МУИС-ийн докторант, сэтгэл судлаач Ж.Ган-Отгон "Сэтгэлзүйд суурилсан суралцахуй" сэдвээр ярьж байна. Тэрбээр “Этүгэн” сургуультай хамтарч ажилладаг юм байна.
Сэтгэл зүйд суурилсан суралцахуйн тухай ярихад яах аргагүй хүний хөгжилтэй холбогддог. Хүн насан туршдаа суралцаж, хөгжиж байдаг. Хөгжиж байна гэдэг нь алхам тутамдаа суралцаж байгаа гэсэн үг. Нас насны онцлог бий. Бие махбодод, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?
Нийгэмших үед ямар өөрчлөлт гардаг вэ?
Энэ бүхэнд тохируулж сургалт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй.
Хөгжлийн үе шатуудын онолууд бий.
Насны онцлогт тохируулан ажиллах арга зүй юун дээр тулгуурладаг вэ?
Тоон болон чанарын өөрчлөлтийг хүний хөгжил гэж байгаа юм. Бие махбод өсч, нас нэмэгдэж байгаа боловч сэтгэл зүйн хувьд нас биед хүрсэн хүмүүс ховор байна гэсэн шүүмжлэл явдаг. Сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэдэг ажил амьдралдаа хариуцлагатай хандана гэсэн л үг.
Хүний хөгжилд нөлөөлдөг дөрвөн зүйл бий.
Нэгдүгээрт, удамшил. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг. Тухайн хүүхдийн хэн болох, ирээдүйд ямар болох вэ гэдэгт удамшил их нөлөөлдөг.
Хоёрдугаарт, амьдралын орчин чухал.
“Карьер хөгжлийн төв”-д ажиллаж байхдаа мэргэжлийн чиг баримжаа олгох оношилгоо хийдэг байсан. 4000 гаруй хүүхдэд оношилгоо судалгаа хийж үзэхэд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь гэр бүлийн орчин байсан.
Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүний хэн болох нь 30 хувь нь удамшлаас, 45 хувь нь ямар орчинд амьдарч байгаагаас шалтгаална гэж үздэг. Хамт олон, эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага хүний хөгжилд нөлөөлдөг. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа тухайн хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлж байна.
Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд суралцаж байгаа хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг сургууль дээрээ өнгөрөөж байгаа. Сургуулийн орчноос тухайн хүүхдийн хөгжил төлөвшил шалтгаална.
Жишээ хэлье. 11 настай нэг охин байсан. Ерөөсөө хулгай хийгээд болдоггүй. Тэр охин төрүүлсэн аав, ээжийгээ мэдэхгүй. Асрамжийн төвд нэг настай байхад нь боломжийн хүмүүс өргөж аваад өсгөсөн юм билээ. Нэгдүгээр ангид орсоноосоо хойш хулгай хийгээд болохгүй байж. Ангийнхаа хүүхдүүдийн бал, харандааг хулгайлаад, тэнээд, хулгай хийгээд болохгүй болохоор нь өргөж авсан ээж нь “Би энэ хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй нь ээ” гээд гуравдугаар ангид байхад нь асрамжийн газарт буцааж авчирч өгсөн. Охины төрсөн эцэг эхийг нь тодруулах гээд Улсын бүртгэл мэдээллийн төвд очоод шүүсээр байгаад аавыг нь олсон. Аав нь хулгайн хэргээр олон жил ял эдэлсэн хүн байсан. Ээж нь олдоогүй. Нэг ийм тохиолдол байсан. Удамшил гэдэг чухал.
Гэхдээ орчин үүнээс хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм учраас тухайн хүүхдийн онцлогт суурилсан арга зүйгээр сургавал илүү үр дүнтэй. Насны онцлогоос гадна тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг харгалзах нь чухал.
Хөгжлийн хөдөлгөгч хүч нь хүн өөрөө
Өөрийгөө эмхлэх буюу таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй болдог. Би хэн бэ? Нийгэмд тулгарч байгаа нэг асуудал маш идэвхгүй үеийнхэн гарч ирж байгаа нь. Хариуцлага хүлээхээс зугтдаг, зөвхөн Монголд бус олон улсад тулгамдсан асуудал. Гол шалтгаан нь тухайн хүний хэн бэ гэдгийг хүн өөрөө бус гэр бүлийнхэн, найз нөхөд, эргэн тойрныхон нь тодорхойлоод байдаг. “Чи муу сурдаг, үүнийг ч ойлгодоггүй шүү дээ”. “Чи ёстой мундаг лаг” гэдэг. “Би мундаг юм байна” эсвэл “Би муу хүүхэд юм байна”, “Сайн хүүхэд юм байна”, “Болохгүй хүүхэд юм байна” гэсэн ойлголтыг эргэн тойрныхон нь өгдөг. Хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө эмхлэх буюу таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй.
