Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Алтанцэцэг: Манай Ноос ноолуурын холбооноос үйлдвэрлэгчидтэйгээ хамтран кино хийхээр бэлтгэж байна

 Монголын ноос, ноолуурын холбоо өнгөрсөн онд манай ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх баталгаажилтын тэмдэг олгох эрхтэй болсон. Ингэснээр манай ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвартай болж улмаар энэ салбарт түүхий эдээ нийлүүлдэг малчдын орлого ойрын жилүүдэд гурав дахин нэмэгдэх боломжтой. Гэтэл саяхан сошиалаар цацагдсан ямаа зовоож байгаа бичлэгийг үзсэн 330 компани амьтан зовоохгүйн тулд ноос ноолуур худалдан авахаас татгалзсан тухайгаа Олон улсын амьтан хамгаалах холбоонд ирүүлжээ. Энэ талаар Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-“Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийнхээ тухай танилцуулаач. Өөр ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
-Өнөөдөр ноолуурын салбарт олон улсын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Үүнд Азийн хөгжлийн банкны ХАА-н хөгжлийг дэмжих техник туслалцааны төсөлтэй хамтраад “Монголын хаан ширхэгт” тэмдгийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Монголын ноос ноолуурын холбоо нь ISO-17065 стандартын шаардлагыг хангаж байж гэмээн баталгаажуулалт хийх эрхтэй болно. Энэ ажлын хүрээнд бид олон улсын форум зохион байгуулж “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг бий болсныг гадаад зах зээлд зарласан байгаа. Одоогоор гурван компанид “Хаан ширхэгт” тэмдгийн эрхийг олгоод байна. Түүнээс гадна Европын холбооноос санхүүжүүлж буй тогтвортой текстилийн үйлдвэрлэлийг бий болгохоор AVSF-ийн төсөлтэй хамтран ажиллаж байна. Швейцарын Хөгжлийн агентлагийн “Ногоон-алт” төсөлтэй хамтран сарлагийн хөөвөр, ботго торомны ноосон бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр, түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Кашмир платформыг бий болгохоор ажиллаж байна. Холбоо нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
-“Монголын хаан ширхэгт” тэмдгийн гол зорилго нь юу вэ?
-Дэлхийн зах зээлд ноос ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Бид угаасан, хялгасыг ялгасан, эцсийн бүтээгдэхүүнээр экспорт хийж байгаа хэдий ч тэр хэрээр экспортоос олж байгаа ашиг хангалттай хэмжээнд биш байна.
-Яагаад?
-Олон шалтгаан бий л дээ. Түүхий эд бэлтгэлийн үеэр үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ хангалттай бэлтгэж авч чадахгүй байна. Дийлэнхийг нь буюу 75 хувийг угаасан байдлаар Хятад руу экспортолж байна. Гадаад зах зээлд нэг цонхоор нэг концепци бодлогод зангидагдаж экспортлох шаардлагатай байна. Монгол ноолуурынхаа нэр хүндийг өсгөж үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд бид дэлхийн зах зээл дээр 100 хувь Монгол ноолууран бүтээгдэхүүн гэж зарагдаж байгаа хэдий ч химийн ширхэгт болон бусад ширхэгтэй холиотой бүтээгдэхүүнийг зарсаар байдаг. Бид хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй, хуурахгүй, 100 хувь монгол ноос ноолууран бүтээгдэхүүн гэх гарал үүслийг тодорхойлохоос гадна бүтээгдэхүүн нь олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан гэдгийг баталгаажуулахын тулд бид ХААН ширхэгт тохирлын тэмдгийг бий болгосон.
Бараа, бүтээгдэхүүнд баталгаажуулалт өгнө гэдэг нь олон улсын бизнесийн жишиг. Гэтэл бид одоо л хийж эхэлж байна. Энэ хүрээнд олон ч ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Энэ тэмдэгтийг зөвхөн бүтээгдэхүүнд олгох уу?
-Зөвхөн бүтээгдэхүүнд биш. Хялгасыг нь ялгасан ноолуурт бас олгоно.
