Манай улсад сүүлийн жилүүдэд телевиз олноор нээгдэж байгаа. Гэвч телевизийн нэвтрүүлгүүдийн чанар, хэл ярианы чадварын талаар олон шүүмж гардагч, мэрэгжлийнх нь ихээр дутагддаг гэнэ. Энэ талаар телевизийн олон шүүмж бичсэн телевизийн найруулагч, сэтгүүлч, соёл судлаач, багш, доктор С.Жаргалтай ярилцлаа. Тэрбээр Баянгол дүүргийн III хороонд төрснөөсөө хойш өнөөг хүртэл амьдарч байгаа аж. Мөн тэрээр орон байраа хураалгаж хоёр жил ах дүүгийнхээрээ орогнож, осолд орж багагүй зовлон үзсэн ч өнөөг хүртэл телевизийн шүүмж, соёлын талаар бүтээлээ туурвисаар яваа аж.
-Та телевизийн соёл судлалаар докторын зэрэг хамгаалсан. Энэ тухайгаа танилцуулна уу?
-Би энэ чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Хоёр сэтгүүл, найман сонин гаргаж байсан.
Докторын зэргээ “Телевизийн соёл, тулгамдсан асуудал сэдвээр хамгаалсан. Хамгаалсныхаа дараа ном болгож гаргасан. “Телевизийн соёлд олон нийтийн гүйцэтгэх үүрэг” гэдэг ном гаргасан. Мөн “Нийтийн соёл ба Монголын үндэсний телевиз” гэдэг ном гаргасан.
-Эдгээр номонд юу мэдээлсэн бэ?
-Телевиз, телевизийн боловсрол, мэдээ, соёл гэж юуг хэлдэг тухай бичсэн. Мөн сэтгүүл, сонин, телевизийн ёс зүйн тухай бичсэн. Дахиад ном гаргана. Энэ талаараа үргэлжлүүлэн судалгааны ажил хийж байна.
-Та аль нутгийнх вэ?
-Би Баянгол дүүргийн III хороонд насаараа амьдарч байна. Энд төрсөн, эндээ одоо ч амьдарч байна. Би мэргэжлээрээ олон дээд сургуульд багшилж байсан. Нийтдээ таван мянга гаруй хүнд телевизийн ёс зүйн чиглэлээр лекц уншсан байдаг. Дээр нь телевизийн сэтгэл судлал, радиогийн шүүмж судлалаар ч багагүй лекц уншиж, нийтлэлүүд бичсэн.
-Олон сонирхолтой сэдвээр хичээлүүд ордог гэж сонссон?
-Угсаатны болон нийгмийн гоо зүйн болон хүмүүнлэгийн чиглэлээр цөөнгүй хичээл заадаг байсан. Сэтгэл судлалаар бас магистрын зэрэг хамгаалсан.
-Унаган иргэний хувьд дүүргийн хөгжлийг юу гэж харж байна?
-Аав маань насаараа төмөр замд намын даргаас эхлээд суудлын галт тэрэг, галт тэрэгний буудлын дарга хийсэн хүн. Одоо энх тунх, тэтгэвэртээ гараад сайхан амьдарч байгаа. Би зарим хүний ярьдгаар “төмөр замын вант улсад өсч, торниод өдийг хүрсэн. Аав маань ч насаараа манай дүүрэгт амьдарсан 89 настай хөгшин бий. Манай ах дүү нар цөмөөрөө энэ дүүрэгт аавыгаа тойрч, байр худалдаж аваад амьдарч байгаа улсууд. Дүүргийн хөгжлийг үнэхээр мэднэ гэж хэлж болно.
-Үе удмаараа амьдарч байгаа дүүрэг чинь юугаараа давуу юм бэ?
-Мэдээж унасан нутаг, угаасан ус гэдгээрээ бидэнд ээлтэй байдаг. Ээж, аав хоёр маань насаараа төмөр замд ажилласан. Хүүхдүүд нь бүгд төмөр замын төрөхөөс эхлээд сургууль, цэцэрлэг бүх юмыг дамжиж, хүн болсон гэдгээрээ бахархдаг. Манай дүүрэг шиг нийгмийн талаар идэвхтэй бодлого хэрэгжүүлсэн дүүрэг байхгүй гэж бардам хэлнэ. Сүүлийн хэдхэн жил манай дүүрэг шиг эмнэлэг болон нийгмйин асуудлаар дорвитой ахиц гаргасан дүүрэг байхгүй шүү дээ.
-Эмэгтэй хүн удирддаг болохоор тийм байдаг юм болов уу?
-Магадгүй эмэгтэй хүн юмыг их нарийн харахаас гадна эмзэг, зөөлөн байдаг учраас нийгмийн тал руу илүү анхаардаг байх. Дүүргийн дарга маань авлигаас хол, шударгаар ажиллаж байгаа.
