Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нөхрийнхөө таксинд явж олсон 20 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байна

Үдшийн гоёмсог даашинзаа дараа жил хүртэл хав дарж, үйтэн хуар дээлийнхээ эвхээсийг гаргах цаг нэгэнт хаяанд ирсэн энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгэн залуу гэр бүлийнд зочилсон юм. Баянхошууны хөтлийн буудлаас зүүн урагшаа байрлах уулын бэл хэсэгт зорьсон айл минь бий. Гудамжинд зарим нэг айл уугаадсаа гаргаж асгаснаас халтиргаа гулгаа ихээр үүсчээ. Урт амралт дуусч хүүхдийн хичээл орж байгаа болохоор сургууль руугаа явах хүүхдийн хөдөлгөөн их байна. Тэд мөстсөн хэсэг дээгүүр сурамгай гэгч нь гулгаад, зарим нь халтирч унахад хамт яваа найзууд нь шоолж инээлдэнэ. Тэднийг хараад нутгийнхаа баруун голын тунгалаг мөсөн дээгүүр эсгий гуталынхаа уланд мод бэхлээд өдөржин тоглодог байсан мөч санаанд буув. Хөлдсөн угаадсан дээгүүр жаргалтай гулгах хүүхдүүдийг буруутгах эрх даанч алга даа. Харин дөрвөлжин хашаандаа бид л болж байвал боллоо гэсэн аминчхан сэтгэхүйгээрээ нийтийн эзэмшлийн зам талбай руу бохирдлоо гаргаад асгаж байгаа энэ айл өрхүүдийг яалтай билээ. 

Дурсамж, гуниг тээсээр зорьсон айлдаа ирлээ. 6х4 харьцаатай болов уу гэмээр товхийсэн байшингийн үүдэнд гэрийн эзэгтэй угтаж авлаа. Монгол хүний зочломтгой зангаар халуун хоол, цай зэхэв. Гэрийн эзэгтэй Б.Ууганбилэгийг идээ ундаа болох зуур том хүү нь хоёр дүүгээ саатуулж харагдана. Эднийх найман сартайгаас есөн нас хүртэлх бага насны гурван хүүхэдтэй. Гэрийн эзнийг Ө.Гантөгс гэдэг. Тэд гэр бүлийн хамт барилгын салбарт ажилладаг. Барилгын салбарын ажил аравдугаар сарын дундуур зогсдог учраас одоогоор энэ айлд тогтсон орлогын эх үүсвэр байхгүй гэдгээ хэлж байна. Тиймээс нөхөр Б.Гантөгс нь өдрийн цагаар хувийн Prius-30 маркийн автомашинаар таксинд явж, амьжиргаагаа залгуулдаг аж. Тэд хэлэхдээ, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үед таксинд явж, амьжиргаагаа залгуулна гэдэг улам хэцүү болж байна гэв. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ доод тал нь 100-300 төгрөгийн хооронд нэмэгдсэн хэмээн гэрийн эзэгтэй хэлж байна. Мөн бага насны гурван хүүхэдтэй болохоор ойр ойрхон ханиад, хатгаа тусахад эмийн зардал энэ айлын санхүүд хамгийн их дарамт учруулдаг гэв. Тиймээс гурван настай охиноо одоохондоо цэцэрлэгт нь явуулахгүй байгаа гэв. Өрхийн тэргүүн Ө.Гантөгс хэлэхдээ “Өглөөний 8-9 цагийн үед гэрээсээ гараад түгжрэлийн цаг эхлэхээс өмнө буюу 16-17 цаг хүртэл ойролцоогоор өдрийн найман цагийн турш таксинд явахад 15 мянга орчим төгрөгөөр шатахуун хийгээд дунджаар 20 мянган төгрөгийн орлого олдог. Заримдаа түүнээс ч бага орлого олох тохиолдол бий. Ялангуяа сургуулийн хүүхдүүд амарчихсан болохоор сүүлийн үед шатахуунаа хийгээд цаана нь талхныхаа мөнгө ч олоход хүндрэлтэй байсан. Харин одоо хүүхдүүдийн хичээл эхэлсэн болохоор орлого арай дээрдэх болов уу гэж бодож байна. Олсон орлогоосоо мод нүүрс, хоол хүнс гээд шаардлагатай зүйлсээ аваад заримдаа өдөрт 5000 төгрөг л хуримтлуулж байна. Удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор бэлтгэлээ хангахын тулд илүү урт цагаар ажиллах шаардлагатай болж байна” гэв. Бидний ярианд түүний эхнэр Б.Ууганбилэг оролцож “Би төрөөд удаагүй бага хүү маань цэцэрлэгт орох болоогүй болохоор хүүхдүүдээ ханиад хүргэчихгүйхэн шиг өсгөх л миний гол үүрэг болоод байна. Хүүхдүүд ямар нэгэн байдлаар өвдөх үед эм тариа, эмнэлгээр явахаар зардал нь дийлдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд бага хүүхдийн гэдэс гүйлгэсэн. Эм авахад 36 мянган төгрөг болсон. Түүний өмнө дунд болон бага хүүхдүүд ханиад хүрээд эм авахад 58 мянган төгрөг болсон. Өөрөөр хэлбэл энэ сард хүүхдийн эмчилгээнд 100 гаруй мянган төгрөг зарцуулсан. Тиймээс дахин хүүхдүүддээ ханиад хүргэчихгүй гэсэндээ цэцэрлэгт нь явуулахгүй байгаа” гэв. Тэгэхээр энэ айлын өвлийн улиралд орлогын гол эх үүсвэр нь таксинд явж олдог 20 мянган төгрөг болж таарлаа. Тэднээс олсон орлогоо амьдралд хэрхэн хүргэж байгаа талаар нь нарийвчлан тодруулахад, нээрээ сард хэдэн төгрөг, юунд зарцуулдаг талаараа яг нарийн тооцоо гаргадаггүй юм байна шүү дээ. Харин одоо нэг тооцоо хийе хэмээн бал, цаас аван сууцгаав.


