Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, эх баригч эмч Р.Дуламсүрэнтэй ажил, амьдралынх нь талаар хөөрөлдлөө.
-Монголчууд хүйн ээжийг хүндэлж, хайрладаг өвөрмөц соёлтой ард түмэн. Таны хувьд ямар хувь тохиолоор энэ сайхан мэргэжлийг эзэмших болов оо?
- Миний хувьд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж өссөн. 1988 онд наймдугаар ангиа төгсөөд Дарханы анагаах ухааны дунд сургуулийн эмчилгээний ангид орж байлаа. Багаасаа эмч болж их тоглодог байсан ч яг эх баригч болно гэж бодож явсангүй. Намайг бага байхад ээж минь үргэлж эм зууж явдаг, толгой нь их өвддөг хүн байсан. Тэгээд л ээжийгээ энэ өвчнөөс салгах юм сан гэдэг бодлоор анагаах ухааны дунд сургуульд орсон. Хүмүүн заяаг тэгшилдэг хүйн ээж гэдэг хүндтэй мэргэжлийг энэ сургуульд байхдаа сонгож, олон сайхан багш нараар хичээл заалгаж байлаа.
-Ажил, амьдралын гараагаа хаанаас яаж эхэлж байв?
-Оюутны нэгдүгээр курст байхдаа аавдаа судсаар кокор тариа хийх гээд судсыг нь ололгүй найман удаа хатгаж байсан. Аав манайд орж ирсэн хүнд “Энэ анагаахад сурч байгаа хүний байгааг хар даа” гэсэн. Түүнээс хойш би ахиж судас тариаг алдаагүй. Ингээд 1992 онд сургуулиа төгсөөд төрөлх Уянга сумандаа очиж ажиллалаа. Сумын цагдаа супер гэдэг шиг сумын эмч, сувилагч нар бүх л төрлийн дуудлагад явна. Төрөхийн дуудлагад анх явахдаа мотоцикльтой, жинсэн өмд, яактай явж байлаа шүү дээ. Очоод төрөх гэж буй ээжийг мотоциклийн ард суулгаад, өөрөө мориор хориод км яваад очсон. Буугаад алхах гэсэн чинь хоёр гуя шал хөндүүр. Намайг ажиллаж байх үед н.Цогбадрах эмч, н.Ганбаатар эмч, Алтаа эмч гээд олон мундаг хүмүүс ажиллаж байсан. Тэднээсээ их ч зүйл сурсан. Манай Уянга чинь 10 мянга гаруй хүн амтай, найман багтай том сум байлаа. Тэр үед хөдөө орон нутагт ханиад томуу, менингет гэх мэт өвчлөл маш их байсан. Бид бараг гэртээ унтана гэж байхгүй. Жилд 210-270 хийсвэр хагалгаа хийнэ. Төрөлх сумандаа сайхан ард түмэн, хамт олны дунд их зүйл сурч мэдсэндээ баяртай байдаг.
-Хамгийн анх хүүхэд эх барьж авсан үеэ эргэн дурсана уу?
-Дарханы анагаахын сургуулийн н.Сарангэрэл багшаасаа их зүйл сурсан. Багш бидэнд, “Гоёж гангалахыг хэн ч сурчихна. Мэргэжлийн ур чадварыг практикт маш сайн сурах хэрэгтэй” гэдэг байлаа. Сургууль төгсөхөд хамгийн их түшиг болж байсан зүйл бол лекцийн тэмдэглэл. Дөрөвдүгээр курст байхдаа анхныхаа хүүхдийг эх барьж авсан. Тэр үед маш их айж сандарч байлаа. Өөрийгөө маш их бэлдсэн. “Дуулаа чи бачимдаж, сандарч болохгүй шүү. Чи төрөлтийг маш зөв удирдах ёстой” гээд бүх хичээл толгой дотор эргэлдэж байлаа. Тэр үед яаж эх барьж авснаа мэддэггүй. Хүүхэд төрлөө, хүйгээ тасаллаа. Яг таван минутын дараа ихэс гарлаа, умайн агшилтаа шалгалаа. Эхийн хэвлий дээр жингээ тавиад, дулаацуулж, бүлээцүүлээд, хоол цайг нь идүүлж уулгаад сая тайвширсан. Хоёр цаг дотор тайвширч чадахгүй байсан шүү.
