Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөвсгөл далайн онгон бүсийг талхлах аюул нүүрлэжээ

 Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 2002 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор БОАЖЯ газар олгож эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байна. Хөвсгөл нуурыг түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх гэсэн зорилго нь хэдий зөв ч байгаль орчны үе үеийн сайд нар ямар ч тооцоо судалгаагүй газар олгосоор иржээ. Үүний улмаас өнөөдөр Хөвсгөл нуурын цэнгэгшилтийн түвшин буурч, Хатгал, Ханх сумын иргэдийн эрх олон талаар зөрчигдөх болсон. Ингээд “ногоон” яамны сайд нарын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгож байсан тухай баримтуудыг хүргэе. 

 Хамгийн ноцтой нь зөвхөн хязгаарлалтын бүсэд явагдах ёстой аялал жуулчлалын газар олголт онцгой бүс рүү шилжиж эхэлжээ. Онцгой бүс буюу зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийгдэх ёстой онгон бүсийн нэгээхэн хэсгийг 2014 онд онцгой бүсээс гаргаж, “Алтайн хүдэр” компанид өгсөн байна. Өөрөөр хэлбэл, БОНХ-ийн сайд асан С.Оюун 2014 онд А220 тоот нууц тушаалаар Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх Анжигасын амд 14.8 га газрыг “Агарта ресорт” жуулчны баазад олгожээ. Гэтэл Борсого, Анжигас, Той, Турагийн голын хэсэг газар нь 2014 оноос өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн онцгой бүсэд хамаардаг байв. Хуульд зааснаар онгон бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, байшин барилга барих нь байтугай машин тэрэгтэй явж, их дуу чимээ гаргахыг ч хориглодог аж. Уг амд олон жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд судалгаа хийж байсан бөгөөд экологийн хувьд яаж ч хөндөж болохгүй биологийн ховор, нэн ховор төрөл зүйл буйг тогтоосон байдаг.
Харин өдгөө Анжигас гэх энэ амд Баян Базарын “Агарта ресорт” гэх өлсгөлөн нохдоор мануулсан, өндөр хана хэрэм бүхий жуулчны бааз томчуудад нээлттэй, борчуудад хаалттай нууц байдалтай үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 Энэ талаар “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа ярихдаа “БОАЖ-ын яамны эрх мэдэлтнүүд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн ярьдаг атлаа яг амьдрал дээр малчдыг эдийн засгийн чадваргүйг нь ашиглаж, идээшиж дассан нутаг, орноо орхин явахаас өөр сонголтгүй болгож байна. Харин мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст бол хууль зөрчөөд ч хамаагүй Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг нь өөрчлүүлээд хүссэн газраа өөрийн болгодог шударга бус хуйвалдааны золиос Хөвсгөл далай маань болж байна” хэмээн ярьсан юм.
Үүнээс гадна онцгой бүсэд аялал жуулчлалын коридор гаргах тухай яриа хоёр жилийн өмнөөс гарч эхэлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2.9-д заасан онгон бүсийн дэглэмд,
1. Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.
2. Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна.

