Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Я.Дүгэр: Ялалтын мэдээг хүмүүст хүргэх гэсэн юм

Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, гавьяат багш Я.Дүгэр, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга нарын "Социалист туршилтад 70 жил" номын нээлт саяхан болсон. Я.Дүгэр багштай шинэ номын талаар хөөрөлдлөө. Тэрбээр ардчиллыг сурталчилсан 20 гаруй ном хэвлүүлсэн. 50-аад жил багшилсан, шатрын 20 гаруй номтой хүн.


-Та шатрын ном олныг бичиж, орчуулсан. Яагаад ийм ном барьж авах бодол төрөв?
-Монголчууддаа маш чухал “Мэдээ дуулгах” гэсэндээ гэж болно.
-Ямар мэдээ билээ?
-МЭӨ 495 онд Эртний Грекийн их цэрэг, Персийн их цэрэгтэй чухам “эр эмээ үзэх” агуу их тулалдаан хийж, грекчүүд ялсан байдаг. Холбоо харилцаа хөгжөөгүй тэр үед энэхүү баяртай, удтал түгшин хүлээсэн мэдээг нийслэл Афинд нэн яаралтай хүргэхээр гарсан дайчдаас нэг нь 42 километр, 195 метр зайг туулан гүйж хүрээд, мэдээг дуулгаад, үхэдхийн унаж амьсгал хураасан гэсэн домог байдаг. Орчин үеийн хамгийн холын зайн уралдаан марафон гүйлтийг дээрх залуугийн гавьяаг мөнхжүүлэх үүднээс бий болгосон гэдэг.
-Тэгээд тэр мэдээ Монголд социализмыг туршсан 70 жилтэй ямар холбоотой вэ?
-Марафон гүйлт нь биш, зүгээр л мэдээ, мэдээлэл хэр чухал болохыг хэлэх гэсэн юм. 42 км бол моринд ч хол зай. Бахардаж ойчиж мэдэх. 25ОО гаруй жилийн өмнөх тэрхүү мэдээг дуулгаж, ард үлдсэн олны дотрыг аль болох бушуухан уужруулах гэж хэн ч хичээх ёстой биз дээ. Ялалт маш чухал. Тийм том ялалт улс үндэстнийг дахин төрүүлсэн мэт сайнаар нөлөөлдөг. Ер нь, ялсан армийнхны шарх түргэн аньдаг, авсаар өвчин эмгэг тусдаггүй, илаарших нь ч түргэн, харин ялагдсан бол эсрэгээр болдог юм гэсэн. Энэ бол эмч эрдэмтдийн олон мянганы ажиглалт, судалгаагаар нотлогдсон зүйл. Улс үндэстний цог хийморь сэргэнэ гэсэн үг. Хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ.
Монголчууд бид 1990 онд үнэхээр агуу их ач холбогдолтой үйл явдлын гэрч, бас оролцогч болсон. Маш том, үеийн үед дуурсагдах, их эзэн Чингисээс хойших түүхэндээ үзээгүй гэж болох аугаа их ялалт байгуулсан. Энэхүү агуу ялалтыг 1911 онд тусгаар улсаа тунхаглаж, Богд хаант Монгол Улсаа байгуулсан үйл явдалтай л эгнүүлж болох биз ээ. Он тооллыг хүртэл “Олноо өргөгдсөн” гэх болсон шүү дээ. Гоё байгаа биз? Гэвч 1919 онд гамингууд орж ирж, Богд эзнийг хаан ширээнээс нь огцруулсан, бурхны авралаар удалгүй Барон Унгерн дивизтэйгээ орж ирж, гамингийн гараас Нийслэл хүрээг чөлөөлж, Богдыг эргүүлж эрхэм дээд суудалд нь залсан. Би Барон Унгернийг биширч, шүтдэг хүн. Тэр В.И.Ленин тэргүүтэй улаантнууд Оросын ард түмэнд төдийгүй хүмүүн төрөлхтөнд хэчнээн их гай тарьж мэдэхийг билэг оюундаа ойлгож, эрэлхгээр тэмцсэн баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, жанжин байсан юм. Унгерн Орост тогтсон большевик “Зөвлөлт засаг”-ийг түлхэн унагаж, Оросын хаант ёсыг төдийгүй, Хятад, Монголд ч хаант засаг тогтоохын төлөө тэмцсэн. Тэр улаан оросуудын хамгийн аюултай дайсан байсан. Унгерн монголчуудад үнэхээр элэгтэй, дээд удмаа Хүннү, Аттилагийн үеэс эхтэй гэж үздэг. Богдоос “Чин ван” цол хүртсэн улс төр, цэргийн зүтгэлтэн. Хятадад үүссэн нөхцөл байдлыг монголчууд ашиглаж чадсан, тийм сиймхий гаргасан. Чухам ”үүлэн чөлөөний нар” гэдэг шиг.
