Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүний нутаг гүний газарт дахиад л битгий англиар яриарай, Ц.Цэнгэл ээ

Ц.Хас

 Биднийг коронавирусийн халдвар гэж шуугин хүнсний дэлгүүр, худалдааны захуудын лангууг хоосолж байхын зуур эрх баригчид зүгээр суусангүй, элдэв хороо найруулсаар л байна. Юун түрүүнд, гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагууд хэлэлцэж эцсийн шатандаа орж буй бололтой.

 Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн хүмүүсээс Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг Бүгд Найрамдах Болгар улсад суух Элчин сайдаар томилохоор МАН-ынхан шат шатандаа дэмжиж байгааг гайхсан, шүүмжилсэн, тоглоом шоглоом болгосон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Үүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд болоход хэлний мэдлэг чухал биш” хэмээн тайлбарлажээ.

 Нөгөөтэйгүүр, БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Ч.Бүрэнбаярыг УИХ-ын бүтцийн байгууллагууд, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй. Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж өссөн унаган хинди, англи хэлтэй ч нас өндөр гэсэн шалтгаанаар татгалзсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

 Ч.Бүрэнбаяр одоо 66 настай. Мөн БНСУ-д Элчин сайдаар суулгахаар нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг бас дипломат ажлын туршлагагүй, мэргэжлийн бус хүн хэмээн татгалзсан байна. Гэвч тэрбээр Солонгост суралцсан солонгос хэлтэй ба МУИС-ийн Хууль Зүйн сургуульд суралцаж байгаад БНСУ-ын Хандонгийн их Сургуульд шилжиж, олон улсын эрх зүйч, Сөүлийн Үндэсний их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн боловсролтой. Мөн МУИС-тай шууд харилцаатай Күүкмин их сургуульд сүүлийн гурван жил багшилжээ.

 Эндээс үзэхэд, МАН-ын хувьд бялуу хувааж идэх нь чухал болохоос биш хэлний мэдлэг хийгээд суурь боловсрол нэг их чухал биш болох нь тодорхой харагдаж байна.

Гадаадад улс орноо төлөөлөн суух Элчин сайдад хэлний мэдлэг чухал уу…

 Төрийн шагналт аугаа их Донровын Намдаг агсны “Цаг төрийн үймээн” романд Балданцэрэн гүнг гамингууд баривчлан байцаахад хятад манж хэлтэй, Хиагтын гурван улсын хэлэлцээрт оролцож байсан энэ хүн “За би хятад хэл мэддэг гэх үү, үгүй юу” гэж бодож байснаа “Хятад хэл мэдэхгүй гэж хэлье. Байцаагчийн асуултыг сонсоод, орчуулагчийн орчуулж байх хооронд юу гэж хариулахаа бодож байя” хэмээн сэтгээд “Би хятад хэл мэдэхгүй” гэсэн чигтээ зүтгэж байцаалт бүрээ орчуулагчтай өгч байгаа тухай гардаг.
Хэлний мэдлэг гэдэг зөвхөн өөрөө ярьж чаддаг эсэх нь бүү хэл, заавал тэр хэлээрээ ярих нь ч чухал биш ганцхан харилцан ойлголцох, аливааг эх хэлнээс нь шууд ойлгох хэрэгсэл гэдэг энэ буюу. Хэлний мэдлэг орчуулагчийн алдаанаас болоод улс гүрнүүдийн хооронд дайн гарч байсан тохиолдол байд­гийг санахад илүүдэхгүй биз ээ.

Атомын бөмбөг хаяхад хүргэсэн ганц үг

 Гитлерийн эсрэг холбоотон гүрнүүд фашист Германы холбоотон Японы эзэнт гүрнийг бууж өгөхийг шаардсан тунхаг гаргаж, татгалзсан тохиолдолд “Нэн яаралтай бүрэн устгана” гэжээ.
Тунхгийг хүлээн авсан тэр үеийн Японы Ерөнхий сайд Кантаро Сузуки хэвлэлийн бага хурал зарлаж, “Тайлбарлах зүйлгүй. Бид энэ талаар бодож үзнэ” гэж хэлсэн байна. Гэтэл холбоотон гүрний төлөөлөгчид энэ үгийг өөрөөр ойлгож. Сузуки 1945 оны долдугаар сарын 26-нд Гитлерийн эсрэг эвслийн орнууд Японы эзэнт гүрнийг бууж өгөх нөхцөлийг тусгасан Потсдамын тунхаг бичгийг гаргасан бөгөөд хэрэв бүтэлгүйтсэн тохиолдолд “даруй, бүрэн устгана” гэж онцолжээ. Сузукийн “тайлбарлах зүйлгүй” гэдэг үгийг mokusatsu гэж илэрхийлснийг “Бид үүнийг няцааж байна” гэсэн утгаар ойлгож л дээ. Энэ хэвлэлийн бага хурлаас хойш 10 хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн “Нэн яаралтай бүрэн устгана” гэдэг чухам юу болохыг харуулсан. Энэ бол наймдугаар сарын 6-нд Японы Хиросима хотод атомын бөмбөг хаясан явдал байлаа. Чухам тэр үгийг зөв ойлгож, зөв орчуулсан бол үйл явц хаашаа эргэх байсныг хэн мэдэх билээ дээ.

