Дэлхий хавтгайрсан. Учир нь бид нэг нартай нэг дэлхий дээр бие биеэсээ хэт хамааралтай амьдарч байгааг өдөр бүр хүн төрөлхтний амьдрал харуулсаар байна. Байгалийн гай гамшиг, долларын ханш, нефтийн үнийн өсөлт, халдварт өвчин гэх мэт дэлхийн хүмүүсийн хувьд хамааралгүй зүйлс гэж үгүй.
Саяхан л БНСУ-д дуулдаж байсан корона хэмээх вирус өмнөд хөршид ороод иржээ. Шинэ төрлийн корона вирусээс үүдэлтэй хатгалгаа Хятад, Тайланд, Японд бүртгэгдсэний дараа БНСУ-д анхны халдвар авагч 20-ний өдөр бүртгэгдсэн байна. Уг вирус тун хурдацтай тархаж Хятадад илэрсэн бөгөөд Хятад улсын иргэн 35 настай эмэгтэй 19-нд Солонгосын хилээр нэвтэрсэн даруйдаа тусгаарлагдаж эмчлүүлж эхэлсэн.
Корона хэмээх вирус нь 2020 оны нэгдүгээр сарын эхээр анх Хятадын Хубэй мужийн Ухань хотод “Шинэ төрлийн Корона вирусээс үүсэлтэй уушгины хатгалгаа” өвчин илэрснээс өвчлөгсөдийн тоо ихэссээр 201-т хүрчээ. Ингээд нэгдүгээр сарын 18-19-ны хооронд хоёрхон хоног дотор 136 хүн нэмж бүртгэгдэж 21-ны байдлаар дөрвөн хүн нас бараад байгааг дэлхийн хэвлэл мэдээллүүд мэдээлж байна. Өвчлөгсөдтэй харьцсан 817 хүний 727 нь тодорхой шинж тэмдэггүй учраас хяналтаас гаргасан байна.
Мөн корона буюу MERS вирусийн халдвар авсан хүний тоо 23-аар нэмэгдэж энэ өвчнөөр өвчилсөн зургаа дахь хүн нас барлаа хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээллээ. Энэ өвчний халдварыг анх удаа сургуулийн хүүхэд авсан тухай мэдээ ч цацагджээ. Ингэснээр тус улсад уг өвчний халдвар авсан хүний тоо 87 болж байгаа юм. Шинээр халдвар авсан 23 хүний 17 нь өвчний халдвар аваад эмчлүүлж байсан анхны хүнийг хэвтэж байсан эмнэлгээс халдвар авсан байна. Одоогоор энэ өвчний халдвар тархаж болзошгүй хэмээн 2300 хүнийг хөл хорионд оруулан эмнэлгийн хяналтад байлгаж байна.
Америк, Австрали, Япон, Тайландад корона “айчлав”
Мөн Бээжин хот болон Гуандүнсоноос Уханий хатгаа авсан хүмүүс бүртгэгдсэн нь өвчинг Хятадын бусад орон нутаг руу дэгдүүлэх вий гэсэн айдсыг төрүүлж буй. Гуандүнсоноос бүртгэгдсэн хүн нь Уханиас ирсэн хүнээс халдвар авч хүнээс хүнд тусдаг гэж үзэхэд хүргэжээ. Уханий хатгаа бүртгэгдсэн орнуудаар аялаад өндөр халуурах, бие арзаганах, булчин өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж бусдад халдаахгүй байх арга хэмжээ авахыг эдгээр орны иргэдэд эрүүл мэндийн байгууллагууд сануулсаар байна.
Дараагийн айдас нь тэрбум хүн амтай Хятадын цагаан сар болохтой холбоотой. Хамгийн их айдас хүйдэст автах хүмүүс монголчууд. Хятадын Ухань хотоор дайрч өнгөрсөн хүмүүс халдвар авснаа мэдэлгүй гадаад руу явснаар өөр улс орнуудад корона вирусийн халдвар авагчид бүртгэгдэж эхлээд байгаа. Өчигдрийн мэдээллээр Америк, Австрали улсад илэрсэн тухай мэдээ дэлхийг айлгаад эхлэв.
ДЭМБ-ын удирдах зөвлөл өчигдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг хэлэлцэж, шийдэх гэж буй гэнэ. Хараахан шийдвэр нь гараагүй байгаа бололтой. Ийм онц байдлыг өмнө нь гахайн ханиад, эбола,зика вирусний тархалтын үед зарлаж байсныг хүмүүс мэдэх байх.
