Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сорьцыг япон руу илгээж эцсийн оношийг гаргана гэв

 Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвартай холбоотойгоор цаг үеийн мэдээллийг өдөр бүр 11 цагт тогтмол мэдээлэхээр болсон. Өчигдрийн 11 цагт хүргэсэн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, “Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.  Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа. Коронавирусийн 200 ширхэг оношлуур Япон улсаас ирсэн ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид өчигдөр ашиглаад эхэлсэн. Бид цаашид нэмж оношлуур авах талаар ярилцаж байна.

 Амны хаалтны эрэлт өндөр байгаа, зохиомол хомсдол үүсгэж иргэд олон тоогоор нөөцөлж байна. Ийм шаардлага байхгүй гэдгийг хэлье. Амны хаалтны үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Ашиг хонжоо хайсан зарим хүн амны хаалтыг бөөндөж авч байгааг буруушааж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь хоногт 42 мянган ширхгийг, нөгөө нь хоногт 30 мянган ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Импортоор мөн амны хаалт орж ирж байгаа. Тавин-Ус, Монос гэсэн компаниудад байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүд рүү хүргэсэн.

 Мөн НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Тиймээс иргэд их хэмжээний хүнс нөөцлөх шаардлага огт байхгүй. Ухань хотод байгаа 31 иргэн авах хүсэлт гаргасан. Одоогоор 10 улс иргэдээ авах хүсэлт гаргаад байгаа юм байна” гэв.

Хонгконгоос ирсэн халуунтай зорчигчдыг тусгаарлаж тээвэрлэсэн

 Мөн энэ үеэр МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар коронавирусийн сэжигтэй тохиолдлыг хил дээр хэрхэн илрүүлж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нөхцөл байдал хүндрээд, өвчлөл нас баралт хөрш оронд их байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хил дээр 450 байцаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь эрүүл ахуйч байцаагч байна. Өнгөрсөн хугацаанд 13 сэжигтэй тохиолдол гарсны долоог манай хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага ДЭМБ-ын зөвлөмж болон олон улсын дүрмийг баримтлан ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Хил дээр иргэдийн халууныг үзэж, 14 асуулттай асуумж авч, хоёроос дээш шинж тэмдэг илэрвэл түр хугацаанд тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж байна. Бид зорчигчдод голомттой бүс нутаг руу зорчихгүй байх гол зөвлөмжийг өгч байгаа. Өчигдөр Хонгконгоос ирсэн халуунтай зорчигчдыг онгоцонд явсан бусад 140 хүнээс тусгаарлаж арын суудалд амны хаалттай суулган тээвэрлэж ирсэн. ДЭМБ-ын хавьтлын тодорхойлолтоор бусад зорчигчдыг эрсдэлгүй гэж үзсэн бөгөөд урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн асуумж, бусад холбогдох мэдээллийг авсан" гэв.

Сэжигтэй тохиолдол, хавьтал гэж юуг хэлэх вэ?

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдол гэж юуг хэлэх талаар мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол гэдэг бол халдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ” гэв. Харин хавьтал гэдэг нь хамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй гэдгийг тайлбарлалаа.

Уушгины хатгалгаа өвчнөөр өнгөрсөн онд 431 хүн нас барсан

 Өчигдөр Хэнтий аймагт хөл хорио тогтоож, 14 настай охин өндөр халуурснаас нас барсан тухай манай сонин мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Хэнтий аймгийн эмнэлэгт өчигдөр өглөө буюу нэгдүгээр сарын 27-ны 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16 цагийн орчимд нас барсан. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа. Хэнтий аймгаас авсан сорьцууд шөнө ХӨСҮТ-д ирсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. 24-48 цагийн дотор шинжилгээний хариу гарна. Шинжилгээний сорьцыг Япон улс руу илгээж, эцсийн оношийг гаргана" гэлээ. Коронавирусээс бусад тохиолдолд хатгалгааны улмаас богино хугацаанд нас барах эрсдэл бий эсэхийг тодруулахад "H1N1, H3N2 зэрэг вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгааны хүндрэлийн улмаас нас барах тохиолдол бий. 2019 оны сүүлийн мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлснээс 431 хүн нас барсан" хэмээн хариулав. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн бэлэн байдлыг шалган, үнэлгээ зөвлөмжөө өгч байна. Орон нутагт эмийн нөөцийн зургийг авч баталгаажуулж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. Түүнчлэн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээллийг түгээж байна. БНХАУ-д сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа өндөрлөж байгаагаас хилээр орж ирэх хүний тоо өссөн. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг ч бэлдсэн” гэв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн

