М.СОДОН-ЭРДЭНЭ
Дэлхийн дахиныг сандаргаж байгаа вирусийг хил давуулалгүй хорьж, хүн амынхаа эрүүл энхийг сахин хамгааллаа гэж бид бодож сууна. Гэхдээ өөр олон нянгаас болж монголчууд хорвоог орхисоор л байгаа. Уушгины хатгалгаагаар өнгөрсөн онд 431 хүн хорвоог орхисныг дуулаад олон нийтийн сүлжээгээр хэсэг л шуугьсан. Хүний амины үнэ цэнийн тухай эргэцүүлэх боломж олгосонд нь коронавируст талархмаар ч юм шиг. Жил бүр хавдрын өвчлөл нэмэгдэж сүүлийн 15 жил нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байна. 2018 онд 4412, 2017 онд 4004, 2016 онд 4112 монгол хүн хавдрын улмаас хорвоог орхижээ. Өдөр бүр 12 хүн хавдартай гэдэг шалтгаанаар хорвоогоос буцдаг. Хавдар бол нэг төрлийн нян асар хурдацтайгаар үрждэг өвчин. Гэтэл ийм айхтар нянд дарлуулаад л байгаа хэрнээ, урьдчилан сэргийлдэггүй, эрт оношилгоо хийхэд дорвитой анхаардаггүй нь харамсалтай, бүр эмгэнэлтэй.
Хавдраар шаналж байгаа иргэд хандивын аян зарлаж, монголчууд эрвийх дэрвийхээрээ л гар сунгаж, алтан амийг аврахын төлөө шаналдаг. Тэглээ гээд нэг хоёроор тогтохгүй мянга, мянгаараа хорвоог орхиод байхаар энэ өвчнийг эрт илрүүлж, яаралтай эмчилж, бодлоготойгоор тэмцэхгүй бол ялагдал ойрхон байна. Хавдраар өвчлөгчдийн 80 хувь нь хожуу оношлогддог учраас нас баралт буурахгүй, эмч нар нянгийн эсрэг хүч тэнцвэргүй тулалдаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хавдрын эрт, илрүүлэг оношилгоонд зорилтот бүлгийнхэн үнэ төлбөргүй хамрагдах болсон нь нэг дэвшил ч энэ амжилтад баярлаад мориныхоо амыг татаж болохгүй. Иргэдийг мэдээллээр тасралтгүй хангаж, үзлэг оношилгоо хийлгэхэд нь нөлөөлөх ажлыг ч давхар хийх учиртай.
Өнгөрсөн жил танил маань ходоодны хорт хавдраар өөд болсон. Шалтгаан нь ходоодны хелико бактертайгаа мэддэг хэрнээ, эмчлүүлж, шинжилгээ оношилгоо хийлгэлгүй олон жил явсаар хожуу мэдэж байдал хүндэрсэн. Нэг жилийн дотор гурван ч удаа хагалгаа хийлгэсэн ч тусыг олоогүй. Шинжилгээ өгөөд эрт үед нь өвчнөө илрүүлбэл эмчлэх боломж төдий чинээ их бий.
Тухайлбал умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ 20 мянган төгрөг байхад хожуу илэрсэн хорт хавдраа мэдвэл хагалгааны хамгийн хямд зардал 11.5 сая төгрөг болно. Элэгний вирусээ шинжлүүлэхэд 10 мянган төгрөг байдаг бол элэг шилжүүлэх суулгах хагалгаа багадаа 150 сая төгрөг. Тэнгэр, газар шиг зөрүү харагдаж байгаа биз.