Уг вирус өргөн тархах магадлалтай Азийн орнууд ДЭМБ-ын шийдвэрээс үл хамааран өөр өөрийн арга хэмжээг авч эхлээд байна. Энэ сарын 16-ны өдөр Японы эрүүл мэнд хөдөлмөр халамжийн яам Хятадын Hubei мужийн Wuhan хотоос Японд буцаж ирсэн Канагава мужид амьдардаг 30-аад насны эрэгтэй, Хятадын иргэнээс корона вирус илэрсэн болохыг зарласан юм. Японд илэрсэн анхны бөгөөд одоогийн байдлаар ганц тохиолдол нь энэ бөгөөд Эрүүл мэнд хөдөлмөр халамжийн яамнаас үзвэл, халдвар авсан эрэгтэй нь нэгдүгээр сарын 3-наас Wuhan хотод байхаас эхлээд халуурсан бөгөөд 6-ны өдөр Японд ирээд Канагава мужийн эмнэлэгт үзүүлжээ. Мөн 14-ны өдөр Мүраяамагийн халдвар судлалын төвд шинжлээд Хятадад гараад байгаа вирустэй адил төрлийн вирус болохыг нь тогтоожээ. Халдвар авсан эрэгтэй нь эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд бие нь сайжирснаар 15-ны өдөр эмнэлгээс гарсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Японы Халдвар судлалын төвийн эрсдэлийн дүгнэлтээс үзвэл энэхүү вирус нь хүнээс хүнд дараалан дамжин халдварладаггүй болохыг мөн тогтоож халдвараас урьдчилан сэргийлэх арга болох гараа байнга угаах, маск зүүх зэрэг арга хэмжээ авахад болно хэмээн мэдэгдлээ. Нэгдүгээр сарын 24-нөөс Хятадад хаврын улирал эхэлсэнтэй холбоотой олон мянган жуулчид Японд айлчлан ирдэг. Энэ нь мөн л япончуудыг айдаст автуулах шалтгаан болоод байгаа юм. Халдвар авсан эрэгтэй нь энэ сарын 3-наас халуурч эхэлсэн боловч халуун буулгах эм ууж халуунаа дарснаар хилийн шалгалтыг давж чаджээ. Японы Эрүүл мэнд хөдөлмөр халамжийн яамнаас хилээр орж ирж буй хүмүүсийн хяналт шалгалтыг улам чангатгана хэмээн мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Австрали, Америкт уг вирус илэрсэн мэдээлэлтэй байгаа. Энэ шинэ төрлийн корона вирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй ажээ. Ухань хотод илэрсэн шинэ төрлийн корона вирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонгконгт нийт 650 орчим хүн амиа алдаж байв.
Уг өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс ихэвчлэн өвчилсөн гэсэн байна. Тиймээс эхний ээлжинд иргэдэд өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх, зорчлоо гэхэд амьтны аж ахуй захаар явахгүй байх, амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтны сэгээс хол байх, дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй, амны хаалт тогтмол хэрэглэж, гараа сайн савандан угааж, ханиалгахдаа амаа ханцуйгаараа дарж ханиалгах зэрэг хувийн ариун цэврийг чанд сахихыг анхааруулж байгаа юм. Учир нь уг вирусийн өвчний дэгдэлт нь амьтнаас анх үүссэн байх нь элбэг. Амьтдын хооронд дамжсан вирусийн халдвар нь илүү хүнд явцтай өвчин үүсгэх шинж чанараар өндөр бөгөөд зарим тохиолдолд амьсгалын дарангуйлал эсвэл хатгаа өвчин үүсгэж улмаар үхэлд хүргэх аюултай байдаг аж. Хэдий энэ удаагийн Уханий хатгааг үүсгэсэн корана вирус нь МERS, SARS үүсгэсэн вирусээс хүчтэй биш ч хүнээс хүнд дамжин халддагийг тогтоогоод байгаа юм.
Титэм вирус гэгч
нь юу вэ?
Корона вирус буюу титэмт вирусийн халдвар нь 1960 -аад оны үед хүний биед олджээ. Корона вирус буюу титэмт вирус хэмээх нэр нь уг вирусийн микроскопт харагдах байдлаас үүссэн нэршил аж. Уг вирусийн гадна бүрхүүл дэх пепломер уургууд нь титэм мэт харагддагаас латин хэлний корона буюу титэм хэмээн нэрлэсэн. Корона вирусийн халдвар нь хүмүүсийн дунд түгээмэл бөгөөд одоогоор хүнд халдвар үүсгэдэг нь батлагдсан корона вирусийн зургаан төрөл байдгаас дөрөв нь харьцангуй хөнгөн, хоёр нь хүнд өвчин үүсгэдэг нь мэдэгдээд байна. Корона вирусийн халдвар авснаас хойш биед дунджаар хэдэн өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг бөгөөд түүний дараагаас ихэвчлэн халуурах, ханиах, бага зэрэг амьсгаадах, гүйлгэх гэх зэрэг ханиад хүрсэн мэт шинжүүдийг үзүүлдэг.