Өөр нэг жишээ

 Хүйтэн дайн ид дэгдэж байсан 1956 онд Москвад суугаа Польшийн Элчин сайдын яаманд болсон зоогт барууны орнуудын элчин сайд нар оролцож байхад Никита Сергеевич Хрущевын хэлснийг зочид “Энэ бүхэн та бүгдэд таалагдсан ч эс таалагдсан ч түүх бидний талд. Бид та нарыг булшилна” /Нравится вам это или нет, но история на нашей стороне. Мы вас похороним!/ гээд сонсох нь тэр.

 Мэдээж барууны хэвлэлүүд үүнийг шүүрэн авч мэдээлсэн нь капиталист, социалист гүрнүүдийн сөргөлдөөн хүйтэн дайнд ихээхэн цучил нэмсэн хэрэг. Гэтэл Хрущев энд ердөө л Марксын “Коммунист намын тунхаг” зохиолоос эш татсан “Энэ бүхэн та бүгдэд таалагдсан ч эс таалагдсан ч түүх бидний талд. Бид та нарыг оршуулахыг харах хүртлээ амьдарна” гэсэн эшлэл юм санж. Энд ямар нэг заналхийлсэн утга алга байж.

Манайд ч бас...

 Дэлхий дахиныг түгшээсэн шинэ коронавирусээр монгол хүн өвдөөгүй байгаа, Хятадад байгаа монголчууд яаж байгаа бол гэсэн түгшүүр хүн бүрт байхад саяхан Австралид очсон нэг иргэн энэ өвчний халдвар авсан нь тогтоогдлоо гээд л хэвлэл, олон нийтийн сүлжээгээр шуугьсан. Гэтэл дараахан нь Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ташаа мэдээлэл гээд Австралийн эрүүл мэндийн газраас ирсэн мэдээллийг буруу орчуулснаас ийм мэдээлэл тархсан гэж залруулсан. Яамны нэг орчуулагчийн гаргасан алдаанаас улбаалж Австралид буй монгол иргэдийн ар гэрийнхнээс эхлээд нийт ард түмнээрээ тэвдэж сандарсан. Манайхны дэлгүүрийн лангууг хоослоход энэ ташаа мэдээлэл бас ч багагүй хувь нэмэр оруулсан л байх.

Ц.Цэнгэл хийгээд
насны тухайд

 Англи, хинди хэлтэй Ч.Бүрэнбаярыг МАН-ынхан төрийн алба хаах наснаас хэтэрсэн, хэт өндөр настай хэмээн цоллож. Гэтэл тэдний тахин шүтээд байгаа Ц.Цэнгэл нь мөн л 60 гарч яваа нөхөр. Тэгээд ч МАН-аар дүүрэн “Хэт өндөр настан”-гууд буг болоод сууж байгааг юу гэж ойлгох вэ...

 УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гэхэд хэдийн 60 гарчхаад өчнөөн алдаа завхрал гаргаж, хэл амны бай болчхоод өнөөдөр ч суудлаа тавихгүй, маргааш ч тавьж өгөхгүй гэж зүтгээд байгааг тэгвэл юу гэж ойлгох болж байна вэ?

МАН: Ц.Цэнгэл гэдэг хүн заавал Элчин сайд болох ёстой

 Ер нь МАН-д Ц.Цэнгэлийг ямар нэг улсад заавал Элчин сайдаар явуулах сонирхол, эрх ашиг байгаа нь нууц биш. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард мөн л 10-аад оронд суух Элчин сайдуудын тухай яриа гарахад МАН-ынхан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийгээ БНХАУ-д суух Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжээгүй. Юутай ч тэрээр өмнөд хөршид элчин сайдаар яваагүй болохоор энэ үнэн байх нь.

 Эндээс үзэхэд МАН-д, энэ намын эрх баригчдад Ц.Цэнгэл гэдэг хүнийг ямарч хамаагүй аль нэг улс оронд Элчин сайдаар явуулж сэтгэлээ амраах, эсвэл хар тамхины наймаа хийлгэх сонирхол байгаад байх шиг. Энэ нь чухам эрх баригч намынхан, У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар нар Ц.Цэнгэлд өртэй юу, эсвэл Ц.Цэнгэлийн хүсэлтийг заавал биелүүлэх ёстой юу гээд нэг барьцаанд байгаа нь нууцлаг таавар чигээрээ үлдэж байна.

 Ямар ч байсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын Засгийн газар, эрх баригчид хэлний мэдлэг, нас сүүдэр, дипломат ажлын туршлага зэргийг үл харгалзан Ц.Цэнгэл гэдэг хүнээ Бүгд найрамдах Болгар улсад суух Элчин сайдаар томилон явуулж байж сая нэг санаа нь амрах нь бололтой.

 Нэгэнт л түүний Элчин сайд болох зам нь шуударчихсан болохоор МАН-ын ахмад зүтгэлтэн Ц.Цэнгэлд олон түмнээс дайх хоёр өгүүлбэр байна шүү. Нэгд, Болгар чинь тамхины орон шүү дээ, хоёрт, хүний нутаг гүний газарт дахиад л битгий англиар яриарай даа гэж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com