Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Лхагважав: Төв банк валютын ханшийг зохицуулж чадахгүй байгаад гайхаш төрж байна

“Урбанек” ХХК-ийн захирал, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эдийн засгийн онцлох ямар заалтууд шинээр орсон бэ?
-Өнгөрсөн жилийн хийсэн том ажлын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Энэ оны тавдугаар сарын 27-ноос шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Шинэ Үндсэн хуулийг дагаад 40 орчим хуульд өөрчлөлт орно. Тэгвэл энэ хуульд эдийн засагтай холбоотой хоёр чухал асуудал орсон ч Ерөнхийлөгчийн санаачилсан нийтийн санхүүтэй холбоотой маш чухал заалт унасан байгаа. Орчин үеийн аль ч Үндсэн хуульд нийтийн санхүүгийн тусдаа бүлэгтэй байдаг. Энэ нь нийтийн санхүүг эрх мэдэлтнүүдээс хамгаалдаг механизм юм. 1992 он болон одоогийн Үндсэн хуульд уг механизмыг тусгаагүй учраас татвар, даатгал, бонд, Засгийн газрын зээл, Монголбанкны үнэт цаас гэхчилэн нийтийн мөнгийг хамгаалах зохицуулалт ямар ч хяналтгүй байна.

 Ер нь төрийн эрх мэдэлд гарсан өндөр албан тушаалтнууд ямар нэг байдлаар нийтийн санхүүг өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зэвсэг болгох гэж оролддог. Ойрын жишээ нь, ЖДҮХС-ийн зээл. Энэ бол зорилтот бүлэгт очих ёстой нийтийн санхүү мөн. Гэвч үүнийг эрх мэдэлтнүүд хууль бусаар хувьдаа ашигласан. Гэтэл Польш улсын Үндсэн хуульд сенатын аль ч танхимын гишүүн орон нутгийн төсөв ба түүгээр дамжуулан өөртөө ашиг олох аливаа үйл ажиллагаанд оролцсон бол гишүүнээс нь эгүүлэн татах заалттай. Манайд ийм заалт аль ч хуулинд байхгүй учраас асуудал үүсч, улс орон хөгжихгүй байна.

-Үндсэн хуульд орсон эдийн засагтай холбоотой хоёр дахь заалтын тухайд?
-Шинэ Үндсэн хуулинд төрийн нийтийн хамааралтай өмч гэж орсон нь тун сайшаалтай. 1992 оны хуулиар газар, газрын хэвлийн баялаг, ой мод, хөшөө дурсгал, ургамлыг төрийн өмчид авсан. Гэтэл төрийн өмчийн нэг хэлбэрийг гаргаж ирсэн атлаа өмчөө өнөөг хүртэл хуульчилж хамгаалаагүй. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд төр хувийн болон нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, өмчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан. 1996 онд төр ба орон нутгийн өмчийн тухай хуулийг баталж, төрийн өөрийн өмч болон төрийн нийтийн хамааралтай өмч гэж хоёр ангилсан. Төрийн нийтийн хамааралтайд дээр нэрлэсэн өмч орж, төрийн өөрийн өмчид татвараар бий болсон барилга байшин орж буй. Гэвч нэг алдаа нь төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах эрх нь УИХ-д хадгалагдана, үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй гэсэнд байна. Ингээд өнгөрсөн 28 жилд хамгийн чухал хуулиа аль ч органик хуулиндаа суулгаагүйгээс үүдэн энэ өмч дээр олигарх гэх мэт нөхдүүд тоглолт хийх эрхтэй болсон. Аль ч хуулиар хамгаалаагүй өмчийг түр зуур эзэмших буюу Х лицензээр авч, түүнийгээ дамлан наймаалж, төрөл бүрийн аргаар мөнгө босгосон. Иймд өнөөдөр олигархуудын босгосон мөнгө нь Монголын эдийн засагтай эн тэнцэж байна. Либериал нэрийн дор өнгөрсөн 28 жил өмчөө хувь хүмүүсийн тоглоом болгосноо сая нэг ухаарч, Үндсэн хуульд төрийн нийтийн өмч гэж оруулж алдаагаа заслаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Тэтгэврийн зээлийг 700 гаруй тэрбум төгрөгөөр тэглэх шийдвэр гаргасан. Тиймээс одоо Монголбанк мөнгө хэвлэх байх гэж хувьдаа хардаж байна. Учир нь улс төрийн томилгоогоор гарсан хүн хараат бусаар бие даан ажиллах боломжгүй байдаг. Нэг жишээ хэлэе. Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүний хувьд тэнд үүссэн өрнүүдийг би мэднэ.Засгийн газартай холбоотой долоон тэрбум ам.долларын зээл байгаа бол 18 тэрбум нь хувийн хэвшил ба тал хувь болох есөн тэрбум нь “Оюу толгой”-д хамаарч байгаа. Мөн 2016 оны тавдугаар сард “Сайн” хөтөлбөрт зориулж 600 тэрбум төгрөг хэвлэж тараасан. Гэтэл өнөөдөр Засгийн газар энэ өрнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Тиймээс дараагийн Засгийн газар төлж таарна байх. Гэтэл улс төрийн ийм эгзэгтэй үед дахиад мөнгө хэвлэх нь эдийн засагт ихээхэн хохиролтой. Тэрчлэн энэ намраас Чингис бондын 500 сая, 2021 оноос нэг тэрбум ам.долларын өр төлж эхэлнэ. Мөн БНХАУ-тай байгуулсан хоёр тэрбум ам.долларын своп гэрээ энэ долдугаар сард яригдана. Иймд шинэ бүрэлдэх УИХ, Засгийн газарт асар том хариуцлага ирнэ.