-Оссендовский ч Унгернийг ойлгож, түүний тухай таны хэлсэн шиг өнцгөөр бичсэн байсан. Гэхдээ түүнийг бас цуст барон ч гэдэг?
-Тэр хатуудаа хатуу, ялангуяа өөртөө хатуу хүн байсан. Улаан оросууд бароны араас хөөцөлдөж яваа, бас Монголыг “гамингуудаас чөлөөлөх” дүрээр, өөрсдөд нь элсэгдсэн Дамдины Сүхбаатарын “журамт цэргийн” хамт орж ирж 1921 оны долдугаар сарын 6-нд Нийслэл хүрээг эзэлсэн.
-Хүрээг чөлөөлсөн гэдэг биз дээ?
- ”Их багш” В.И.Ленин хүртэл “Большевикууд Орос орныг байлдан эзэллээ!” гэсэн байдаг юм. Энэ бол засгийн эрхийг авснаа хэлсэн үг. Оросууд “Ардын хувьсгалыг мандуулж, аварч, туслах” гэж ирээгүй. Эдгээр үгс бол ердөө л халхавч, мунхруулга. Ингээд монголчууд “Их санасан газар хоосон хонов”, “Барын амнаас арслангийн аманд оров” гэгч болсон. Та нарын байтугай бидний “мэддэг” түүх зохиомол, бидний толгойд чихэж өгсөн “түүх”. Социализмын үеийн ном, сурах бичиг, тайз дэлгэцийн бүтээлүүд угаас ув улаан, өөрөөр хэлбэл, дан коммунист – большевик суртал байлаа шүү дээ. Фашизмаас ч аюултай, хүн төрөлхтөнд илүү их хор хөнөөл учруулсан, илүү урт насалсан. “Эрх чөлөө эдлүүлэх”, “ялгааг арилгах”, “дарлалаас ангижруулах”, гээд их сайхан баг өмссөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлтийн колони болсон, тэд, аливаа байлдан дагуулагчид эзлэн түрэмгийлсэн улс орондоо яаж ханддаг билээ, Монголд ч тийм л ааш гаргасан. Угаас өөрсдөө “рельснээсээ мултарчихсан” улс болохоор, бүр ч аймаар байсан. Тэд Монголд ангийн тэмцэл өрнүүлж, пролетари бишийг даран сөнөөх, шашин, хуучны уламжлал, соёл, ёсзүйг үгүй хийж, цэвэрлэх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгосон. Монголоо, монголчуудаа гэсэн бүхнийг үгүй хийхээр тэд шамдсан. Байлдан эзлэх гэдэг бол цэргийн стратеги, тактикийн асуудал. Эзлэх, улаан тугаа хаа сайгүй мандуулах дон шүгэлсэн улаантнууд хаанаас сиймхий гарах бол гэж Монгол-Төвдийн хэлтэс энээ тэрээгээ Эрхүү хавиар байгуулчхаад амаа ангайгаад байж байсан цаг. Хөөрхий гэнэн, эрх чөлөөг хүссэн, манж хятад, гамингаас залхсан монголчууд гамингаас улс орноо чөлөөлөхөд маань туслаач гэж Орост хандсан. Тэр үед улаан, цагааны ялгааг мэдэж байсан хүн ч ховор байсан биз. Барон Унгерн мэддэг, бас Богд гээд цөөн хүн гадарладаг байсан болов уу. Монголын төлөөлөгчдийг энүүхэн Эрхүүд угтаж аваад, хамгийн залуу Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёрыг “ажилд авч, элсүүлж, тангараг өргүүлж, гарын үсгийг нь зуруулсан...” Ингээд тэр хоёр “манай биш, тэдний хүн” болсон. “Ах нар” 1921 оны долдугаар сарын 8-наас Нийслэл хүрээнд өдөр бүр олон хүнийг баривчилж, байцааж, алж эхэлсэн. Улмаар Богдын Засгийн газрыг татан буулгасан. Тэгээд чухам “дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” болсон. Монгол 1990 он хүртэл Зөвлөлтийн колони байсан гэдгийг оросууд өөрсдөө ч олон удаа ил хэлсэн байдаг. “Монголчуудтай бидний харилцах харилцаа бол хүчний бодит харьцаагаар тодорхойлогдож, бид тушааж, тэд биелүүлэх ёстой” гэж 1921 онд Улаанбаатарт ажиллахаар ирсэн Зөвлөлтийн анхны төлөөлөгчдийн тэргүүн Н. М. Любарский хэлсэн.