 Мөн БНХАУ-д тархсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар нэгдүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар тус халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлсэн. Энэ төсвийг эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс, түлш шатахуунд шаардагдах төсөв, мөн зорчигчийн биеийн халууныг хэмжих суурин термокамер, дижитал гар термометр, богино долгионы станц, N95 маск, мананцар үүсгэн халдваргүйжүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

-Япон улсаас 200 оношлуур авсан. Тэгсэн хэр нь яагаад оношлуураар гарсан хариуг дахин Япон улс руу илгээж оношоо баталгаажуулж байгаа юм бол?
-Япон улсаас оношлуурыг өчигдөр хүлээн авч ХӨСҮТ-д хүргэж, шаардлагатай тохиолдолд ашиглаад эхэлсэн. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг ганцхан лабораторийн шинжилгээгээр эцэслэн хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулсны дараа эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана.

-Коронавирусийн халдвар манай улсад хэдийнэ ороод ирчихсэн. Гэсэн хэдий ч иргэдийг тайван байлгахын тулд бодит байдлыг нууж байна гэх хардлага нийгэмд байна?
-Ямар ч мэдээллийг бид иргэдээсээ нуугаагүй. Нэг ч иргэнийг айлган сандаргах эсвэл хэт тайвшруулах зорилгогүй. Бид үнэн бодит, тодорхой мэдээллийг цаг тухайд нь өгч байна. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Эрүүл мэндийн яаманд иргэдэд шуурхай, бодит мэдээллийг цаг тухайд нь өгөхийг даалгасан. Үүний дагуу мэдээллээ өгдөг. Өдөр бүрийн тогтмол 11 цагт нэгдсэн мэдээлэл өгөхийн хамт яаралтай үед шууд дамжуулалт хийн, иргэдэд мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудын иргэдэд хүргэсэн хэвлэлийн хурал 11:30 цагт өндөрлөсөн. Уг хэвлэлийн хурал дууссанаас хойш коронавирустэй холбоотой дараах үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.

13:48 минут

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ

 Цахим сүлжээгээр “Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ ” гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мельбурнд ирсний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-аар дамжуулан мэдээлжээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна” гэсэн. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар шуурхай мэдээлэл хийж "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй.Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Энэ дагуу өвчлөлийн нөхцөл байдлын мэдээг дамжуулж буй бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэнэ” хэмээн мэдэгдсэн.

16:20 минут

Австрали улсад коронавирусийн халдвар авсан иргэн

Монгол Улсын иргэн биш гэдгийг тогтоолоо

 ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ,
"12:28 цагт Австралийн эрүүл мэндийн байгууллагаас буюу олон улсын эрүүл мэндийн зохицуулагч байгууллагаас Монгол дахь тус дүрмийг зохицуулж ажилладаг ХӨСҮТ-д яаралтай мэдээлэл ирүүлсэн. 14:40 минутад тус байгууллага болон Австралийн Эрүүл мэндийн газартай утсаар холбогдож мэдээллийг нягталлаа. Нягтлахад, тухайн иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар аваагүй болох нь тогтоогдлоо. Харин Гуанжоугаас Мельбурн хот руу ниссэн онгоцонд хамт явсан БНХАУ-ын иргэн коронавирусийн халдвар авсан байна. Тиймээс манай улсын иргэн халдвар аваагүй бөгөөд харин эрсдэлийн хувьд нэгдүгээр зэргийн хавьталт бүхий иргэн болж байна. Тиймээс бид тус иргэнийг тусгаарлаж, холбогдох шинжилгээг авах шаардлагатай боллоо. Нэмж хэлэхэд Монгол Улсын иргэн нэгдүгээр сарын 19-нд Гуанжоугаас Мельбурн хотод очоод 25-нд Хонгконгоор дамжиж Улаанбаатар хотод ирсэн байна. Тус иргэнтэй холбогдсон бөгөөд одоо ХӨСҮТ-д тусгаарлаж холбогдох шинжилгээ авна. Нэгдүгээр зэргийн хавьталд орсон иргэний биед одоогоор ямар нэгэн зовиур илрээгүй гэдгийг асуумжаар тодорхой болгосон. Мөн ирэх үедээ ч ямар нэгэн зовиургүй байсан гэж мэдэгдсэн” хэмээн мэдээллээ.

ЧОЙРТ ӨНДӨР ХАЛУУРСНЫ УЛМААС ХҮН НАС БАРСАН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ"

 НЭМЭЛТ: Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэг иргэн өндөр халуурсны улмаас нас барсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт халуурсны улмаас эсвэл хатгалгаа болон ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй. Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэтэл өндөр халуурч хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Энэ нь худал мэдээлэл тул бид худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com