-Валютын ханшийн өсөлтийн шалтгааныг тайлбарлаач?
-Мөнгө бол нийтийн санхүүгийн нэг том хэлбэр. Сагсандаа хэдий хэмжээний валюттай байна, тэр нь дэлхийн зах зээл дээр ямар уналт, өсөлттэй байна вэ гэдэгт Төв банк зохицуулалт хийх ёстой юм. Тэгвэл Төв банк валютын тоглолтоо хэр зэрэг шударга хийж байна вэ. Хэдэн арилжааны банкуудтай тохиролцож, ашгийн төлөө ажиллаад байна уу гэх мэт олон асуулт бий. Үүнийг бид цогцоор нь харах ёстой. Мөнгөний бодлого, сангийн бодлого хоёр тусдаа байх ёстой гэж ярьсаар маш олон жил боллоо. Монголын эдийн засгийг хөдөлгөж буй хэдхэн институт бий. Нэгдүгээрт, Төв банк, хоёрдугаарт, Сангийн яам ба Үндэсний бодлогын хөгжлийн газар, гуравдугаарт, Санхүүгийн зохицуулах хороо. Уг нь эдгээр институтууд хамтарч ажиллаж чадвал ямар ч эдийн засгийн хүнд нөхцөлөөс бид хорогдол багатай гарч чадна. Нэг ёсондоо, улс төрөөс хараат бус, бие даасан байх ёстой гэсэн санаа. Гэтэл улс төрийн өнцөгөөр хоёр институтын даргыг “Саарал жагсаалт”-аас болж огцруулчих шиг боллоо. Угтаа жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь Сангийн болон ХЗДХ-ийн сайд нар юм. Гэтэл тэд албан тушаалтайгаа үлдсэн гээд том зургаар нь харвал улсын эдийн засагт том нөлөөтэй эдгээр институтууд хараат бусаар ажиллаж чадахгүй байна.

