“Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй коронавирус тойрсон сэдвээр ярилцлаа.
-Коронавирусийн дэгдэлт дэлхийн хүмүүсийн санааг зовоож байна. Монголчууд ч айж болгоомжилж байна. Уламжлалт анагаах ухааны үүднээс энэ үзэгдэлд яаж хандаж, тайлбарлаж байна. Ийм үед та бүхэн юу зөвлөх вэ?
-Халдвар авахаас сэрэмжилж, сэргийлэх нь зөв. Нянгийн халдварт халуун өвчнийг уламжлалт анагаах ухаанд онол, эмнэлзүйн түвшинд үзэж, судалсан байдаг. Нянгийн өвчний шалтгааныг бид сайн мэддэг байх хэрэгтэй. Хүн өвдөж байгаа нь өөртэй нь бас их холбоотойг бодох учиртай. Өвчин гэдэг зовлон. Хүний үйл ажиллагаатай их холбоотой. Олныг хамарч, нэг нэгэндээ халдаагаад байгаа өвчин бол олуулаа нийтээрээ муу юм хийсний үр.
Уламжлалт анагаах ухаанд нянгийн өвчнийг адын шалтгаантай гэж үздэг. Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах, ан амьтныг олноор нь алж устгах зэргээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх. Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж хиншүү хярвас тавих, улай хийж, амьтны амь таслан мах цусны бузар үнэрийг хамаа замбараагүй түгээх зэрэг бузар муу үйлийг ихээр үйлддэг. Энэхүү үйлдэлд огторгуйгаар зорчигч Мамо хандо хилэгнэж, рид хувилгаанаар халдварт өвчний вирус илгээдэг байх нь. Хэн өртөөд байна гэхээр дархлаа муутай, хоол тэжээлийн дутагдалтай, шим тэжээл багатай хоол хүнс удаан хугацаагаар хэрэглэсэн, сэтгэлээр унаж, энэлж шаналсан, буруу зөрүү юм боддог, сөрөг үзэл бодолтой, бусадтай байнга хэрэлдэж тэмцэлддэг хүмүүс байна.
-Ийм үед ямар хоол хүнс хэрэглэвэл тустай вэ. Хоол тэжээлийн онцлог нөлөөлж байгаа болов уу?
-Ер нь байгалийн гаралтай, зөв ёс зүйтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр аргаар бэлтгэсэн хоол хүнс хэрэглэж байх нь зохистой. Жишээ нь, бид малын мах хэрэглэдэг ард түмэн. Амьтны гаралтай хоол хүнс бэлтгэхдээ улай хийсний бохир муу үнэрийг олны хөлийн газраар түгээж бузартуулах, амьтны бие эрхтэнд генийн өөрчлөлт үүсгэж илүү хөлтэй тахиа, хэт жин ихтэй анатомын өөрчлөлттэй үхэр, хонь бий болгох, генийн өөрчлөлттэй болон химийн бордоогоор тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэт хүнс нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж лус, савдгийг хямрааж, эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эх суурийг тавьж байна.
-Өөрийгөө хамгаалахын тулд дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэж хүмүүс ойлгоод байна. Уламжлалт анагаах ухаанд аминдэм маягаар хэрэглэх, жоргүй олгодог, шууд аваад хүртэх боломжтой тангууд байдаг уу?
- Жоргүй олгодог эмийн жагсаалт гэж уламжлалт анагаах ухаанд бас бий. Дархлаагаа сайжруулахын тулд Мана 4, Норов 7 тангуудыг өдөрт 1-2 удаа 12-оос доош насны хүүхдэд нэг тунгаар, том хүнд хоёр тунгаар усанд юм уу шимт ясны шөлөнд буцалган өгч болно. Хүйтэн сэрүүний улиралд уушги хамгаалах зорилгоор Сороол 7, Сороол 4 тангуудыг ууж болно. Дөрвөн толио буюу хоёр гарын алга, хоёр хөлийн уланд шар тос, сүүлний тосоор сайтар иллэг хийх хэрэгтэй. Дархлаагаа сайжруулахын тулд юун түрүүнд тэжээллэг хоол идэх нь зөв. Монголчуудын бие махбодод зохистой уламжлалт хоол хэрэглээрэй. Сайн хооллох хэрэгтэй гээд хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Өглөө заавал өлөө тайлах учиртай. Хоолны хэмжээ ихдүүлэх, эхнийх нь шингээгүй байхад дахин идэх, оройн хоолыг хэт оройтуулж идэж болохгүй.