-Та дүүргийн даргатайгаа уулздаг уу?
-Уулздаг.
-Та аль намын гишүүн бэ?
-Манайхан ааваас бусад нь анхнаасаа ардчиллыг дэмжиж ирсэн.
-Аав чинь та нарын ардчиллыг дэмжихийг хориглоогүй юу?
-Хориглох нь байтугай дэмжиж байсан.
-Сонин юм байна. Аав нь насаараа том байгууллагын намын дарга байсан гэдэг?
-Тийм шүү. Анх МоАХ гарч байхад аав маань “Би МАХН-даа үлдэнэ. Саналаа өгнө. Та нар тэр ардчилсан намдаа өгнө биз” гэж байсан.
Ахмадууд бодит байдлыг зөвөөр үнэлэдэг
-Яагаад тэгсэн юм бол?
-Тэр үед ээж маань нас барсан байсан. АН-аас Б.Мөнхтуяа нэртэй эмэгтэй дэвшиж байсан. Тэгээд аав маань биднийг эмэгтэй хүнд өгөхийг зөвлөж байсан.
-Одоо аав чинь хэнд саналаа өгч байна?
-Ардчилалд өгч байгаа.
-Яагаад?
-Хуучны хүмүүс чинь чанар сайтай байдаг шүү дээ. Юмыг бодитоор үнэлдэг. Аль нэгэн нам гэхээсээ илүү хэн хүний төлөө юм хийж байгааг ялгаж, салгах чадвартай байдаг. Үнэхээр АН юм хийгээд байгааг хэн ч байсан хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байгаа.
-Та АН-ын гишүүн үү?
-Тийм бид анхнаасаа АН-д элссэн. Гэхдээ намын гишүүн учраас дүүргээ магтаад байгаа юм биш. Баянгол дүүрэгт хэрэгжүүлж байгаа намын бодлого үнэхээр дүүргээ бүрэн хамарч чадаж байна.
-Жишээлбэл?
-Саяхан би тэтгэвэртээ гарсан. Баянгол дүүрэгт ахмадын эмнэлэг нээгдсэн. Тэр эмнэлгийн үйлчилгээ гэж үнэхээрийн сайхан. Зөвхөн ахмадуудад биш. Хүүхдүүдэд бас үйлчлэх юм байна. Үйлчилгээний соёл, харьцаа үнэхээр сайн. Хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээ явуулж байна. Энэ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг аль нэгэн намынх гэж харж болохгүй биз дээ. Энд дүүргийн бүх иргэд ямар нэгэн шалгуургүйгээр үйлчилгээ авч байна. Дүүргээс явуулж байгаа бодлого дүүргийнхээ нийт иргэдийг хамарч чаддаг. Гэтэл та нам асууж байдаг. Зөвхөн эмнэлэг бариад зогсоогүй. Хүүхэд залуучуудад зориулсан ордон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үндэсний төв байгуулсан. Энэ бүхэнд Баянгол дүүргийн иргэд бүгд хамрагдана. Мөн дүүргийн хүүхдийн зуслан, ахмадын өргөө гээд зорилтот бүлгүүдэд бүх талаар олон боломжуудыг нээж өгсөн.
-Гэхдээ намаас танд ямар нэгэн тусламж үзүүлдэг үү?
-Үзүүлсэн. Миний амьдралд хүнд үе байсан. Тэр үед намын дарга С.Эрдэнэ, дүүргийн засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй олон хүмүүс миний амьдралын хүнд үед чамгүй тусламж үзүүлсэнд үнэхээр баярлаж явдаг. Зөвхөн надад биш, дүүргийн эмнэлэгт С.Эрдэнэ дарга хувиасаа тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэ бүхнийг хүн бүр мэддэггүй байх.
-Намын гишүүний хувьд дарга нартайгаа холбоотой байдаг уу?
-Холбоотой байдаг. Гэхдээ дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг дарга болохоос нь олон жилийн өмнө мэднэ. “Иргэн ба баялаг” сангийн тэргүүн байсан. УИХ-ын гишүүн болохоос өмнөх явдлыг ярьж байна шүү дээ. Намайг эмнэлэгт хэвтэж байхад маш гоё үгтэй ил захидал, бэлгийн хамт өгч байсан. Өвчтэй зовлонтой байхад хүн нааш харахаар үнэхээр баярладаг шүү дээ. Тэр сан залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад баяр хүргэж бэлэг гардуулдаг.
-“Иргэн ба баялаг” сан юу хийдэг байгууллага вэ?
-Залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, ахмадуудад хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг. Манай дүүрэгт өрх толгойлсон эмэгтэйчүүдээс гадна өрх толгойлсон эрэгтэйчүүд ч байна. Бас цөөнгүй ядуус байна. Энэ бүхэнд л дүүрэг хүрч ажилладаг. Дээр нь манай дүүрэг ардчиллыг байнгын, тогтвортой дэмжигч. Ардчиллын анхдагч нар их байдаг. Ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөө байдаг. Дүүргийн хувьд ардчиллын баталгаатай голомт шүү дээ. Би заримдаа боддог. Ардчилалд болон дүүрэгтээ ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулсан бэ. Одонтуяа, Үүрийнтуяа, Нарантуяа, Нямцэцэг гээд олон сайхан бүсгүйчүүд ардчиллыг бэхжүүлж, хүний эрх чөлөөг хамгаалахад үнэхээр их хувь нэмэр оруулж байна гэж боддог.
Намын дүрмийн шинэчлэл намыг гишүүддээ нээлттэй болгосон
-Та хорооны Засаг даргатайгаа харьцдаг уу?
-Харьцдаг. БГД-ийн III хорооны Засаг дарга н.Энхчимэг гэж эмэгтэй бий, надад маш тус болдог.
-Та намын гишүүний татвараа төлдөг үү?
-Төлдөг. Гэхдээ манай үүрийн дарга “Та боломжоороо хуваагаад төлсөн ч болно” гэдэг. Би группийн мөнгөнөөсөө бөөнөөр, жилээр нь төлдөг. Намын гишүүн хүн эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх ёстой гэж үздэг. Өнгөрсөн шинэ жилээр надад болон манай ач нарт бэлэг өгсөнд маш их баярласан.
-Намын дүрмийн өөрчлөлт жирийн гишүүдэд мэдрэгдэж байна уу?
-Маш их мэдрэгдэж байна. Өмнөх дүрэм үйлчилж байхад хаана, юу болж байгаа нь бүдэг бадаг байсан. Дүрэм шинэчлэгдсэнээр татвараа төлөөд намын аль шатанд болж байгаа үйл явдлыг өдөрт нь бүр урьдчилан мэддэг болсон. Мэдээлэл аваад зогсохгүй өөрсдөө биеэр оролцдог болсон. Намын дотно, гадна юу болж байгаа, ямар өөрчлөлт гарч байгааг жирийн гишүүд өөрсдөө хүсвэл бүрэн мэдэх, оролцох нь нээлттэй болсон.
-Намын даргатайгаа харьцдаг уу?
-Уулздаг. С.Эрдэнэ даргын хувьд маш их зүйл хийсэн. Түүнийг нь ч Баянголчууд мэддэг, үнэлдэг гэж бодож байна.
-Жишээлбэл?
-Гадаадад байгаа иргэд нийгмийн даатгал төлөх боломжтой болсон. 1990 оноос хавчигдаж ажилгүй болсон иргэдийг арван жилийн хугацаатай нийгмийн даатгалд хамруулж чадсан. Одоо Тэтгэврийн хамтын сангийн тухай хуулийг дахин өргөн барих гэж байна. Цөөнгүй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж чадсан гээд нийгмийг хамарсан бодлого хэрэгжүүлж чадаж байна шүү дээ.
-Та тэтгэврийн зээлтэй байсан уу?
-Би 2.5 сая төгрөгийн зээлтэй байсан. Гэхдээ оноос өмнө төлчихсөн.
-Телевизүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна. Янз бүрээр л хүлээж авдаг байх даа.
-Би 2000 оны эхээр телевизүүдэд маш их шүүмжлэлтэй ханддаг байсан. Д.Цэрэнжав бид хоёр цаг төр гэдэг сэтгүүл гаргаж байлаа. Тэр үед Д.Цэрэнжав ахыг алиалагч уу, ажиглагч уу гэх мэтээр бичиж байсан.
-Яг юу гэж шүүмжилж байсан бэ?
-Телевизийнхэн цалиндаа тааруулж нэвтрүүлэг бэлддэг. Телевиз үндэстнийг устгаж чадна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл үзээд татвар төлмөөргүй байна. Телевизүүдийн ноёдын удирдах чадвар үнэхээр сул байгаа юм. Үндэсний олон нийтийн телевизийн чадваргүй сэтгүүлчид эфирийг өөрсдийгөө алдаршуулах хэрэгсэл болгон ашиглах болсон. Телевизүүд иргэдийг стресст оруулж байна. Үндэсний телевиз монголчуудын тархинаас өв соёлыг авч хаяж байна. Телевизүүд нэг хэвэнд цутгасан мэт болсон. Ганц сувгийг үзэхэд л хангалттай гэх мэтээр бичиж байсан юм.