-Хэзээ олгож эхлэх вэ?
-Олгоод эхэлчихсэн. Ханбогд компани Итали руу ХААН ширхэгт тохирлын тэмдэг бүхий хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортолсон. Бид бэлтгэсэн түүхий эдийнхээ 12-15 хувийг хялгаснаас нь ялгаад 80 гаруй хувийг Итали руу экспортолдог. Хялгасыг нь ялгасан ноолуурын гол зах зээл бол Италийн зах зээл. Тийм учраас хялгасыг нь ялгасан ноолууртаа баталгаа өгөх зайлшгүй шаардлагатай.
-Нөгөө италиуд чинь “Хаан ширхэгт” тэмдэгтийг таньж байна уу?
-Одоо бид гадаад зах зээл дээр өөрийн тэмдэгтээ таниулах үйл ажиллагаа явуулж байна. Дээр, дооргүй энэ тэмдэгтээ таниулахын төлөө зүтгэх шаардлагатай. Мэдээж бид гадаад зах зээлд ХААН ширхэгт тохирлын тэмдгээ таниулах, сурталчлах ажлыг далайцтайгаар хийх шаардлагатай байна.
-“HU хамтлагаар рекламдуулж болох уу?
-Өөрсдөө зөвшөөрвөл түүнээс сайн үйл гэж хаана байх вэ. Энэ нь эргээд маркетингийн маш сайн PR болж өгөх байх аа. Сайхан л санаа байна.
-Манай ноолуур хятад ноолууртай өрсөлдөх чадвартай юу?
-Монгол ямаа байгалийн эрс тэс уур амьсгал, байгалийн дөрвөн өнгө, гарц өндөр, ширхгийн нарийн нь урт байдаг зэргээрээ онцлогтой. Монгол өвөлдөө -30 градус хүйтэрдэг, зундаа +30 градус хүртэл халдаг нь ноолуурын чанарт нөлөөлдөг. Монголын ноолуурын салбарынхан өнөөдөр хүчтэй төрийн бодлогын дэмжлэгтэй Хятадын ноолуурын салбарынхантай өрсөлдөж байна. Хятадын Засгийн газраас ноос, ноолуурын салбарын хөгжлийг үе шаттайгаар алсын хараатай бодлогоор дэмжиж ирсэн. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд Хятадын ноос, ноолуурын хонь, ямааны үүлдэр сайжирч чанар, гарц нь нэмэгдсээр байна. Засгийн газраас тус салбарыг дэмжихдээ шат шатанд нь тухайн онцлогт тохирсон дэмжлэг, хөнгөлөлтийг байнга үзүүлсээр ирсэн. Үүний үр дүнд маш сайн чадварлаг боловсон хүчинтэй, хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий хөрөнгө оруулалтыг дэмжсэн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацад анхаарсан бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж чадсан.
-Монголын төр ноолуурын салбарыг хэр дэмжиж байна?
-Монголын төрөөс 2011 оноос хойш үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийн зээл, техник, технологийн шинэчлэлд 530,8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. “Ноолуур” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд Монголын ХААН ширхэгт тохирлын тэмдгийг бий болгосон гээд эерэг жишээ дурдаж болно. Гагцхүү төрийн бодлого нь гал унтраасан төдий биш байгаасай гэж хүсч байна.
-Хятад яагаад энэ салбарт түлхүү анхаарал хандуулаад байна?
-Ер нь олон хүүхэдтэй айл хүүхдүүдээ хоолтой, ажилтай байлгахыг хичээдэг. Энэ салбар нь тогтвортой ажлын байрыг олноор бий болгож, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой эдийн засгийн хувьд ашигтай салбар. Ноолуурын салбарт Хятад улс дэлхийд гарах бодлого амжилттай хэрэгжүүлсэн. Жинхэнэ байгалиараа, эко гэх мэтээр яривал олон талын ашигтай. Тэдгээр ашигтай салбаруудын нэг нь яах аргагүй ноолуурын салбар юм.
