“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг танай байгууллагын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Хамгийн сүүлийн байдлаар шүүх хурлаас ямар шийд гараад байна вэ?
-Хамгийн сүүлийн шүүх хурал нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон. Тус хурлаар “Засгийн газар УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлээгүй” гэдгийг шүүх тогтоож өгсөн. Үүнээс болоод олон гол бохирдож, БОАЖЯ-ны тооцоогоор манай улс 63 тэрбум төгрөгөөр хохирсон болохыг нотолсон. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албажиж гарна.
-Засгийн газарт хуулийн хариуцлага хүлээлгэх боломж бий юү?
-Байхгүй юм билээ. Монгол Улсын иргэн цахилгааны төлбөрөө төлөөгүй бол тогийг хязгаарлаж, тасалдаг. Гэтэл УИХ-аас гаргасан хуулийг хэрэгжүүлээгүй өдийг хүртэл явсан Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэх боломж байхгүй байгаа нь харамсалтай.
-Энэ хууль яагаад хэрэгжихгүй өдийг хүрсэн юм бол?
-Хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг БОАЖЯ гаргах ёстой байсан. Үүнийг гардаж гүйцэтгэх ёстой байсан усны хэлтэс, сав газрын захиргаа, зөвлөл гэсэн бүтцийг бий болгосон. Сав газрын менежмент бол дэлхий нийтийн усны бодлогын жишиг юм. Дээрх газрууд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу бохирдлыг хянаж тогтоогоод төлбөрийг тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэх үүрэгтэй. Тогтсон стандартын дагуу усыг цэвэршүүлээд нийлүүлж байвал тэднээс төлбөр авахгүй байх зарчимтай. Хэрэв ингэж ажилласан бол уул уурхайн компаниуд гүний усыг дур зоргоороо ашиглахгүй, арьс ширний үйлдвэрүүд усаа цэвэршүүлж Туулд нийлүүлэх боломж бүрдэх байлаа. Холбогдох яам өнгөрсөн хугацаанд хоёр удаа усны бохирдлын төлбөрийг тооцох аргачлал гаргасан ч Засгийн газар батлаагүй.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжих нь нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-Нийслэл хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны нөөц 2030 онд дуусна гэдэг судалгаа бий. Үүнээс гадна өөрөөсөө төсвөө бүрдүүлдэг Өмнөговь аймгийн Оюу толгой компаниас авдаг төлбөрийн 80 хувь нь ус ашигласны төлбөр байдаг. Энэ хоёр жишээ нийгэм эдийн засгийн ач холбогдлыг тодорхой харуулж байгаа болов уу. Түүнчлэн Монгол орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус, 20 хувь нь гүний ус. Харин хэрэглээний хувьд эсэргээрээ. Дэлхий нийтэд өнөөдөр бохирдуулагч нь төлөх зарчим үйлчилж байна. Үүнийг дагаад бид усыг бохирдуулсан л бол бохирдлын төлбөр төлнө гэдэг зарчмыг нэвтрүүлэх гээд усны нөөцийн нэгдсэн менежменттэй болсон. Энэ хүрээнд Усны тухай хуулийг 2012 онд баталж, ус бохирдуулсны төлбөрийг ус бохирдуулсан этгээдээс авах ёстой гэж хуульчилсан. Бохирдлын төлбөрөөр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой юм. 29 сав газрыг зохион байгуулалтад оруулж, усны нөөц, онцлогоос шалтгаалаад үнэлгээг нь өөр өөрөөр тогтоосон байдаг. Тэгж байж хамгаалалт явагдаж, гүний усны хэрэглээ багасдаг.
-Тэгэхээр одоо та бүхэн дараагийн удаад ямар алхам хийхээр төлөвлөж байна?
-Ерөнхийдөө бидний нэхэмжлэл өнөөдөр хүчингүй болчхоод байна. Учир нь нэхэмжлэл гаргах гол үндэслэл болсон хуулийн заалтыг төрийн мэдээлэл эмхтгэлд залруулга хийж хассан байгаа. Тэгэхээр бид яг энэ процессоор нь Үндсэн хуулийн цэцэд хандана. Хуулийн зүйл заалтыг залруулга хийгээд засч болдог юм уу. Энэ чинь хууль тогтоох эрх мэдэлд халдаж байгаа онц ноцтой зөрчил юм биш үү гэдэг асуулга тавина.
-Хасагдсан хуулийн зүйл заалтын ач холбогдлын талаар тодорхой ярина уу?
-Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Гэтэл 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг огт хэрэгжүүлээгүй. Гэтэл хоёр жилийн өмнөөс энэ хуулийг өөрчлөх, төлбөрийг 50-60 хувь хүртэл бууруулах тухай яригдаж эхэлсэн. Тэр үеэс бид үүнийг эсэргүүцэж, дуу хоолойгоо өргөж ирсэн. Ингээд явж байтал өнгөрөгч хавар хуулийг өөрчилж батлахдаа бидний гол үндэслэл болгож шүүхдэж байсан 7.2 дахь заалтыг хүчингүй болгосон байгаа юм. Үүнийг бид өнгөрөгч намар шүүх хурлын үеэр мэдсэн. Дээрх заалтад “Усны суурь үнэлгээг сав газар тус бүрээр нь батлуулна” гэсэн байдаг. Тэгэхээр дээрх үнэлгээнээс хамаарч аль аж ахуйн нэгжээс хэчнээн хэмжээний мөнгө нэхэмжлэх нь тодорхой болохоор байсан. Гэтэл энэ хуулийн амин сүнс болсон заалтыг хасах тухай хуулийн төслийн өөрчлөлт дээр нэг үг, үсэг ч байдаггүй. Гэнэт л “Төрийн мэдээ” эмхтгэлийн есөн сарын дугаарт “Залруулга” гээд оруулаад ирсэн. Энэ бол хуулийн хулгай гэж бид үзэж байна. Үүний цаана маш их мөнгө, ашиг сонирхол байгаа нь дамжиггүй.
-Ус бохирдуулсны төлбөр гэхээр бас нэг төрлийн татвар иргэдийн нуруунд ачаа болох нь гэж ойлгож байгаа хүмүүс байж болох юм. Энэ төлбөрийг яг ямар хүмүүсээс авна гэж хуульд заасан байгаа вэ?
-Хэрэглэгчээс биш. Ус ашиглагчаас авах юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл явуулдаг, уул уурхайн компани, арьс ширний үйлдвэр гэх мэт их хэмжээгээр ус бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдээс авна гэсэн үг. Гэхдээ сая хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газар тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авахаар болсон билээ. Бүр малчдаас хүртэл энэ төлбөрийг авна гэж байсныг бид заргалдаж байгаад болиулсан. Хамгийн гол нь хуулийн өөрчлөлтөөр эрх ашиг нь хөндөгдөж болох талуудад мэдэгдэж, хэлэлцээгүй байсан. Тариаланчид одоо хүртэл ийм төлбөр төлөх гэж буйгаа мэдээгүй яваа шүү дээ. Харин эсрэгээрээ уул уурхайн компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахааргүй болсон байгаа. Үүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр тэдний хиймэл нуурын далан бол бизнесийн технологийн нэг хэсэг учраас далан задарсан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрийг бид авна гэсэн. Үнэхээр шударга бус, лоббины хууль болчхоод байна.
-Шинэ хуулийн зохицуулалтаар ус бохирдуулагчаас хэдэн төгрөгийн төлбөр авахаар болсон бэ?
-Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэлэлцээд баталж чадаагүй аргачлалыг өнгөрсөн хавар 14 хоногийн дотор баталсан. Бүх сав газраас м.куб тутамд 50 төгрөгөөр тооцож бохирдлын төлбөр авахаар болсон. Энэ бол социализмын үед л хэрэгжиж байсан зүйл шүү дээ. Бид усны нөөцийн менежментээсээ нэг алхам ухарчихлаа. Усны төлбөрөө авч чадвал төсөвт төчнөөн хэмжээний орлого нэмэгдэнэ. Үүнээс гадна уул уурхайн компаниуд, арьс ширний үйлдвэрүүд бохирдлоо хянах, бохирдлоо бууруулах технологи, техникуудийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бохирдуулсан усаа эргэлтэд оруулж ахиж хэрэглэх сонирхол төрдөг. Энэ бол дэлхий нийтийн жишиг юм.
-Усны тухай хуулийг хэрэгжүүлэх нь нэг ёсондоо дэлхий нийтийн өмнө бид хариуцлага хүлээж байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр олон улсын байгууллагаас манай улсад хандаж ямар нэгэн анхааруулга өгсөн зүйл бий юү?
-Тэгэлгүй яах вэ. 2017 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс манай улсад ирж ажилласан. Тэрбээр, Туул голоор явж, Төв аймгийн Заамар суманд очсон. Улмаар, усны бохирдол улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг анхааруулаад Усны тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийг даруй авч эхэл гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байдаг.