Өөрөө шалтгаан байх учиртай. Ямарваа нэгэн болохгүй зүйлийн бурууг бусдаас хайх бус өөрөө шалтгаан байх гэдэг нь тухайн хүний хөдөлгөгч хүч болдог.
Ийм гурван зүйлийн суурийг багаас нь зөв тавьж чадвал хүн зөв хөгжинө. Хүнээс нийгмийн хөгжил шалтгаалдаг.
Сургуулийн орчинд хүүхдийг сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах нас гэж ангилдаг.
Сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлох чухал. Бага насны хүүхдийг оношилохдоо зуруулдаг, тоглонгоо ярилцдаг. Тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байгааг тодорхойлдог. Нас болгонд, үе шат бүрт хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээгээ хангаж чадаагүйгээс болоод хэрэгцээний хуримтлал хүүхдэд бий болдог. Яг тухайн насан дээрээ хэрэгцээгээ хангаж чадвал сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн, өөрийгөө таньж, чадсан төлөвшсөн хүн болно гэж үздэг.
Сэтгэл судлалын эцэг гэгддэг хүмүүс хөгжлийн үе шатуудыг тодорхойлсон байдаг.
Фрейдийн психосексуаль үе шат гэж бий. Асрамжийн газрын хүүхдүүдтэй ажиллаж байхдаа СЭМҮТ-ийн эмч нартай хамтардаг байсан. Тэд “Психосексуаль үе шат их чухал юм байна” гэж ярьж байсан. Энэ хэрэгцээ хангагдаагүй хүүхдүүдэд олон асуудал тулгардаг. Хулгай, донтолт зэрэг олон таагүй үр дагавар хэрэгцээний хуримтлалаас үүсдэг гэж үздэг. Психосексуаль гэдэг нь хүн төрөхдөө л бэлгийн энерги буюу либидотой төрдөг гэж үздэг. Психосексуаль үе шатыг зургаа ангилдаг. Хөхөх үе шат. 0-1,8 насны үеийг хамардаг. Либидо буюу бэлгийн энерги төрөхөөс авхуулаад хүний биед шилжиж байдаг гэж үздэг. Хөхөх үе шатанд либидо нь амны хөндийн хэсэгт байрладаг. Хүүхэд ээжийнхээ мөөмийг хөхөхдөө аюулгүй, хайрлагдаж, хамгаалагдаж байгаагаа мэдэрдэг. Хөхөө хөхөөгүй, хайрлагдаагүй, бага насандаа орхигдсон, хайхрамжгүй хандсан хүүхдүүдэд айдас, түгшүүр хуримтлагддаг. СЭМҮТ-өөс 2013 онд судалгаа хийж үзэхэд монгол хүмүүсийн нейротизм (айдас түгшүүр, уур бухимдал сэтгэл гутрал, өөрийгөө үнэлэхгүй байх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл) дэлхийн дунджаас өндөр гарсан. Бага насандаа хайрлуулах хэрэгцээгээ хангаж чадаагүй хүүхдэд сөрөг сэтгэл хөдлөл насан туршид нь хадгалагдаж байна гэж үздэг. Тэр хэрэгцээ нь хангагдаагүй болохоор хамгаалах механизм илэрдэг.
Авч чадаагүй хайраа өөр зүйлээр орлуулах, нэр хүндтэй, мундаг, гоё сайхан харагдах, өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах, шүүмжлэх хандлага илэрдэг. Компьютерийн араас сөрөг сэтгэгдэл бичдэг олон хүн байдаг. Магадгүй ийм байдлаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг. Хүний хөгжлийн үе шат бүхэнд шаардлагатай хэрэгцээ байдаг. Хөхөх шатны дараа бие засч сурах үе шат бий. Энэ үе шат 1,8-3 нас хүртэл үргэлжилдэг.
Энэ насандаа тууштай байх, эцсийг нь үзэх, хариуцлагатай байх суурь бүрддэг. Ийм үед нь хэт өндөр шаардлага тавиад, “Чи өмдөндөө шээчихлээ” гээд загнаж, цохиод байвал хүүхэд хэт өөрийгөө барьдаг, өөртөө итгэлгүй болно. Дараа нь хүйсийн ялгаагаа мэдрэх үе шат буюу 3-5 насны үе. Энэ насандаа хүүхэд яагаад гэж их асуудаг. 0-7 насанд нь хүүхэд ямар хүн болж төлөвших нь 70 хувь нь бүрэлддэг. Бага насны хүүхэдтэйгээ хамт, ойр дотно харилцаатай байх гэдэг чухал. Энэ насанд либидо нарийн, бүдүүн гэдсэнд байрладаг гэж үздэг.
