Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын салбарын норматив баримт бичгүүд хуучнаар ЗХУ-ын норматив баримт бичиг дээр үндэслэж хийгдсэн байдаг. Тэгвэл Техникийн зохицуулалт гэсэн заавал мөрдөх ёстой баримт бичиг батлагдсанаар барилгын салбарынхны хувьд шинэ техник технологийг ашиглах бүрэн боломжтой боллоо. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Техникийн дэвшил, гадны норм дүрмийг хэрэглэх боломж хязгаарлагдмал байсан. Тэгвэл барилгын салбарын техникийн зохицуулалт батлагсанаар хязгаар арилсан гэж байна. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Оросын Холбооны Улсад мөрдөгдөж байсан норм нормативын баримт бичгийн тогтолцоо 2009 онд Монгол Улсад батлагдаж өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд мөрдөж ирлээ. Цаашид Евро азийн улс орнууд бүгд заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгээсээ татгалзаад сонгон мөрдөх шинж рүү орсон. Тодруулж хэлбэл Оросын Холбооны Улс ч Европын холбооны тогтолцоог олон талаас нь судлаад мөн сонгон мөрдөх тал руугаа шилжээд эхэлсэн. Түүний адил Монгол Улс Оросын холбооны улс хэрхэн шилжсэн талаар судалгааг сүүлийн хэдэн жил хийж, энэ оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын 106-р тогтолоор норм нормативын баримт бичгийн тогтолцоогоо шинэчлэн батлууллаа. Шинэчлэгдсэн тогтолцоогоор нэлээд том өөрчлөлтүүд гарч байна. Үүн дотор Техникийн зохицуулалт гэдэг зүйл орж ирсэн. Өмнө нь 2017 оны 12 сард батлагдаж 2018 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Стандарт техникийн зохицуулалт хурлын үнэлгээний тухай хууль гэж байдаг. Энэ хуулинд техникийн зохицуулалтыг салбар салбартаа гарна гээд зааж өгсөн. Нэгдүгээрт, энэ хуулийн хэрэгжилт хоёрдугаарт, олон улсын жишиг техникийн зохицуулалт гэдэг ухагдахуун ороод явж байгаа учраас бид шинэ тогтолцоон дээр оруулж өгсөн байгаа юм.
Одоогийн байдлаар тогтолцооны дагуу Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт, Галын аюулаас урьдчилан сэргийлэх техникийн зохицуулалт, Барилга барилгын материалын үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт гэсэн гурван техникийн зохицуулалтыг эхний ээлжинд гаргая гээд төлөвлөөд явж байна.
-Техникийн зохицуулалт гэдэг ойлголтыг та тодруулна уу?
-Оросын холбооны улсыг судлаад үзэхэд анх 2002 онд техникийн зохицуулалтыг баталсан байна. Түүн дээр ерөнхий шаардлагуудыг тусгаж өгсөн байдаг. Жишээлбэл чанарын аюулгүй байдлын шаардлага гэхэд бидний Үндсэн хуулин дээр “Хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой” гээд зааж өгсөн байдагтай адил, барилгын салбарт “эрүүл аюулгүй орчинд байх” гэдэг ерөнхий шаардлагыг техникийн зохицуулалтад гаргаж өгнө гэсэн үг. Техникийн зохицуулалтыг Засгийн газар батална. Тухайн салбарын оруулж ирсэн техникийн зохицуулалтыг Стандарт хэмжилзүйн газарт зөвшилцөөд Засгийн газраар батлуулна.
-Техникийн зохицуулалт гэсэн баримт бичиг хууль эрх зүйн хувьд хэр нөлөөтэй баримт бичиг вэ?
-Энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх ёстой баримт бичиг. Барилгын норм ба дүрэм нь заавал мөрдөх шинж чанартай. Харин Барилгын дүрэм нь сонгон мөрдөх чанартай байсан бол одоо техникийн зохицуулалттай, заавал дагаж мөрдөх баримт бичиг ороод ирж байна.
Барилгын тухай хуулин дээр Барилгын норм ба дүрмийг заавал мөрдөх ёстой гэсэн заалт бий. Тэгэхээр бид саяны тогтолцоон дотроо Барилгын техникийн тогтолцоо, барилгын норм ба дүрмийг заавал мөрдөнө гээд хоёуланг нь оруулж ирж байгаа юм. Яагаад гэвэл бид хууль зөрчиж болохгүй учраас. Харин дүрэм нь Техникийн зохицуулалт , Барилгын норм ба дүрэм гэсэн энэ хоёр заавал мөрдөх шинж чанартай баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр сонгон мөрдөх шинж чанартай байх юм. Мөн өмнөх тогтолцоон дээр удирдлагын баримт бичиг гэж байсан. Тэр байхгүй болсон. Харин шинэ тогтолцоон дээр Техникийн тусгай нөхцөл гэж нэмэгдсэн байгаа.
