Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлогын газрын дарга А.Мөнхболдтой чөлөөт бүсийн талаар ярилцлаа.
-Манай улсад чөлөөт бүстэй холбоотой яриа өрнөөд 25 жил боллоо. Энэ асуудал өнөөдөр ямар түвшинд хүрээд байна вэ?
-Тийм л дээ. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн цагаас эдийн засгийнхаа салбарт олон улсын жишиг болон үндэсний онцлог, чадамжийг харгалзсан төрийн бодлогыг шинээр томьёолж, үр ашиг өндөртэй шинэ хэлбэрүүдийг эрэлхийлэх болж, 1995 онд “Чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”, түүний дараа 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг батлан холбогдох ажлуудыг эхлүүлсэн билээ. Эдүгээ арав гаруй жил өнгөрсөн ч тухайн салбарт тодорхой үр дүнд хараахан хүрч чадаагүй байна. Өнгөрсөн хугацаанд бидний олж хараагүй нэг асуудал бол чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд зах зээл байхгүй байна гэдгийг олж хараагүй явсан. 2014 оноос л гадаад улс руу зах зээл нээе, Эдийн засгийн коридор байгуулъя гэсэн санаачилга нэгдье гээд явж байна. Ямартай ч бид нэг алхам урагшлахыг хичээж байна.
-Манай улсын эдийн засгийн төв коридорын дагуу Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс байна. Эдгээр чөлөөт бүсийг хөгжүүлэхийн төлөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хөгжихгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Үнэндээ бид өнөөдрийг хүртэл нөөцөд суурилсан төлөвлөлт чөлөөт бүсүүддээ хийсэн. Бидэнд тийм түүхий эд, ийм дэд бүтэц гэх мэт. Гэтэл маркетинг буюу зах зээлээ ерөөсөө тоолгүй орхигдуулсан. Тиймээс дутагдаад байгаа зах зээлээ нээх хэрэгтэй. Үүний тулд гадаад харилцаа, эдийн засгийн бодлогодоо чухал ач холбогдол өгч гурван улсын эдийн засгийн коридороо хөгжүүлэх юм бол эдгээр чөлөөт бүс, үйлдвэр технологийн паркуудад зах зээл бий болно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй л болно гэсэн үг. Ялангуяа манай улсын гадаад худалдааны дийлэнх эргэлтийг хийж байгаа Зам-Үүдийн боомт улсынхаа эдийн засагт өндөр нөлөө үзүүлж байгаа учраас энэ бүс нутгаа хөгжүүлэх ёстой. 2014, 2015 онд Засгийн газар ажиллаад хил дамнасан чөлөөт бүс байгуулах Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах гэрээ хэлэлцээрийг хийсэн байдаг. Энэ Засгийн газрын үед үргэлжлээд Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулсан нь чухал шийдвэр байсан. Ялангуяа Монгол Улсын цаашдын хөгжил, бизнесийн орчныг сайжруулах асуудалд өндөр нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа.
-Улс орнууд чөлөөт бүс байгуулах хэрэгцээ шаардлага юу байна?
-Тухайн улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, эдийн засгийн дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах, хоёрдугаарт, гадагшаа чиглэсэн экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа хөгжүүлэх гэсэн хоёр арга зам бий. Дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглахын тулд өргөн хэмжээнд тээвэр зуучлалын сүлжээг дотоод болон гадаад зах зээлтэй холбох ёстой. Гэтэл одоогоор манай улсад ийм хэмжээний тээвэр зуучийн сүлжээ байхгүй. Хоёрдугаарт, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тодорхой газар нутаг дээр үйлдвэрлэл, түүнийг явуулах нөөц, ажиллах хүчээ байршуулсны дараа гадаад зах зээлтэй холбогддог. Үүнд чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын гадаад худалдааны ихэнх хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Зарим судлаачид БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдлыг 1.3 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо хийсэн байдаг. Ийнхүү алдагдалтай ажиллах болсны шалтгаан нь юу вэ гэхээр бид