-Хүүхэд хүйн ээжийнхээ зан аашийг дуурайдаг гэж хэлэлцдэг. Энэ хэр үнэний ортой санагддаг вэ?
-Эхэндээ би чинь юу ч мэдэхгүй жаахан хүүхэд баахан хүүхэд эх барьж аваад яваад байсан. Хөдөөнийхөн харин их учир жанцантай. Миний хүүг төрүүлсэн босгон дээр сүү дусаагаад оруулдаг байсан. Би чинь их махсаг хүүхэд байлаа. Түүнийг мэдээд хөдөөнийхөн өвчүү, дээлийн торго, хонь өгнө. Би чинь мэдэхгүй юм чинь ээж аавдаа аваачаад л өгдөг байсан. Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд зургаан мянга гаруй хүүхдийг эх барьж авчээ. Сонсоод байх нь ээ, хөөрхөн дуулдаг, СУИС-д сурдаг охин ч байна, спортын дэд мастер ч байна. Би чинь өөрөө нутаг орноосоо хол байдаг болохоор тэр бүр мэддэггүй. Тухайн үедээ яаж тэр ээжийг өвдөлтгүй, эсэн мэнд төрүүлэх вэ, хариуцлага алдахгүй байх вэ гэж л боддог байсан болохоос хэний хүүхдийг эх барив гэж бодох юм байсангүй. Одоо бодоход хүйн ээжээ дуурайдаг гэдэг үнэний ортой юм шиг санагддаг. Би чинь чаддаг юмгүй, чаддаггүй юмгүй, юм юманд дөртэй хүүхэд байлаа. Урлаг, сурлага, спортын аль алинд нь идэвхтэй оролцож явдаг хүн л дээ. Бас аливаа зүйлийг маш хурдан сурдаг, юманд чин сэтгэлээсээ ханддаг, уйланхай, зөөлөн сэтгэлтэй хүн. Эх баригч мэргэжил минь миний амьдрал, нэр хүндийн хамгийн том түлхүүр байсан.
-Таны хувьд монголын анхны интернационал “Хадагтай” эмнэлэгт ажиллаж байсан юм билээ. Эх баригч эмч мэргэжлээрээ өөрийгөө олон түмэнд таниулж явсан алтан үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-2003 онд Улаанбаатарт ирээд “Хадагтай” эмнэлэг эх баригч шалгаруулж авна гэсэн зарын дагуу шалгаруулалтад орсон. Энд н.Ичинхорлоо эмч, н.Отгонболд эмч нартайгаа хамтарч олон зуун эхчүүдийг эсэн мэнд төрүүлж байлаа. Тухайн үед их эмч нар маань эмнэлгийнхээ гурван давхарт амьдардаг байсан. Намайг жижүүрт гарсан эхний шөнө н.Алтанзул гээд эмэгтэй төрөх гээд өвдөөд ирсэн. Би хүлээж аваад, хүнээ хянаад, ургаа хянаад, өвчтөний түүхийг хөтлөөд, өглөө 0:5 цагийн үед төрүүлсэн. Өглөө нь н.Ичинхорлоо эмч орж ирээд “Туяа шөнө машин дуугараад байсан. Юу болсон бэ” гэж байна. “Өө багшаа би, н.Алтанзулыг ирэхээр нь төрүүлчихсэн” гэсэн чинь багш төрөлтийн явц, сторитой танилцаж үзчихээд “Хөдөө ажиллаж байсан хүн шал өөр шүү” гэж магтаж байлаа. Тэр эмэгтэй урьд нь пластик хагалгаа хийлгэж байсан юм. Тийм хүнийг би хярзангийн урагдалгүй төрүүлсэн дээ. Ер нь Уянга суманд ажиллаж байхдаа ч эхийг хярзангийн урагдалгүй төрүүлдэг байсан. Ингээд ийм сайхан нэрийг ард түмнээсээ хүртсэндээ баяртай байдаг.
-Энэ чадварыг та яаж өөртөө бий болгосон бэ?
