З.ГЭРЭЛ
Системээр нь шийдэж чадахгүй учраас сэлэм эргүүлдэг эрх баригч намын даргын үйлдэл намын залуучуудад нь ч мөн халдаж буй бололтой. Монголд ашгийн болон ашгийн бус байгууллагын зааг ялгаа багасч, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөөр халхавчилсан ТББ-ын асуудлыг цэгцлэх, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих шаардлага бий.
Гэхдээ үүнийг ардчиллын үр жимс болсон иргэний нийгмийн байгууллагуудын мөн чанарыг үгүйсгэхгүйгээр зохицуулах учиртай.Гэтэл жил орчмын өмнө УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилж, УИХ-д өргөн барьсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль ардчиллын тэрхүү зарчмыг бүхэлдээ үгүйсгэсэн, иргэний нийгмийн орон зай, хөгжлийг сааруулах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах өндөр эрсдэлтэй, цаашлаад бизнес эрхлэгчдийн эрх ашигт харшлах зохицуулалтууд их байна.
Нийгмийн ямар ч харилцаа оролцогч талуудын эрх ашигт бүрэн нийцэж, ямар нэг байдлаар үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ жигдэрч, цэгцэндээ ороход тодорхой цаг хугацаа шаарддаг. Түүнээс биш хуулиар далайлган тас цавчих замаар хэрэгжүүлэх нь өөрөө нийгмийн нэг хэсгийн эрх ашигт харшилж, гажуудал бий болгодог.
Тиймээс Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ чигээр нь баталж болохгүй хэд хэдэн болгоомжлол байна.
Эхнийх нь, тус хуулийн төсөлд дурдсанаар мэргэжлийн нэгдсэн холбоо нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний оролцоотой байна гэж заасан. Гэхдээ байгуулдагдаж, улсад бүртгүүлэхээсээ өмнө заавал харьяа яаманд хүсэлт гаргаж, шаардлагатай бичиг баримтыг үндэслэн Сайдын зөвлөлийн хурлаар орж зөвшөөрөл авах зохицуулалттай. Зөвшөөрөлгүй бол мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа эрхлэх боломжгүй аж. Энэ бол ардчилсан нийгмийн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан явдал.
Мөн хуулийн төслийн 9 дүгээр зүйлд мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны механизмыг тусгасан нь иргэний нийгмийн байгууллагууд хараат бусаар, бие даан үйл ажиллагаа явуулах зарчимд тэр чигтээ харшилж байна. 9 дүгээр зүйлд зааснаар мэргэжлийн нэгдсэн холбоод нь Үндэсний нэгдсэн зөвлөлтэй байх бөгөөд уг зөвлөл нь Ерөнхий сайдын шууд удирдлагад байх аж.
Харин Үндэсний нэгдсэн зөвлөлийн гишүүд салбарын яамны сайдын зөвлөхийн ажил үүрэг гүйцэтгэх ба тэрхүү ажил үүргийн чиглэлийг мөн Ерөнхий сайд батлах юм. Хар ухаанаар ойлгоход, Ерөнхий сайд кабинетын сайд нараас гадна дахиад сайдын зөвлөхүүдийн “Ерөнхий сайд”-ын албыг давхар хаших нь.
Сайдын зөвлөхүүдийн хийх гол ажил нь мэргэжлийн нэгдсэн холбоодоо удирдлага зохион байгуулалтаар хангаж, салбар дундын уялдаа холбоог зохицуулан, төр засгийн хөгжлийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлнэ гэв. Үүнээс харахад, Үндэсний нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа салбарын яам болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг орлох бололтой. Мушгиж гуйвуулах гэсэнгүй. Гэхдээ мэргэжлийн нэгдсэн холбоо болон Үндэсний нэгдсэн зөвлөлийн чиг үүрэг нь төрийн болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай ижил төстэй, давхардал хийдэл ихтэй байна. Тухайлбал, хуулийн 10 дугаар зүйлд мэргэжлийн холбооны чиг үүргийг салбарт хамаарах асуудлаар мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх гэжээ. Үүнийг чиг үүргээрээ салбарын яам хариуцдаг бөгөөд шаардлагатай үед олон улсын байгууллага төдийгүй зөвлөхүүд яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажил хангалттай хийдэг.