 Гэтэл өнөөдөр Хөвсгөл нуурын онгон бүсийг аялал жуулчлалын коридор нэрийдлээр нийтийн аялал жуулчлалын хөлд талхлах аюул заналхийлж эхэлжээ.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газрын зүгээс Хороогийн эхний малчин айлуудын нүүдлийн зам, жуулчдын Хөвсгөлөөс Дархадын хотгор давдаг Уртраг, Жарын даваа, Бүрэн хаан уулын явган аяллын зам, Чөчүү уулын явган аяллын зам, Хэвэн залуу үүр лүү давдаг Ганшуулын аяллын зам, Үүрийн голын эхний уулын түргэн урсгалт газрыг аялал жуулчлалын коридор болгох санал хүргүүлжээ.
Мөн Хөвсгөл нуурын дунд оршдог Далайн хүй, Модон хүй, Хадан хүй гэх гурван аралд аялал жуулчлалын коридор гаргахаар зэхэж байгаа юм байна. Эдгээр арал болон онгон бүсд аялал жуулчлалын коридор гаргах тухай асуудал нутгийн иргэд болоод төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч, одоогоор эцсийн шийд гараагүй аж.
Гэхдээ сүх далайтал үхэр амар гээд суугаад байж боломгүй. Учир нь Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын 2015-2020 он хүртэлх менежментийн төлөвлөгөө ёсоор тун удахгүй үлдсэн хэсэгхэн газар буюу Оёгоос-Ханх, Ханхаас -Борсого хүртэлх газарт сонгон шалгаруулалт нэрийн дор өндөр зэрэглэлийн 10 орчим жуулчны бааз байгуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яам уг нь газар нутгаа хамгаалах, байгаль орчны зохист байдлыг хангах, даацыг нь хэтрүүлэхгүйгээр зөв зохистой ашиглуулах, эко аялал жуулчлал хөгжүүлэх үүрэгтэй баймаар. Гэтэл үүний оронд Хөвсгөл нуурыг ашиг хонжоо, бизнесийн нүдээр харж, мөнгөтэй, хөрөнгөтэй, эрх мэдэлтэйд нь олгодог жишиг тогтжээ. Үүний тод жишээ болсон цөөн хэдэн баримтыг иш татья.

Баримт 1:
 Хөвсгөл далайн баруун эрэг. Доод модот булан “Ашихай” жуулчны бааз. АМГ-ын дарга асан Д.Батхуягийнх.
БОАЖ-ын сайдын 2007 оны наймдугаар сарын 14-ны өдрийн 116 тоот тушаалаар 9.41 га газрыг анх олгожээ. Ашихай бол Хөвсгөл далай дахь анхны жуулчны баазуудын нэг. Биднийг очиход газрын хэмжээ нь бараг хоёр дахин томорчээ. Асууж сураглавал хажуудах кемпийнхээ газрыг тохиролцон авч, БОАЖ-ын сайдаар А/293 тоот тушаалаар 10 га газрын тусгай зөвшөөрлийг нэмж авчээ. Одоогоор ноён Батхуягийн эхнэрийн нэр дээрх Ашихай жуулчны бааз 19,41 га газартай.

Баримт 2:
 Хөвсгөл далайн баруун эрэг. Алагцарын голын ам. “Эртний далай” жуулчны бааз. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяагийнх. Нийт найман га газар. БОАЖ-ын сайдын 2008 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 258 тоот тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон.

Баримт 3:
 Хөвсгөл далайн баруун эрэг. Мэргэн уул. “Далай ээж” жуулчны бааз. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийнх. Нийт 20 га газар. Байгаль орчны сайдын 2008 оны долдугаар сарын 10-ны өдрийн 108 тоот тушаалаар 20 га газрын тусгай зөвшөөрөл олгосон.

Баримт 4:
 Хөвсгөл далайн баруун эрэг. Хар усны рашаан дахь найман га газар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийнх. БОАЖ-ын сайдын 2011 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/232 тоот тушаалаар “Глобал мост” компанийн нэр дээр найман га газар олгожээ. Энэ газарт аялал жуулчлалын чиглэлээр тусгай зөвшөөрөл аваад долоон жил үйл ажиллагаа явуулаагүй байна. Уг нь тухайн газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуультай. Гэвч бичиг баримтыг нь ч дутуу хагас бүрдүүлсэн энэ газрын тусгай зөвшөөрөл одоо хүртэл хүчин төгөлдөр хадгалагдаж байна.

 Нэмж мэдээлэхэд, Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг, 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн, ойролцоогоор 2-5 сая жилийн настай ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг юм. Түүнчлэн 1992 оны Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор Хөвсгөл нуурыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хөвсгөл нуурын сав газарт 838070 га талбай багтдаг бөгөөд үүний 677 мянган га-г онцгой бүс, 312 мянган га-г аялал жуулчлалын бүс, 185 мянга га талбайг хязгаарлалтын бүс эзэлдэг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com