-Ноосон цамц үйлдвэрлээд, Орос руу гаргахыг хүссэн бизнесмен танай тэмдэгтийг ашиглахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?
-Тэмдэгт ашиглах эрхээ авахдаа тавьсан шаардлагуудыг хангасан байх ёстой. Үйлдвэрлэл нь тогтвортой, чанартай, гарал үүсэл нь Монголын, байгаль орчинд ээлтэй, мал амьтанд халгүй гэх шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
-Саяхан Монголын дуучин эмэгтэй ямааны ноолуур авахдаа зовоодог тухай бичлэг сошиалд тавиад, багагүй шуугиан тарьсан. Энэ талаар танай холбоо мэдэгдэл гаргасан байсан?
-Тэр видео бичлэг нь Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллага (PETA) -аас 2019 оны тавдугаар сард гаргасан бичлэг. Энэ бичлэгийн дараа олон улсын томоохон брэндийн төлөөлөгчид НҮБ-ын байранд хуралдахаас гадна малчны хотонд зочилж ямаа самнахыг газар дээр нь үзсэн. Гэтэл хоёр дахь удаагаа ноолууран бүтээгдэхүүн авахгүй байхыг уриалсан уриалга бичлэгийг дуучин К.Номинжин гаргасан. Энэ нь зориудаар, бодлоготойгоор хийсэн видеоны эвлүүлэг байсан. Монгол бол ноолуур үйлдвэрлэгч бусад орнуудаас түүх, соёл, ёс уламжлалаараа ялгаатай улс. Ойрын үед манай холбооноос үйлдвэрлэгчидтэйгээ хамтран видео кино хийхээр бэлтгэж байна. Манай улсын эдийн засгийн гол тулгуур бол ноос, ноолуурын салбар гэдэгтэй хэн ч маргалдахгүй байх аа. Салбар луугаа чиглэсэн шинжлэх ухааны бүхэл бүтэн институц ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр энэ салбарт нийт хүн амын гуравны нэг нь ажиллаж, амьжиргаагаа залгуулж байна гэж хэлж болно. Нийт малчин өрхийн орлогын 50 хувь нь ноолуураас бүрдэж байгаа зэрэг олон эерэг үзүүлэлтийг дурдаж болох юм. Орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг ямаагаа монголчууд тамлаад, зовоогоод байх уу.
-Нэг эмэгтэй ийм бичлэг тавьчихаар тийм их хэмжээний хохирол учрах уу?
-Монгол Улсын нэр хүндэд хамаатай асуудал. Манай улсыг дэлхий олон зуун жилийн ёс заншлаа хадгалж үлдсэн цөөн улсын нэг гэж үздэг. Орчин цагт ямаа тамлах нь бүү хэл хүүхдээ албадахыг хүлээн зөвшөөрдөггүй болсон. Чингисийн уул ус, аварга хөшөөг үзэхээр ирсэн жуулчид ямаа тамладаг улсууд байна гэсэн ойлголттой болно. Дахин наашаа зүглэх үү. Бичлэг гарснаас хойш хэрэглэгчид, үйлдвэрлэгчид бидэнд ихээр хандсан. Бичлэгээс болж Монголын ноолуурын салбар нурж унахгүй л дээ. Гэхдээ амьжиргааны олон талбарыг тодорхой хэмжээгээр хорлочхож л байгаа юм.
-Эдийн засгийн хувьд?
-Монгол Улс өнөөдрийн байдлаар 1,3 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг ноос, ноолуурынхаа салбарыг хөгжүүлснээр 2.2-3,0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн түвшинд нийт 100 мянган хүнийг тогтвортой ажлын байраар хангах боломжтой. Энэ нь нэг ажилтны ард дөрвөн ам бүл дунджаар байдаг гэж үздэг. Ноолуурын салбарт нийт ажиллагсадын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ноолуурын үйлдвэрлэл нь мэдрэмж, хурд, ур ухаан шаардсан чимхлүүр ажил учраас монгол эмэгтэйчүүдийн оролцоо өндөр гэдгийг хэлэхэд таатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com