтэн хоёр сар гаруйн хугацаанд хуулийн зүйл заалт нэг бүрийг хэлэлцэж, тив дэлхийд ардчилсан Монгол Улс гэдгээ зарлах, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авч байжээ. Энэ гайхамшгийг бүтээхийн тулд 900 гаруй мянган иргэнээс нэг бүрчлэн санал авч, 70 гаруй өдөр хуралдаж ёсчлон баталсан юм билээ.
Үндсэн хууль бид хоёр өөр өөрийн үүрэгтэйгээр эх орондоо төржээ. Нэг нь эх орны энх тайвны баталгаа, ард түмэн, ахуй төрийн манаач нь болох гэж, нөгөө нь аав, ээж, элгэн садан, эх орон, үр хүүхдийнхээ нар нь болж гийх гэж эгэл энэ хорвоод мэндэлж гэж бодно. Хэн, хэнийг маань амьдралд хөлөө олж, алдаа оноог нь засч, залруулж, бие даасан, өөртөө итгэлтэй болгох гэж асар их хичээл зүтгэл гаргасан аав ээж, ард түмэндээ баярлаад ханамгүй. Өнгөрсөн жилүүдэд алдаж, онож явсаар 2019 онд дахин төрж, ердөө хэдхэн хоногийн дараа тохиох 28 насныхаа төрсөн өдрөөр цоо шинэ хүн болсон байх тэр мэдрэмж. Цаашдаа ямар ч салхи шуурга, аадар бороо, аянга цахилгаанд яагаад ч ганхахгүй бат зогсох үндэс суурьтай болсон гэж дүгнэхийн учир.
Үндсэндээ 2016-2020 онд эрх барьсан парламентын гишүүд Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх түүхэн гавьяа байгуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан парламент 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дөрвөн төсөл өргөн барьж ажилласны үр дүнд хэдэн арван жил дуншсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, эх орон, ард түмнийхээ ирээдүйн замыг тэгшилж чадсан. Монгол Улсын долоо дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг гурван жилийн турш өрнүүлж, нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг өргөн барьснаас хойш Улсын Их Хурал таван сарын турш тасралтгүй хэлэлцсэн байдаг. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцэн, Үндсэн хуулийн 70 зүйлээс нийт 19 зүйл 36 заалтыг өөрчилж, 28.5 хувьд нь ийн нэмэлт, өөрчлөлт оруулж чадлаа.
УИХ-аас соёрхон баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд парламент ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бат бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртээсэн, хүний хийгээд нийгмийн хөгжилд зориулсан хөгжингүй улс орон болохыг зорьсон алхмыг зоримог хийлээ.
Энэ бүхнээс залуу хүний хувьд хамгийн зөв өөрчлөлтийг нэрлэ гэвэл би “давхар дээл”-ийг тайлсан зүйл заалтыг хэлнэ. Судлаад үзэхэд, 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт нэмснээс хойш “давхар дээл” гэх ойлголт “Эцэг хууль”-д орсон юм байна лээ. Бараг л 18 жилийн турш олон асуудлын эх суурь болж, Үндсэн хуулийн дотор идээ бээр мэт бугшиж байсан уг заалтыг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн өөрчилсөн нь хамгийн зөв шийдвэр байсан гэж дүгнэж байна.
Эрх мэдлийн төлөөх алхам
Монгол Улсад Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг баталгаажуулснаас хойш 26 жил, байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 28 жилийг үдээд байна. 1992 онд баталсан Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулж, нийгэм, төрийн байгууллагын ардчилсан зарчмуудыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, Үндсэн хуулийн aсахин хамгаалах хяналтыг тогтоосон юм. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хуваарилсан нь Үндсэн хууль бодитой орших хууль зүйн үндсийг бүрдүүлж, улмаар иргэний нийгэм, ардчилсан ёс төлөвшсөн хөгжих үндэс болсон гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална”, 38 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, 47 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “ Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Эдгээр зүйл заалтууд нь төрийн эрх мэдлийг хуваарилахтай холбоотой Үндсэн хуулийн гол үзэл баримтлал юм.
