Т.ЭРДМАА
Өвөрмонголын Жининь хотоос зургаан настай хүүхэдтэй хамт орж ирсэн эмэгтэйгээс үхлийн аюултай хэмээж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл өчигдөр (2020.01.23) түгсэн. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Зам-Үүд боомтоор зургаан настай хүүхэд, түүнийг дагуулж явсан ээж нь халуурсан шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний дээж Замын-Үүдээс удахгүй ирнэ. Хариу нь маргааш (2020.01.24) гарна гэлээ" хэмээн мэдээллээ. Хүүхэд, ээж хоёрыг Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан байна. Эх, хүүхэд хоёр Өвөрмонголын иргэн учраас тэднийг нутаг буцаахаар болсон аж. Харин автобусанд хамт явсан Монгол Улсын 17 иргэнээс тархвар судлалын асуумж авч, үзлэгт хамруулжээ. Тэгэхдээ тэднийг ХӨСҮТ-д тусгаарлан хэвтүүлсэн байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Замын-Үүд боомтоор коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж үнэн үү?
-Улсын хэмжээнд “2019-nCoV” короновирус бүртгэгдээгүй. БНХАУ-аас Монгол Улс руу ирж буй ээж, охин хоёрыг шалгасан. Ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуунтай шинж тэмдэг илэрсэн. Хилийн хяналтыг чангаруулсан байгаа.
Тодорхой өвчлөл гарч буй орноос зорчиж ирсэн гэдэг утгаар хүмүүсийн халууныг үзэж халуурсан бүлээрсэн шинж тэмдэггүй хүнийг хилээр нэвтрүүлж байна. Ерөнхийдөө коронавирусийн сэжигтэй үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ. Өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүнд болох. Ямар хүмүүс өвдөж байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан, архаг суурь өвчтэй дархлаа суларсан хүмүүст хүндээр тусч байна. Тиймээс иргэд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаагаа дэмжвэл энэ халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хилээ хаах шаардлагатай гэдгийг иргэд хэлж байна. Хилээ хаах боломжтой юу?
-Хил хаах тохиолдол маш ховор. Тухайн орон нутагт эрүүл мэндийн ноцтой тохиолдол гарсан үед хаана. Шинжилгээний дүн, нөхцөл байдлыг харзнаж эхний ээлжинд хил хаахгүй, хяналтаа сайжруулна.
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа:
-Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч байна. Эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байгаа. Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор ХӨСҮТ, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн ХХЕГ, ГХЯ, МХЕГ-тай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна гэлээ.
Монгол Улсын 19 оюутан Ухань хотод хөл хорионд оржээ
БНХАУ-д үхлийн аюултай хэмээж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Үүнийг дагаад тус улсад амьдарч буй монгол иргэдийн асуудал хөндөгдөж буй. Одоогийн байдлаар халдварын голомт болох Ухань хотод 19 орчим Монгол оюутан байгаа аж. Харин 250 гаруй оюутан Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан эх орондоо иржээ. БНХАУ-д Монгол Улсын 10 мянга орчим иргэн оршин сууж байна. Урд хөрш рүү зорчих монголчуудын тоо жилд давхардсан тоогоор 1.8 саяд хүрдэг аж.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын 19 оюутан бий гэсэн тоо байна. Элчин сайдын яаманд 10 хүний бүртгэл байгаа юм. Бүртгэлийг үргэлжлүүлж байгаа. Ухань хотод зургаан их дээд сургуульд 250 гаруй Монгол оюутан сурдаг гэсэн мэдээллийг оюутны холбооноос нь гаргасан. Хятадад цагаан сарын баяр эхэлж буй тул сургуулиудын хичээл нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын дунд үе хүртэл амарна. Иймд тус улсад сурдаг Монгол Улсын ихэнх оюутан эх орондоо ирээд амарч байна. Эх орондоо ирсэн монгол оюутнуудын тухайд сургуулийнх нь амралт сунгагдсан эсэх талаар нарийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, өвчний тархалтын нөхцөл байдлыг ажиглахыг зөвлөе. Оюутнуудыг хянаж шалгах талаар Гадаад харилцааны яамнаас хариуцахгүй. Эрүүл мэндийн яамнаас Монголд ямар нэгэн халдвар авсан хүн байхгүй гэх мэдээлэл өгсөн. Өнөөдрөөс эхлэн Ухань хотод нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, тэнд оршин суугчдыг нэн шаардлагатай биш бол хотоос гарахгүй байх хөл хорио тогтоолоо. БНХАУ-д Элчин сайдын яамнаас гадна Шанхай, Хөх хот, Эрээнд Консулын газар бий. Эдгээр дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тэнд буй оюутан, зорчиж байгаа иргэдэд тухай бүрт нь сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Иргэддээ БНХАУ-ын Засгийн газраас гаргаж буй сэрэмжлүүлэг мэдээллийг дагахыг зөвлөж байгаа. Шаардлагатай бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газар зорчихгүй, амны хаалт зүүж гараа сайтар угаахыг зөвлөж байгаа гэсэн үг. Монголд ч бас иргэддээ сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна.
Коронавирус мал амьтнаас гадна хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдсон учраас БНХАУ-тай хил залгаа Энэтхэг, Япон, БНСУ, Тайланд улс орнуудад өвчний шинж тэмдэг илрээд байна. Тиймээс бид гадаадын улс орнуудад илэрсэн коронавирусийн тохиолдол бүрийг анхааралтай ажиглаж, тухайн улс орнуудын иргэдэд виз олгохдоо өндөр хяналт шалгалт тавьж байгаа. Тэр тусмаа халдвар тархсан голомтын бүсээс ирж буй иргэдэд тавих хяналтаа чангаруулсан. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа. Олон Улсын Чингис хаан нисэх буудалд халуун хэмжигч байршуулсан тул халуун мэдрэгчээр зорчигчдыг хянаж байгаа. Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад буй иргэд, гадаадын улс орнуудыг зорьж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ажилладаг.