Далд үе 6-12 нас. Энэ үед либидо нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихдог, тайван байдаг. Яагаад гэвэл нийгмийн харилцаанд ордог. Сургуульд орж, шинэ харилцаанд орохоор танин мэдэхүй нь илүү хөгждөг. 12-25 нас бэлгийн бойжилтын үе шат гэж үздэг. Нас насанд хэрэгцээ байдаг, түүнийгээ хангах нь чухал. Хэрэгцээ хангагдаагүйгээс болоод түрэмгий, өөртөө итгэлгүй болох гэх мэт олон сэтгэл зүйн асуудлууд үүсдэг. Түүнээс биш оюутан болоод, ажлын байранд гараад гэнэт өөртөө итгэлгүй болчихдог юм биш.
Бие хүний хөгжлийн Эриксоны онол бас бий. Бэлгийн хүсэл байлгүй л яах вэ. Гэхдээ хүн бол нийгмийн амьтан юм гэж тодорхойлсон. Хүний хөгжлийн найман үе шатыг ангилсан. Нялх 0-1 насандаа хүнд итгэл үүсч байдаг. Нялх хүүхдийг ганцхан ээж бус аав, эмээ өвөө нь хайрлаж халамжлах тэврэх энхрийлэхэд хайр энхрийллийг мэдэрч итгэл төрж байдаг. Тэгэхээр “Уйлсаар уйлсаар хүн болдог, майлсаар майлсаар мал болдог” гээд орхиж болохгүй нь. Уйлж байна гэдэг ямар нэгэн юм таагүй байна, анхаараач гэсэн дохио.
Балчир нас 1-3 нас. Энэ үед бие даасан байдал төлөвшиж байдаг. Энэ үед нь дэмжиж, ярилцаж, сонголт хийх эрх чөлөө өгөөрэй. Хэт бөөцийлсөн хүүхэд бие даах, асуудлыг шийдэх чадвар султай байдаг. 6-12 нас тоглох нас. Тоглоомоор дамжуулаад, сонирхол бий болно. Энэ насанд нь олон зүйлийг үзүүлж харуулж, таниулж, яагаад гэдэг асуултанд нь идэвхтэй хариулж, хамтдаа урлагийн тоглолт, музей, үзэсгэлэн үзэж байвал илүү хөгждөг. Мэргэжил сонгох үндэс энэ насанд нь бүрэлддэг. “Тобот, Консуни авмаар байна” гэдэг. Хүүхэд үзэж харсан зүйлээрээ л сэтгэнэ.
Сургуулийн насанд хүрэхээр нь тохирсон хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ингэвэл хариуцлагатай байж сурдаг. Өсвөр нас 13-16 нас. Энэ насан дээр бусдыг даган дуурайдаг. Хобби, сонирхол, авьяасаа танин мэддэг. Энэ үед өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэл гутрал түгшүүр айдас, нийгмийн асуудлыг эмзэг хүлээж авдаг. 20-25 насанд үүрэг хариуцлага үүрч, гэр бүл зохиож эхэлнэ. Зожгирох, хариуцлагаас зугтах зэрэг олон асуудал үүсдэг.
Насны онцлогт нь тохируулан ажиллах арга зүй чухал. Хүүхдэд хэрэгцээ байдаг. Насанд нь тохирсон, хэрэгцээг нь хангасан сургалтын хөтөлбөр арга зүйтэй бол тухайн хүүхэд илүү өөртөө итгэлтэй болох, сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөвөөр илэрхийлэхэд сургалцана.
Олон багтай байх тусам хүн илүү стресстдэг
Ямар үед айдас түгшүүр бэрхшээл бий болоод байна вэ?
Хүн бодит би, төгс би, бусдын нүдээрх би гэсэн гурван нүдээр өөрийгөө хардаг. Энэ гурван би-гийн зай нь холдох тусам сэтгэл гутралд ордог. Төгс би гэдэг нь би тийм болно гэсэн мөрөөдөл хүсэл. Ийм машинтай, ийм хаусанд амьдарна гэсэн төсөөлөл. Бодит би нь ийм нөхцөлд хүрэх боломжгүй. Хөдөлмөрлөж тэр бүгдийг бүтээхгүйгээр хоосон мөрөөдөөд байвал сэтгэл ханамжгүй амьдарна. Бусдын нүдээрх би нь бусад хүмүүс намайг юу гэж харж байна, тэр хүмүүст тохируулж баг зүүдэг. Олон багтай байх тусам хүн илүү стресстдэг.