Үндсэн хуулинд ийнхүү төрийн эрх мэдлийг хуваарилахдаа эрх мэдлийн тэнцвэртэй байдал, хяналтыг хангах үүднээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэлдэхүүнд орж ажиллахыг хориглосон байдаг билээ. Тухайлбал, Үндсэн Хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн заажээ. Гэтэл Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд удаа дараа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын ажил албан тушаалыг хавсарч болох тухай заалт оруулсан байдаг. Тухайлбал, 1996 онд УИХ-аас Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажил албан тушаалыг хавсарч болох талаар хэд хэдэн зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалтын талаар 1998 онд иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасны дагуу энэ асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “ УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээх заалтыг зөрчсөн гэж үзсэн ч УИХ-ын гишүүд хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн түүхтэй. Түүхийн хуудсыг сөхөн уншихад, парламентын гишүүн Засгийн газарт орж ажиллахыг эцэг хуулиас бусад хуулиар зохицуулах оролдлогыг 1992, 1993, 1998 онд хийж байсан нь тун тодорхой харагдана. Хэдийгээр тухай бүрт нь Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” хэмээх дүгнэлт гаргасан ч УИХ хүлээж авахгүй явсаар өнөөдөртэй золгосон.
Дордуулсан долоогийн хамгийн муу нь...
Ингээд 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш 1999 онд Үндсэн хуулинд нэг удаа өөрчлөлт оруулахдаа Үндсэн Хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “ УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн өөрчлөн найруулсан юм. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеэс УИХ-ын гишүүд “давхар дээл”-тэй болох үндэс тавигдсан. Уг зүйл заалт нь араасаа олон маргаан дагуулсан учраас энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон удаатай. Гэсэн ч 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дахин өөрчлөн найруулжээ. Хэдийгээр энэ нь өнгөрсөнд гаргасан том алдаа байсан ч түүхэнд үлдсэн бас нэг том сургамж ажээ.
Он цагийн товчооныг харахад, өнгөрсөнд ажилласан 13 Ерөнхий сайдаас 1998 оны дөрөвдүгээр сард бүрдсэн Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар болон өнөөгийн Ерөнхий сайдын тэргүүлж буй Засгийн газар 100 хувь “давхар дээл”-тэй байв. Нөгөөтэйгүүр, 1992 оны долдугаар сарын 21-нд байгуулсан П.Жасрайн Засгийн газраас эхлэн тоолбол 2017 оны есдүгээр сарын 6 хүртэл хугацаанд нийт 13 Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар ажиллаж байсан бөгөөд ердөө хоёр нь Үндсэн хуулийн 40.1-т заасан “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” хэмээсний дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Бусад Засгийн газруудын хувьд хугацаанаасаа өмнө огцорчээ. Ийнхүү нэг Засгийн газрын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа 1.8 жил байгаа нь төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарт сөргөөр нөлөөлж байгааг судлаачид үргэлж сануулдаг.
Дэлхийн тогтвортой байдлын судалгаагаар 1996 оны байдлаар 215 улсаас 0.66 оноогоор 53-т, 2016 онд 0.82 оноогоор 50 дугаар байрт тус тус жагсчээ. Харин 2002 онд 1.17 оноогоор 23-т жагсч улс төрийн хамгийн тогтвортой жил байсан бол 1998 онд 0.35 оноогоор 75 дугаар байрт жагсч хамгийн тогтворгүй жилийг үдсэн байдгаас харж болж болно.
Доорх хүснэгтээр үе үеийн Засгийн газруудын “Давхар дээл” өмссөн байдлыг харууллаа.
