М.СОДОН-ЭРДЭНЭ
1990 оны цагаан морин жил МоАХ байгуулагдаж, хоёрдугаар сарын 18-нд анхдугаар хурлаа хийсэн билээ. Удахгүй энэ хурлын 30 жилийн ой тохионо. Ойн өдрийг хүртэл манай сонин та бүхнийг МоАХ-ны гишүүдтэй цувралаар уулзуулах болно. МоАХ байгуулагдахад анхны дэмжигчид сэхээтнүүд байсан гэдэг. Энэ удаа тэдний нэг багш Ч.Батхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэе. Ч.Батхүү өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн I хороонд амьдарч, тэтгэвэртээ гарсан хэдий ч өнөөг хүртэл МоАХ, АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор яваа гэнэ.
-Анх МоАХ-ны салбар зөвлөл байгуулсан тухайгаа ярина уу?
-Тухайн үед бидний амьдарч байсан газар Октябрийн районы III хороо нэртэй байсан. Одоо Сонгино хайрхан дүүргийн I хороо гэдэг болсон.
-1990 онд та ямар ажилтай байсан бэ?
-Би 42-р сургуульд багшаас захирал хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ардчиллын үйл явц 1989 онд эхлээд, 1990 онд олон хурал, цуглаан болсон нь бидэнд маш их нөлөөлсөн. Тэр үед багш нар төрийн албан хаагчаар тооцогддог байсан. Хамаагүй элдэв юманд оролцохыг хориглоно. Оролцсон бол асуудал ярина гэдэг цаг байлаа. Гэхдээ л бид цаагуураа уулзаж, ардчилсан хөдөлгөөний тухай багагүй шүүн, тунгаана. Мэдээлэл солилцоно.
-Юу нь болохгүй байсан учраас та МоАХ-г дэмжсэн бэ?
-Ардчиллын буянаар үг хэлэх эрхтэй болсон. Бид нэг намын хэт их үзэл суртлын нөлөөн дор байсан. Багш нар сургуулийн захирлаа ч шүүмжлэх эрхгүй байсан шүү дээ. Үзэл суртлын хувьд намаа магтан дуулахаас өөр зам байхгүй.
-Ямар намаа?
-Тэр үед ганцхан МАХН (одоогийн Монгол ардын нам) л байсан. Өөр нам байгаагүй. Тэр намыг бүгд дэмжих үүрэгтэй. Гэхдээ иргэд бүгдээрээ энэ намыг даган баясч байгаагүй. Хэдийгээр эрх баригчид үзэл суртлаа тулгадаг байсан ч далдуур шүүмжлэх явдал 1980-аад оны дундуур хүчээ авч байсан. Гэхдээ гэр орон, найз нөхдийн хүрээнээс халиагүй явсаар 1989 оны сүүлтэй золгосон. Тэгээд МоАХ гарч ирсэн нь хүмүүсийн загатнасан газар нь маажна гэдэг шиг юм болсон. Эргэж хургалгүйгээр тууштай дэмжсэн.
-1990 онд бүх мэдээллийн хэрэгсэл, хүчний байгууллагууд МАХН-ын мэдэлд байсан. Мэдээллийг хаанаас авдаг байсан бэ?
-МоАХ, МоАН байгуулагдаад, “Шинэ толь”, “Ардчилал” сонинуудаас мэдээлэл авдаг байсан. Анх энэ сонинуудыг бөөнөөр аваад устгадаг улсууд байсан юм билээ. Бид хожим нь мэдсэн. Бид олсон сонингуудаа өөрсдөө уншихаас гадна сурталчилгаанд ашиглана.
-МоАХ-ны салбар байгууллахад ямар нэгэн саад тохиолдож байсан уу?
-Эхлээд нийслэлд байгуулагдсан байсан. Дараа нь салбар зөвлөлүүд дүүргүүдээр байгуулагдаж байгаа юм. Дүүргүүдээр явж салбар байгуулсан залуус маш их зоригтой, боловсролтой, мэдээлэл сайтай байсан. Тэднийг уулзалт хийхэд олон хүн цуглана. Харин МАХН-ынхан цуглаан хийлгэхгүй байх, иргэдийг оролцуулахгүй байх зэрэг ажил зохион байгуулна. Гэхдээ иргэд яаж ийж байгаад мэдээд МоАХ-ны уулзалтад ирдэг байсан.
-Залуучууд их дэмждэг байсан уу?