Уг вирус нь удамшил генетикийн хувьд илүү олон төрөлтэй учраас өөр зүйл эсвэл эзэн амьтдын хооронд дамжин халдварлах чадвар өндөртэй байдаг. Тиймээс хүмүүсийн дунд гарах корона вирусийн өвчний дэгдэлт нь мэрэгчид болон шувууд зэрэг өөр амьтнаас анхлан үүсч гарсан байх нь элбэг. Ингэж өөр зүйлийн амьтдын хооронд дамжсан вирусийн халдвар нь илүү хүнд явцтай өвчин үүсгэх шинж чанараар өндөр бөгөөд зарим тохиолдолд хатгаа өвчин үүсгэж улмаар үхэлд ч хүргэх аюултай.
2002-2003 оны хооронд дэлхийн 29 оронд тархаж 8000 гаруй хүнийг өвчлүүлсэн SARS-CoV вирусийн халдварын улмаас 774 хүн нас барж байсан бол 2012 онд Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийн вирус шинээр гарч Арабын хойгийг хамран тархаж байв. Дээрх хоёр тохиолдолд вирус гарсан эх үүсвэр нь амьтад байжээ. Түүнчлэн уг вирусийн тархалтын эхэн үеийн халдварууд нь амьтнаас хүнд дамжиж байсан байна.
Корона вирус нь амьтан хүний хоорондох шууд харьцаанаас халдахаас гадна ханиах, найтаах гэх мэт үед агаарын замаар дамжина. Мөн хоол хүнсээр буюу түүхий болон шүүрхий мах, амьтны гаралтай бусад түүхий бүтээгдэхүүнээр халдвар дамждаг. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн, амьтны гаралтай бүтээгдэхүүнд болгоомжтой хандах хэрэгтэй.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яам цагаан сарын баярын үеэр тус оронд явагддаг олон сая хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан вирус тархахаас сэргийлсэн олон нийтийн газруудыг ариутгах гэх мэт арга хэмжээнүүдийг шат дараатай авч эхлээд байгаагаа мэдэгдсэн.
Монголын цагаан сар болохтой холбогдуулан иргэд өмнөд хөрш рүү олноор явдаг. Харин энэ удаад мэдээлэлд ойрхон байж өвчний голомт руу явж мөнгөөрөө үндэстэндээ аюул тээж ирэхгүй байхыг анхааруулж буй. Азийн бусад орнууд ч БНХАУ-д, нэн ялангуяа Ухань хотоос ирж буй жуулчдад нэн анхааралтай хандаж буй бөгөөд халуурч буй өвчтөнүүдийг илрүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч эхлээд байна.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс Ухань хотод зорчиж буй хүмүүст зориулан албан ёсны анхааруулга гаргасан. Үүн дотор ханиаж найтаасан, нус цэрээ ил задгай хаясан хүмүүсээс аль болох хол байх хэрэгтэй. Гараа савантай усаар тогтмол угааж хувийн ариун цэврийг ягштал мөрдөж хэвших нь чухал гэдгийг чухалчилсан байна.
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр тухайн халдвар нь БНХАУ дотроо өндөр, бүс нутгийн хэмжээнд дунд, олон улсын хэмжээнд бага гэж үнэлэгдсэн. Ухань хот бол БНХАУ-ын үйлдвэр, худалдаа соёлын томоохон төв. Дэлхийн 28 хот руу шууд нислэг хийж байгаагийн хамгийн ойр нь Бээжин, Хонконг байна. Манай Улс Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар- Хонконг, УБ-Эрээн чиглэлийн нислэг үйлдэж байгаа бөгөөд Хонконгоос долоо хоногт есөн удаагийн нислэгээр 744 зорчигч, Бээжингээс долоо хоногт 14 удаагийн нислэгээр 1600, Эрээнээс долоо хоногт 10 удаагийн нислэгээр 600 орчим зорчигч хил нэвтэрч байгаа. Энэ нь уг вирусийн халдвар ялангуяа агаарын хилээр дамжин орж ирэх эрсдэлтэйг харуулж байна.
Тиймээс аюулт өвчний вирус бидний зам дээр хүлээж байгааг бодолцон өөрийнхөө болон бусдынхаа өмнөөс анхааралтай хандаж аялал жуулчлал, арилжаа наймааныхаа аянд гарахаа түр азнасан нь өлзийтэй байх болов уу.