Өнөөдрөөс 50 шахам жилийн өмнө социалист лагерийн томоохон төлөөлөгч БНХАУ дэлхийн хамгийн том коммунист гүрэн ЗХУ-тай мууджээ. Харьцаа хүйтрэх тусам хятадууд барууныхантай ойртох алхам хийж эхлэв. 1970-аад оны дундуур БНХАУ-ын их удирдагч Мао Цедун Хятадын коммунист намын удирдлагаас зайлуулагдсан Дэн Сяопинд боломж олгосон нь социалист лагерь задрах том эхлэлийг тавьжээ. Дэн Сяопин Засгийн эрхэнд гармагцаа барууныханд Хятадыг нээж орхив. Оросууд байдлыг анхааралтай тандсаар 1982 оны удирдагчдын цуврал үхэлтэй золгожээ. 1982 оноос Л.Брежнев, Ю.Андропов, А.Черненко нар богино хугацаанд төр барьсан нь улам муудаж байгаа Оросын эдийн засагт баруунтай харилцаагаа сайжруулахаас өөр зам үлдээсэнгүй. 1985 онд ЗХУКН-ын жолоог атгасан М.Горбачев дотооддоо хүний эрхийг сэргээх, гадаадад цөмийн зэвсэг хязгаарлах ганц зам нь эдийн засгаа сэргээх боломж болж үлджээ. Үнэн хэрэгтээ социалист лагерийн гишүүдээс БНАГУ, Югослав хоёр л эдийн засаг арай илүү чадамжтай байсан гэдэг. Бусад орнууд оросын эдийн засагт томоохон дарамт болж хувирчээ.
Дээрх байдлаас болж Москвад хүйтэн дайныг зогсоохоос өөр арга үлдсэнгүй. 1985 онд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачев АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейгентэй цөмийн зэвсэг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах угтвар нөхцөл нь БНАГУ, БНМАУ, Афганистан улсаас цэргээ гаргах, мөн ЗХУ-д хүний эрхийг сэргээх, социалист лагерийн орнуудад улс төрийн дарамт үзүүлэхээ зогсоох зэрэг багтжээ. Оросууд тус болзлуудыг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ.
Ингэснээр ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болов. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөний индрээс МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барих хэмжээнд хүрчээ.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас хэд хоногийн өмнө Ховд, Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болов. Эрдэнэт хотод болсон цуглаанд хотын дарга нар бүртгэл явуулах зорилгоор оролцсон хүмүүсийн ирцийг улам олон болгосон гэдэг. Эрдэнэтэд 1989 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон цуглааны бичлэгийг 1989 оны арванхоёрдугаар сарын 19-нд Э.Бат-Үүл, Д.Энхбаатар нарт өгч явуулсан байжээ.
Тус цуглаан дээр Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг Намын Төв хорооны V бүгд хуралд МАХН-ын хорооны дарга н.Мянганбаяр, Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан. Мөн 1989 оны арванхоёрдугаар сарын 07-нд ХБДС-ийн (Ховдын Багшийн Дээд Сургууль) хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан Өргөх бичгийг аймгийн Намын хорооны Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ. Энэ жагсаал цуглаанд нийт 300 гаруй хүн оролцжээ.
1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
Энэ хурлаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох “Шинэ толь” хэвлэгдэн гарсан түүхтэй. Удалгүй Монголын Ардчилсан Нам байгуулагдаж анхны даргаар нь Э.Бат-Үүлийг сонгосноо албан ёсоор зарлав.
1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж, 1990 гуравдугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласан бөгөөд тухайн үеийн Улс төрийн товчоо огцрохоо мэдэгдсэнээр өлсгөлөн зогсов. Харин 1990 оны гуравдугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, 1960 онд баталсан Үндсэн Хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэсэн заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилсан явдал МоАХ тэргүүтэй ардчилсан хүчний хамгийн том ялалт болсон. МоАХ, МоАХ тэргүүтэй шинэ улстөрийн хүчнүүд жагсаал цуглааныг тасралтгүй үргэлжлүүлсээр, олон нам тэгш эрхтэй оролцсон ардчилсан сонгууль явуулах, Улсын Бага Хурал байгуулах шаардлага тавьсан нь биеллээ олж, 1990 оны зургадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болов.