Мөн сонирхуулахад, хамгийн олон удаа Засгийн газар болон УИХ-ын гишүүний албан тушаал эрхэлсэн гишүүдийн судалгаанаас харахад дунджаар10 гаруй жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан байгаа юм. Мөн хамгийн олон удаа давхар эрхэлж байсан Засгийн газрын ажил албан тушаал нь Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдынх байна. Тэгвэл энэ судалгааг хараад төрийн эрх мэдэл хуваарилах талаар Ш.Монтескьегийн хэлсэн онол санаанд орж ирлээ. Тэрбээр “Төрийн эрх мэдэл нэг гарт төвлөрөхгүйгээр харилцан хяналт тэнцвэртэй байхын зэрэгцээ нэг нь нөгөөгийнхөө ажилд хутгалдан орох ёсгүй” гэх үзэл. Энэ сэдвээо манай зарим улс төрчид, судлаачид ч мөнхийн шүүжлэлээ хэлдэг. “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэснээр төрийн ажлыг цалгардуулж, УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сулруулж, эрх мэдлийг тэнцвэртэй, хяналттай хуваарилах зарчмыг гажуудуулж, албан тушаалын төлөөх өрсөлдөөнийг бий болгосон” хэмээн хандсаар ирсэн. Ялангуяа, манай улс шиг нэг танхимтай, цөөхөн парламентын гишүүнтэй улсын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хамгийн зохимжгүй гэдэг.
Тэгвэл дэлхийн улс орнуудад парламентын гишүүн, Засгийн газрын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлыг Үндсэн хуулиараа зохицуулсан байдаг ажээ. Ингэхдээ улс орныхоо онцлог, төрийн удирдлагын хэлбэр зэргээс шалтгаалан янз бүрээр зүйчилдэг аж. Тухайлбал, “Дэлхийн парламент” хэмээх номонд дурдсанаар дэлхийд Засгийн газар нь парламентын гишүүнээс бүрддэг 34 орон байдаг бол эсрэгээрээ хатуу хориглосон 24 орон, дундаж байр суурийг баримталдаг 24 орон байдаг гэжээ.
Засаглалын тэнцэл
Ийн “давхар дээл”-ийг зохицуулсан туршлагаас харахад ихэвчлэн тухайн улс орны парламентын нийт гишүүдийн тоо болон танхимын тоог харгалзан үздэг байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн болон Засгийн газрын гишүүний ажил албан тушаалыг давхар эрхлэхийг зөвшөөрсөн улс орнуудын парламент нь ихэвчлэн хоёр танхимтай, 200-аас дээш гишүүнтэй, Засгийн газрын гишүүд нь доод танхимдаа харьяалагддаг байна. Мөн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг гишүүд нь парламентын үйл ажиллагаанд нөлөөлөх байдал бага байдаг учраас засаглалын харилцан хяналт, тэнцлийн зарчимд бага нөлөө үзүүлдэг гэж үздэг аж.
Би ч гэсэн нэгэн цаг үед Үндсэн хууль шигээ “давхар дээл”-тэй явж үзсэн. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд өвлийн улиралд багшилж, зун нь БНСУ-д барилгын арматур зангидах ажил хийдэг байв. Үнэндээ 20 гаруйхан насандаа гурван хүүхдийн ээж болж, бусдын л адилаар гэр хороололд эгэл бор амьдралаа ханийнхаа хамт залгуулахаар ажиллаж явахад уйлах, инээх мөч олонтоо тохиож, 365 хоногт зогсоо зайгүй ажиллах тэр он жилүүд тийм ч амар байсангүй ээ. Харин би одоо эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, дуртай ажлаа хийж, ирээдүйд хэн байхаа төлөвлөж, шинэ санаа, шийдлээр цээж дүүрэн, сэтгэл тэнүүн явж байна.
Аливаа зүйл үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Гагцхүү хэр зөв, оновчтой байх вэ гэдэг нь хамгаас чухал. Ийн Үндсэн хуулийн ганцхан заалтын талаар бичиж суухдаа би өнгөрсөнд гарсан алдаа дутагдлыг арилгаж, ирээдүйг бүтээх өөрчлөлтийг хийж чадсан тэр хүмүүст, надтай хамт дахин төрсөн шинэ Үндсэн хуульд баярлалаа гэж хэлэе. Эцэст нь, залуусын сонирхлыг хэзээ ч татаж байгаагүй залуухан “Үндсэн хууль” чамайг үеийнхэнтэйгээ танилцуулахыг би хүсч байна. Амжилт хүсээрэй надад.