Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Энэ жил хар жагсаалтаас гарахгүй бол...

 Дэлхий даяаршсантай холбоотой эдийн засгийн хэлбэр өөрчлөгдөж байна. Зах зээлийг худалдан авах чадвараар хэмждэг байсан бол өнөөдөр бараа, бүтээгдэхүүнийг иргэдийн орлогод нийцүүлэн дэлхийн аль ч өнцөгт хүргэх чадалтай компаниуд олшров. Өнөөг хүртэл зах зээл дээр түүхий эд эзэмшигч ноёрхож байсан бол өндөр технологи эзэмшигчид ноёрхлоо тогтооно. Эрчим хүчийг нефть, хий, уранаас гаргаж авдаг байсан үе өнгөрч удахгүй нэлээн хэдэн орнууд нар салхины эрчим хүчинд шилжих зорилт тавьжээ. Компаниуд зах зээлийн хэрэглээнд тулгуурласан маркетинг хийдэг байсан бол өнөөдрөөс хэрэглэгчийг өдөөсөн бараа, үйлчилгээг санал болгох зарчмаар зах зээлээ нээж байна.

 БНХАУ улс 20 жилийн өмнө сулавтар зах зээлд тооцогдож байсан. Хэдийгээр тэрбум давсан хүн амтай ч худалдан авах чадвар сул гэсэн үг. Хятадын Дэн өвгөний нээлттэй хаалганы бодлого БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг болоод зогсохгүй, удахгүй хүн амын өнөөгийн дундаж давхарга болох 35 хувь нь 25-аар нэмэгдэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж хувирна.

 Хятадууд 2050 он гэхэд дэлхийд хамгийн том эдийн засагтай болох зорилт тавьсан. Харин барууны шинжээчид улс төрийн шинэчлэл хийхгүйгээр дээрх амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ хятадууд хөрөнгө оруулалтаар Ази, Африк тивийг тэргүүлэх зорилтоо бараг биелүүлсэн гэж үзэж болно. Манай улсын хувьд тус улс хамгийн том зах зээлээс гадна, эдийн засгийн 40 шахам хувьд нөлөөллөө тогтоосон тухай судалгаа байдаг гэнэ.

 Харин манай хойд хөршийн хувьд эдийн засаг сайн биш. Тэд үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Тэд дэлхийн түүхий нефть, шатдаг хийн 30 хувийг эзэмшдэг ч энэ их баялгаа мөнгө болгох боломжгүй. Учир нь 2014 онд Крымын хямралаас болж барууныхан тус улсад эдийн засгийн хориг тавьсан. Үнэн хэрэгтээ АНУ, Франц, Герман зэрэг Европын нөлөө бүхий гүрнүүд энэ асуудлаас болж АНУ-тай нэг бус удаа зөрөлдсөөр өнөөг хүрчээ. Манай улсын гадаад худалдааны багагүй хувийг ОХУ-аас авдаг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Бид шатахууныг доллароор худалдаж авна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөх нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Нефтийн үнэ өсөхөд доллар хомсдоно. Доллар хомсодсон тохиолдолд импортын барааны үнэ өсч, инфляцыг хөөрөгдөнө.

 ҮАБЗ-ийн үзэл баримтлал эдийн засгийн харьцааг 30:40:30 гэж заасан байдаг. Энэ нь хоёр хөрш 30 хувь, гуравдагч хөршүүд нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг эзлэх Үндэсний аюулгүй байдлаа хангахад зохимжтой гэсэн үг гэнэ. Өнөөдөр манайд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг үндсэндээ Оюу толгой төлөөлж байна. Энэ хөрөнгө оруулалт нь 11 тэрбум доллароос давсан мэдээ бий. Хэдийгээр үндсэн үйл ажиллагаа эхлээгүй ч тус орд жилд 400 орчим тэрбум төгрөгний татвар, хураамж Монголд төлдөг гэнэ.