1990 онд өнөөгийн иргэний байгууллагууд байсангүй. МАХН хэмээх ганц намтай. Түүний дагуул болох МҮЭ, МХЗЭ, МЭХ гэх байгууллагууд байсан аж. Хувийн өмчийг хориглоно. Мянга хүрэхгүй тооны хувийн машин байсан боловч энэ тухай мэдээлэл улсын нууцад хамаарна. Иргэд хот хооронд зөвхөн нийслэл, аймаг, сумдад байрлах улсын холбооны газраар харьцдаг байжээ. Нийслэл рүү ирэх иргэдийн цуваа нэмэгдсэн тул Төв аймгийн Зуунмод хотоос нийслэл Улаанбаатар хотод ирэхэд Зуунмод хотын Ардын депутатуудын хурлын хотын захиргааны дарга Н.Жадамбаагаас тусгай зөвшөөрлийн бичиг авна. 1990 оны эхэн үеэс ЗХУ-аас ирэх тусламж эрс багассан тул монголчууд картын бараанд шилжив.
Гэхдээ тухайн үеийн Д.Бямбасүрэнгийн удирдсан Засгийн газар иргэдийг гадаадад зорчих боломж олгосноор 1995 он гарахад улсын хоосон лангуунууд хувийн ганзагын бараагаар дүүрчээ. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-ын 76 суудлын 50-ийг авснаар нийслэлчүүдэд орон сууц, малчдад мал, мөн жижиг, үйлчилгээ, улсын машин техникийг үнэгүй хувьчилснаар өнөөгийн ДНБ-ний 80 хувийг бүрдүүлж байгаа хувийн өмч үүсчээ.
Дээрх үйл явдлууд нь олон нийтэд мэдэгдсэн нь нэг нартай өдөр өнөөгийн бидний эрх чөлөө, өмч хөрөнгө ирээгүй юм. Өнөөгийн амьдралыг цогцлоох зам шулуун дардан байсангүй. Бүх хууль хүчний байгууллагыг атгасан МАХН тэр үед ардчиллыг, хувийн өмчийг чөлөөт хэвлэлийг жадлан эсэргүүцэж байсан. Улс төрийн томоохон өөрчлөлтүүд аль ч засгийн үед эрх баригчдын нүсэр эсэргүүцэлтэй тулна. Эрх баригчид ард түмэндээ ардчилал, эрх чөлөөг бэлэглэсэн түүх хүний түүхэнд байхгүй гэнэ. Дэлхий хэдийгээр “Чингисийн монголчууд оготны хамраас цус гаргалгүй тайван замаар хувьсгал хийлээ” хэмээн магтдаг ч 1990 оны хувьсгал маш олон хүний амьдрал, амь насаар хэмжигдэнэ. Ямар улс төрийн үйл ажиллагааны цаана эр зориг, хөлс хүч, хөдөлмөр шаардагдана. Хөшигний ард уг үйл ажиллагааны цөм болсон энгийн иргэд байгууллагын жирийн гишүүд байдаг. МоАХ, МоАН-ын тэр үеэс амьдрал, амь насаа зориулсан олон мянган жирийн гишүүдийг өнөөдөр “партизан” гэж нэрлэх нь бий. Эрх баригчдын хавчлага, доромжлолоос болж, хань ижлээсээ хагацахаас эхлээд, үр хүүхдийнхээ амьдралыг сүйрүүлсэн цөөнгүй эгэл жирийн гишүүн байдаг. Тэр төрөөс гавьяа шагнал, хөрөнгө мөнгө нэхдэггүй. Хэдхэн жилийн өмнө миний анд МоАХ-ны партизан намайг дуудаж билээ. Тохь муутай гэртээ уйтайхан инээмсэглээд “Миний ардчиллын үр шимийг хүртэх өнгөрч байх шиг байна. Гэхдээ Төв аймгийн МоАХ, МоАН-ын анхны гишүүдийн нэрийг мөнхжүүлэх арга бодоорой. Хожим үр хүүхдүүд маань ааваараа бахархах цаг ирнэ шүү дээ” гэж билээ. Өнөөдөр анд маань тэнгэрийн оронд байгаа. Түүнтэй хамт хэдэн арван мянган партизанууд нойрсч байгаа. Тэднийхээ гэгээн дүрийг манай сонин дурсах болно. Тэдэнд “Та бүхний гавьяаг түүхэнд тэмдэглэн үлдээх нам, холбоо, сонин бий шүү” хэмээн сануулах болно. Өнөөдрөөс эхлэн манай сонин хоёрдугаар сарын 18 хүртэл партизануудынхаа үгийг түмэнд түгээх болно. Өнөөгийн байгаа муу, сайн бүхнийг үүрлэцсэн эгэл жилийн партизануудаа түүхэнд тамгалан үлдээх болно. 1990 оны хоёрдугаар сарын 18-нд болсон МоАХ-ны анхдугаар их хурал бол монголчуудыг дэлхийд таниулж, дэлхий бидэн рүү мишээсэн өдөр юм. 1990 оны энэ өдөр Азийн цээжинд ардчиллын гал бадарч, Чингисийн монголчууд хөх тугаа мандуулсан өдөр.