-Эх баригч эмч ерөнхийд нь төрөлтийг удирддаг. Хэдийд яаж ургаа хамгаалах вэ, эхийг яаж дүлүүлэх вэ гэдэг нь цэвэр эх баригчийн тактик байдаг. Үүнийг Дарханы анагаахын багш нараасаа л сурсан даа.
-Тухайн үед “Хадагтай” эмнэлэгт монголын хамаг л нэртэй, зүстэй хүмүүс очиж төрдөг байсан гэлцдэг?
-Тэгэлгүй яах вэ. Сүүлдээ манай эмнэлэгт хандсан хүмүүс Дуулаа эмч дээр төрүүлнэ гэдэг болсон. н.Отгонболд эмч маань нэг пажеротой байлаа. Шөнө орой ч хамаагүй манай гадаа ирээд “Дуулаа, хоёулаа нэг хагалгаанд оръё, хүн төрүүлье” гэдэг болсон. Бид хоёр чинь заримдаа бүр гэрт нь очиж төрүүлнэ. Манай эмнэлэгт “Камертон”-ны Мээдээ, дуучин Номин, жүжигчин Мөнхсайхан, дуучин Ариунаа, Баясгалан гээд олон хүн төрж байсан. “Моннис” группийн захирал Чулуунбаатар хүүхдээ төрүүлэхээр ирж байлаа. Тэр үед би түүнийг том группийн захирал гэж мэдэхгүй. Хүүхдийг нь эх барьж авсан. Удалгүй “Дууяа эгч ээ, та манай хүүхдийг хэдэн өдөр усанд оруулаад өгөөч” гэсэн. Би ч бодож санах юмгүй тус болно. Бас тэр үед н.Чулуунбаатар нэг эмчилгээ хийлгэж байсан. Намайг хэд хоног тариа хийгээд өгөөч гэхээр нь “За” гэсэн. Тэгээд л өглөө, өдөр, орой хэзээ ч хамаагүй, хаа байгаа газарт очоод тариаг нь хийж өгдөг байлаа. Сүүлд бодох нь ээ, Намайг энэ ямар шуналтай эгч вэ гэж бодсон болов уу гэж бодогддог. Тухайн үед би тэр хүний цагийг нь алдуулахгүй, тариаг нь аятайхан хийгээд өгөх юм сан гэж боддог байсан. Түүнээс илүү дутуу юм бодох шуналын сэтгэл надад байсангүй. н.Чулуунбаатар захирал надад нэг удаа “Дууяа эгч ээ та Таван шард байрны үнэ ямар байна, нэг судалчхаарай” гэж байсныг мартдаггүй. Тэр үед надад хотод байртай болчих юм сан гэсэн мөрөөдөл ч байсангүй. Нэг их анзааралгүй орхисон. Ажлаа зөв сайн хийх юм сан гэдэг хүсэлтэй байлаа. Одоо ч тийм. Бас жирэмсэн ээжүүд, анхны төрөгчид хөхөө арчилж чаддаггүй тал бий. Тийм ээжүүдэд хөх арчилгаа, хүүхдээ зөв амлуулах тал дээр их зөвлөгөө өгнө. Гэрт нь очиж массаж хийж өгнө. Тэр бүхэнд чин сэтгэлээсээ л ажилладаг байсан.
-Ийм сайхан буянтай ажил хийдэг хүн бусдаас чин сэтгэлийн талархал бишгүй сонсч байсан байх. Хамгийн сайхан, дотно сэтгэгдэл төрүүлсэн нь юу байв?
-Би аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болохоор бусдаас сайхан үг сонсч, талархсан харцаар бишгүй шагнуулж байсан. Тэр бүхнийхээ үр шимээр өдий дайтай эрүүл саруул, элэг бүтэн, амар жимэр аж төрж явна гэж боддог. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуай надад нэгэн удаа гэнэтийн бэлэг барьсан. Манай “Хадагтай” эмнэлгийн шинэ жил дээр гэнэт орж ирээд их гоё үгтэй, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байлаа. Түүнийг ер мартдаггүй. Манай урлаг, соёлынхон ер нь их романтик сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Хүйн ээжийг маш их хүндэлдэг. Надад тоглолтын урилгаа байнга өгнө. Бас надад эх барихын “А” үсгийг заасан багштайгаа нэг өдөр Засгийн газрын ордонд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цолыг авч байлаа. Энэ бүхэн миний ажил мэргэжлийн буян заяа болов уу гэж боддог.
