Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ГЭР БҮЛД ТАВТАЙ МОРИЛ, ЭГОГОО ХОЙШ ТАВЬ

М.Содон-Эрдэнэ

 Гэр бүл гэдэг энэ хорвоогийн хамгийн эрхэм нэгдэл. Гэр бүлийнхнээс минь илүү намайг хайрлаж, халамжилж анхаарал тавих хүн үгүй. Ангаахай үүрэндээ өдөлж гүйцээд өөрсдийн гэр бүлийг бүтээж, шинэ үүрэнд амьдрахаар нисдэг. Эцэг, эхийнх нь хайр халамж ямар үнэ цэнтэйгээр олдож, тэд юуг орхиж, ямар боломжоос татгалзаж үр хүүхдээ гэж явснаас энэ үед хүний бяцхан “ангаахай”-нууд ойлгоно.
Зарим нь бэрхшээлийн өмнө сөхөрч, бууж өгнө, буцаж харина. Гэхдээ л бид хүчтэй байх хэрэгтэй. Гэр бүл бий болгох нь биш түүнийг удаан, аз жаргалтай оршин тогтнуулах нь хамгийн чухал. Бидэнд хаягласан гурван захиаг хүргэе.

Хожуу гэрлэсэн нь
алдаа юм уу

 Эрэгтэй хүнд хамтын амьдрал эхлүүлэх хамгийн тохиромжтой нас нь хэд байдаг юм бол оо. Би үеийнхнээсээ нэлээд хожуу буюу 30 нас гарсан хойноо хүнтэй гэрлэсэн. Гэр бүл зохиож, хөөрхөн хүүхдүүдтэй болсон хэдий ч удаан хугацаанд ганцаараа амьдарч байсан гэрлэлт үгүй хийсэн мэт санагддаг.
Ажлаа хийхийн зэрэгцээ хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэх, тэдэнд анхаарал хандуулах гэсээр надад чөлөөт цаг бага гардаг. Энэ нь миний хожуу гэрлэсэнтэй холбоотой сэтгэхүйн өөрчлөлт юм болов уу. Найзууд маань бүгд гэр бүлтэй ч эрт гэрлэсэн учраас хүүхдүүд нь бие дааж, хэдийнэ өөртөө зориулах цагтай болчихжээ.

40 нас хүрснийхээ
дараа л гэрлэнэ

 Гэр бүл бол тоглоом биш. Тийм болохоор би өөрийн гэсэн байр суурь, эд хөрөнгөтэй болсон хойноо гэрлэнэ гэж боддог. Одоо 25 настай. Сургууль төгссөнөөсөө хойш гурван жил л ажиллаж байна. Өөрийнхөө хүссэн амжилтад хүрснийхээ дараа хүүхэд төрүүлнэ. Бас нөхөртөө дээрэлхүүлж, эсвэл түүний хараат байдлаар амьдрахыг хүсдэггүй учраас 40 нас хүртлээ гэрлэхгүй. Баруунд ч гэсэн эмэгтэйчүүд тийм л байдаг.

Бодохоос ч айдаг.
Гэхдээ үнэн ч юм шиг

 Сайн байна уу. Би 30 настай, хоёр хүүхдийн ээж. Гэр бүл төлөвлөлтийн тухай дунд сургуулийн хичээл болон ах эгч, аав, ээжээсээ сонсч байсан хэдий ч эмэгтэй хүн хайр дурлалтайгаа учрахаараа ямар ч төлөвлөлтийг эс тоодог юм билээ.

 Би хайртай залуутайгаа гэрлэж, хоёр хөөрхөн хүүтэй болсон хэдий ч хааяа өөрийнхөө карьерийг орхисондоо харамсдаг л юм. Намайг хүүгээ төрүүлэхийн өмнө найз бүсгүй минь “Чи үнэхээр итгэлтэй байна уу. Чамд ийм том ирээдүй байхад чи бүгдээс татгалзаж байгаа гэж үү. Эмэгтэй хүний гоо сайхны хувьд ч хүүхэд төрүүлэх нь 22 насанд гаргах шийдвэр биш шүү” гэж байсан. Одоо хүүхдүүд маань том болсон хэдий ч би өөрийн карьер, ажлын амжилтаас илүү тэднийхээ ирээдүй, сурлага, боловсрол, өмсч, зүүхэд анхаарал хандуулдаг учраас ажлаа ердийн хэмжээнд найман цагтаа багтааж хийдэг жирийн албан хаагч л болсон.

 Өндөр карьерт хүрэхийн тулд ихэвчлэн гэр бүлдээ зориулах цагаа хумслах хэрэгтэй болдог учраас татгалзсан. Эсрэгээр нь харвал хувь хүний хөгжих боломжоо золиослож гэр бүлээ бүтээсэн мэт санагдана.
 Энэ тухай байнга бодоод, хүнд яриад байдаггүй ч хайртай дотнын хүмүүс минь гомдох байлгүй. Харин би охиноо өөрийнхөө бүх бололцоог ашиглаж амжилтад хүрээсэй гэж хүсдэг учраас өдөр бүр уншиж байх тэмдэглэл бичиж, хэдэн настайдаа гэрлэх, юу юуг гэрлэлтийн улмаас золиослодог болохыг бичиж үлдээхийг хүсч байгаа. Энэ бодол зөвхөн минийх хэдий ч гэр бүлээ элэг бүтэн байлгахын тулд бусад хүн ч бас золиос гаргадаг байх.