-Техникийн тусгай нөхцөл гэдэгт юу орж байна вэ?
-Техникийн тусгай нөхцөл нь энгийн биш хийцтэй, эсвэл заавал тухайлсан шаардлагуудад тавигдсан байгууламж орно. Өөрөөр хэлбэл газар хөдлөлийн есөн баллаас дээш тусгайлсан обьектод, эсвэл барилгын норм ба дүрэм заагдсан 51 метрээс өндөр барилга баригдах зэргийг техникийн тусгай нөхцөлд оруулж явах зохицуулалт орж ирсэн. Мөн тохирлын үнэлгээ гэж ухагдахуун шинээр нэмэгдсэн. Техникийн зохицуулалтуудаа биелүүлэхийн тулд тухайн барилгад ашиглагдаж байгаа материалууд нь тохирлын үнэлгээгээр баталгаажсан байна гэж тохирлын үнэлгээ хийгдэнэ. Энэ мэт шинэ зохицуулалтууд орж ирсэн байгаа. Эдгээр нь олон улсын түвшинд тавигдаж байгаа ерөнхий шаардлагуудыг Монгол Улсад нэвтрүүлж түүнийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Бусад орнуудаас орж ирэх шинэ техник технологи шинэ материалуудын худалдааны хориг саад арилж байна гэж ойлгож болно. Яагаад гэвэл олон улсын жишигт нийцэж байгаа учраас юм.
-Өмнө нь барилгын норм ба дүрмээр хязгаарлагдаж байсан асуудлууд ч цэгцэрч байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Заавал дагаж мөрдөх шинэ чанартай барилгын норм ба дүрэм дээр барилгын дээврийг гурван давхар хар цаасаар нааж хийнэ гээд заасан бол энэ заалтанд хязгаарлагдаж дагадаг байсан. Гэтэл одоо шинэ техник технологиуд орж ирснээр ус үл нэвтрэх хувилмал материал, халаагаад шууд тавьдаг дулаалгын материал гээд шинэ технологиуд орж ирж байна. Зарим нь дээвэр дээрээ ногоо цэцэг тарьж болох технологиуд ч бий. Эднийг ашиглаж болно гэсэн үг. Харин техникийн зохицуулалтаар хүний эрүүл аюулгүй орчныг хангаж л байвал шууд нэвтрүүлэх ашиглах боломж нээгдэж байгаа гэсэн юм.
-Барилгын дэвшилтэд технологиос гадна, гадны норм баримт бичгүүдийг ч нэвтрүүлэх боломжтой гэсэн үг үү?
-Барилгын салбарын норм, нормативын баримт бичгүүд техникийн зохицуулалтыг доороос нь дэмжсэн зөвлөмжийн чанартай. Мөн бусад орны шинэ техник технологи материалыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Заавал мөрдөх шинж чанартай барилгын норм ба дүрэм дээр барилгыг хүрээгээр нь хязгаарын түвшинг зааж өгсөн байдаг. Жишээлбэл шалнаас цонхны тавцан хүртэл 90 метр байна гээд заагаад өгсөн байвал түүнийг биелүүлэх болоод явчхаж байгаа юм. Гэтэл техникийн зохицуулалт тодорхой тоон дээр биш харин хүний аюулгүй байдал эрүүл ахуйн талаасаа ерөнхийд нь зааж өгснөөрөө ялгаатай. Тэгэхээр энэ ерөнхий шаардлагуудыг хууль шиг заагаад өгсөн гэсэн үг. Дээр нь гадаадын норм дүрмийг хэрэглэх журам гээд Засгийн газрын 107-р тогтоолыг батлуулсан. Үүн дээр Монгол Улсад хэрэгжээгүй байгаа боловсруулагдаж амжаагүй шинэ техник технологиудыг бас шууд бүртгэж аваад хэрэгжүүлэх боломжуудыг нээж өгсөн. Тухайлбал норм дүрмийг бүртгүүлсэн байгууллага нь хоёр жилийн хугацаанд орчуулж батлуулах арга хэмжээг зохион байгуулна гэж заасан Тэгэхээр аль аль талаасаа бүтээгдэхүүн ч тэр барилгын шинэ норм дүрэм ч тэр бүгд чөлөөтэй болж байгаа юм.
Монгол Улсад гадаадын шинэ техник технологийг оруулж ирэхэд хүндрэлтэй байна, Норм дүрэм нь байхгүй байна гэдэг асуудал тодорхой хэмжээгээр зохицуулагдсан гэж ойлгож болно.