Компани, бизнес эрхлэгчдээ хямд санхүүжилтээр дэмжих нэг гарц нь компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх явдал. Гэвч өнөөг хүртэл энэ зах зээл унтаа явж ирсэн нь санхүүгийн зах зээлд банкууд давамгайлах, цаашлаад бизнес эрхлэгчид, компаниудад очиж буй зээлийн хүү буурахгүй байх нэг шалтгаан болж буйг мэргэжлийн оролцогчид онцолж байна. Компанийн бонд нь угтаа бизнесүүдийн хувьд банкны зээлтэй ижил түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүн. Гэвч эргэлтийн хөрөнгө болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ хангах гэсэн аж ахуйн нэгжүүд компанийн бонд гаргахын тулд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, бичиг баримтаа бүртгүүлэх гэсээр хагас жил алддаг. Улмаар бизнес эрхлэгчид арилжааны банкны өндөр хүүтэй ч 14 хоногийн дотор шийдэгддэг бизнесийн зээл авах, цаашлаад ББСБ-уудыг зорих шалтгаан болдог байна.
Зүүн Өмнөд Азийн орнуудын бондын зах зээл ДНБ-ий хоёр ба түүнээс дээш хувьтай тэнцдэг бол Монголд 2001 оноос хойш ердөө 16 компанийн нийт 25.6 тэрбум төгрөг бүхий нээлттэй бонд гарсан нь туйлын хангалтгүй үзүүлэлт аж. Өрийн дарамтаас болж Засгийн газар 2017 оноос дотоод бонд гаргахаа больсон нь бондын зах зээл хумигдах нэг шалтгаан болсон байна. Нөгөө талаар компанийн бондод томоохон орон зай бий болж буй аж.
Ирэх таван жилд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол чиглэлийг компанийн бондын зах зээл хэмээн тодорхойлж буйгаа Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны удирдлагууд “Компанийн бондыг зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт семинарын үеэр СЗХ-ын дарга Д.Баярсайхан онцолсон. Монголд компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх зорилт нь 2014 оноос СЗХ болон Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхжуулах төсөл”-ийн хоёр дахь үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Төслийн эхний шатанд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, холбоог өөрийгөө зохицуулах байгууллага болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн оролцогчид болон СЗХ-ны ажилтан, боловсон хүчнийг мэргэшүүлэн чадавхжуулахад үр дүнтэй олон ажил хийсэн аж.
2019 оны гуравдугаар сараас төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Японы бондын зах зээлийн шинжээч, зөвлөх Норитака Акамацү компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх суурь судалгааг хийсэн байна. Норитака Акамацү бол олон орны бондын зах зээлийг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан нэгэн. Тухайлбал, хөгжлийн түвшнээрээ Азид нэлээд өндөрт тооцогддог Тайландын хөрөнгийн зах зээлд тэрбээр бондын зах зээлийг босгож ирсэн аж.
Харин Монголын хувьд “Компанийн бондын зах зээлийг судалж үзэхэд бидний зүгээс дараах байдлаар дүгнэж байна. Компанийн бондын зах зээлд хаалттай бонд давамгайлж байна. Олон нийтэд нээлттэй бонд гаргахад зохицуулалтын орчныг дэмжих шаардлага бий. Бүртгэл шимтгэлийн хураамж өндөр, бонд гаргах үйл явц урт гээд энэ зах зээлийг хөгжүүлэхэд хаалт саад их байна. Миний харснаар бол уг зах зээлд Засгийн газрын бондоос гадна Хөгжлийн банк, Монголын Ипотекийн корпорацын орон сууцны зээлээр баталгаажсан компанийн бонд гаргах бүрэн боломж бий” хэмээн Норитака Акамацү ярилаа.
Компанийн бондын хөгжилд тулгарч буй суурь тогтолцоо нь Монгол Улсын эдийн засаг эрдэсийн экспортоос нэн хамааралтай, ханшийн эрсдэл өндөр байгаа явдал. Тиймээс уул уурхайн бус салбараа хөгжүүлэх, Засгийн газар болон СЗХ санхүүгийн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө үр дүнтэй хэрэгжүүлэх, банкны салбарын монопол байдлыг бууруулах, бондын зах зээлийн хөгжлийг төсвийн хатуу бодлого улам боомилдог явдлаас сэргийлэх нь унтаа зах зээлийг сэрээх гол сорилт болж байгаа аж.
