Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар нь агаар болон ахуйн замаар тархдаг. Одоогоор эмчилгээний арга тодорхойгүй, хурдацтай тархаж байгаа энэхүү вирус манай улсад илрээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байна.
ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Тиймээс өнгөрсөн баасан гарагт Улсын Онцгой комисс/УОК/ -ын хуралдаанаас өмчийн хэлбэр үл харгалзан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 27-оос эхлэн улс орон даяар мөрдөхөөр заасан юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахыг цахим ертөнцөд оюутнууд идэвхтэй өрнүүлсэн бол иргэд хилээ хаахыг шаардаж байсан. Тэгвэл өчигдөр Улсын Онцгой комиссын дарга Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргасныг танилцууллаа.
Коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх төсвийг шийдвэрлэжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг худалдан авах, эмч, эмнэлгийн ажитнуудын илүү цагийн хөлс, түлш шатахуунд шаардагдах, мөн зорчигчийн биеийн халууныг илрүүлэх суурин термокамер, дижитал гар термометр, богино долгионы станц, N95 маск, мананцар үүсгэн халдваргүйжүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад багагүй хэмжээний мөнгө төсөвлөсөн. Дээр дурдсан тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслүүдийг шууд гэрээ хийх замаар яаралтай зохион байгуулж, эмнэлгүүдэд хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоолоо. Хил орчмын дэглэмийг өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь үүнд хамаарахгүй юм.
МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоолоо. Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсооно. Баасан гарагт болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаас өмчийн хэлбэр үр харгалзан бүх ЕБС, цэцэрлэгийг хамруулсан бол Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг дээрх хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. МСҮТ, их, дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг нийтэд нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоов.
Нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож байгаатай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Үүнд нийтийг хамарсан цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээн, компьютер тоглоомын газрын үйл ажиллагаа, бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газар, их, дээд сургуулиудын нэгдсэн үйл ажиллагаа зэргийг хамруулна.
Цахим болон теле хичээл явуулахаар боллоо. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны сургалтын хөтөлбөрийн агуулгаар цахим болон теле хичээл явуулахыг БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгосон.
БНХАУ-ын Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчирна. БНХАУ-ын Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчрах асуудлыг БНХАУ-ын талтай хамтран маргаашийн дотор шийдвэрлэнэ” гэв.
Зах, худалдааны төвүүдийг шаардлагатай тохиолдолд хаана
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцэж, тогтоол гаргасан. Тус хуралдаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оролцлоо. Тэрбээр, Засгийн газрын хуралдааны дараа нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулсан. Тэрээр хэлэхдээ Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэг бүхий тусгай ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн удирдлагаас салбарын яам, мэргэжлийн байгууллагын үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан эдгээрт хяналт тавина.Өмнөх удаад нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахад гаднын хөрөнгө оруулалттай зарим сургууль хичээллэж байсныг цаг тухайд нь таслан зогсоосон. Энэ удаад тийм явдал гарах ёсгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж буй бол хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг бүх иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. Тиймээс хичээл, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд ямар нэг сургууль, цэцэрлэг хичээллэхгүй” гэв. Харин зах, худалдааны төвийг хаах эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд Онцгой комисс болон бусад бүтцээр хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрээр орж, гарах хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ долоо хоногт манай улс коронавирусийн оношлууртай болно
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч бямба гарагт Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Тэрээр ХӨСҮТ-ийн удирдлагууд болон бусад эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцах үеэр сэжигтэй тохиолдлын шинж илэрч, ХӨСҮТ-д түр тусгаарлагдаад байсан нэг иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь тогтоосон гэдгийг мэдээлсэн.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай өдөр тутам нягт хамтарч ажиллаж байна. Манай улсад тус халдварын тохиолдол орж ирвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авч ажиллана гэсэн юм. Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой. Мөн манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой.
Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй. 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий нийтээр бэлэн биш байна. Оношлуур болон урвалж бодис үйлдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур урвалжийг нийлүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм” гэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга н.Пунсал хэлэхдээ “Бид галт тэргийн сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлаж, цаг алдалгүй ажилласан. Гурваас дээш зовууртай хүмүүсийг халдварын сэжигтэй тохиолдол гэж үзэж, оношилгоо шинжилгээнд хамруулж байгаа. Манай лаборатори 21 вирус оношлох боломжтой. Цаашдаа бид коронавирус илэрвэл Японы халдварт өвчний үндэсний төвд шинжилгээгээ явуулна. Бид өндөржүүлсэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Эрчимт эмчилгээний 50 ортой тасаг шинээр гаргасан. Энэ өвчин сүүлийн үед амьсгалын замаар халдаж байгаа учраас сэрэмжлүүлэг сурталчилгаа хийж байна. Бид ЭМЯ-ны бодлого болон ДЭМБ-ийн зөвлөмжийг хангаж ажиллана” гэв. Мөн ХӨСҮТ-д тус вирусийн талаар зөвлөгөө мэдээллийг 88104019 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө өгч байгаа бөгөөд одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн мэдээллээ.