Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Нийслэл хотын хэмжээнд иргэдийн гар дээр 14 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Лхагвадоржтой галт зэвсгийн хэрэглээ, ашиглалтын талаар ярилцлаа.

-Манай улсад галт зэвсэг хэрэглэх хууль эрхзүйн орчны талаар яриагаа эхлүүлэх үү. Нийслэл хотын хэмжээнд хэчнээн тооны галт зэвсэг иргэдийн гар дээр байна вэ?
-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, тухайн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Энэ хуулийн хүрээнд нийслэл хотын хэмжээнд иргэдийн гар дээр 14 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна Эдгээр иргэд цагдаагийн байгууллагын хяналтад хуулийн дагуу жил бүр бүртгэл тооллогын ажиллагаа явуулдаг. 2019 онд нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй нийт галт зэвсгийн 95 хувийг тооллого бүртгэлд бүрэн хамруулсан. Тооллогод хамрагдаагүй 700 орчим иргэн, аж ахуйн нэгжийн галт зэвсгийг тоолж, бүртгэл ажил үргэлжилж байна.
-Галт зэвсэг худалдаалах албан ёсны зөвшөөрөлтэй хэдэн байгууллага байдаг юм бол?
-Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу галт зэвсэг, сум иргэдэд худалдаалах албан ёсны зөвшөөрөлтэй найман аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагууд нэг төвд байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Замын цагдаагийн зүүн талд байрлах “МТ” шатахуун түгээх станцын хойно байрлах “Алтайн Орд” төвд албан ёсны байгууллагууд үйл ажиллагаа явуулж иргэдэд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, түүний дагалдах хэрэгслийг худалдаалж байна.

-Иргэд ямар зорилгоор галт зэвсгийг хувьдаа эзэмших сонирхолтой байна вэ?
-Хуульд заасны дагуу иргэд ан агнах, спорт сургалт, үзмэр цуглуулгын зориулалтаар галт зэвсэг эзэмшдэг. Хуулийн этгээдийн хувьд мөн спорт сургалт, харуул хамгаалалтын зориулалтаар эзэмшиж байна.
-Ан агнахдаа ангийн зориулалтын буу бус байлдааны зориулалттай галт зэвсэг хэрэглэх тохиолдол гарч байгаа гэж сонссон?
-Ан агнах зорилгоор байлдааны галт зэвсэг ашиглаж байгаа тохиолдол одоогоор цагдаагийн газарт бүртгэгдээгүй. Харин иргэдийн эрхзүйн мэдлэг дутмагаас үүдэн санаатай болон санамсаргүй байдлаар байлдааны зориулалттай сумыг ан агнахдаа ашигласан тохиолдол бий. Ийм хэрэг бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас тухай бүрт нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, хуулийн дагуу шийдвэрлэдэг. Мөн спорт сургалтын зориулалттай галт зэвсэг эзэмшиж байж түүнийгээ ан агнуурын зориулалтаар ашиглах тохиолдол гардаг. Энэ бол хууль зөрчиж байгаа тохиолдол. Галт зэвсгийн тухай хуульд Галт зэвсгийг бүртгүүлсэн зориулалтаар нь ашиглана хэмээн заасан байдаг. Тухайлбал, ангийн зориулалттай галт зэвсэг оруулж ирсэн мөртлөө түүгээрээ спорт сургалтаар хичээллэх гэх мэт нийтлэг зөрчлүүд бий.

-Бүртгүүлсэн зориулалтаас нь өөрөөр ашигласан тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Галт зэвсгийн хуулийг зөрчсөн тохиолдол бүрт зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. Мөн гэмт хэргийн шинжээсээ хамаараад Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Ер нь Зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хуулийн этгээдийг 40-3000 нэгж хүртэлх мөнгөөр торгох арга хэмжээ авахаас гадна гаргасан зөрчлөөс нь хамаарч тухайн галт зэвсгийг хураах, устгах тохиолдол бий.

-Иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн аюулгүй байдал дээр хэрхэн хяналт тавьдаг вэ. Зарим тохиолдолд иргэд анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн сум алдах тохиолдол гардаг шүү дээ?
-Яг энэ төрлийн зөрчил нийслэл хотын хэмжээнд гарах нь харьцангуй бага, бараг гардаггүй гэж хэлж болохоор. Харин хөдөө орон нутгийн иргэд галт зэвсгийг хадгалах, ашиглах аюулгүй ажиллагааны нарийн зааврыг төдийлөн сайн мэдэхгүй, дээрээс нь өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж сум алдах тохиолдол мэр сэр гардаг. Бууныхаа хоолойд сумаа хийгээд орхичихдог. Түүнийг нь хүүхдүүд оролдох ч юм уу хэн нэгэн нь санамсаргүй авч буудсанаар өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хохироох, гэмтээх зөрчил гардаг. Тиймээс шинэчлэгдэн батлагдсан хуулиар галт зэвсгийг хадгалах, тээвэрлэх зүйл заалтад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, иргэд галт зэвсгийг хадгалахдаа заавал гохны түгжээ буюу замагны түгжээг ашиглана хэмээн заасан. Мөн цагдаагийн байгууллагаас Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн баталсантай холбоотойгоор галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэнийг “Галт зэвсгийн аюулгүй ажиллагааны сургалт”-д заавал хамруулдаг болсон. Энэ сургалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хууль эрхзүйн хичээл, буудлагын болох практикийн хичээл ордог. Мөн хууль эрхзүйн хүрээнд галт зэвсгийг хэрхэн хадгалах, тээвэрлэх,ашиглах, хэн нэгэнд шилжүүлэх, бүртгүүлэх гэх мэт зааварчилгаа, хууль зүйн мэдлэгийг олгодог. Тиймээс сүүлийн жилүүдэд галт зэвсэгтэй холбоотой зөрчлийн тоо буурсан.

-Энэ сургалтыг өдөр бүр явуулдаг уу, үнэ төлбөртэй юү?
-Энэхүү сургалтыг ЦЕГ-ын Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд явуулдаг. Тэнд долоо хоногт нэг удаа сургалт явуулдаг. Сургалт хоёр өдөр үргэлжилдэг. Сургалтын төлбөр 150 мянган төгрөг. Эхний өдөр эрхзүйн хичээл ордог бол хоёр дахь өдөр нь буудлагын практик дасгал хийдэг.

-Нийт иргэдийн тэдэн хувийн гар дээр галт зэвсэг байна гэсэн заалт байдаг болов уу?
-Одоогоор Монгол Улсын хүн амын тэдэн хувь нь галт зэвсэг эзэмшинэ, нэг хүн тэдэн тооны галт зэвсэг эзэмшинэ гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийн дагуу галт зэвсэг эзэмших шаардлага хангасан хэн бүхэнд галт зэвсэг эзэмших эрх нь нээлттэй байгаа.

-Галт зэвсэгт ногдуулах татварын хэмжээ өөрчлөгдсөн үү?
-Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээд тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 01-ний дотор татвараа төлөх ёстой. Галт зэвсгийн хууль өөрчлөгдсөнөөр Галт зэвсгийн албан татварын тухай хууль мөн өөрчлөгдөж татварын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь 4000,6000 төгрөг гэсэн хоёр үнийн дүнгээр татвар ногдуулдаг байсан бол шинэчилсэн хуулиар 6.4мм хүртэл галт зэвсэг эзэмшдэг бол 30 мянган төгрөг, 6.5 мм дээш галт зэвсэг эзэмшдэг бол 60 мянга, үрлэн сумтай галт зэвсэг 30 мянган төгрөг, спорт сургалт болон үзмэр цуглуулгын зориулалттай галт зэвсэг жилийн 15 мянган төгрөгийн татвар төлнө. Мөн цагдаагийн байгууллагаас хөнөөх чадваргүйг нь тодорхойлсон цуглуулгын зориулалттай галт зэвсэгт татвар ногдуулахгүй гэсэн шинэчлэлүүд хийсэн.

-Галт зэвсгийн ашиглалтын хугацаа дуусна гэсэн ойлголт байх уу?
-Үйлдвэрийн зориулалтаасаа хамаараад хэдэн зуун мянган сум гол төмөр нь ашиглах гэсэн зүйл байдаг л даа. Гэхдээ галт зэвсгийн ашиглах хугацаанд нь хяналт тавьдаг хууль эрхзүйн орчин манайд байхгүй.

