Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Намрын чуулган: Бидний амьдралд хэрэгтэй батлагдсан бас батлагдаагүй хуулиуд

Б.Сүрэн

 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан долоо дахь удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өнгөрсөн баасан гарагт хаагдсан. Энэ удаагийн намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталсан байна. Мөн холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсголыг гурван удаа зохион байгуулжээ.
Энэ удаагийн намрын чуулганаар нэлээдгүй хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ парламентын төдийгүй УИХ-ын түүхэнд бичигдэх үйл хэрэг болсон гэж улс төр судлаачид дүгнэж буй.

 УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа.
Эдгээрээс тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсныг дурдах нь зүйтэй. Тусгай сангууд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлжээ. Гэсэн ч эдгээр онд 29 тусгай сангийн нэг болох ЖДҮХС, ТЭДС, ХЭДС гэх мэт санд төвлөрсөн хөрөнгийг албан тушаалтнууд хувийн компанидаа тэрбум тэрбумаар авсан хэрэг гарсан юм. Тиймээс уг хуулийг шинэчлэн найруулж, үр дүнд нь сангийн хөрөнгө илүү хяналттай, ил тод болж, жинхэнэ шаардлагатай газар, эздэдээ хүрч, үр ашигтай байх боломж бүрдээд буй.

 Гэхдээ тусгай сангуудыг цэгцлэх нэрийдлээр энэ удаагийн парламент улсын хамгийн гол амьсгалах агаар болсон Үйлдвэрлэлийг дэмжих санг татан буулгаж, улмаар дагалдах Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгосон нь томоохон алдаа байсныг үйлдвэрлэл эрхлэгчид болон эдийн засагчид шүүмжлэн хэлсэн. Тэр ч бүү хэл, эрх баригчид өөрт ашиггүй болсон гэсэн шиг ЖДҮХС-г татан буулгаж, бусад сангуудтай нийлүүлэхээр зэхэж байсныг баялаг бүтээгчид хүчтэй эсэргүүцсэний дүнд тусад нь авч үлдэж чадсан.
Энэ удаагийн парламентын олонхын намын гишүүд сонгуулийн жилийг угтуулан “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталсан. Хэдийгээр ахмад буурлуудынхаа ачийг санаж хийсэн алхам хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан парламентын гишүүд гаргасан шийдвэрээ зөвтгөж буй ч энэ нь алс хэтдээ улсын эдийн засагт томоохон хохирол үзүүлнэ гэдгийг П.Хашчулуун, Ж.Дэлгэрсайхан тэргүүтэй эдийн засагчид шүүмжилж буй. Ямартай ч зээлтэй ахмадууд энэ сарын 1-нээс тэтгэврээ бүтнээр нь авч, Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд зээлийн ямар нэг дарамтгүй болж буй нь сайшаалтай.

 Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн нь тус хуулийн онцлох заалт болсныг улс төр судлаачид цохон тэмдэглэсэн юм.
Түүхэндээ байгаагүй хулгайч, авлигачдаар дүүрсэн парламент хэмээн цоллуулсан энэ удаагийн УИХ-ын авууштай нэг шийдвэр нь 2020 онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төсөвлөсөн явдал байв. Уг санд одоогийн байдлаар 350 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгаа аж. Нэг их наядад хүргэх зорилготой өв сангийн хөрөнгийг 2030 оноос тодорхой зүйлд зарцуулж эхлэх юм байна.

 Тэрчлэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээж нарын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Мөн Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталлаа.