“Монгол бол Зөвлөлтийн асар том колони юм” гэдэг нь Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх А. С. Шквариний үг.
“...Монгол бол стратегийн асар их ач холбогдолтой. Түүнээс гадна, Монгол нь түүхий эдийн талаасаа ч томоохон ач холбогдолтой.
Нутаг дэвсгэр нь хүн амаасаа илүү ач холбогдолтой бөгөөд хэрэв бид Монгол дахь хөдөлгөөнийг ангийн тэмцэл болгож чадвал, зөвхөн энэ янзаар л бид энэ нутаг дэвсгэрийг өөрийн нөлөөнд авч чадна” гэдэг үгийн эзэн нь Б.Шмераль.
Ямартаа бүр 1938 онд, их хядлага намжсан үеэр, ЗХУ-аас манайд сууж байсан Элчин сайд С.Н.Миронов ЗХУ-ын КГБ-ийн орлогч дарга М.Ф.Фриновскийд явуулсан нууц түлхүүрт цахилгаандаа: “...нэмж 6000 орчим лам баривчлах шаардлагатай байна” гэж байхав.
- Хэцүү сонсогдож байна шүү?
-Оросын түүхч, сэтгүүлч Е.Трофимов “Өдрийн сонин”-ны 2019 оны №196-д бичсэн байгаа. “Монгол бол Зөвлөлтийн хамгийн хайргүй колони байсан” гэж... Ер нь, социалист системийн орнууд гэдэг маань нэг ёсондоо ЗХУ-ын колони, Москвагаас тавьсан нууц төлөөлөгч нараар удирдуулдаг, аанай л хөрөнгө хураах, ангийн хувьд хэнийг гарлагадах, юуг хориглохоо заалгадаг байсан гэж болно. Тэрхүү “таалал”-д нь нийцүүлж ажиллахгүй бол “толгойтой нь ярьдаг”... БНАГУ, Польш, Чехословак... гээд бүгд. Монгол ч ялгаагүй. Х.Чойбалсан ЗХУ-ын КГБ-ийн гавьяат ажилтан болтлоо тэдэнд хүчин зүтгэсэн. Харин Зөвлөлтийн “Байлдааны гавьяаны Улаан тугийн одон”-гоор манайхан л бахархдгаас бус, бусад нь нуудаг ч байсан юм уу даа. Хөөрхий Ю.Цэдэнбалыг Эрхүүд сурч байхаас нь элсүүлж, бэлтгэсэн. Аажимдаа “колони” гэдэг үгээ “ах дүүгийн найрамдал” гэдэг үгээр халхавчлах болсон л доо. Асар хүчтэй, маш их ухаан зарсан бодлого... Эс тэгвэл социалист систем “дуухаа”... “Толгойтой” бүхэн, бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, академиуд, эрдэмтэд ард түмнийг “боловсруулах” айлгах, хууран мэхлэх, сатааруулах арга ухаанаа уралдуулж байлаа шүү. Үзэл суртлын ажилд хөрөнгө хүч харамладаггүй байв.
-Социализмын үед монголчууд хожсон гэж хүмүүс ярьдаг. Хүн ам нь бичиг үсэгт тайлагдсан, эрүүлжсэн, олон улстай харилцаа тогтоосон, үйлдвэржсэн, тусгаар тогтнолоо баталгаажуулсан гэдэг?