-Валютын ханшийн өсөлтөд ард түмэн буруутай гэсэн байр суурийг Монголбанк өгч байна. Үнэхээр тийм үү?
-Уг нь эрдэс баялаг, түүхий эдийн үнэ өсөлттэй, татварын бүх орлого нэмэгдэж байхад валютын ханшийг зохицуулж чадахгүй байгаад гайхаш төрөөд байдаг юм. Валют бол эрэлт, нийлүүлтээр зохицуулагддаг бүтээгдэхүүн. Манай нийт эдийн засаг уул уурхай, барилгын салбараар хэмжигдэж байгаа энэ үед 3-10 сард валютын эрэлт нэмэгддэг юм. Уул уурхай, барилгын салбарын бизнесийн 60 хувь нь зогсонги байдалтай байгаа энэ үед ердөө үйлчилгээний цөөн хэдэн салбарт л валют хэрэгцээтэй байдаг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, өдийд валютын эрэлт, хэрэгцээ асар бага байдаг гэсэн санаа. Энэ жоохон хэрэгцээг Монголбанк хангаж, зохицуулж чадахгүй байгаа нь сонирхолтой л асуудал. Жишээлбэл, 1.8 сая тонн нефтийн хэрэгцээ нь 1.5 тэрбум ам.доллар болдог. Үүний нэг тэрбум ам.доллар нь уул уурхайд хэрэглэгддэг. Үндсэн 500 сая ам.доллар нь нийтийн хэрэгцээнд байдаг. Гэтэл уул уурхай бага эргэлттэй байгаа үед 500 саяын асуудлыг хамааралгүй шийдчихэж болох. Эндээс валютын эрэлт, хэрэгцээг Төв банк, Сангийн яам зохицуулж чадаж байна уу гэсэн асуулт ургана. Тэгэхээр, уучлаарай энэ өсөлтөд иргэдийн буруу байхгүй.

-АМНАТ-ын татвар нэмсэнтэй холбоотойгоор алт тушаалт буурсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Алт тушаалт буурсан нь АМНАТ-тай холбогдох систем гажуудалтай байгаатай шууд холбоотой. Юу гэхээр, жилд 200 гаруй иргэн алт тушааж байгаагаас дунджаар 20 тонноор бодоход тал хувь буюу 10 тонн нь иргэдээр дамжсан байдаг. Нарийндаа А лиценз компанийн нэр дээр байдаг. Тэр компани алтаа тушаах гэхээр 25 хувийн татвар ногдуулдаг учраас үүнээс бултаж, 10 хувийг хувь хүний орлогын татвараар төлөхийн тулд ажилчдынхаа нэр дээр тушаадаг. Гэтэл АМНАТ-ыг зөвхөн А лицензтэй этгээдээс авдаг. Гэтэл иргэдээс есөн сая ам.доллартой тэнцэх хэмжээний татвар авсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Иргэн татвар төлж, алт тушааж байгаа бол хуулиараа түүн дээр тухайн компанийн бүх зардал байх ёстой шүү дээ. Энэ мухардлаа шийдэхийн тулд АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулсан ухаантай. Ингээд иргэн, компанигүй таван хувийн татвар ногдуулсан учраас алт тушаалт буурсан. Ингээд хууль зассан нэрээр 200 гаруй иргэн буюу үнэндээ 200 гаруй компанийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл хийсэн. Төр гэж байгаа юм бол энэ гажгийг засах л ёстой. Нийтийн баялаг буюу газрын хэвлийн баялаг ард түмнийх. Бидний баялгийг эзэмшүүлж, ашиглуулах эрх өгч байгаа бол татвараа ч зохих ёсоор нь авах л хэрэгтэй. Татвараа авч чадахгүй бол ашиглаад яах юм.

-2020 оны эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол?
-Макро эдийн засагтай холбоотой асуудалд одоо мэргэ тавьж болохгүй. Мэргэ тавьдаг үе нь аравдугаар сар байдаг юм. Энэ үед мөнгөний бодлого, улсын төсөв батлагддаг. Сүүлийн хоёр жилийн татварыг орлого хоёр их наяд төгрөгөөр давуу биелсэн. Энэ цугласан мөнгийг өр зээлэндээ зарцуулаач гэсэн саналаа тухайн үед хэлж байсан. Гэтэл улсын төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдлаа. Энэ мөнгөө сонгуульд зарцуулах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, 76 жалганд зориулж төсөв баталсан. Гэхдээ одоо энэ мөнгө ямар ч хэрэгцээгүй буюу салхинд хийсэхээр болчихлоо. Учир нь томсгосон тойргоор сонгууль явна. Тэгэхээр нэг суманд байшин барилаа гээд ямар ч нөлөөгүй гэсэн үг. Яагаад гэвэл аймгийн хэмжээнд сонгогдохоор боллоо шүү дээ. Тэгэхээр намар төлөх бондын 500 сая ам.долларыг ямар эх үүсвэрээс шийдэх бол гэдэгт санаа зовниж байна.