Гурван сая гаруйхан хүнийх нь 16 мянга нь хорт хавдартай, ХСҮТ дөрөвхөн мэс заслын өрөөнд жилд 2600-2800 том хагалгаа хийдэг. Энэ нь өдөрт 10 том хагалгаа гэсэн үг. Зарим өвчтөний мэс заслын дугаарлалд 21 хоногоор хүлээгдэх нь бий. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг сэн. Нэг ч гэсэн эмнэлэг нэмж барих сан. Эрт илрүүлэг хийхээр өвчтөний тоо улам нэмэгдэнэ. Гэхдээ эрт үед нь илрүүлж байгаа учраас эмчлэх боломж байгаа. Харин 37 жилийн өмнө баригдсан ганц эмнэлэгтээ найдаад энд ажилладаг хэдхэн эмч, сувилагч Монгол Улсын хэмжээнд нүүрлээд байгаа хавдрын эсрэг тэмцэх үүрэг хүлээвэл дэндүү өрөөсгөл.
Өнөөдөр дэлхийн хавдрын эсрэг өдөр. Та түр азнаад анхаарлаа хандуулаарай. Оношлуулахад их мөнгө орохгүй ч өвчнөө ужигруулбал та хоногт 12-оороо хорвоог орхиж буй хүмүүсийн ард дугаарлах ч юм бил үү.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд
хорт хавдраар 23.723 хүн нас баржээ
Өнгөрсөн оны мэдээгээр манай улсын хүн амын нийт нас баралтын 25 хувийг хорт хавдраас шалтгаалах өвчлөл эзэлсэн байна. ДЭМБ–ын судалгаагаар 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197.9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229.2 байгаа аж. Мөн 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101.1 байгаа бол манай улсын үзүүлэлт 170.2 байна гэж гарчээ. Дэлхий дээр жилд 18 сая хүн хорт хавдраар өвдөж, 9.6 сая хүн нь нас бардаг байна. Манай улсын хувьд 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. Цаашид хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай тооцоолол байгааг ХСҮТ–ийн захирал Ж.Чинбүрэн 2019 оны эхэнд тохиосон хавдрын эсрэг дэлхийн өдөр дуулгасан бөгөөд 2040 он гэхэд жилд 10.000 хүн хорт хавдраар оношлогдох тооцоолол гарсныг хэлж байлаа. Энэ нь мэдээж хавдрын эрт илрүүлгийн ахиц дэвшилтэй шууд холбоотой гэж байв. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дээр 32 сая хүн хорт хавдартай болох, үүнээс 8.2 сая хүн амь насаа алдах тооцоолол судалгааг гарсныг ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолж байсан. Ингээд дор сүүлийн зургаан жилийн хавдрын тоон судалгааг харууллаа. Энэхүү дүн мэдээгээр хэн нэгнийг цочролд оруулах бус бид энэ эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой гэдгийг харуулахыг зорьсон болно.
Хорт хавдар өвчний сүүлийн зургаан жилийн статистик мэдээ:
1. 2013 онд 5255 хүн шинээр оношлогдож 3660 хүн нас барсан
2. 2014 онд 5483 хүн шинээр оношлогдож 3536 хүн нас барсан
3. 2015 онд 5777 хүн шинээр оношлогдож 3999 хүн нас барсан
4. 2016 онд 5991 хүн шинээр оношлогдож 4112 хүн нас барсан
5. 2017 онд 6073 хүн шинээр оношлогдож 4004 хүн нас барсан
6. 2018 онд 5591 хүн шинээр оношлогдож 4308 хүн нас барсан
Тодруулбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд 34170 хүн хорт хавдрын онош сонсч 23723 хүн нас барсан байна.
Эдгээр иргэдийн дунд дараах таван төрлийн хорт хавдар зонхилж байв.
•Элэгний хорт хавдар
•Ходоод, улаан хоолойн хорт хавдар
•Уушгины хорт хавдар
•Умайн хүзүүний хорт хавдар
•Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар
Эдгээр эрхтнүүдэд үүсч буй хорт хавдрууд өнөөдөр ч хэвээр байгаа бөгөөд 2013 онд ч ийм л байв. Харин хоорондын дэс дугаарт л өөрчлөлт орж байсныг эс тооцвол нөхцөл байдлын ялгаа төдийлөн гараагүй харагдаж байна. Онцлоход элэгний хорт хавдар нэгдүгээрт бичигдсэн хэвээр л байна.