 Гэхдээ 2020 оны төсвийн тухай хуульд нийт хоёр их наяд 152.5 тэрбум төгрөгийн 1438 барилга байгууламж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид сонгуулийн жилд үндсэндээ хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж, бүтээн байгуулалт нэрийн дор олон үргүй зардал гаргаж буйг бас л эдийн засагчид хийгээд улсын төсөвт хяналт тавьдаг төрийн бус байгууллагууд шүүмжилсэн. Тухайлбал, төсвийн байгууллагуудын барих, засвар хийх, тоног төхөөрөмж авах нь тансаглалын нэг хэлбэр болоод буйг хамгийн сүүлийн ХЗДХЯ-ны 600 сая төгрөгөөр өрөө, тасалгаагаа тохижуулсан жишээ батлан харуулж байна. 2020 оны улсын төсөвт гэхэд УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмжид 1.7, хууль зүйн салбарын тоног төхөөрөмжид 2.4, УБЕГ-т 1.1 сая төгрөг гэхчилэн тоног төхөөрөмжийн зардалд нийт 18.5 сая төгрөг төсөвлөсөн харагдана. Эндээс хамгийн ноцтой нь, ердөө 45-49 хүн ажилладаг Үндсэн хуулийн цэц гэхэд 2018, 2019 онд нийт 840 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авсан ба 2020 онд дахин Сангийн яам, Засгийн газраас өргөн бариагүй 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж авахаар төсөвлөсөн байгаа нь эрхгүй анхаарал татаж байна. Тэгэхээр ҮХЦ сүүлийн гурван жилийн байдлаар нийтдээ нэг тэрбум 440 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан нь нэг хүнд дунджаар 30.6 сая төгрөг ногдож байгааг илтгэнэ. Ийн эрх баригчид хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталснаа 2020 он бол их бүтээн байгуулалтын жил байх болно гэж нэрлээд буй нь гайхмаар.

 Намрын чуулганы нэг том асуудал нь Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон явдал байлаа. Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах ёстой. Гэсэн ч ФАТФ-аас уг жагсаалтад орох эрсдэлтэй байгааг Сангийн яам болон ХЗДХЯ-ны эрх бүхий удирдлагуудад удаа дараа албан бичгээр анхааруулаад байхад тэд үл тоосон атлаа ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр “Саарал жагсаалт”-д орсны дараа л ямар учиртайг нь ойлгож, өөрсдийн “арьсаа” хамгаалахын тулд хаа хамаагүй Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг ажлаас нь түдгэлзүүлж, хариуцлага тооцсон болоод өнгөрүүлсэн.

 Ингээд УИХ, энэ асуудлыг хариуцсан дээрх хоёр яам Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдэхээр ажиллаж эхэлсэн. Ингэснээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэх ажээ.

 Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталсан. Гэхдээ өнөөдөр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж олгодгоороо дэлхийд нэр алдраа “цуурайтуулахад” ойрхон байна. Манай улс 2019 оны эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол амсаад буй. Энэ бол улсын бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний маш их мөнгө. ЖДҮ-чин, концессчин, тендерчин Их хурал, Засгийн газартай манай улсын хувьд нэг жилийнхээ төсвөөр авлигадаад суух нь арга ч үгүй биз. Тиймдээ ч авлигын индексээрээ бид 2019 онд 100-гаас 35 оноо авч, улмаар 180 орноос 106-д эрэмбэлэгдсэн байх нь. Энэ бол маш муугийн муу үнэлгээ бөгөөд Монгол Улсад авлига гаарсныг нотлох үзүүлэлт. Бид ийм муу дүн тавиулах нь ч аргагүй. Учир нь өнөөдөр наад захын муу хурган дарга нь оймсондоо хэдэн саяар нь доллар хавчуулчхаад хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хуулийн гадна үлдэж байгаа хойно. Тиймээс сүүлд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиуд энэ алдаа завхралыг засч, хууль хэнд ч алагчлалгүй, тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгээд харах л найдвар үлдлээ. Ийн өгүүлэхийн учир нь эрх баригчдад, ялангуяа, бүрэн эрхтэй, бүдүүн дарга нарт хууль хэзээ ч тэгш үйлчлэхгүй байгааг ЖДҮХС-ийн хэргээс харж болох. Тиймээс бодит амьдрал дээр иргэн, эрх мэдэлтэнд энэ хуулиуд хэрхэн үйлчлэхийг харах л үлдлээ.

 Эдгээр бараан мэдээллийн хажуугаар нэг гялтайх төлөвлөгөөг энэ удаагийн парламент баталсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ нь УИХ-ын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан үйл хэрэг. УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Парламентын судалгааны хүрээлэнг шинээр байгуулж, ажилд оруулжээ. Энэ хүрээлэн нь УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоо бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Нэг ёсондоо, парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн үг. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа илүү нээлттэй, хяналттай, үр ашигтай болох юм.

Отгон чуулганаар Үндсэн хуулийн дагалдах хуулиудыг амь оруулна

 Харин ирэх дөрөвдүгээр сард УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ чуулганаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийг хийх юм. Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр 2020 оны тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах болно.Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэн батлах шаардлага тулгарна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах шаардлага үүсэх юм. Төгсгөлд нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг баталснаар бүх шатны сонгуулийн эрх зүйн тогтолцоо бүрэн шинэчлэгдэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com