Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Лакшми: Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахгүй бол эдийн засаг сэргэхгүй

 Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн хувьд таатай байсангүй тухай эдийн засагчид ярьсаар байна. Саарал жагсаалтад орсон нь эдийн засагт нэг их нөлөөлөхгүй гэсэн хэсэг байхад нөгөө хэсэг нь саарал жагсаалтад орохоос өмнө валютын ханш өсч, донор орнууд тусламжаа зогсоох тухай сануулж байсан. Өнөөдөр долларын ханш чангарч, ОУВС, Японтой байгуулсан стратегийн гэрээ зогсонги байдалд оржээ. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитэй ярилцлаа.

Монгол улс өрсөлдөх чадвараар Венесуэлийн өмнө орсон

-Өнгөрсөн оны эдийн засгийг дүгнээд, Монголын өрсөлдөх чадварын тухай юу ярьж болох вэ?
-Олон улсын түвшний өрсөлдөөн гэхээр, бид юугаараа өрсөлдөх вэ гэсэн асуулт гарна. Бараа, товараар уу, нэмүү өртгийн бүтээгдэхүүнээр үү, үйлдвэрлэлээр үү гээд олон салбараа сайжруулах шаардлага гарна. Наад зах нь авлигатай тэмцэх индексийг сайжруулж байж өрсөлдөх тухай ярина. Өрсөлдөх чадвар сайжирснаар манай улсад орох хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ.
-Өнөөгийн манай улсад өгч байгаа авлигын индекс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болов уу?
-Өнөөгийн олон улсын байгууллагын зүгээс манай улсад өгч байгаа авлигын индекс гадны хөрөнгө оруулагчдын бүү хэл улстөрчдийн сонирхлыг татахааргүй байгаа.
-Яагаад?
-Авлига өндөр, хууль эрх зүйн орчин нь авлигатай тэмцэх чадвар байхгүй.
-Дэлхийд манай авлигын түвшин хаагуур байгаа бол?
-Олон улсын байгууллагын 63 оронд хийсэн судалгаа байдаг. Энэ судалгаагаар манай улс 62-т жагссан байдаг. Венесуэлийн өмнө орсон. Үүгээр манай улсын өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг харж болно. Венесуэль улс маш өндөр инфляцтай, хүмүүсийн цалин үнэгүйдсэн, худалдан авах чадваргүй болсон. Цалин нь талханд ч хүрэхгүй болсон. Тэгвэл бидний 20-иод жилийн өмнө үзэж байсан “Халтар царайт” гэдэг киноноос Венесуэль улс ямар баян байсныг харж болно. Асар их газрын тосны нөөцтэй улс шүү дээ.
-Энэ баян орон яагаад ингэж ядуурав?
-Хувийн өмчийг нийгэмчилсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан. “Өөрсдийгөө өөрсдийн бүтээгдэхүүнээр хангана” гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ нь тус оронд өнөөдрийн гамшгийг авчирлаа. Маш олон иргэд эх орноосоо дүрвэж байна.
-Танай байгууллага аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргасан. Судалгаанаас юу харагдаж байна?
-Бид энэ судалгааг найм дахь жилдээ гаргаж байна. Судалгааны явцад аймгуудын эрэмбэ байнга өөрчлөгдөж байдаг л даа. Гэхдээ эхний гуравт Орхон байнга ордог. Ихэнхдээ I байрт жагсдаг.
-Яагаад тэгж тэргүүлдэг юм бол?
-Бусад аймгуудтайгаа харьцуулахад дэд бүтэц сайтай учраас. Харин энэ жилийн хувьд нэг томоохон өөрчлөлт гарсан нь Дорноговь аймаг III байрт орж ирсэн. Өмнөх жилийн судалгаагаар Дархан–Уул аймгийн дараа Дорноговь аймаг дөрөвт жагссан байна.
-Юунаас болж Дархан-Уул аймгийг гүйцэж түрүүлэв?
-Сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Дээр нь дэд бүтэц маш эрчимтэй нэмэгдэж байгаа. Барилгын салбарт маш их үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Энэ жилийн судалгаанд төсвийг чухалчилсан