 Эндээс харвал бидэнд бизнесийн таатай орчин бий. Зэс, нүүрсний дэлхийн хамгийн том зах зээл бидэнд ойрхон. Бидний амин хэрэглээ болсон оросын нефтийн бүтээгдэхүүн ч хол биш. Орлого олдог, зардаг хоёр зах зээл бидэнд хамгийн хямдаар тусна. Гэтэл “Яагаад ийм их баялагтай байж гуравхан сая хүнийг жаргааж чаддаггүй юм бэ” гэсэн зүхэл бараг хүн бүрийн амнаас гарна. Зарим үед гэр бүлээ бүү хэл хар толгойгоо авч явахад хүндэрдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үнэн хэрэгтээ манай эдийн засаг зах зээлийн эдийн засаг мөн үү гэдэгт олон хүн эргэлзэж эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй Европын тэргүүлэгч эдийн засагтай гүрэн, Германы канцляр А.Меркель Монголын УИХ-ын индэр дээрээс цөөн хэдэн үг хэлэхдээ монголчууд зах зээлийн эдийн засаг руу замнаж байгаад баяр хүргэсэн. Замнаж гэдэг нь зах зээлд ороогүй гэсэн үг гэнэ. Сонирхолтой нь Европын холбоо Монгол улсыг зах зээлийн эдийн засагтай орны жагсаалтад оруулдаггүй аж. Тийм учраас доноруудын бусад орнуудад өгдөг том том зээл, тусламж монголчуудыг тойрдог. Энэ жил монголчуудын хувьд маш хариуцлагатай жил болохыг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. Учир нь бид ирэх жилээс том өрүүдийг дарж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын сонгууль явагдана. Энэ сонгуулийг дэлхийгээс илүүтэй манай хөршүүд сонирхоод зогсохгүй оролцдог тухай С.Баярын “60 хоног, 60 бутархай” номд баримттайгаар өгүүлжээ. Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад оросууд нөлөөлсөн хэмээн сөрөг хүчин буруутгаж байсан нь саяхан. Тэгвэл хойт хөршүүд маань Монголын сонгуульд шууд оролцсон тухай баримт дэлгэгдлээ.

 Энэ жил манай эдийн засагт нүүрлэсэн хамгийн том аюул бол FATF-ын саарал жагсаалт болж таарна. Үүнээс болж Япон стратегийн түншлэлийн гэрээний хэрэгжилтээ, бусад орнууд амлаж байсан том бялуунуудаа зогсоолоо. ОУВС-тай байгуулсан гэрээ саарал жагсаалтаас эхлээд төсөв батлах хүртэл зөрчилдөөн үүссэн. Дээр нь ахмадуудын тэтгэврийн зээлийн өр хөнгөвчилнөөс болж үндсэндээ зогсов бололтой. Энэ нь энэ жилийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

 Дараагийн эдийн засагт нүүрлэх аюул бол өнгөрсөн УИХ-ын сонгууль дахь хойд хөршийн оролцоо. Үүнд сүүлийн үед ОХУ-тай дэлхийн II дайны дараах харьцаагаа болгоомжтой сэргээж байгаа БНХАУ ч таатай хандахгүй нь ойлгомжтой. Энэ тохиолдолд ногоон цаасны ханшийг тогтворжуулах асуудлыг Монголбанк биш, Оюу толгойн үйл ажиллагааны зардал болох хөрөнгө оруулалт, гадаадад амьдарч буй монголчуудын ар гэртээ илгээсэн долларын хэмжээ шийдэх гэнэ. Социалистуудад маш их таалагддаг “Эдийн засгийн алуурчид” гэдэг ном байдаг. Түүнд хөрөнгө оруулалт хийж ашиг олохын тулд эрх баригчдыг элдвээр дарамтлаад зогсохгүй, алж хяддаг тухай өгүүлдэг. Энэ номыг уншсан монголчуудын толгойд юуны түрүүнд Оюу толгой орж ирдэг. Орж ирээд зогсохгүй хөрөнгө оруулалтыг шүүх, улмаар хөөж гаргах тухай сэдэл төрнө.

 Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд долларын ханшийн өсөлтийг сааруулахад муу нэртэй Оюу толгой л аминд орох аж. Хэрэв төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөгний алдагдалтай батлаагүй бол жил төлөх том өрийн 70 хувийг төлөх боломж байсан. Сонгуульд зориулсан хэрэгтэй, хэрэггүй хөрөнгө оруулалтыг таначихвал ямар ч асуудал ирэх онд өр төлөгдөхөд боломжтой байсан аж.
Зарим эдийн засагчдын ярьж буйгаар ирэх жил дахиад л өрийг өрөөр дарахаас өөр гарц байхгүй. Гэтэл саарал жагсаалтын гайгаар бидэнд хямд зээл олдохгүй. Харин эрх баригчид энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарах тухай үлгэр ярьж байгаа нь сонгууль угтсан шоу л болоод өнгөрнө гэж зарим улстөрчид ярьж байна.

 Учир нь сонгууль зургадугаар сард болно. Эрх баригчид есдүгээр сарын хурлаар саарал жагсаалтаас гарахаа амлах юм байна. Өнөөдөр FATF-ын тавиад байгаа гол шаардлага нь авлига, арилжааны банкуудын нөөцөө нэмэгдүүлсэн мөнгөний эх үүсвэрийг тодотгох. Дээр нь зэвсгийн наймаатай, авлигатай холбогдсон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагууд байгаа.

 Гэтэл санаатайгаар хар жагсаалтад орох гэж байгаа мэт саяхан авлига авсан албан тушаалтныг шүүх суллаж орхив. Хачирхалтай нь түшмэдийн ширээн дээр хятадууд мөнгө хаячхаад зугтаахад нь түшмэд хойноос мөнгийг өгөх гэж хөөгөөд гүйцээгүй юм байх. FATF Монголын төрийн энэ даажинг зүгээр хараад суухгүй биз. Энэ байгууллагын хориг амьдралд нөлөөлөхгүй тухай түшмэдүүд ярьсаар ирсэн. Гэтэл долларын ханш өссөөр л байгаа. Харин долларын ханш яагаад өсөөд байгаа асуултад нэгэн түшмэл элэг хөшөөм хариулт өгсөн байх юм. Түүний үзэж буйгаар иргэдийн долларын ханшний үнэ өснө гэсэн айдас л долларын ханшийг өсгөөд байгаа гэнэ. Тэгвэл өнгөрсөн жилийн махны үнийн өсөлт мөнгө муутай иргэдийн айдсаас болсон болж таарах нь. Энэ тохиолдол бүгдээрээ бензиний үнэ буурах нь гэсэн айдаст автаж болох нь. Ийм үл бүтэх юм сэтгэж байгаа эрх баригчид өнөөдөр монголыг зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ гэж найдах аргагүй. Өнөөгийн эрх баригчид зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлнэ гэдэг худлаа гэнэ. Тэд зах зээлийн эдийн засгийн Эрээний ганзагын наймаагаар л төсөөлж байна. Гэтэл өнөөдөр эдийн засгийн тоогоор биш, бизнесийн орчин, хиймэл оюун ухааны түвшингээр хэмжиж эхэлсэн.

 УИХ Тавантолгойн хувьцааны 30 хувийг дэлхийн зах зээлд гаргах үүргийг Засгийн газарт өгсөн. Мэдээж саарал жагсаалтад орсон оронд хөрөнгө оруулах эрсдэлтэй. Гэхдээ ямар ч эрсдэлээс айхгүй орон бий. Энэ нь манай өмнөд хөрш. Тавантолгойн 30 хувийн хувьцааг авах магадлал, хөрөнгө оруулах сонирхолтой ганц орон бол БНХАУ. Гэхдээ өнөөгийн хавтгай ертөнцөд АНУ-д байгуулагдсан бусад орны компаниуд ч хувьцаа авах эрхтэй. Энэ жил хар жагсаалтаас гарч, Тавантолгойн 30 хувийг олон улсын зах зээлд борлуулж чадахгүй бол сонгуулийн дараа эдийн засаг ямар байхыг нөгөө бөө, удгануудаасаа эртхэн асуусан нь дээр болох вий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com