АН сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо 100 сая төгрөгийн дэнчин буюу татвар авахаа мэдэгдсэний дараа МАН-ынхан нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж зарлахдаа алга ташилт хүлээсэн нь лав. Эрх баригчдын хувьд энэ үйлдлээрээ ялгарал бий болгох, төрийн албыг үнэлж, зарахыг оролдсон гэх 60 тэрбумын хэрэгтээ дүгнэлт хийсэн мэтээр харагдах нь чухал байсан бололтой. Нэр дэвшигчдээс өндөр дүнтэй дэнчин авахыг олон нийт таашаахгүй. Сонгуульд мөнгөний босго тогтоохыг угаасаа дэмжихгүй байгаа. Харин энэ сэтгэл зүй дээр тоглолт хийж, оноо авахыг ах намынхан хичээв.
Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ” гэсэн үгэнд хэр олон хүн баярласан бол доо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл лав нүүрэндээ баярын мишээл тодруулан “Бүлгийн хурал дээр намын дарга орж ирээд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэж мэдэгдсэн. Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ гэсэн. Харин нэр дэвшигч өөрийнхөө сонгуулийн зардлыг гарга гэсэн” хэмээн ярьсан. Мөнгөний сонгуулиас мөнгөний үнэргүйд шилжихэд ямар золиос гаргах нь тодорхой бус байна. Дэнчин юм уу татвар хэмээн нэрлэхгүй байгаа ч “нэр дэвшигч өөрийнхөө сонгуулийн зардлыг гаргах” гэдэгт хэдэн төгрөгний тооцоо яригдах нь одоогоор бүрхэг.
АН-ын хувьд хэдийгээр шүүмжлэл дагуулсан ч 100 сая гэдэг тоог ил зарласан нь сонгуулийн зардлыг багцаалах боломжтой болгосон. Харин МАН-ын мөнгөний үнэргүй сонгуульд хэдэн төгрөгний далд санхүүжилт хийгдэх нь тодорхойгүй хэвээр.
Нэр дэвшигчдээс мөнгө татахын оронд төсвөөс хумсалчих вий гэсэн “айдас хүйдэс” олон хүнд төрснийг буруутгах аргагүй. Ийнхүү болгоомжлоход хүргэсэн үйл явдлууд ч болов. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, дүүргийн удирдлагууд, хороодын дарга, албан хаагчид, хэсгийн ахлагч нарт улиралд нэг удаа 8-10 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Уг урамшуулалд 345 сая төгрөг төсөвлөжээ. Ямар ч ариун зорилгоор тайлбарласан сонгуулийн өмнөхөн гол ачаа үүрдэг хүмүүсээ төсвийн мөнгөөр урамшуулсан нь шүүмжлэл дагууллаа. Эрх баригчид иймэрхүү маягаар төсвийн мөнгөөр сонгуульд ажиллах хүмүүсээ урамшуулж, 60 тэрбумаар төрийн албан тушаалыг үнэлэхтэй агаар нэг ээлжит шинэ санаагаа хэрэгжүүлбэл нэр дэвшигчдээс хэдэн төгрөг татах ч шаардлагагүй болох биш үү?
ЖДҮ, концесс, тендерийн мөнгөөр эрх баригчид сонгуулийн санхүүжилтээ босгочхоод мөнгөний үнэргүй сонгууль хийнэ гэж рекламдаж байна хэмээх шүүмжлэл ч сонсогдсон.
Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одоос нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэсэн мэдэгдлийг хэрхэн хүлээж авч байгааг нь сонирхлоо.
Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн санхүүжилтийн асуудал зөвхөн нэг намаас эсвэл хуулиас хамааралтай биш болсон. Энэ бол улс төрийн соёлыг тодорхойлдог асуудал болсон. Тийм учраас тогтолцоогоо бүхэлд нь өөрчилж байж л энэ асуудал шийдэгдэх болохоос биш нэг нам дангаараа санаачилга гаргаад, бид сонгуульд нэр дэвшигчдээс дэнчин авахгүй гэж байгаа нь маш их эргэлзээ төрүүлж байгаа юм. Монголын УИХ-ын сонгуулийг мөнгө тодорхойлдог болсон. Тэр мөнгө сонгогчдын саналыг худалдаж авахад зарцуулагдаж байна. Хэвлэл мэдээлэл, сонгуулийн үеийн нийт зардлын 50-60 хувийг төвлөрүүлдэг. Ийм тохиолдолд сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Сонгууль угаасаа өндөр зардалтай. Зардал шаарддаг тогтолцоог бий болгочихсон. Улс төрийн намууд, сонгуульд нэр дэвшигчдээс мөнгө авахыг хүсдэг паразитууд тойроод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, намын гишүүд, сонгогчид бүгд сонгуулийг мөнгө гэж хардаг. Энэ замыг хааж чадахгүй бол ийм сонгуулийн орчинд нэр дэвшигчдээс хандив авахгүйгээр өрсөлдөнө гэдэг нь сонгогчдыг хуурч байгаа үйлдэл. Бодит байдал дээр сонгууль асар их зардалтай. Шийдэж болох цорын ганц арга нь бид нэгдүгээрт өөрийнхөө мөнгөөр биш, маш бага мөнгөөр сонгуульд өрсөлддөг тогтолцоог л бий болгохгүй бол сонгуулийн үеэр намууд далд хэлбэрээр маш их мөнгө зарцуулдаг. Нэр дэвшигчдээс хандив авахгүй гэж байгаа нь худлаа. Нэг бол маш их бяртай нам байна, үгүй бол сонгогчдыг хуурч байгаа үйлдэл” гэж хариулав.