-“Эх баригч эмчээр ажиллаж байсан гэхэд би В,С вирус авч байгаагүй” гэж та хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Ер нь эх баригч эмч дөнгөж төрсөн хүүхдийг гардаж авдаг гэдэг утгаараа В,С вирус авах өндөр эрсдэлтэй байдаг. Ялангуяа хөдөө орон нутагт дээхнэ үед өвчлөл их байсан. Би ч вирусийн талаар ойлголт муутай байлаа. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг шиг. Тэр үед бээлий ч ховор. Гараа угааж, ариутгаад л дотуур үзлэг хийнэ. Хөдөө гадаа ямар ч нөхцөлд хүн төрүүлнэ. Ус нь хагарахаар нүүр лүү үсэрнэ. Өчнөөн олон хүнтэй харилцдаг байсан. Гэхдээ бие эрүүл, дархлаа сайн байсных юм уу ямар нэг халдвар авч байгаагүй.
-Эмч мэргэжлийг сонгосон хүмүүс ихэнх нь ижий, ааваа эмчлэхсэн гэсэн гэгээн хүслээр энэ мэргэжлийг сонгодог юм билээ. Таны хувьд энэ мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
- Эх баригчаар ажиллаж байсан ч үргэлж ээжийгээ яаж эмчлэх вэ гэж боддог байсан. Тийм болохоор Этүгэн дээд сургуульд сурч, өөрийгөө олон зүйлд сорих болсон. Улмаар бариа засал, зүү төөнүүр сурч, ээжийгээ тарьж, барьдаг болсон. Ээж эхэндээ “Чиний барьдаг гэж юу байх вэ” гэдэг байснаа сүүлдээ “Дуулаа чи л барихгүй бол хэцүү байна” гэдэг болсон. Ямар ч гэсэн ээжийнхээ толгойн өвчнийг намдаасан. Одоо ээж аав хоёр минь ная гарсан азай буурлууд эрүүл саруул, эргээд бидэндээ эмч болоод явна. Аав маань нутагтаа эмийн ургамал хатаадаг. Орос хэлтэй. Уянгад хэл, уранзохиолын багшаар ажилладаг байсан хүн л дээ. Аавд эм тариа аваад очихоор “Энэ чинь аавынх нь элэг, бөөр хоёрт жаахан тааруу юм уу даа” гээд сууж байна. Бас аав минь Уянгын хүрээ гэгддэг Ганданцэмпэлин хийдийг дахин сэргээхэд гар бие оролцож явсан хүн дээ.
-Таньтай ярилцаж суухад өнөөгийн хүмүүст ховордоод байгаа чин сэтгэл гэдэг зүйл үнэртэх шиг болж байна. Энэ зүйл эцэг эхээс заяадаг юм уу, хүн өөртөө төлөвшүүлж бий болгодог юм болов уу?
-Би гуравдугаар анги хүртлээ эмээтэйгээ хамт байсан. Эмээ минь надад “Ээ дээ хүү минь хүнтэй зөв харьцаж, зөв сэтгэлээр хандаж яваарай” гэж сургадаг байсан. Би энэ мэргэжлээ сайн эзэмшиж, бусдад тус болж явах сан гэж боддог хүн. Түүнийхээ ачаар хаана ч очсон тус болж байсан хүмүүстэйгээ таардаг. Аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг болохоор дандаа сайн сайхан хүмүүстэй таарч явдаг. Даанч үүнийг минь сүүлийн үеийн хүмүүс ойлгодоггүй юм шиг санагддаг. Миний эрхэмлэж ирсэн энэ үнэт зүйл одоогийн хүмүүст, хотынхонд их хомсодсон юм шиг бодогддог. Хүмүүст чин сэтгэлээсээ хандахаар “Энэ хүн яагаад ингэх болов” гэж хардаж, сэрдэх маягтай. Хүн гэдэг амьтан мэдлэгтэй, мөнгөтэй болох тусмаа сэтгэл нь хоосон болчихдог юм шиг ээ.