Харин салбарын хувьд хууль эрх зүй, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад хийх ажил их бий. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй компанийн бонд 16 гарч, 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэж салбарынхан дүгнэсэн. Харамсалтай нь, хаалттай хүрээнд гаргасан компанийн бондын талаарх мэдээлэл дата дутмаг байгаа аж. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Түвшинтөгс “Монголын бондын зах зээлийн өнөөгийн байдал” илтгэлдээ “Бондын зах зээлийн талаар мэдээлэл маш хаалттай байна. Бид хувийн шугамаар, судалгаа хийх явцдаа олж мэдсэнээр 2019 онд 20 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх компанийн бонд хаалттай хүрээнд гарсан байна. Гэхдээ энэ тоо уг зах зээлийг бүрэн төлөөлж чадахгүй” гэв.
Бондын зах зээл ийм унтаа байгаа бас нэг шалтгаан нь Үнэт цаасны тухай хуульд компани олон нийтэд хувьцаагаа нээлттэй гаргах, бонд гаргах зохицуулалтыг яг ижил тусгасан явдал. Энэхүү зохицуулалт нь хувийн хэвшилд хүнд суртал болж тусдаг бөгөөд бизнесүүд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шийдэхийн тулд хөрөнгийн зах зээлийг бус банкуудыг сонгодог. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Өлзийбаяр “Нээлттэй хувьцаа, бонд хоёр огт өөр бүтээгдэхүүн. Компанийн бонд нь банкны зээлтэй яг адил өрийн хэрэгсэл учраас цаг хугацаа, зах зээлийн хүүгийн хувьд ч өрсөлдөхүйц байх ёстой” гэлээ.
Компанийн бонд банкны зээлтэй өрсөлдөж чадахгүй байгаа учраас бизнесүүдэд зээлийн дарамт өндөр байгаа аж. Судлаач Б.Түвшинтөгс итгэлдээ арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.48 хувь байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл, банкуудын хадгаламж, зээлийн хүүгийн хооронд байгаа энэ зөрүүг багасгахын тулд 13-14 орчим хувийн өгөөжтэй компанийн бонд зах зээл дээр байж таарах нь. Улмаар бондын зах зээл хөгжихийн хэрээр санхүүжилт татах өрсөлдөөн ширүүсч, үр дүнд нь зээлийн хүү буурна.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, мэргэжлийн сангуудыг бий болгох нь компанийн зах зээлд маш том нөлөөтэй. Гэвч төгрөгийн ханш тогтмол унаж байдаг тул гадаадын хөрөнгө оруулагч ханшийн эрсдэл давхар хүлээх сонирхолгүй. Хэрэв ам.доллароор компанийн бонд гаргах зохицуулалтыг Үндэсний төлбөр тооцооны тухай хуульд оруулбал гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ гэдгийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн.
Харин мэргэжлийн сангуудын тухайд, хэдийгээр Засгийн газрын тусгай сангууд байдаг ч тэдгээрийн үйл ажиллагааг хөрөнгийн зах зээлтэй уяагүй, эрх зүйн зохицуулалтгүй учраас компаниуд урт хугацаатай, тогтвортой санхүүжилт татах боломжгүй байна. Тиймээс ядаж тэтгэврийн шинэчлэлээ хийж, хувийн тэтгэврийн сангуудыг бий болгох нь нэн түрүүнд компанийн бондын зах зээлд шууд эерэг нөлөө үзүүлэх аж.
ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хоёр дахь шатанд компанийн зэрэглэл тогтоох байгууллагатай болохоор зорьж буйг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш дурдав. Ингэснээр хөрөнгийн зах зээлд оролцогч компаниудад үнэлгээ хийж, үнэлгээний дагуу компаниудын санхүүжилт татах шалгуур нь тодорхойлогдоно. Сайн үнэлгээтэй компани гэхэд өндөр барьцаа шаардлагагүй болох зэрэг давуу талтай аж. Зэрэглэл тогтоогч байгууллагын талаарх зохицуулалт байдаг бөгөөд өмнө нь нэг компани ийм үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байжээ. Хэдийгээр зэрэглэл тогтоох мэргэжлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байгаа ч Монголын зах зээл жижиг, өртөг өндөртэй тул ийм компаниуд оршин тогтнох бодит боломж хомс гэдгийг Х.Алтай хэлсэн. Харин “БиДиСек ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн “Зээлжих зэрэглэлийн тухайд олон улсын стандарт нийцсэн бололцоо байхгүй. Бидний хийснийг ч олон улсад хүлээн зөвшөөрөхгүй тул арилжаа эрхлэгчдийн холбооны дэргэд ч юм уу мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангасан зөвлөл байгуулж, монгол маягаар үйл ажиллагаа явуулбал хүмүүс илүүтэй сонирхох болов уу” гэлээ. S&P, Moody’s зэрэг дэлхийн хэмжээний байгууллагуудыг татаж чадахгүй ч Япон, БНСУ, Турк зэрэг орны мэргэжлийн байгууллагатай хамтран ноу-хау солилцох замаар уг асуудлыг шийдэх нэг гарц бий аж.
З.Гэрэл