-Тустай юм их байсан. Үгүйсгэж болохгүй. Гэхдээ заавал тийм их үнэ төлөх шаардлага байгаагүй. Би Монголоо гэсэн, бусдадаа ядахнаа түшигтэй 30-40 мянган шилдэг хүмүүсийг хядсаныг хэлж байна. Би суртлынх нь бузрыг хэлж байна. Зүгээр л, жамаараа явсан, хэн нэгнийгээ адалж, алж хядалгүй, айлгаж цочоолгүй явсан улс орнууд социалист орнуудаас хол түрүүлчихсэн, хэзээ сүүлд манийгаа ч аварч тэтгэснийг би хэлж байна. Чиний асуусан тэр бүх зүйл хөрөнгөтөн орнуудад ч биеллээ олсон. Бүр илүү үр дүнд хүрсэн. ХХ зуунд хүн төрөлхтөн асар хурдтай хөгжсөн. Тэгэхээр аливаа өнгөтэй, бүтэлтэй бүхнийг найрамдал, тусламж дэмжлэгтэй холбон ойлгож болохгүй. Оросын ард түмэн ч их хохирсон. Ер нь, марксизм–ленинизм гэж гаж суртлын уршгаар Монгол шиг аймшигтай хохирсон улс үндэстэн ховор. 1970-аад онд камбожчууд л манайхыг давж гарсан. Нийгэм нэг л эвгүйтвэл, түүнийг зогсоох амаргүй, маш хэцүү гэж болно. Төлөөс нь аймаар байх болно. Тэгэхээр их ухаалаг, бодолтой, хүлээцтэй, гэхдээ бурууд хатуу байх хэрэгтэй. Хүн бүр дор бүрнээ, ард түмэн нийтээрээ...
-Нөгөө “мэдээ хүргэх” юу боллоо?
-Миний хэлсэн бүхэн үүнтэй холбоотой. 1990 оны Ардчилсан хувьсгалаар бид юунаас салж, чөлөөлөгдөв, юу олов гэдгийг хүн бүрт хүргэх гэсэн санаа. Манайхны зарим нь одоо ч үүнийг сайн ойлгоогүй явна уу даа гэж бодогддог. Соц. суртал угаас хараат улсыг ч, ард түмнийг ч аль болох сэхээхгүй, толгойг нь өндийлгөхгүй байхыг хичээдэг байсан гэж болно.
Ялалт бол Төв Хороог огцруулснаар бүрэн хангагдаагүй. Ямартаа 1990 оны анхны чөлөөт, ардчилсан сонгуулиар бараг бүх аймаг, нэгдлийн дарга нараа эргээд АИХ-д сонгож байх вэ. Социализм нийгмийн хөгжлийг гажуудуулж, чөдөрлөөд зогсохгүй, хүмүүсийг эвддэг. Мэдээж, сайн сайхны төлөө тэмцэж явна гэсэн маань “буруу замаар будаа тээсэн” хэрэг байсныг ойлгох маш хэцүү, шаналгаатай үйл явц. Нэг ёсондоо халуурч бүлээрэхийн нэр. Гээд яалтай. Тэгж байж л илааршина. “Хүн хаана хүрэхээ мэдэхгүйдээ биш, хаана байгаагаа мэдэхгүйдээ төөрдөг” гэж үг бий.
Эцэст нь хэлэхэд, бид ямар тогтолцоог түлхэн унагав? Юуг ялж, халав? гэдгийг л ойлгуулах, энэхүү “Ялалтын мэдээ”-г хүмүүст, ялангуяа залууст хүргэх гэсэн юм. Энэ ялалт өөрсдийгөө ялах үйл хэрэг, өөрсдийгөө өөрчлөх үйл хэргээр үргэлжлэх ёстой. Гүн ухаантан Спинозагийн “Унш, халаглаж битгий уйл, шоолж битгий инээ” гэсэн үг бий. Алдарт “Коммунизмын хар ном”-ын гол зохиогч, цагтаа коммунист суртлыг таашаан дэмждэг, коммунист намын гишүүн байсан, Францын судлаач Стефан Куртюа, Москвад нууц архивуудын зах зух ил гарсан хойно урьд тас нуудаг асан зарим материалтай танилцаад цочиж, тэрхүү балайг бүр ч ухмаар санагдах болсон, тэгээд дээрх номыг бүтээх “дон шүглэсэн” тухайгаа бичсэн байдаг. Бас л мэдээ хүргэх гэсэн санаа...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com