уул уурхайн бүтээгдэхүүн олборлоод экспортлохдоо ам нөхцөлөөр буюу олон улсын томьёоллоор “Exwork” нөхцөлөөр худалдаа хийдэг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, бид газрын баялгаа олборлоод уурхайн аман дээрээс борлуулж байна гэсэн үг. Манай улсын дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө, санхүү муу учраас ихэнхдээ БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай хамтрах юм уу, тус улсын бизнес эрхлэгчдэд уурхайн амнаас шууд худалдан авч байна. Уг нь бид баялгаа хил дээрээ авчирч зарах ёстой. Ингэх юм бол 1.3 тэрбум ам. долларын алдагдал хүлээхгүй гэсэн үг. Энэ асуудал хүнс хөдөө аж ахуйн тал дээр ч мөн ялгаагүй. Тухайлбал, Махны үнэ өслөө гэнэ. Манай улсын хэтэрхий либериал бодлого баримталдаг, худалдааны бодлого байхгүй учраас хятадууд орж ирээд малчдаас малыг нь худалдаад авчихдаг. Мөн Монголд байгаа махны үйлдвэрүүдийг түрээслэх замаар махаа боловсруулаад өөрийн орон руу экспортолдог. Тиймээс уг нь бол Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулаад тэнд манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төвлөрүүлээд тэндээсээ экспортод гаргах юм бол эдийн засгийн асар өндөр өгөөжтэй болох юм. Монгол Улсын хилээс дотогш үйлдвэрлэл явуулж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн сүлжээнд нэгтгэснээр бүгд өндөр ашигтай ажиллана. Мөн тэнд ажиллаж байгаа иргэдийн орлого, цалин хөлс нэмэгдэнэ. Ийм учраас чөлөөт бүс байгуулах нь манай улсын нийгэм эдийн засагт өндөр өгөөж өгөх юм. Хоёрдугаарт, манай улсын технологийн хөгжлийн түвшин сул байна. Дээрээс нь мэргэжилтэй ажиллах боловсон хүчин цөөн байна. Энэ бүгдийг нөхөхөд чөлөөт бүс чухал байдаг. Нөгөөтээгүүр бид хөрөнгийн дутагдалд байна. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага тулгарна.
-Гэтэл манай улсад гадаадын хөрөнгө оруулалт татахад улс төр, эдийн засгийн бодлого нь тогтворгүй байна гэдэг?
-Тийм л дээ. Хөрөнгө оруулалт оруулаад Монголд нутагшаад, урт хугацаанд үр өгөөжтэй болгох урьдчилсан нөхцөл нь юу байдаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын эдийн засагтайгаа уялдуулах холбоосоо зөв болгох. Гэтэл манай улсад тийм зүйл алга. Тиймээс энэ холбоосыг үүсгэх нэг чухал зүйл бол мөн л чөлөөт бүс байдаг. Чөлөөт бүсийг дэмжсэн дэд бүтцийн тогтолцоо байдаг. Энэ тогтолцоонд суурилж гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр бий болно. Үүний үр дүнд бидний хүсээд байгаа ажлын байр бий болгож, эдийн засгийн үр өгөөж бий болгох тэр салбар луу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өснө.
-Манай улсын чөлөөт бүсүүдэд тулгамдаад байгаа асуудал юу байна?
-Хамгийн гол нь зах зээл байхгүй байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Хэдийгээр бид татварын хөнгөлттэй нөхцөл бий болгоод, дэд бүтцийг нь улсаас байгуулсан боловч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Тэнд би түүхий эд худалдаж аваад үйлдвэрлэл явуулаад бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл байхгүй байна. Мөн дотоодын эдийн засагтай уялдуулах дэд бүтцийн холбоос, тээвэр ложистикийн сүлжээг бид зайлшгүй бий болгосны үр дүнд малчны хотхонд байгаа малыг тээвэрлэж, үйлдвэрийн аргаар нядлаад, чөлөөт бүсдээ нийлүүлээд, цаашлаад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэтээр нийлүүлэлтийн хэлхээ, нэмүү өртгийн сүлжээ үүсгэнэ. Түүнээс биш ганцхан цэгтээ бодлогоо төвлөрүүлээд байх нь хөгжлийн бас шийдэл биш. Тиймээс улс орноо хамарсан уялдаа холбоотой, үндэсний хэмжээний бодлоготой байж чөлөөт бүс зөв хөгжинө.
-Тэгвэл таны хэлээд байгаа зэх зээлээ нээхийн тулд бид юу хийх ёстой юм бэ?