“Этүгэн” дунд сургуульд хүүхдийг оношилж, түүндээ тулгуурлаад, тухайн хүүхдийг яаж хөгжүүлэх талаар багш, эцэг эхчүүдэд нь зөвлөдөг. Оюун ухаан, танин мэдэхүйн хөгжил нь ямар түвшинд байна. Хүүхдийн зан чанарын онцлог, сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлдог. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, арга зүйгээр оношилдог. Оюун ухааны тест 12 түвшинг тодорхойлдог. Тухайн хүүхдийн ерөнхий мэдлэг, асуудал шийдэх чадвар, математик сэтгэлгээ, нэгтгэн дүгнэх чадвар, хэл ярианы чадвар, богино хугацааны ой тогтоолт хэр байгааг тодорхойлдог. Сэтгэл зүйд суурилсан суралцахуй гэж юуг хэлж байна вэ?
“Этүгэн” сургуулийн нэгдүгээр ангийнхныг оношлоход олонх нь сонсголын ой тогтоолт бага гарлаа гэж бодоход хүүхдүүдэд дандаа цээжлүүлж, үзүүлэн харуулахгүйгээр яриад байвал тохиромжгүй гэдгийг тодорхойлно. Сонсголын ой тогтоолт бага байгаа бол үзүүлэх харуулах материал давхар ашиглах, сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулах талаар багшид нь зөвлөдөг. Үйлийн чадвар гэхээр харааны ой тогтоолт тодорхойлдог. Хүүхдийн харааны ой тогтоолт маш сайн байдаг. Зүй тогтлыг олох чадвар, орон зайг баримжаалах чадвар, хийсвэр логик сэтгэлгээ, ажиллах хурд, анхаарал төвлөрөх чадвар тодорхойлдог. Нэгдүгээр ангийн хүүхдүүд жишээ нь юм бүтээх, сэтгэх чадвар өндөр гарсан байна. Хэл ярианы чадвар буюу бүтэн өгүүлбэрээр ярих чадвар харьцангуй сул байсан. Бага насны хүүхдүүдэд энэ чадвар бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг. Хүүхэдтэйгээ ярилцахгүй, тоглохгүй, амьд харилцаа дутагдаж байвал энэ чадвар сул хөгждөг. Сэргэлэн цовоо, яриа байвал эцэг эхчүүд “Манай хүүхэд хэл ярианы чадвар сайн” гэж буруу ойлгодог. Харин тухайн зүйлийг оновчтой зөв ойлгож, илэрхийлж чадаж байна уу гэдгийг шалгадаг арга зүй өөр. Яриа, нээлттэй хүүхдүүдэд ч хэл, ярианы чадвар сул гэж гардаг. Сайн ярьдаг ч гол зүйлээ ярьдаггүй, тойруулаад байдаг хүүхдүүд ч байдаг. Энэ ангийнхан орон зайг баримжаалах буюу асуудал шийдэх чадвар сайн гэсэн үр дүн гарсан. Яагаад гэвэл эдгээр зургаан настнуудын дийлэнх нь дүүтэй байсан. Ийм хүүхдүүдийг хайрцганд оруулчихвал бүтээлч сэтгэлгээ нь хөгжихгүй. Тэгэхээр оношилгоо, судалгаа чухал. Сэтгэл зүйн хэрэгцээг нь гаргаж ирэхийн тулд гэр бүлийн хөрөг зуруулдаг. Жишээлбэл, чи гэрийн тавилга дотроосоо ямар тавилга болмооргүй байна гэхэд нэг хүүхэд “Би жорлонгийн суултуур болмооргүй байна” гэсэн. Яагаад суултуур болмооргүй байна гэхээр “Хамгийн муухай заваан, хүмүүс баадаг” гэсэн. Энэ юу гэж байна гэхээр хүүхэд өөрөө ганцаардсан, хэнд ч хэрэгцээгүй гэдэг мэдрэмж тэр хүүхдэд байна гэсэн үг.
Өсвөр насанд зан төлвийн өөрчлөлт гардаг. Хэт бөөцийлсөн, эсвэл хайхрахгүй орхисон хүүхдэд зан үйлийн өөрчлөлт илэрдэг. Өмсөх хувцсыг нь хүртэл эцэг эх нь шийдээд, хүүхдэд сонголт хийх боломж олгохгүй байхаар насанд хүрснийх нь дараа харилцааны асуудал үүсдэг. Оношилгооны дараа багшид зөвлөгөө өгдөг, эцэг эхчүүдэд зөвлөдөг.