Амьдралын хором, мөч бүр сайхан. Эергээр харж амьдраарай

Уншигчдын илгээсэн захидалд хариу илгээхээр“Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн дараах зөвлөгөөг хүргэлээ.

 Сүүлийн жилүүдэд гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авахаар ирж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 30 нас гарч буй эмэгтэйчүүд байх болсон. Гэрлэлтийн зарим ээдрээтэй гэмээр асуудлууд тэднийг гарах гарцгүй болгосон мэт санагдана. Гэр бүлийн амьдрал зохиогоод хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэр, нөхрүүд өөрийн амьдралыг дахин хайхыг хүсдэг.

 Орчин үед хүн өөрийн амьдралыг хүссэнээрээ төлөвлөж, сонгох эрхтэй болсон ч заримдаа хүсээд ч чадахгүй байх нь бий. Эрт үед эмэгтэйчүүдийн ихэнх нь өдөржин ганцаараа хүүхдээ харж, гэрийн ажил хийж өнгөрүүлдэг байжээ. Харин одоо хүүхдээ цэцэрлэгийн нас хүртэл нь гэртээ харж байгаа бол зарим нь хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн асрагчийн тусламжтай өсгөж байна.

 Эх хүүхдийн харилцааг сэтгэл зүйн шинжлэх ухаан судлахдаа хүүхдийн амьдралын эхний жилүүд буюу гурван нас хүртэл нь ээж хүүхэдтэйгээ ойр байж, хайр энхрийллээр дутаахгүй өсгөх нь хүүхэд ирээдүйд хэн болох, аливаад хэрхэн хандахад чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг. Хүүхэд эхийнхээ хэвлийгээс төрөнгүүтээ нийгэмд ганцаараа амьдрах аргагүй учраас хэн нэгэн хүн хэрэгтэй байдаг бөгөөд тэрхүү үүргийг эх хүн хариуцдаг. Хүүхэд бие дааж, “гараас гарах” хүртэл багадаа зургаан жил зарцуулагдана. Энэ хугацаанд ээж хэзээд хувиршгүй сэтгэлээр хүүхдээ өсгөхийн тулд нэлээд цаг хугацааа зориулна.

 Хүүхдээ бие даасан хүн болгох анхны алхам бол ээждээ бүрэн найдаж буй хүүхдээ ганцаараа зогсуулахаас эхэлнэ. Өсгөж бойжуулах үед хэчнээн урт хугацаа зарцуулагдаж байсантай ижил бие даалган, өөрөө хооллож, бие засч сургахад олон цаг зарцуулдаг. Аажмаар өөрөө хувцсаа тайлж, өмсөх, тоглох тоглоомоо хураах зэрэг ажлыг өөрөө хийлгүүлж мөн гэрийн ойр зуурын ажилд туслуулж, өөрийнхөө зүйлүүдийг өөрөө мэдэж, хийдэг болоход нь туслах хэрэгтэй.

 Хүний амьдралын мөчлөг бүр сайхан. Гэр бүлтэй болохоос өмнөх амьдралын хэв маяг одоогийнхоос мэдээж өөр. Ганц бие байх үеийн амьдрал ч сайхан, хүүхэдгүй байх үе ч сайхан, гэр бүлтэй болох сайхан, үр хүүхэдтэй болох ч сайхан. Харин Таны хувьд одоогийн амьдралын бодит байдалтайгаа эергээр дасан зохицож зарим зүйлсийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй болов уу. Цаг хугацааг ухраан зарим зүйлийг өөрчлөх сонголт танд байхгүй шүү дээ. Харин танд эергээр өөрчлөх боломж их байна.

 Гэр бүлийн боловсролыг дэмжих олон үйл ажиллагааг мэргэжлийн сэтгэл зүйн байгууллагууд дор бүрнээ хийж байна. Мөн хувь хүний хөгжлийн чиглэлээр эмэгтэйчүүдэд чиглэсэн дэмжих бүлгийн уулзалт, сайн дурын үйл ажиллагаа гэх мэт олон үүд хаалга нээлттэй байна. Гэр бүлийн гишүүд бие биеэ дэмжих нь энэ үед хийх зөв арга замуудын нэг юм. Бие биеийнхээ хийхийг хүсч байгаа зүйл дээр санал нэгдэж, итгэлцэх нь чухал.

 Мөн өөрөө шийдвэр гаргаж сурах, хөгжих, амьдралыг эергээр харахад гол түлхэц болно. Хүүхдийн хүмүүжил, санхүүгийн асуудал, эд бараа худалдаж авах гэх мэт амьдралын чухал шийдвэрийг хоорондоо зөвшилцөж, шийдээрэй.

 Эртнээс уламжлагдан ирсэн зарим нэг явцуу хуучинсаг, сэтгэлгээ нь хүнийг өөрөөрөө байж хөгжиж дэвшихэд саад учруулж байна. Эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэсэн хэв маяг нь бидэнд саад болсоор л... Энэ хуучинсаг сэтгэлгээ нь эмэг­тэйчүүдийг өөртөө итгэлгүй болгож баригдмал амьдралын хэв маяг руу хөтөлдөг бол эрчүүдийн дийлэнх нь гэр бүлийн санхүүгийн ачааллыг дангаараа үүрч байгаа нь зарим тохиол­долд бухимдах шалтгаан болдог.

 Амьдралынхаа өнгөрч буй хором бүрийг үнэлж, өөдрөг байх нь үр хүүхдэдээ үлгэр дуурайл болох том чадвар юм. Та бүхэнд амжилт хүсье. Эергээр харж амьдраарай.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com