Сар гаруйн өмнө хоол болон ахуйн хэрэглээний зүйл авахад 200 гаруй мянган төгрөг зарцуулсан гэв. Ингэхдээ 15 кг гурил, таван кг цагаан будаа, төмс, лууван, вок, оо, саван 00 ын цаас гэх мэт зүйлс авсан. Харин одоо авсан зүйлс маань бүгд дуусч байна. Өчигдөр л гэхэд нэг килограмм гурил 1350 төгрөгөөр авсан. Харин нөхрийн маань аав, ээж өвлийн идэш явуулдаг учраас мах авахгүй байгаа нь бидний санхүүд их нэмэр болж байна. Зун бол сар орчим килограммаар мах худалдаж авахад бидэнд тун хүнд байсан. Арван мянган төгрөгөөр нэг килограмм мах авч байсан. Түүгээрээ хоёр орой л хоол хийдэг. Саяхан нэг мэдээллийн сайтад махны үнэ энэ цагаан сараар өмнө нь байгаагүйгээр өндөр үнэтэй болно гэсэн мэдээлэл гарсан байсан. Угаасаа цагаан сарын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг болохоор ядахдаа буузны мах, гурилаа үнэ өсчихөөс нь өмнө бэлдэх санаатай л байна хэмээн ярив
Дараагийн тооцоо цахилгааны төлбөр дээр ирэв. Сар бүр цахилгааны мөнгө нь өөр өөр дүнтэй гардаг гэнэ. Өнгөрсөн сар 56 мянган төгрөг гарсан гэнэ. Уг нь манайх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа боловч сар бүр цахилгааны үнэ нэмэгдээд байгааг гайхдаг. Зун уг нь арай бодит үнэлгээ гарч байсан. Гэтэл аравдугаар сараас хойш цахилгааны төлбөр сар бүр 3-8 мянган төгрөгийн хооронд нэмэгдсэн. Харин энэ сар шөнийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд шөнийн цагаар хүүхдүүдийнхээ хувцсыг угаасан. Энэ сарын төлбөр гайгүй гарах байх” гэв.


