“Маск байна уу”, “Ямар маск байна” хэмээн эрэл сурал болсон хүмүүс эмийн сангуудаар дүүрэн байна. Амны хаалт буюу бидний нэрлэж заншсанаар маскны эрэлт хэрэгцээ коронавирусийн аюул улс орны минь хаалгыг тогшиж буй эдгээр өдрүүдэд “нүдний гэм” болжээ. Хорооллын “Гандангийн арын автобусны буудлаас авхуулаад Өргөө кино театрын арын зам хүртэл 10 гаруй эмийн сангийн хаалга татаж “Маск байна уу” хэмээн асуулаа. Нэгэнд нь ч том хүний маск худалдаалахгүй байна. Харин “Бичил” хорооллын зам дагуу байрлах “Тавин Ус” эмийн санд хүүхдийн маск хэдэн ширхэг байв. Орсон эмийн сан бүрт надтай зэрэгцэн маскны эрэлд гарсан иргэд олон тааралдав.
Ингээд хорооллын бичилд байрлах “Монос” эмийн сангаас ижил зорилгоор ороод ижил хариулт авсан 40 орчим насны эмэгтэйгээс хэдэн эмийн сангаар орж маск асуусныг нь тодруулахад “Энэ хавийн эмийн сангуудаар бараг бүгдээр нь орлоо. Нэг ч газар маск, спирт, гар ариутгагч асуулаа. Бүгдээрээ л дууссан гэсэн хариулт өгч байна. ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хэлэхдээ бид коронавирусийн халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж байсан.
Гэсэн ч иргэдийн наад захын урьдчилан сэргийлэх хэрэгсэл болсон амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байгаад бухимдалтай байна. Бүр олдохгүй байгааг нь далимдуулж зарим газар өндөр үнээр дамлан худалдаж байгаа гэж сонссон. Өндөр үнээр ч болтугай худалдаалж байгаа газар байвал авмаар байна. Гэсэн ч орсон газар бүрт наад захын ариутгалын бодис байхгүй байна шүү дээ. Тэгэхээр ямар юмных нь нөгөө айхтар вирусээс иргэдийг урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажилласан болох вэ дээ. Бараг маск зүүчихсэн байгаа хүнээс “Хаанаас авсан бэ” гэж асуух нь л холгүй байна. Эцсийн эцэст энэ бол манай улсын эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хүн амынхаа эрүүл мэндэд яаж анхаарч байгаагийн бодит илрэл” гэв.
Цааш эрлээ үргэлжлүүллээ. Дараагийн эмийн сан ороход “Маскны талаар яриа тэнд хэдийнэ өрнөж байна. “Хэзээ маск, ариутгагч спирт ирэх юм бэ. Та нар ийм их эрэлт байхад дуусч байгаа бараа бүтээгдэхүүнээ нэмж захиалдаггүй юм уу” хэмээн 40 орчим насны эрэгтэй хэлэхтэй зэрэгцэн “Тийм шүү дээ. Наад захын гар ариутгагч санитас хүртэл дуусчихсан байхдаа яах вэ дээ” хэмээн түүний яриаг ард нь зогсох эмэгтэй дэмжив. Худалдагч “ Бид дууссан барааныхаа захиалгыг өгчихсөн байгаа. Ачаалал ихтэй байгаа болохоор маргаашаас нааш ирэхгүй гэсэн. Бид аль болох хурдан хугацаанд маск, гар ариутгагч шингэн саван, спиртээ авах талаар анхаарч ажиллаж байна. Биднээс шалтгаалахгүй юманд та бүхэн надад уурлаад яах вэ дээ” хэмээн учирлав. Тус газар үүсэн нөхцөл байдал тодорхой болсон учраас дараагийн газрыг зорилоо. Зам дагуух байрны үзүүрт байрлах “Эмийн сан”-г зорив. Үүдээр нь ормогцоо уламжлал болсон асуултаа асуухад худалдагч эмэгтэй миний асуултад хариулах ч сөхөө байсангүй. Харин дараалалд зогсох залуу үйлчилгээний цонхон дээр наасан “Нэг удаагийн маск, спирт дууссан” хэмээн бичсэн зарын зүг заалаа. Мөн л ариутгалын спирт ч дуусчихсан юм уу хэмээн асуухад, түүний ард зогссон эмэгтэй “Эндээс гараад баруун тийшээ эргэвэл нэг эмийн сан байгаа. Тэнд маск байхгүй. Мөн найруулж шүршдэг спирт бас дууссан гэсэн. Харин тариа хийхдээ хэрэглэдэг шаариган спирттэй хөвөн байна лээ. Би аргаа бараад тэр хөвөнгөөс авсан. Энэ хавийн эмийн сангаас лав маск, спирт хайгаад нэмэргүй байх” гэв.
