Б.ЭГШИГЛЭН
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг Гэрэгэ киоскоор дамжуулан шуурхай авах боломжтой болсон. Албан Журмын Даатгагчдын Холбоо, Асимон Брокерс ХХК, Гэрэгэ Систем ХХК хамтран хэрэглэгчдэд уг үйлчилгээг шуурхай хүргэж буй. Иргэд энэ сарын 23-наас цахим даатгал хийж эхэлсэн. Туушин зочид буудалд болсон нээлтийн үеэр технологийн шийдлийг танилцуулахаас гадна даатгал, технологийн салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Уг хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим асуудлыг хүргэж байна.
Асимон Брокерс компанийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхжаргал хэлэлцүүлгийг чиглүүлж эхний асуултуудыг тавьсан.
-Технологийн шинэчлэлүүдийг даатгалын салбарт хийхэд Монголд олон асуудал тулгардаг. Хууль эрх зүйн тогтолцоо хангалтгүй байдаг. Энэ чиглэлээр төрийн байгууллагууд хэр хурдтай ажиллаж байгаа вэ. Шинэчилсэн журмуудынхаа талаар танилцуулаач?
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат:
-Хурдыг яаж хэмжихээ мэдэхгүй байна. Гэхдээ бид ажиллаж байгаа. Сүүлийн хоёр гурван жилд технологи ашигласан санхүүгийн үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдэж байгаа. Цахим гарын үсгийг хүлээн зөвшөөрөх үү гэдгээс авхуулаад эрх зүйн хувьд асуудал бий. Даатгалын зохицуулалтад цахим даатгалтай холбоотой асуудал нээлттэй байгаа. Гэхдээ бусад хууль тогтоомжоороо заавал цаасан дээр бичигдсэн гарын үсэг, гэрээ шаарддаг. Үүнтэй холбоотой хуулийн өөрчлөлтийн асуудал нэлээд цэгцэрнэ гэж ойлгож байна. Цахим даатгал, финтек хөгжих ёстой. Даатгалын багц дүрмээр цахим даатгалтай холбоотой асуудлуудыг чөлөөтэй болгосон. Журмандаа тэгж зохицуулсан ч маргаан гарахад хуулийн зохицуулалт тодорхой байх ёстой. Энэ чиглэлээр санал өгч, ярьж байгаа зүйлүүд бий. Банк бус санхүүгийн байгууллагуудын хийж байгаа цахим технологи, даатгалын салбарынхны хийж байгаа технологиуд эрх зүйн хувьд ялгаатай. Даатгалын салбарынхан заавал баталгаажсан гарын үсэгтэй байна гэх мэтээр хязгаарлагдмал зохицуулалттай байгаа. Цахим даатгал хөгжсөнөөр даатгуулагч иргэдийн цагийг хэмнэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрхэн хүртээмжтэй хүргэх талаар тусгасан. Үүнд хүрэх нэг том борлуулалтын суваг нь цахим орчин. СЗХ ямар ч тохиолдолд үүнийг дэмжих боломжтой. Ингэж ажиллахад датаг хөгжүүлэх асуудал тулгардаг. Өнөөдрийн байдлаар албан журмын даатгалтай холбоотой датанууд байгаа. Бусад сайн дурын даатгалтай холбоотой дата нэгдсэн байдлаар байхгүй. СЗХ нэгдсэн мэдээллийн сан байгуулах ажлыг төлөвлөсөн. Уг нэгдсэн мэдээллийн сан эхний ээлжинд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зорилгоор ашиглагдана. Даатгалын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа бүх оролцогчдын мэдээллүүдийг энэ санд бүрдүүлнэ.
-Д.Цэвээнжав даргаас асуумаар байна. Гэрэгэ киоскоор албан журмын даатгалыг борлуулах ажил эхлэл гэсэн. Цаашдаа даатгуулагчдын тоог нэмэгдүүлэх ямар ажил хийх вэ?