-Зохион байгууллалтыг залуучууд хийж байсан. Гэхдээ уулзалтад ахмадууд ирдэг л байсан. Цөөхөн байсан нь үнэн. Уулзалтын дараа ахмадуудтай уулзахад “Бид дэмжиж байгаа. Гэхдээ насаараа явсан намаа бодохоор жаахан тийм санагдаад байна” гэдэг байсан.
-Намын даргаасаа айсан гэсэн үг үү?
-МАХН-ын гишүүн олон жилийн намынхаа үзэл сурталд баригдахаас гадна их хэлмэгдүүлэлтийн шарх ч нөлөөлдөг байсан байх. Зарим ахмадууд “Айхгүй ч гэсэн аягүй байна” гэдэг байсан. Гэхдээ анхны ардчилсан сонгуулиар нийслэлчүүд ардчилсан хүчнүүдийг маш сайн дэмжсэн юм шүү дээ.
-Салбар байгуулахад иргэд хэр дэмжиж байсан бэ?
-Анх МоАХ-ны салбарууд байгууллагууд дээр түшиглэдэг байсан. Хэдэн хүн нийлж байгуулаад төвд бүртгүүлнэ. Зарим нь “Би албан ёсоор МоАХ-д орохгүй” гэхдээ далдуур дэмжинэ гэдэг ч хүн байсан.
-Яагаад?
-Хүний амьдрал байна шүү дээ. МоАХ-д элссэн хүмүүсийг эхний ээлжинд ажлаас халах нь энүүхэнд. Гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Тийм учраас зарим нь алсын зайнаас дэмжих маягтай явдаг байсан. 42-р сургууль дээр н.Лувсандорж гэдэг залуу байсан. Тэр залуу анх сургууль дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулсан. н.Лхасүрэн, н.Нямаа гээд цөөнгүй багш нар нийлж салбар зөвлөл байгуулж байсан.
-Захирлын дарамт ирээгүй юү?
-Ирэлгүй яах вэ. Гэхдээ бид олуулаа байсан болохоор, хүчээ нэгтгээд захирлаа сольчихсон. Олон газар ийм болсон л доо.
-Дээрээс зөвшөөрсөн үү?
-Эхлээд амаргүй байсан. Сүүлдээ зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Ухуулах хуудас наасан чинь дүүргийнхэн тэр чигээрээ давхиж орж ирээд бөөн асуудал болж байгаа юм.
-МоАХ-ны салбар байгуулахад хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ?
-Тухайн үед бид хүүхдүүддээ ойлгуулах гэж хичээдэг байсан?
-Яах гэж?
-Тэр үеийн эрх баригчид сурагчдыг багш нарынх нь эсрэг турхираад байсан.
-Сурагчид ардчиллын тухай ойлголттой байсан уу?
-Тэр үед ахлах ангийнхан жагсаал, цуглаанд их явдаг байсан юм билээ. Сургуулийн захирал түүнийг мэдээд багш нарыг загнана.
-Юу гэж загнах вэ?
-Хурал дээр босгож ирээд л “Танай ангийн тэр сурагч ... ны өдрийн цуглаан дээр явж байсан” гээд авч өгнө шүү дээ.
-Та нар хүүхдүүдэд хэлдэг байсан юм уу?
-Бид юу гэж хүүхдүүдийг цуглаанд оч гэх вэ дээ. Бидэнд мэдэгдэхгүй тэд чинь оччихдог байж. Өөрсдийн сонирхлоор очиж байхгүй юу. Сонирхохоос гадна аав ээж, ах эгчийгээ дагаад очдог сурагчид ч цөөнгүй байсан. Хүүхдүүд жагсаал цуглааны тухай их асууна шүү дээ.
-Та нар юу гэж хариулдаг байсан бэ?
-Авсан мэдээллийнхээ хэрээр ойлгуулахыг хичээнэ. Удаан юм ярьж болохгүй л дээ. Сонирхсон үед жаахан юм хэлж өгнө.
-Эцэг, эхээс ямар нэгэн гомдол гарах уу?
-Манай сургуулийн хувьд тийм асуудал гараагүй.
-1990 онд анхны чөлөөт сонгуульд яаж оролцов?
-Тэр үед өнөөгийнх шиг муухай пиар байсангүй. Бодлого л ярина. Хороон дээр гурван намын төлөөлөгч сууж, ажиглалт хийнэ. Одоо тийм эрч хүч алга.
-Тэр үед хүсч байсан зүйлдээ хүрч чадсан уу?