-Хүүхэд хэдэн настайгаасаа тан ууж болох вэ?
-Хүүхдийг бор хоолонд орохоос эхлээд тан уулгаж болно.
-Хүүхдүүдэд эм уулгах хэцүү байдаг шүү дээ. Тан уулгахдаа яавал зүгээр вэ?
-Жаахан зөгийн балаар хөлөглөж өгч болно. Эмийн хөлөг гэж байдаг. Зөгийн бал, бурам, мөсөн чихэр юм уу элсэн чихрээр ч амт оруулж болно доо. Байгалийн амт учраас химийн гашуун амтнаас огт өөр, хүүхэд дороо дасчихдаг. Тан ууж сурсан хүүхдүүд олширч байна даа.
-Таныг ямар хугацаанд уух ёстой вэ, хэд хоног уугаад завсарлах вэ?
-Өдөрт 1-2 удаа ууж, өвчний байдлаас шалтгаалан эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Харин дархлаа сайжруулах дээрх тангуудыг сарын хугацаанд үргэлжлүүлэн ууж болно.
-Коронавирусийн дэгдэлт хэр удаан үргэлжлэх бол, таамаглал хэлж болох уу. Хавар болохоор ханиад томуу намжихаар гайгүй болох болов уу?
-Ер нь аливаа өвчин хурах, хөдлөх, амирлах гэсэн гурван үе шатаар явагддаг. Энэ үйл явц нь хүн бүрийн онцлог, улирал, өвчний өвөрмөц байдлаасаа шалтгаалан янз бүрийн хугацаанд үргэлжилнэ. Харин нийтэд дэлгэрэх байдлаар нь авч үзвэл гурван сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд өвчин хурах үе нэг сар, дэлгэрч хөдлөх үе нэг сар, амирлах үе нэг сар үргэлжилдэг. Тэгэхээр энэ вирусийн халдварт өвчин мөн далд үе нь нэг сар, дэлгэрч тархах үе нь нэг сар, амирлах үе нь нэг сар үргэлжлээд дөрөв дэх сараасаа эхлээд намжина гэсэн төсөөлөлтэй байна.
-Нус цэрээ хамаагүй хаядаг хүмүүс их таарах юм. Ялангуяа, халдварт өвчний дэгдэлтийн үед энэ үнэхээр зохисгүй үйлдэл болоод байна. Нус цэр хаях нь ад зэтгэрийг уурлуулдаг гэж Манба дацангийн вэб сайтаас уншиж байсан санагдлаа.
-Нус цэр бол хүний биеэс гарч байгаа ялгадас цөвийн нэг. Түүгээр тухайн хүний биед агуулагдаж байгаа бохир муу зүйл гарч байна гэсэн үг. Энэ муу зүйл нь бусдад халдах гэмтэй. Бас бидний нүдэнд харагддаггүй боловч нус цэрээр хооллодог бичил биетүүд байдаг. Үргэлж нус цэрээ хаядаг хүний нус цэр улам ихсээд байдаг. Нус цэрээр хооллодог хүн бусууд дагаад явдаг байх нь. Мөн энэ нь байгаль орчныг бохирдуулснаар лус, савдаг хилэгнэж бас тэр хүнийг хорлодог. Тэдгээр муу биетүүд хүний арьс, хамар, амаар дамжиж, уушгинд нэвчин орж, өвчлөлийн эх суурь болно. Тэр хүн уушгины янз бүрийн өвчин, хамрын өвчтэй болно. Шүлсээ хаядаг хүний ходоодонд бактери үүсдэг. Уламжлалт анагаах ухааны сударт, Европын эртний судруудад ч энэ хүн бусуудын талаар тэмдэглэгдсэн байдаг. Хүн ил задгай газар шээхэд шээсээр хооллодог хүн бусууд бас бий. Уламжлалт анагаах ухааны “Цагаан шүхэрт” зэрэг сударт баас, шээс, нус цэр, шүлс, умайн цусаар хооллодог хүн бус бичил биетүүдийн талаар тэмдэглэсэн байдаг. Мөн эмэгтэйчүүд сарын тэмдгээр гадагшилж буй цус шингэсэн хэрэглэлээ ил задгай хаявал умай, өндгөвчний өвчтэй болох нь байна. Биеэс гарч байгаа ялгадас болгоноор далд ертөнцийн муу амьтад хооллож, хүмүүсийг өвчлүүлдэг шүү гэдгийг л хэлье дээ. Тиймээс өөрийн биеэс ялгаран гарч буй цөв болгоноо зориулалтын бие засах газрын нүх цооног, цаас ашиглан, хогийн саванд хаяж байх нь таныг өвчнөөс сэргийлэхэд их тустай.