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав:
-Өнөөдөр нээлт хийж байгаа ажлыг бид Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулсан л даа. Эрх зүйн орчны хувьд хориглох зүйл байгаа эсэх талаар нухацтай ярилцсан. Нэгэнт “Асимон брокерс” зуучлал хийх эрх авсан тохиолдолд зуучлалынхаа үйл ажиллагааг ямар арга технологи ашиглаад хийх нь журмын шаардлага хангаж л байвал хориглох зүйл байхгүй гэдэг нь ойлгомжтой, тодорхой болсон. Энэ зарчмыг манай Албан журмын даатгагчдын холбоо баримталж байгаа. Энэ үйлчилгээ даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийслэлд жолоочийн хариуцлагын даатгалын хамрагдалт 70 орчим хувьтай байна. Аймаг орон нутагт 50 орчим хувьтай байна. Цаашид энэ системийг орон нутагт түгээх нь зүйтэй гэж үзэж байна. Орон нутагт энэ системийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад СЗХ, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ойрын үед мэдээлэл хийхээр бэлтгэж байна. Жил бүр гарч байгаа тайлан мэдээтэй холбогдуулаад СЗХ хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлж байгаа.
Даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн техник, технологи ашиглах нь зайлшгүй. Мэдээллийн технологи ашиглах боломж нөхцөлийг манай холбоо 2014 оноос хойш бий болгож, бүрдүүлж байна. Мэдээллийн технологи ашиглаад даатгалын зуучлал хийх, нөхөн төлбөр олгох, зам тээврийн ослын мэдээллийг цуглуулан авч үйчилгээ үзүүлэх энэ бүх зүйл энэ системийн тусламжтайгаар бүрэн шийдэгдэнэ. Энэ системийг хэрэгжүүлэхэд ямар нэг саад байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Даатгалын компаниуд, зуучлагчид өргөн хүрээтэй хамрагдана гэж найдаж байна. Асимон Брокерстой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байна. Төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ үйлчилгээг орон нутагт тууштай нээх ажлууд тусгагдана.
-Иншуртек технологийг Хятадын даатгалын компаниуд хэрхэн хэрэглэж байгаа талаар Б.Батбаяр танилцуулсан. Монголын нөхцөлд санаа авч, хэрэгжүүлэх боломжтой даатгалын бүтээгдэхүүний талаар асуумаар байна?
“Үндэсний давхар даатгал” ХХК бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр:
-“Үндэсний давхар даатгал” та бүхний мэдэж байгаагаар малчны, малын даатгал хийдэг. Сүүлийн гурван жилийн тоон мэдээнээс харахад манай уламжлалт төлөөлөгчдийн борлуулалтын орлого буурч байгаа. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн маань санхүүгийн бусад үйлчилгээ буюу банкны зээлтэй холбоотойгоор буурч байгаа. Тэгэхээр одоо манай даатгалын салбарынхан малын даатгал хийлгээд, машины даатгал ядаж хийх бололцоо нээгдэж байгаа юм уу гэж харж байна. Гэрэгэгийн хамт олонтой малын даатгалын төлөөлөгчдийн орлогыг нэмэгдүүлэх, олон жил сургасан даатгалын төлөөлөгчдөө идэвхжүүлэх талаар хамтрах нь зүйтэй юм болов уу гэж харж байна.