Элэгний хорт хавдар
Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын 29.397 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 хувийг элэгний хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8256 хүн нас баржээ. Дэлхийн дундаж үзүүлэлтээр 100 мянган хүний 9.3 нь элэгний хорт хавдраар өвдөж байгаа бол манай улсад 93.7 байна. Өөрөөр хэлбэл 100 мянган хүн тутмын 94 нь элэгний хорт хавдраар өвдөж байгаа харамсалтай дүр зураг харагдаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 10 дахин их үзүүлэлт юм. Мөн элэгний хорт хавдрын улмаас нас барж буй дэлхийн дундаж үзүүлэлт 100 мянган хүнээс 8.5 байгаа бол манай улсад 75.4 байна. Сүүлийн жилүүдэд та бидний сайн мэдэх болсон “ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД”, “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” зэрэг хөтөлбөрүүд энэ аймшигтай нөхцөл байдлын эсрэг тэмцэж иржээ.
Ходоодны хорт хавдар
Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн 29.397 хорт хавдрын 4393 нь ходоодны хорт хавдар байсан бөгөөд хувьчилж үзвэл нийт хорт хавдрын 15 хувийг эзэлж байна. 3216 хүн ходоодны хорт хавдраар нас баржээ. Ходоодны хорт хавдраар өвчлөгсөдийн 80 гаруй хувь нь 45-аас дээш насныхан байна.
Умайн хүзүүний хорт хавдар
Умайн хүзүүний хорт хавдар манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт бичигдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд умайн хүзүүний хорт хавдраар 2045 эмэгтэй өвчилж, 731 эмэгтэй нас баржээ. Нарийвчилбал таван жилийн үзүүлэлтээр 100 мянган эмэгтэйн 15.4 нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 6.5 нь нас барсан гэж гарч байна.
Манай орон дахь умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдал дэлхийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин өндөр байгаа аж. 2030 он гэхэд 100 мянган эмэгтэйд илэрч буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг дөрөв болтол бууруулж өвчлөлийг бууруулах зорилгыг ДЭМБ тавиад байгаа бөгөөд уг зорилтыг биелүүлэх 17 орны тоонд Монгол Улс багтжээ.
Уг өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүдийн 73.4 хувь нь 45 –аас дээш насныхан байсан бол 1.3 хувь нь 30 хүртэлх насныхан байна. Умайн хүзүүний хорт хавдар бусад хавдартай харьцуулахад эрт үе шатандаа оношлогдож буй давуу талтайг эмч нар онцолж байна.
Далайд дусал нэмэр
Эдүгээ нээлттэй, идэвхтэй хандив цуглуулж буй өвчтөнүүдийн дансны дугаарыг хүргэе.
Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ээж (Б.Мөнхтуяа)-д 300 сая төгрөг хэрэгтэй байгаа. Хандивын данс ХААН банк 5133099922 (төрсөн дүү Б.Мөнхчимэгийн данс)
Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай байгаа Б.Рэнцэнпилжээ ХААН банк 5166320118, Голомт банк 2105106891
Хорт хавдартайгаа тэмцэж буй 28 настай Г.Батзаяа. Хагалгаанд ороход одоо 70 сая төгрөг дутуу байгаа. ХААН банк 5035247726, Голомт банк 2015129245, ХХБ 465004868, Candy 99929339
Жүжигчин Л.Нурбулан эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэсээр байна. БНХАУ-д хагалгаанд ороод ирсэн. Хаан банк 5072040873
Хорд хавдартайгаа тэмцэж буй А.Мөнхбаатарт 120 сая төгрөг хэрэгтэйгээс 15 хувь нь цуглаад байгаа. ХААН банк 5064574667 (Дүү А.Мөнхсүлдийн данс)