Мөн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хөгжлийг дэмжих судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй гэж заажээ. Гэтэл энэ бүх үйл ажиллагааг хариуцдаг Үндэсний хөгжлийн газар болон салбарын яам, Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг агентлагууд бий. Хэрэв энэ ажлыг мэргэжлийн нэгдсэн холбоод хийнэ гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр тэр том бүтэцтэй хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний хөгжлийн газартай байх шаардлага байхгүй. Улс өрөө төлж чадахгүй, цалин тэтгэврээ олигтой нэмж чадахгүй байгаад данхар бүтцийг давхар санхүүжүүлэх хэрэг юун.
Уг хуулийг баталбал мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, мөрдүүлэх ажлыг бас мэргэжлийн нэгдсэн холбоод хийж таарах аж. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллага болон нийгмийн бусад салбарын төлөөллөөс бүрдсэн баг холбогдох стандартыг хамтран баталж, мөрдүүлсээр ирсэн.
Бас салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны нэг хэсэг болно гэдэг бодит амьдралд нэг л буухгүй шийдэл. Хүний нөөцийн бодлого хариуцсан болон тухайн салбарын яамд хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллаж, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай зохицуулалтыг л хийж явахаас биш төрийн болон хөндлөнгийн хэт оролцоо гажуудлыг улам л тэлэх аюултай.
Уг хуулийн төслийг өргөн барьснаас хойш төрийн байгууллагатай нийлж тендер “цохих” зорилготой гэж нэлээд шүүмжлэлд өртсөн. Үнэхээр ч тэгж хардахаас аргагүй зохицуулалт уг хуулийн 10.1.7, 10.1.8-д оржээ. Уг зохицуулалтаар дотоодын зах зээлийг хамгаалах нэрийдлээр гаалийн болон импортын татвар нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газраар батлуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэх ажлуудыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах аж.
Энэ зохицуулалтын хүний эрхэд үзүүлэх нөлөөг буруу тооцсон гэж иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл үзэж байгаа юм. Тухайлбал, мэргэжлийн холбоод нь гаалийн татвар, НӨАТ зэрэгт санал оруулах зохицуулалттай байгаа нь төр-хувийн хэвшил нийлэн эрх мэдлээ ашиглан хүний эрхийн зөрчлийг үүсгэх, мэргэжлийн холбоонд гишүүнчлэлгүй бизнесийн эрх ашгийг зөрчих нөхцөл болж буй юм.
Уг нь салбарын мэргэжлийн холбоо байгуулснаар тус салбарт үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл авах боломж нэмэгдэх, хамтын ажиллагаа сайжрах зэргээр Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хангахад эерэг нөлөө үзүүлэх ёстой. Харамсалтай нь, ийм боломжийг нээх зохицуулалт хуулийн төсөлд бараг харагдахгүй байна.
Эдийн засгаас хараат бол улс төрөөс ч мөн хараат гэсэн бичигдээгүй хууль бий. Гэтэл хуулийн төсөлд мэргэжлийн холбоод улсын төсвийн хөрөнгөөр санхүүжилтийн нэг хэсгээ бүрдүүлэх боломжтой гэж заажээ. Энэ нь иргэний нийгмийн төрөөс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлах бас нэг шалтгаан болж байна. Энэ бүх үндэслэлийг иргэний нийгмийн төлөөлөл болсон 200-аад ТББ-ын 10 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд боловсруулан гаргасан байна.
Одоо өргөн баригдаад Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь үзэл баримтлалдаа хэрэгцээ шаардлагаа тодорхойлсон ч боловсруулалт муутай болсныг Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа ярилаа. Тиймээс уг хуулийг батлахын өмнө иргэний нийгмийн талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг батлах, түүний хүрээнд холбогдох хуулиудыг батлах шаардлагатай хэмээн халаасны биш, эрүүл тогтолцоотой, нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл үзэж буй.
Хэрэв бодитой тооцоо судалгаанд үндэслээгүй уг хуулийг баталбал нийгмийн олонхын биш цөөнхийн эрх ашигт илүү үйлчилж ардчиллын ололт амжилтаа үгүйсгэсэн хэрэг болох нь. Төр, иргэний нийгэм хоёр хэзээ ч нэг хөнжилд байдаггүй.