-Чингис бондын 500 сая ам.долларыг ямар эх үүсвэрээр төлөх бол. Ахиад бонд гаргана гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлж байна.
-Төсвөөс авах бололцоо байсан ч батлахдаа ашиглаж чадсангүй. Энэ бол өнгөрсөн бороо. Мэдээж сонгуулийн дараа шинэ Засгийн газар төсвийн тодотгол хийх биз. Уг нь 2020 оны тавдугаар сард “Оюу толгой”-н далд уурхай ашиглалтад орох байсан. Даанч 18 сараар хойшилчихлоо. Энэ бол маш муу дохио. Хэрэв төлөвлөсөн цаг хугацаандаа далд уурхай ашиглалтад орсон бол ил, далд уурхай нийлээд жилд таван тэрбум ам.долларын эргэлттэй аж ахуй ажиллаж эхлэх байлаа. Монгол Улсын тал эдийн засагтай тэнцэнэ шүү дээ. Далд уурхай 2020 оны тавдугаар сард ашиглалтад орсон бол 500 сая ам.долларыг асуудалгүй төлөх байсан. Миний таамгаар хэрэв ажиллаж эхэлсэн бол 2021-2031 он хүртэл 10 жилийн хугацаанд манай макро эдийн засагт маш том өөрчлөлтүүд гарч, үр дүн авчрах байсан. Тиймээс л ойрын 10 жилд ашигтай байх үед нь төрд эзэн суухаар эрх мэдэлтнүүд тэмцэлдэж байгаа юм.

-Нэг суманд эмнэлэг хэрэгтэй байхад соёлын ордон барьчхаад байна. Энэ бол төсвийн ямар ч үр ашиггүй зарцуулалт мөн биз дээ?
-Татварын багц хуулиар татварын орлого нэмэгдэнэ. Одоо зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зардлын оновчтой байдлыг гаргаж тавих хэрэгтэй. Цэцэрлэг, соёлын төвийн аль нь хэрэгтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засагчдын тооцоололтой хийх ёстой. Гэтэл цэвэр улс төрийн зорилгоор нэг нөхрийн сонгуульд гарах хүсэл тэмүүллээр хийж байгаа учраас татварын мөнгө ёолохгүй байна шүү дээ. Тэгэхээр гурван сая иргэн төлсөн татварынхаа үр дүнг улстөрчдөөс нэхэх механизм хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийтийн санхүүг хянах хамгийн эхний арга нь улсын төсвийн зардал, төсвийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь НӨАТ-ын системтэй холбох юм. Гаднын улсад бол нийтийн санхүүгээр нийтэд зориулсан ажил хийх гэж байгаа бол цалингийн фондыг нь хоёр дахин ихэсгэдэг. Энгийн гагнуурчин, нийтийн ажил хийж буй гагнуурчин хоёрын цалин хоёр дахин зөрүүтэй байдаг гэсэн үг. Сайн гагнуурчин гүйцэтгэл сайтай ажил хийдэг. Нөгөөтээгүүр, баталгааг нь даатгалын гуравдахь компаниар гаргуулах. Үүнд 10 хувийг зарцуулдаг. Тэгэхээр төсвийн 10 хувийг авсан компани анхнаасаа зураг төсөл, материалд нь маш сайн хяналт тавьдаг. Ингээд 10 хувь авсан компани баталгааг нь 10, 20 жилээр гаргана. Энэ механизм нь хяналттай, баталгаатай, хамгийн гол нь авлигагүй хэрэгждэг учиртай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com