-Манайх галт зэвсэг үйлдвэрлэдэггүй орон. Тиймээс бүх галт зэвсэг гаднаас орж ирж байгаа гэсэн үг. Энэ тал ээр ямар хяналт тавьж байна?
-Хууль бусаар сум, галт зэвсэг хилээр нэвтрүүлэх тохиолдол бүртгэгддэг. Манай улс өөрсдөө энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас дээр дурдсан албан ёсны зөвшөөрөлтэй найман компаниар дамжуулж иргэдэд худалдаалж байна. Мөн иргэд хуульд заасны дагуу жилдээ нэг удаа гадаадаас галт зэвсэг оруулж ирэх эрхтэй. Энэ бол галт зэвсэг, сумны хууль бус наймааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил. Хуучин дагаж мөрдөгдөж байсан Галт зэвсгийн хуулиар насан туршдаа гадаадаас нэг л удаа нэг л галт зэвсэг оруулж ирэх эрхтэй байсан. Харин шинэчилсэн хуулиар жилд нэг удаа хуулийн хүрээнд зөвшөөрсөн галт зэвсгийг оруулж ирэх эрхтэй болсон. Харин иргэдийн эрхзүйн мэдлэг төдийлэн сайн биш байгаа учраас нууцаар хилээр оруулах оролдлого гаргаж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь харамсалтай. Эсвэл заавал энэ дэлгүүрээс л галт зэвсэг авна гэж ойлгож байгаа нь мэдээлэл дутмаг байгаагаас үүдэлтэй.

-Гаднаас галт зэвсэг оруулж ирэхэд татвар төлөх үү?
-Татварын хувьд тухайн галт зэвсгийн 15.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр гаалийн татвар төлдөг.

-Аль нэг гадны улсаас галт зэвсэг худалдан авахдаа монголоос ямар нэгэн бичиг авах шаардлагатай юу. Эсвэл галт зэвсгээ худалдаж аваад гааль дээр ирээд татвараа төлөхөд болох уу?
-Тухайн орны хуульд юу гэж зааснаас шалтгаалдаг. Тухайлбал, ОХУ-ын хувьд галт зэвсэг худалдан авах гэж байгаа гадаадын иргэнээс тухайн улс орных нь цагдаагийн байгууллагын зөвшөөрлийг шаарддаг. Харин АНУ-ын мужууд өөр өөр хууль дүрэмтэй байдаг. Зарим нь ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүйгээр худалдаалах тохиолдол бий. Тиймээс иргэд гадны улс орноос галт зэвсэг худалдан авахаар зорьж байгаа бол улсынхаа цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл аваад явах нь эрсдэлгүй сонголт болно.

-Сумны хууль бус худалдаанд ямар хяналт тавьж байна. Тухайлбал “Нарантуул” олон улсын худалдааны төвд сумны хууль бус худалдаа нэлээд байдаг шүү дээ?
-Сумны хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн алба, ЦЕГ, Тагнуулын байгууллага, дүүрэг хороодын цагдаагийн алба хаагчид хамтран хяналт шалгалт тавьж ажилладаг. Хуул бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн тоо сүүлийн таван жил харьцангуй багассан. Үүний үр дүнд тогтмол хууль бус үйл ажиллагаа явуулдаг иргэдийн судалгааг гаргадаг. Тэгтэл 2015,2016 онд энэ төрлийн худалдааг тогтмол эрхэлдэг 40-50 иргэн байсан бол өнөөдөр 15-20 орчим иргэн мэр сэр худалдаа хийдэг гэсэн мэдээлэл, судалгааг гаргасан. Энэ нь нэг талдаа хууль бус худалдаа эрхлэгчдэд хүлээлгэх хуулийн хариуцлага өндөр, мөн албан ёсоор галт зэвсэг, сум худалдаалах аж ахуй нэгжүүдийн тоо өссөнтэй холбоотойгоор ийнхүү багассан. Бүр ор тас алга болсон зүйл байхгүй боловч энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Үнэн хэрэг дээрээ иргэд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдийн гар дээрээс сум худалдаж авах нь хямд гэж ойлгодог. Гэтэл албан ёсны зөвшөөрөлтэй газар худалдаалж байгаа сумны үнэ ханшаас зөрдөггүй бөгөөд бүр зарим сумны үнэ илүү хямдаар борлуулагддаг. Тиймээс албан ёсны зөвшөөрөлтэй газруудаас сум, буугаа худалдан авч үйлчлүүлэх нь галт зэвсэгтэй холбоотой гарч байгаа зөрчил, гэмт хэргийн тоо буурахад чухал нөлөөтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com