“Гэрэгэ системс” ХХК үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат:
-Миний нүдэнд энэ ажлыг одоо ч хийсэн болохоор харагдаж байна. Энэ бүх үйлчилгээ эцсийн дүндээ хэрэглэгчийн гар утсанд очих ёстой шүү дээ. Тээглээд байгаа зүйл юу гэхээр механикаар тэнд хурууны хээ уншуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг яг Бат, Болд гэдгийг гар утсан дээрээс итгэлтэй таних технологи байна уу? Хур системийн хувьд “Дан” гээд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем бий. Хэцүү ажиллагаатай л даа. Гэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн, ажиллаж байгаа систем. Цахим орчинд хүнийг таних технологийн шийдэл нь тэнд байна. Дан системийг холбоод, бид гар утсан дээрээс гэрээ хийж болно. Дан системээр дамжуулаад, үйлчилгээг гар утсаар хүргэх боломж бий. Дата бага байна гэж байна. Тэр үнэн. Ажиллаад эхлэхээр дата цуглана шүү дээ. We chat арав гаруй жил болж байж датагаа бүрдүүлсэн. Тэр дата дээрээ анализ хийж, цаашдын бололцоонуудаа гаргаж ирж байгаа. Угаасаа хугацаа хэрэгтэй. Бас огт дата байхгүй биш шүү. Гэрэгэ платформоор сардаа 30,000-40,000 гүйлгээ хийдэг. Хэн, ямар үйлчилгээ авав гэдэг мэдээлэл нь цугладаг. Саяхан харсан чинь арваад сая бичлэг байна билээ. Энэ бас тийм ч жижиг дата биш. Ийм учраас одоо ч хийгээд эхэлж болж байна гэж үзэж байна гэв.
Дараа нь танхимд суусан сонсогчдын зүгээс панелистуудад хандан асуулт тавилаа.
-Жолоочийн хариуцлагын даатгалыг Гэрэгэ киоскоор хийснээр төлбөр, хураамж нэмэгдэх үү?
Д.Цэвээнжав:
-Энэ системийг нэвтрүүлснээр даатгуулагчаас нэмж хураамж төлөх асуудал байхгүй шүү.
-Албан журмын даатгал цахимаар авах боломжтой болж байна. Сайн дурын даатгалыг бас цахимд оруулж болох уу. Осол гаргасан тээврийн хэрэгслийн өмнөх мэдээллийг авах боломж байдаг уу?
Д.Цэвээнжав:
-Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал, албан журмын даатгал хоёрын нөхцөл их өөр учраас яг энэ системд давхар хийхэд төвөгтэй байж магадгүй. Энэ асуудлыг мэдээж даатгалын компанийн технологчид судалж байгаа байх. Нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг хувь хүнд өгч болох уу гэж асуух шиг боллоо. Зам тээврийн осолд холбогдсон хүмүүсийн мэдээллийг гурав хоногийн дотор даатгалын компаниуд манай системд оруулдаг. Тэр мэдээллийг бид цагдаагийн байгууллагад өгдөг. Төрийн байгууллага энэ мэдээллийг авъя гэвэл зохицуулж болох байх аа.
Н.Энхжаргал:
-Гэрэгэ киоск дээр оруулахаар ажиллаж байгаа дараагийн үйлчилгээ зорчигчдын даатгал. Гадаадад зорчигчдын даатгал Монголд маш их хэрэглэгддэг. Жишээлбэл Шенгений виз авъя гэхэд зайлшгүй Гадаадад зорчигчдын даатгал авах ёстой болдог. Тийм учраас бид энэ бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн даатгал сайн дурынх. Бид үүнийг даатгалын компаниудтайгаа хамтраад, эхлээд киоск дээр яваандаа гар утасны аппликейшн дээр оруулахаар ажиллаж байгаа гэв.
Дашрамд дурдахад Улаанбаатар хот, хоёр аймагт нийт 50 байршилд, 80 гаруй Гэрэгэ киоск машин ажиллаж байгаа гэнэ. Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг уг киоскоор дамжуулж авахдаа Практикал, Бодь, Миг, Хаан, Монгол даатгал, Ард даатгал, Тэнгэр, Мандал даатгал зэрэг 13 даатгалын компаниас сонголт хийх боломжтой. Уг даатгалыг хийхийн тулд та иргэний үнэмлэх, төлбөрийн карттайгаа очоорой. Уншигч та уг даатгалыг хийлгэх бол өөрт ойрхон байгаа Авто тээврийн үндэсний төвд байрлах Гэрэгэ киост хандах юм байна.