2020 оны сонгуулиар сонгуулийн зардал буурах төлөв ажиглагдаж байгаа эсэхийг лавлахад “Үгүй” гэв. “Сонгуулийг мөнгө тодорхойлдог хэвээрээ л байна. Сонгуулийн үеэр хэвлэлд зарцуулах мөнгийг бууруулж чадахгүй байна. Хандивлагчийг ил тод зарлах хуулийн заалтыг сая Сонгуулийн хуулийг батлахдаа аваад хаячихлаа. Өөрөөр хэлбэл хандивлагчаа зарлахгүй. Хуулиар тийм үүрэг хүлээлгээгүй. Намуудыг санхүүжүүлдэг тогтолцоог хуулиараа өөрчлөөгүй. Харин бүр хандивын хэмжээг 15 сая болгож нэмэгдүүлсэн. 2020 оны сонгууль бол бас л мөнгөний сонгууль болно. Хамгийн их сүлжээтэй, хамгийн том, хамгийн их хөрөнгө зарсан улсууд л өрсөлдөнө” гэлээ.
Улс төрийн намын санхүүжилтийг хоёр гол хуулиар зохицуулдаг. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль. Эдгээр хуульд л лав намын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх талаар тусгаагүй. Улс төрийн намын санхүүжилтэд шинэчлэл хийхийг хүсэн хүлээгчдийн найдвар талаар боллоо.
Монголчууд зөвхөн намтай биш дээ. Дэлхийн улсууд намынхаа санхүүжилтийг шийдээд ирлээ шүү дээ. Бусдын зөв жишгээс суралцъя.
Төсвийн дэмжлэгээр дамжуулан намуудын болон сонгуулийн зардлыг бууруулдаг олон улсын туршлага бий. 51 сая хүнтэй БНСУ-д намын орон тооны ажилтны тоог төв намд 100-аас ихгүй байхаар хязгаар тавьдаг. Хэрвээ намууд энэ заалтыг зөрчин илүү тооны ажилтан цалинжуулбал Үндэсний Сонгуулийн комисс тухайн намын дараа жилийн төсвийн дэмжлэгийг хасах заалттай. Мөн сонгуулийн үед цалинтай ажиллах менежер, ухуулагч нарын тоог бууруулж, сайн дурын ажилтны тоог нэмэгдүүлэхийг дэмжих бодлого төрөөс барьдаг аж.
Ядаж л Япон шиг намууд ба нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар хэвлэх ажлыг төрөөс хариуцвал ихээхэн хэмжээний зардлыг бууруулах боломжтой.
Олон нийтээс цуглуулсан бага хэмжээний хандивыг дүйцүүлэн урамшуулдаг дүйцүүлэх сангийн тогтолцоо АНУ ба ХБНГУ-д байдаг. 100 хандивлагч тус бүрээс авсан 500 евро тутамдаа уг сангаас 500 еврог дүйцүүлэн өгдөг гэнэ. Харин нэг хандивлагчаас авсан 50 мянган евро дээр 500 евро л нэмэгддэг байна. Мөн сонгуульд зарцуулсан зардлыг нөхөн олгох хэлбэрүүд бий. Канадад сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрийн нам сонгуулийн зардлын 50 хүртэлх, нэр дэвшигч 60 хүртэлх хувийг буцаан авах эрхтэй. БНСУ-д сонгогчдын 15-аас дээш хувийн санал авсан бол сонгуулийн зардлыг бүхэлд нь 10-15 хувийн хооронд санал авсан бол 50 хүртэлх хувийг төрөөс буцаан олгодог ажээ.
Компанийн хандивыг хориглох жишиг түгээмэл байгааг ч бодолцох учиртай. Дэлхийн 50 улсад улс төрийн намыг хувийн компаниас хандив авахыг хорьдог. Компаниуд ашгийн төлөө ажилладаг. Иргэн итгэл үнэмшлээрээ намыг дэмждэг. Сонгуулийн дараа намууд өртэй компаниуддаа тендер өгөх гэх мэтээр ач хариулахаас сэргийлж байгаа хэрэг.
Үндэслэлгүй популист амлалтыг хориглодог жишиг ч байна. Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд тооцоо судалгаагүй амлалт өгөх, бэлэн мөнгө тараах, нийгмийн халамжийг хавтгайруулах зэргийг олон улсад хориглодог гэнэ.
Сонгуулийн зардлыг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг ч ойшоолгүй өнгөрч боломгүй. ОХУ-д 2018 оны гуравдугаар сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаар 400 сая рубль буюу ойролцоогоор 16 тэрбум төгрөг болсон байна. Орос газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо ч Монголтой харьцуулах аргагүй. Гэтэл Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэгч нам ба нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээний нийлбэр 10.7 тэрбум байгаа нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн зардлын 70 хувьд дөхөж байгааг мэргэжилтнүүд тооцсон байна лээ.
Энэ удаа намуудын санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөөгүй ч дараагийн сонгуулиар өөрчилтөл нь иргэд шахалт үзүүлье. Сонгогчдыг хуурдаг намыг ч хашраах хэрэгтэй байгаа юм даа.