-Барилгын салбар хөгжих өрсөлдөх чадвар нэг үзүүлэлт мөн үү?
-Барилгын салбар хөгжих нь дангаараа нэг үзүүлэлт биш. Гэхдээ барилгын салбарын хөгжил нь олон талын нөлөөтэй. Дорноговь аймгийн хувьд эдийн засгийн 33 хувийг хөдөө аж ахуй бүрдүүлж байгаа. 17 хувийг аж үйлдвэрийн салбар буюу барилга, 50 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна. Судалгааны дүнгээр орон нутагт цаашдаа аль салбараа түлхүү хөгжүүлж, ямар төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогоо боловсруулах шаардлагатай.
-Энэ жил аль салбарт илүү сонирхолтой тоо гарав?
-Энэ жилийн судалгааны хувьд төсвийг бид түлхүү онцолсон. Орон нутаг тодорхой хэмжээний төсөвтэй болсон. Төсвийн хөрөнгөө хэр оновчтой зарцуулсан асуудал дээр анхаарал төвлөрүүлсэн.
-Хэр оновчтой зарцуулсан нь харагдах уу?
-Манайд аудитын хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй. Тийм учраас орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хийсэн сайн аудит байхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд зааварчилгаа өгөх, хяналт тавих шаардлагатай байгаа юм.
-Сүүлийн үед олон улсын судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн дотоодын судалгаануудыг их сонирхдог болсон байна. Энэ байгууллагууд танай судалгаанаас юу олж харах вэ?
-Монголын хууль эрх зүйн орчны түвшин, хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин дээшилж байгаа эсэх, хөрөнгө оруулалт аль салбарыг дэмжиж байна, төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлж байгааг харах боломжтой. Мөн орон нутагт аль салбар хөгжиж байгаа, хөгжих боломж байгааг харж болно.
-Судалгаа хийхэд баталгаатай тоо хэрэгтэй байдаг. Энэ тоонууд олдож байна уу?
-Мэдээж бүх судалгааны тоо олдохгүй. Гэхдээ ерөнхий тоонууд олдоно. Бид анх судалгааны аргачлалаа боловсруулахдаа аймгуудын статистик үзүүлэлтүүдийг авч боловсруулсан. Аймгуудад 100-гаад үзүүлэлтүүд гардаг.
-Жишээ нь?
-Ногоон хөгжлийн бодлого, ногоон хөгжлийн байр гэж байна. Хүлэмжийн хийг хэдэн хувиар бууруулсан гэх мэтийн нарийн үзүүлэлтүүд байдаггүй. Иймэрхүү үзүүлэлтүүдийг нэмж статистик мэдээлэлд оруулах хэрэгтэй байгаа юм.
-Энэ үзүүлэлтүүдийг хаанахын, хэн гаргах ёстой вэ?
-Үндэсний статистикийн хороо гаргах байх. Аргачлалыг Үндэсний статистикийн хороо гаргаад, үзүүлэлтийг нь өгдөг байгууллага байх ёстой.
-Ийм тоонууд заавал байх ёстой юу?
-Байх ёстой. Өнөөдөр агаарын бохирдол буурсан, буураагүй гэсэн бөөн маргаан яваад байна. Хэмжиж байгаа байдлыг харахад янз бүрийн багаж, тоног төхөөрөмжөөр, янз бүрийн аргачлалаар хэмжээд байгаа юм. Дээр нь нэгдсэн мэдээллийн сан байхгүй нь бас нэг дутагдал. Нэгдсэн мэдээллийн сан байхгүй нь судалгааны тоо баримт цуглуулахад их нөлөөлнө.