-Бидний мөрөөдөж байсан зүйл өнөөдөр биелсэнгүй. 1990 оны тэмцэгчид маш хүнлэг хүмүүс байсан. Тэд албан тушаал, мөнгө төгрөгний үнэр ч байхгүй хүмүүс. Харин сүүлд гарч ирсэн тэмцэгчид л албан тушаал, өнгө мөнгө ярьж эхэлсэн. Манай зарим партизанууд “Бидэнд одон медаль, мөнгө төгрөг хэрэггүй. Түүхийг л үнэнээр үлдээх хэрэгтэй байна” гэж ярьж байгаа.
-Яагаад тэгж үзэж байна?
-Яг хүнд үед тэмцэж байсан хүмүүс нь биш. Хожим ирсэн хүмүүс өнөөдөр түүх зохиож эхэлсэн.
-Гажуудлыг засахын тулд та нар юу хийж байна?
-Дүүргийн МоАХ-ны нарийн бичигтэйгээ уулзаж байгаа. Саяхан 30 жилийн ойгоор бид янз бүрийн баримт цуглуулж авсан. МоАХ-ны дүүргийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.
-Өнөөдөр МоАХ-ны үйл ажиллагааг хэрхэн харж байна?
-Нэг их муудсан гэж хэлэхгүй. Гэхдээ идэвхтэй биш байна. Намдаа жаахан дарагдаад байгаа юм уу гэж хардаг. Нам нэлээд залуужсан. Бид хааяа МоАХ дээрээ очиж л буу халж байгаа. Гэхдээ МоАХ хуучин шигээ юм юм руу үсчээд байж болохгүй байх л даа.
-Жаахан сэтгэл гонсгор байна уу?
-1990 онд бид шударга ёсны тэмцэлд боссон шүү дээ. Өнөөдөр шударга ёс тогтсон уу. Тогтоогүй.
-Юунаас болсон гэж дүгнэж байна?
-Бид сонголтоо хийж чадахгүй байна. Хүнээ зөв сонгохгүй байгаа юм. Бидний үхтэлээ гүйж сонгосон хүн маань дээшээ гарангуутаа зангаа хувиргачихдаг.
-МоАХ-д шударга ёс тогтоох хүн байхгүй болчихсон юм уу?
-Хувь хүний эрх чөлөөг олж авсан. Харин нийгмийн шударга ёс тогтоогүй байна.
-Нийгмийн шударга ёс тогтоохын тулд юу хийх ёстой вэ?
-МоАХ гэдэг бол олон намын гишүүдээс бүрдсэн байгууллага. Зөвхөн АН-ын гишүүд байдаггүй. Өөр намын хүмүүс байдаг. Тийм учраас сонгуульд оролцох эрхтэй байх ёстой.
-Бие даан сонгуульд оролцох эрх хэрэгтэй юү?
-Тийм. ТББ ч нэр дэвших эрхтэй байх хэрэгтэй. Бид улс төрийн эрх чөлөө эдлэх эрхтэй биз дээ.
-Одоогийн мөрдөж байгаа хуулиар тийм боломж бий юү?
-Боломж байхгүй. Тиймээс аль нэгэн намтай эвсэх замаар л сонгуульд орно.
-Аль намтай эвсэх бол?
-АН МоАХ-тай эвсч Ерөнхийлөгч Х.Баттулгыг гаргасан. Энэ эвсэл УИХ-ын сонгуульд үргэлжлэн хамтдаа оролцох хэрэгтэй.
-Ерөнхийлөгч МоАХ-ны дарга. Цаашид юу хийгээсэй гэж хүсч байна?
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг болохоор нэг их юм хийх боломжгүй гэж үздэг.
-Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү?
-Үгүй ээ. Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриад байгаа юм биш. Шударга ёсыг яаж сэргээх тухай л асуудал тавиад байгаа юм. АН, Ерөнхийлөгч хоёр хүчтэй хамтрагч байж л шударга ёс тогтоно биз дээ.
-АН-ын гишүүд ингэж бодож байгаа болов уу?
-Бидний хэсэг нөхөд хоорондоо санал солилцохоороо ингэж ярьдаг. Бид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжээд байгаа юм биш. Өнөөгийн тогтолцоонд шударга ёсыг тогтооход Ерөнхийлөгчийн оролцоо хязгаарлагдмал байна гэж үзээд байгаа юм.
-Зарим хүмүүс залуу үеийнхэнд социализм сайхан байсан тухай ухуулж эхэллээ. Энэ зөв үү?
-Тэр ухуулга хийж байгаа улсуудыг “Буцаад социализмдаа оч” гэвэл юу гэж хариулах бол доо.