-Зарим телевизийн сэтгүүлчид ярианы хэлэнд “нөгөө нэг”, өгүүлбэрийн эхэнд “за” гэх хэллэгийг нийгэмд нутагшуулж байна. Саяхан киноны орчуулгад “нөгөө нэг” гэдэг үг цохиж явах юм?
-Энэ үнэхээр хэвлэл мэдээллийн салбарт соёл, ёс суртахуун байхгүй болсны тод жишээ. Зарим сэтгүүлчид уншихгүй байна. Тэгсэн ч өөрийгөө өндөр бодоод байдаг юм. “За, за” гэхээс эхлээд зочин урьж ярилцлага хийж байж зочноо хэлэх үггүй болтол лекц унших зэргээр бүдүүлэг алдаа гаргаад байгаа. Телевизийн соёл, ёс зүй алдагдаад байна.
Би сонгуульд үнэгүй ажиллана
-Намын гишүүд сонгуульд ажилладаг байх. Цалин өгдөг үү?
-Бүх хүний өмнөөс хариулж чадахгүй. Нэгдүгээрт, үзэл бодлоороо, хоёрдугаарт, сонгуульд явсан, яваагүй надад тусалдаг улсуудад хэрэгтэй чадах юмаараа үнэгүй тусална, мөнгө төгрөг гэж ярихгүй. Манай олон Туяанууд байгаа. Тэднийгээ гаргахын төлөө л гүйнэ дээ.
-Энэ олон Туяа гарвал юу өөрчлөгдөх бол?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Л.Нарантуяа манай эндээс гарч, маш их юм хийсэн.
-Яг юу хийсэн бэ?
-Манай байрны 20 жил зогссон лифтийг ажилд оруулж өгсөн. Манай орцны үүдэнд бороо орохоор нуур шиг ус тогтоно, өвөл мөстөнө, хальтирч унаад гараа хугалж байсан, үүнийг шийдэж өгсөн. Ийм улсууд л юм хийнэ шүү дээ.
-Таны доктор хамгаалсан соёл судлалыг сонирхож байгаа хүн байна уу?
-Байна. Сүүлийн үед нэмэгдэж байна. Би олон компаниудад лекц уншиж байгаа.
-Хэн сонирхоод байна?
-Аялал, жуулчлалын компаниуд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд маш их сонирхож байгаа. Одоохондоо эмчилгээ хийлгэж байгаа учраас түр зогссон. Удахгүй ажлаа эхэлнэ.
-Яг ямар чиглэлийн лекц авч байна?
-Үйлчилгээ, харилцаа, хооллох гээд олон төрлийн лекц уншуулдаг. Аялал, жуулчлал, гоо зүй, сэтгэл судлал гээд соёл улам нарийсч байгаа. Энэ хэрээр хэрэгцээ, захиалга нэмэгддэг.
-Харилцааны соёл дээр юуг онцолж болох вэ?
-Хамгийн наад захын жишээ. Гар утас хэрэглэх соёл. Нийслэлчүүд эхний ээлжид гар утас хэрэглэх соёлд суралцах хэрэгтэй. Олон нийтийн газар гар утас хэрэглэх наад захын соёл алга. Хэл болон аман соёл гэж байдаг. Олон нийтийн газар чанга ярихаас эхлээд хараал, ерөөл урсгах энүүхэнд.
-Олон нийтийн газар гар утас яаж хэрэглэх ёстой вэ?
-Бусдад хүндрэлгүйгээр нам дуугаар ярих, хараал, хов живээ ярих хэрэггүй. Сүүлийн үед залуус хүн рүү муухай харах, хялалзах, дээрээс нь доошоо гүйлгэж харах гээд маш бүдүүлэг үйлдэл гаргаж байна. Танихгүй, өөрт нь ямар ч гэм хийгээгүй хүн рүү харж шүлсээ хаях нь ямар утгагүй асуудал гээч. Эцэг, эх нь багаас нь зөв хүмүүжил олгосон бол хүүхдүүд ийм үйлдэл гаргахгүй шүү дээ. Энэ бүхэн чинь хүүхдүүд харилцааны соёлын тухай ойлголт байхгүйг харуулаад байгаа юм. Дэлгэцийн соёл гэдэг шиг хотын соёл гэж байдаг.
-Тэр нь...?
-Хогоо хогийн саванд хийх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх. Ил задгай газар бие засахгүй байх. Автобусанд ахмад хүнд суудал тавьж өгөх. Машины дуут дохиог шаардлагатай үед л ашиглах гэх мэт олон зүйл байдаг. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэсэн үг байдаг л даа.
-Нийслэлийн засаг дарга танаас хотын соёл мөрдөх дүрэм гаргаад өгөх хүсэлт тавибал та хийгээд өгч чадах уу?
-Дуртай хийнэ.