Бидний яриа зааланд байгаа иргэн бүрт хамааралтай болов. Тэр дундаас нэгэн эмэгтэй “Дэлхий даяар эмчлэх боломжгүй байгаа энэ айхтар халдвараас өөрийгөө, үр хүүхдээ хамгаалах ганц арга бол маск. Гэтэл маск олдохгүй, олдсон ч эмийн сангууд үнийг нь нэмсэн байна лээ. Өчигдөр гэрийн ойролцоо байдаг эмийн сангаас нэг удаагийн хэдхэн ширхэг маск үлдсэн байсныг нь авсан. Өмнө нь миний санахаар 100 бил үү, 150 төгрөгөөр худалддаг байсан маск 550 төгрөг болсон байна лээ. Би яаж дуугүй байх вэ. Та нар ингэж дэлхий нийтээр тархаад байгаа халдвараар бизнес хийж болохгүй гэж хэлээд хэдэн ширхэг маск авсан. Бид нэг л агаараар амьсгалж, нэг л эх оронд амьдарна. Мөнгөтэй нь биш, масктай нь л эрүүл үлдэнэ. Зарим нэгэн мөнгөтэй хүмүүс маскийг бөөнөөр нь авчхаад байгаа гэж сонссон. Нэг маск нэг хүнийг биш түүний хажууд байгаа бүх хүнийг халдвар авахаас сэргийлнэ.Тиймээс ганцамиабодож, ганц гэр бүлдээ маск бөөндөх биш хүн бүрт хүртээмжтэй байх тал дээр анхаармаар юм” гэв. Түүний яриаг анхааралтай сонссон иргэд толгой дохиж харагдав. Тэндээс гараад иргэдийг хэсэг ажигллалаа. Зарим нь утааны гэх шүүлтүүртэй маск зүүсэн бол, зарим нь нэг удаагийн маск, зарим нь N95 төрлийн масктай харагдана. Харин огт маскгүй байгаа зарим иргэдтэй ярилцахад, “хайгаад олдохгүй байгаа юмыг хаанаас олж зүүхэв дээ” хэмээн бухимдах нэгэн байхад үнэндээ маск зүүе гэж бодоогүй гэж хариулах нэгэн ч байлаа. Харин яг ямар төрлийн маск зүүх ёстойгоо ойлгоогүй гэх хүн ч байна. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хэлж байгаагаар “Иргэдийн дунд заавал N 958 N93 төрлийн маскийг заавал хэрэглэ гэж заасан зүйл байхгүй. Энэ төрлийн маск агаарын бохирдлоос хамгаалахын зэрэгцээ халдвараас 95 хувь, 93 хувь сэргийлэх боломжтой. Тэглээ гээд нэг удаагийн маск муу гэсэн ойлголт байхгүй. Нэг удаагийн маскийг хоёр цаг тутам солихыг зөвлөдөг ч ханиад хүрээгүй, аливаа эрсдэлээс сэргийлэх зорилгоор зүүж байгаа бол өдрийн турш зүүгээд дараа өдөр нь солиход болно” гэж байна.
Эмийн бөөний төвүүдэд амны хаалт, спирт, гар ариутгагч байхгүй
Амны хаалтны нөөц үнэхээр дууссан эсэхийг Монос, Энто, Монголфарма, Нахиа, Монфа, Нуган эмийн бөөний төвтэй холбогдож тодруулахад, аль ч бөөний төвд амны хаалт, гар ариутгагч, спирт байхгүйг хэллээ. Эмийн бөөний төвүүд дэх эдгээр бүтээгдэхүүний нөөц өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дууссан бөгөөд зарим бөөний төвд бямба гарагт амны хаалт ирсэн нь "Өдөртөө дууссан, эмийн сангууд нэг дор 200-300 ширхгээр бөөнөөр аваад дуусгаж байна. Амны хаалт, гар ариутгагч, спирт дахиад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа" гэх хариулт өглөө.
Үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй байна
Харин эмийн үйлдвэрүүдийн хувьд захиалгаа дийлэхгүй байгаа юм байна. Тодруулбал, спирт үйлдвэрлэдэг “Тавин Ус” эмийн үйлдвэр захиалгаа дийлэхгүй, амны хаалт, гар ариутгагч, спирт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” үйлдвэрийн захиалга ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл дүүрэн захиалгатай, “Монхимо” үйлдвэрийн гар ариутгагч мягмар гараг, амны хаалт баасан гараг хүртэл захиалгатай байна”гэв.
Улаанбаатар хот болон улс орон даяар маскны хомсдол үүссэн гэж үзэхгүй
ЭМЯ-ны зүгээс Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон, эмийн холбоодтой хамтраад нөөц бий болгох ажлыг зохион байгуулж байгаагаа мэдэгдэв. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, Дэлхийн зарим улс оронд амны хаалтын хомсдол үүсч байгаа талаар мэдээлэл байгаа ч манай улсад маскны хомсдол үүсэх нөхцөл байхгүй.
Учир нь манай улс дотооддоо маск үйлдвэрлэж байгаа. Өдөрт үйлдвэрлэдэг хүчин чадал нь манай улсын маскны хэрэглээг бүрэн хангахаар байгаа. Тиймээс нийслэл Улаанбаатар хот болон улс орон даяар маскны хомсдол үүссэн гэж үзэхгүй. Дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа. “Мөнхийн тун” компани гэхэд хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг. Монгол маск компанид чанарын шаардлага хангасан маск бас 100 мянган ширхэг байгаа гэх мэдээллийг манайд өгсөн. Зарим эмийн санд амны хаалтны дутагдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудал дээр тооцоо судалгаатай ажиллана" гэх хариулт өглөө.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд 2-4 сарын нөөц байсан ч дууссан
Ийнхүү шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл хангалтгүй байгаа талаарх гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирлуудтай өчигдөр уулзаж ярилцсан байна. Уулзалтын үеэр ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар хэллээ. Мөн дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК-ийн хувьд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж буйгаа танилцуулж мэдээлэл өглөө. Мөн Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эмийн холбоон дээр 95155201 дугаарын утас нээн ажиллуулж, иргэдээс ирж буй гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхээр болсон гэдгийг дуулгасан. Тиймээс иргэд та бүхэн дээрх утсаар гомдол саналаа өгч, шийдвэрлүүлэх боломжтой.