ҮСХ-ны түвшин сайжирсан, гэхдээ илүү сайжруулах хэрэгтэй

-Танай судалгааны байгууллага төрийн байгууллагад судалгааны аргачлал боловсруулж өгч болохгүй юу?
-Манайх судалгааны байгууллага. Гэхдээ төрийн албан ёсны тоог төрийн байгууллага л гаргаж өгөх ёстой. Бид аргачлал гаргаж өгөх нь хязгаарлагдмал ойлголт. Учир нь сүүлийн жилүүдэд Үндэсний статистикийн хороог бэхжүүлэхэд олон улсын байууллагууд маш олон төсөл хэрэгжүүлсэн. Үр дүн ч гарсан. Өнөөдөр муугүй түвшинд хүрсэн. Харин нарийн тоо гаргадаг болоход цаашдаа нэлээд санхүүжилт хэрэгтэй.
-Бид энэ жилдээ саарал жагсаалтаас гарч чадах болов уу?
-Манайхан саарал жагсаалтаас гарах гээд нэлээд хэдэн хууль тогтоомжийг өөрчилж байгаа.
-Яг юуг яаж өөрчилж байна?
-Би түүнийг нь мэдэхгүй. Яагаад гэвэл ямар юм хийгээд байгаа, хийх гээд байгаа тухайгаа иргэний нийгмийнхэнд дуулгадаггүй. Дээр нь санал авдаггүй.
-Та нар энэ бүхэнд оролцох шаардлагатай юу?
-Хэрэв бид оролцох юм бол олон нийтийн санал тусгагдахаас гадна мэдээлэл ил болно шүү дээ. Нэг их яараад дутуу дулимаг юм их хийж байгаа сураг байгаа. Дутуу боловсруулбал хэрэгжихдээ гацахаас гадна эсрэг нөлөөлөх аюул байдаг шүү дээ.
-Монголд төлөөлөгч байдаг уу?
-Байдаггүй.
-Тэд манайхны авлигын тухай мэдээллийг хаанаас аваад байна?
-Хууль эрх зүйн орчны судалгаа хийдэг. Манай хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг харж байгаа.
-FATF Монголыг яг юунд буруутгаад байгаа юм бэ?
-Монгол Улс нэг их угаагаад байх мөнгө байхгүй л дээ. Гэхдээ мөнгө угаагаад эхлэхэд хууль эрх зүйн орчин нь түүнтэй тэмцэхэд бэлэн биш байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг бэлэн болго гэсэн шаардлага тавиад байна шүү дээ. Үүнийг биелүүлэхэд тийм их хөрөнгө, хугацаа орохгүй биз дээ.
-Жишээ байна уу?
-Жишээлбэл, улс орнууд гарч, орж байгаа бэлэн мөнгөний урсгалыг арван мянган еврогоор тогтоож хянадаг. Гэтэл манайд энэ талаар хангалттай хяналт байхгүй. Энэ өөрөө дахиад мөнгө угаахтай холбоотой асуудал болчхож байгаа юм.
-Арилжааны банкуудын активыг хууль бусаар нэмэгдүүлсэн гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Олон улсын жишгээр банкны активыг нэмэгдүүлсэн эх үүсвэр маш тодорхой байх ёстой. Гэтэл манай арилжааны банкууд өөр өөр салбар луу холилдчихсон. Тэгэхээр аль мөнгө нь яваад байгаа нь тодорхой бус болоод байгаа юм. Түүнээс гадна банкууд өөрсдөө бусад салбартаа өрсөлдөгч болчхоод бизнесийн орчинг булаагаад байгаа юм. Энэ нь бас томоохон асуудалд тооцогдоно.
-Өнгөрсөн оны эдийн засгийг юу гэж харж байна. Нэг талаасаа өссөн гэж хэлж болно. Энэ нь манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учраас. Өнгөрсөн жил зарим түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр гайгүй үнэтэй байсан. Энэ нь эдийн засагт өгөөжтэй байсан.

Энэ жил амаргүй жил болно

-Энэ өгөөжийг бид хэр ашиглаж чадав?
-Хангалттай сайн ашиглаж чадаагүй гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Эдийн засаг сайн байх үедээ бид хуримтлал үүсгэх хэрэгтэй байсан. Нэг талаасаа ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд төсвийн сахилга бий болгож чадсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрээгүй. 2020 оны төсөвт ОУВС төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах зөвлөмж өгсөн. Гэтэл Засгийн газар яг эсрэгээр нэмсэн. Сүүлийн жилүүдэд төсвийг байнга алдагдалтай баталж байгаа. Хэр удаан энэ зарчим үйлчлэхийг хэлж мэдэхгүй байна. Эдийн засагт бол сайн нөлөө үзүүлэхгүй.
-Олон том мөнгө яригдаж байсан. Яагаад чимээгүй болчхов?
-Саяхан ОУВС “Тэтгэврийн зээлийг тэглэсэнээр Монгол Улс гэрээгээ зөрчлөө” гэсэн мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотой.
-Энэ жилийн эдийн засаг ямар байх бол?
-Энэ жил УИХ-ын сонгуультай жил. Шийдвэр гаргах бүх улсууд сонгуульдана. Иргэд ч маш их хүлээлттэй байдаг жил. Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн ямар бодлого зарлахаас эдийн засаг хамаарна. Гадаад орчноос гадна дотоод сонгууль хаяанд ирсэн учраас эдийн засаг хүндрэх болов уу гэж бодож байна.
-Ирэх жил их өр төлж эхэлнэ, хуримтлал байхгүй. Гарц байна уу?
-Манай төгрөгийн ханш хурдан унаж байна. Энэ сулралыг гарц гэж харж чадвал давуу тал болж болно.
-Яаж?
-Тухайн улсад үйлдвэрлэсэн бараа хямдарч байгаа. Харамсалтай нь бид үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй учраас энэ гарц биш. Экспортоо харахаар уул уурхай. Тэр нь бас хараат. Дотоодын хэрэглээний ихэнх импорт. Тэгэхээр дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол байнга л эдийн засгийн дарамттай байна гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com