Өдөрт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг гэдэг дээр эхнэр нөхөр хоёр санал нэгдэв. Нэг шуудай нь 3750 төгрөг гээд 30 өдөрт үржүүлбэл 112.500 төгрөг гэсэн тооцоо гарав. Харин долоо хоногт хоёр шуудай 5000 төгрөгийн үнэлгээ бүхий мод авч хэрэглэдэг. Тиймээс 40 мянган төгрөг модонд зарцуулдаг гэсэн үг. Гэрийн эзэн хэлэхдээ, “Сайжруулсан шахмал түлш түлж байгаа гэр хорооллын айл өрхүүд угаартаж нас барлаа гэсэн мэдээ гарах бүрийд л айх юм. Зарим шөнө тайван ч унтаж чадахгүй хүүхдүүдийнхээ амьсгалыг чагнаж, галынхаа ам, хаалт халхавчийг шалгах ажил болдог. Ялангуяа мэдээ үзэж байхад гэрт амьдардаг айл өрхийг бодвол байшинд амьдардаг айлууд илүү угаартаж магадгүй юм гэж ойлгосон. Тиймээс галдаа нүүрс нэмэхдээ заавал доор нь мод хийж асаах хэрэгтэй гээд нүүрс хийх болгондоо галдаа мод нэмж байгаа. Хөдөөнөөс өглөө болгон аав, ээж залгаж сайн хоносон эсэхийг асуудаг болсон. Эхэндээ эвгүй санагдаж байсан одоо бараг дассан даа. Заримдаа тоглоом болгож “Амьд мэнд байгаагаа мэдэгдье” гэж ээжтэйгээ мэндэлдэг болсон.(Инээв). Энэ бол үнэндээ инээх ёстой асуудал уу, уйлах ёстой асуудал уу мэдэхгүй л байна. Нэг удаа бид 10 цаг өнгөртөл утсаа сонсохгүй унтчихсан байснаа хаалга хүчтэй нүдэх чимээнээр сэрсэн. Гэтэл ээж “Хайлаастад байдаг ахынх руу холбогдоод, утсаа авахгүй байна. Бүгдээрээ угаартчихсан байна” хэмээн бөөн уйлаан болсон байсан. Түүнээс хойш өглөө бүхэн өөрсдөө ээж рүү залгадаг болсон. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай нүүрс авах эрхтэй учраас нэг өдрийнхөө, түлэх нүүрсийг илүү гаргахын тулд их юм болноо. Иргэдээ нэг бол угаартуулж алчих гээд, нэг бол хөлдөөж алчих гээд байгаа улсын бодлогыг ойлгохгүй л байгаа шүү дээ. Өмнө нь манайх 11 сард нэг портер нүүрс 150 орчим мянган төгрөгөөр авахад гуравдугаар сар өнгөртөл түлчихдэг байсан. Мод ч бага хэрэглэдэг байсан. Гэтэл одоо сарын түлшиндээ 150 мянган төгрөг зарцуулж байна шүү дээ. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш бидний нуруун дээр эдийн засгийн асар хүнд дарамт болж байна. Дөнгөж энэ түлшийг хэрэглэж эхлээд утаа буурчихлаа гээд хүн болгон л хөөрч байсан. Гэтэл одоо өмнөхөөсөө ялгарах зүйл харагддаггүй шүү дээ. Орой болохоор манай энэ хавь утаандаа дарагдсан хэвээр л байгаа” гэв.


Биднийг ийн ярилцах зуур том хүү нь хичээлдээ явах боллоо. Гэрийн эзэгтэй хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж хувцсыг нь зэхэв. Хүү байн байн толины өмнүүр эргэлдэнэ. Ээжийн санаа нь зовсон аятай “Энэ намар хүүгийнхээ формыг шинэчилж чадаагүй. Цамц нь бүр багадчихсан болохоор хичээл орохоос өмнө шинэ цамц авч өгсөн. Тиймээс байн байн тольдоод байх шиг байна” хэмээн хэлэхтэй зэрэгцэн хүү ичингүйрч унтлагын өрөө рүүгээ гүйчхэв. Аав нь хүүгээ хүргэхээр гарлаа. Энэ зуур нээрээ хувцас хунар авахад хэдэн төгрөг зарж байна гэхэд “Байгаа хувцсаараа болгоод л байхыг хичээдэг дээ. Тэр дундаа нөхөр бид хоёр сүүлийн жилүүдэд бараг шинэ хувцас аваагүй. Харин сургууль цэцэрлэгийн хүүхдүүддээ шаардлагатай үед нь тохирсон хувцас авч өгөхөөс өөр аргагүй болдог. Манай хоёр хүүхэд сар бүр хүүхдийн 20 мянган төгрөг авдаг. Түүнийг нь хадгаламж нээгээд хуримтлуулж байгаа. Миний хувьд Цалинтай ээжийн 50 мянган төгрөг авдаг. Түүнийгээ гэрийнхээ хэрэглээнд зарцуулдаг. Бараг миний ганц орлого гэх үү дээ. Ямар сайндаа сая сарынхаа орлогоор хүүдээ цамц авч өгсөн. Бага насны хүүхдүүдтэй болохоор эд нар маань дэлгүүр хоршоо орохоороо амттай шимттэй юм авхуулах гэнэ. Тиймээс дэлгүүр дагуулж орохоо ч больсон. Өмнө нь килограммын боорцог ойролцоогоор гурван мянган төгрөгөөр авч хэрэглэдэг байсан бол, одоо өөрсдөө хайраад иддэг болсон. Хоёр килограмм гурилаар долоо хоног идэх боорцгоо хайрчихдаг.