-Хил дамнасан чөлөөт бүсийг бий болгох тухай л яриад байна л даа. Нэг талд нь Эрээний чөлөөт бүс, наана нь Замын-Үүд чөлөөт бүс. Энэ хоёр чөлөөт бүс нээгдсэнээр харилцан эдийн засгаа хөгжүүлэх суурь үндэс нь бий болно. Замын-Үүд чөлөөт бүс хөгжчихвөл Алтанбулаг чөлөөт бүс хөгжинө. Яагаад гэвэл Алтанбулагаас дамжаад Зам-Үүдэд бараа бүтээгдэхүүн ирнэ. Тухайлбал, Сибирийн модыг Алтанбулагаар оруулж ирээд түүнийгээ хаа нэгтээ чанаад үйлдвэрийн бэлдэц болгоод Зам-Үүдэд авч ирээд түүнийгээ бүтээгдэхүүн болгоод цааш нь худалдаалах. Дараагийн бүтээгдэхүүн бол үр тариа. ОХУ дэлхийд үр тарианы үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Түүнийг ОХУ-аас аваад Алтанбулаг юм уу Замын-Үүдэд гурил, тэжээл болгоод БНХАУ-ын том зах зээлд борлуулах боломж байна. Мөн эсрэг урсгалаараа БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн аваад ОХУ-руу нийлүүлэх гэх мэт. Үнэндээ манай эдийн засгийн шингээх чадвар бага. Тиймээс Зам-Үүд чөлөөт бүстээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хамтарч Европын зах зээлд борлуулах юм бол тэнд ойролцоогоор 7000 орчим бүтээгдэхүүнийг хөнгөлттэй үнээр нийлүүлэх боломж байна. Тиймээс гадна байгаа боломжуудыг ашиглая гэвэл зайлшгүй чөлөөт бүс байгуулах хэрэгтэй болчхоод байна. Нэн тэргүүнд гэж дугаарлах юм бол Замын-Үүд чөлөөт бүс байна.
-Хил дамнасан чөлөөт бүсийг байгууулах асуудал хаана гацаанд орчхов?
-УИХ дээр энэ асуудал гацчихаад байгаа. УИХ-ын эрхэм гишүүд Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гэрээг батлах ёстой. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдчихвэл, хил дамнасан чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, үр нөлөөг нь үзүүлнэ.Цаашид бидний хүсээд байгаа эдийн засгийн коридорын хөгжих суурь нь эндээс эхлэлтэй гэж байна.
-Дэлхийн жишигт чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Чөлөөт бүсийн сүүлийн үеийн хандлага нь улс орнууд хилийн бүсэд чөлөөт бүсийг байгуулах болжээ. Энэ хэлбэрийн чөлөөт бүс байгуулах нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал хэсэг байх бөгөөд өргөн уудам газар нутагтай, хүн амын төвлөрөл багатай улс орны хувьд ихээхэн ач холбогдолтой байдаг. Ази тив дэх чөлөөт бүсүүд логистикийн чиглэлийн үйл ажиллагаанд ихээр анхаарал хандуулах болсон. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийн туршлага, чадамжийг сайжруулснаар өөрийн орны экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч компаниудыг татах, хөрш улс орнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах замаар бүсийн хэмжээний логистикийн уулзвар цэг болох зорилготой нь холбоотой. Иймээс Монгол Улс шиг эх газрын далайд гарцгүй бөгөөд хөгжиж буй орны хувьд хил орчмын худалдааг хөгжүүлэх чөлөөт бүсийг байгуулах нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нэг гол шийдэл байх боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Монгол Улсын худалдаанд тулгардаг сөрөг нөлөөллийг багасгах, дотоодын бүтээгдэхүүнийг олон улсад интеграцчилах, олон улсын зах зээлд Монгол Улсын эдийн засгийн оролцоог идэвхжүүлэхийн тулд Монгол Улсын хувьд харьцангуй давуу тал бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Чөлөөт бүcүүдэд худалдаа, экспорт болон транзит тээврийн хэрэгцээг хангасан, үр ашигтай тээвэр-логистик, аж үйлдвэрийн төв байгуулах, мөн дагалдах үйлчилгээний салбарыг бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд чөлөөт бүсийн бизнесийн орчин, зайлшгүй хэрэгцээт олон нийтийн үйлчилгээ, дэд бүтэц зэрэг нь бизнес эрхлэх бүрэн боломжийг хангахуйц чанартай хийсэн байх шаардлагатай. Аж үйлдвэрээ хөгжүүлэх замаар иргэддээ ажлын байр бий болгох, тэднийг орлогожуулах хөгжлийн суурийг чөлөөт бүс тавьж байна. Сүүлийн үед Энэтхэг улс энэ жишээг маш сайн ашиглаж 270 орчим чөлөөт бүс байгуулсан байна. Бид зөвхөн дотоодын зах зээлд зориулж үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд дэлхийд гарахаас өөр сонголт бидэнд байхгүй. Энэ гарц, хаалга нь чөлөөт бүс байгуулах гэж харж байна.