-Ханиад томуутай хэцүү үед бясалгал хийх, сэтгэлээ хэрхэн ариусгах талаар манай уншигчдад зөвлөөч?
-Муу юм халдаахгүйн тулд өөрийгөө хамгаалж, ариусгаж, өөртөө сайн сайхан эрч хүчийг бий болгож байх учиртай. Өөрт чинь байгаа муу зүйлстэй зохицоод өвчин үүсгэх ад, нян, хорхой бактериуд нэвтэрч байна. Тийм учраас муу бүхэн нэвчих орон зайгүй болтол өөрийгөө ариун байлгах ёстой юм. Бие, сэтгэл, явдал мөр, үг хэлээ ариун байлгах хэрэгтэй. Дандаа л муу юм яриад, бусдыг өөчилж гоочлоод, хэрэлдэж чалчаад байдаг бол хэлний чөтгөр бас хэлэнд нь шүглэдэг. Хэрүүл хараалаар хооллодог чөтгөр бас байх нь. Сайныг бодож, сайхныг хэлж, биеэсээ ялгарч байгаа бохир цөвөө ил задгай хаялгүй, эвтэйхэн нууж далдлаад хогийн сав, зохистой нүх саванд нь хийчихдэг байх хэрэгтэй. Ариусгах хүчтэй тарниуд бий. Би хүн үзэж оношилж байхдаа “Та тарни уншиж байгаарай” гэхээр “Би тарни мэддэггүй шүү дээ” гэдэг. “Ум ма ни бад мэ хум” гэж мэдэх үү гэхээр “Мэдэлгүй яах вэ” гэж хариулдаг. Энэ хүчтэй тарнийг мэдэхгүй монгол хүн байдаггүй. Европын орнуудад ч тарнийн шашин дэлгэрч байна шүү дээ. Монголчуудын ээж аав, эмээ өвөөгөөсөө сурсан тарниуд байдаг. Тэднийгээ олон удаа давтан уншиж явахад сайн нөлөөтэй. Бие сэтгэлдээ хуримтлуулсан нүгэл хэр ихийг бодох хэрэгтэй. 10 мянган удаа муу юм бодсон бол 10 мянган удаа тарни уншиж байж дүйцнэ. 60 мянган удаа муухай үг хэлсэн бол төдий тооны тарнийг давтаад хэл. Чадах чинээгээрээ сайныг бод, үйлд. Бидний бодлоос хэтийдсэн бурхдын айлдсан мундаг тарниудыг сайн унших хэрэгтэй. Биеэр үйлдсэн нүглээ сунаж мөргөөд наманчлахад биеийн нүгэл ариусч, биед өвчин ад орох үүдийг хаана.
Ер нь бие, хэл, сэтгэлийн арван хар нүглийг сайтар тэвчихийг хичээж, өөрийн болон бусдын тусыг бүтээхэд шамдаж, зөв явдлыг хэвшүүлэх л хэрэгтэй.
-Цар тахлын үед уламжлалт анагаах ухааны зүгээс хэр хүчтэй нөлөөлж чадах бол?
-Уламжлалт анагаах ухаанд бүх төрлийн өвчин эмгэгийг оношлох, эмчлэх онол, арга зүй нь байна. Бид 10-аад жилийн өмнө Монголд дэлгэрсэн H1N1 халдварт вирусийн дэгдэлтийн үеэр ХӨСҮТ-д очиж, голомтод нь ажиллаж байсан. Уламжлалт анагаах ухааны эмч нараар эмчлүүлье гэж хүссэн хүмүүс, сэхээнд байсан хүндэрсэн хүмүүсийг бид эмчилж эдгээсэн. Уламжлалт анагаах ухаанд аливаа нянгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгээх арга нь ч бий. Коронавирус Монголд битгий орж ирээсэй гэж аль чадахаараа урьдчилан сэргийлж байна.
Нэгэнт ороод ирвэл бид эмч нарын багт орж ажиллахад бэлэн. Эмч нартаа онолын семинар зохион байгуулж байгаа. Урьдчилан сэргийлэх талаар үйлчлүүлэгчдэдээ, олон нийтэд мэдээлэл түгээж байна даа.