Уг нь барилгын ажил эхлэхээр манай гэрийн орлого сайн болчихдог л доо. Өнгөрсөн жилийнхээ орлогоор хөл дүүжлэх унаа авсан. Бид нийгмийн даатгал төлдөггүй болохоор банкнаас элдэв янзын зээл авах боломж тааруу. Гэхдээ дулааны улиралд өглөөнөөс орой хүртэл амрах ч завгүй ажилласны хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй болоод байна. Тэгтэл төрийн байгууллагад ажилладаг найзууд маань цалингийн зээлтэй, байр, машины зээлтэй л байна. Үнэндээ өнөөдөр арай ч хоосон хонох хэмжээнд очоогүй ч гэлээ олсон мөнгөө зөв зохистой зарцуулах, хэрэглээгээ хумих шаардлага өдрөөс өдөрт тулгарч байна. Үнэндээ төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлого ерөөсөө алга. Бага насны хүүхэдтэй айлууд бол заавал хэн нэг нь гэртээ ажилгүй сууж, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөх шаардлага тулгарч байна. Гэтэл нэг хүний цалингаар амьдрах ямар ч боломж алга. Удахгүй болох сар шинээр хурааж хуримтлуулсан мөнгөгүй бид хэн нэгэнд өр тавихаас өөр сонголтгүй болчхоод байгаа. Одоо үед хүнд мөнгө зээлдүүлдэг хүн ч байхгүй болсон. Хэдийгээр залуу айл боловч монгол ёсоо бодоод цагаан сараа элбэг дэлбэг угтаж, орж ирсэн хүмүүсийн алгыг дээш харуулчих санаа байна. Дээрээс нь золголтын мөнгө гэж хөөрхөн юм байна аа. Настай хүмүүстээ 5000, бусад хүмүүст 1000 төгрөг барьж золгодог. Өнгөрсөн жилийн цагаан сараар 1.3 сая төгрөг зарцуулсан байсан. Энэ жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас бараг 1.5 сая төгрөг болох байх. Саяхан статистикийн газраас дундаж өрхийн орлого ойролцоогоор сая төгрөг болсон гэж байсан. Гэтэл одоогоор манай өрхийн орлого миний цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг оруулаад 650 мянган төгрөг л байна. Тэгэхээр манайх бүр ядуу өрхийн статуст орж байгаа байх аа. Гэтэл манайхаас хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа өрх манай гудамжинд ч байгаа. Тэгэхээр амьдралын төлөө зүтгэж байгаа иргэдээ дэмжих төрийн тогтвортой бодлого хэрэгтэй” байна хэмээн гэрийн эзэгтэй ярив.


Ямартай ч буцалсан будаа шиг энэ нийгмийн нэгэн эд ширхэг болсон гурван хүүхэдтэй 30 орчим насны залуухан гэр бүлийн нэгэн өдрийн амьдрал ийм л байна. Байхгүй гэхээсээ илүүтэй болгохын төлөө хичээж, хөдөлмөрлөж, хэн нэгний царай харалгүй өөрөө өөрийгөө болгоод яваа мянга мянган ийм өрх айлын урам зоригийг мохоож, харалган төрийн халгаатай бодлогоор өвдөг сөхрүүлчихгүй л байгаасай билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com