Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Ундармаа: Элэгний хавдар нийт хавдрын 34-35 хувийг эзэлж байна

Хавдар судлалын үндэсний төвийн Бүртгэл тандалт эрт илрүүлгийн дарга Т.Ундармаатай ярилцсанаа хүргэе.

-Өнөөдөр хавдрын эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улсын иргэдийн дунд хавдрын өвчлөл ямар байна вэ?
-Манай улсад хорт хавдраар өдөрт 12-13 иргэн, жилд 4400 орчим иргэн амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Дайн дажингүй, энх тайван цагт ийм тооны хүний эрдэнэт амь насыг хавдрын өвчлөлийн улмаас алдаж байна гэдэг дэндүү эмгэнэлтэй, эмзэглүүштэй асуудал юм. Манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь уг өвчний улмаас амь насаа алдаж байна. 2018 оны байдлаар 6073 хорт хавдартай хэмээн оношлогдсон. Эдгээр хавдрын 75-80 хувийг зохилох байрлалын хавдрууд буюу элэг, ходоод, улаанхоолой, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдар эзэлж байна. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж дээр дурдсан долоон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх талаар тусгасан. Хавдрыг эмчлэгдэх боломжтой үед нь эрт илрүүлж чадах юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Монгол Улсын нийт нас баралтын 25 хувийг хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. 2018 онд хорт хавдрын улмаас 4412 хүн амь насаа алдсан байна. Нас барсан хүмүүсийн 80 гаруй хувийг мөн л дээр дурдсан долоон төрлийн хорт хавдар эзэлж байна. Түүн дотроо элэгний хавдар нийт хавдрын 34-35 хувийг эзэлж байна. Манай эмнэлгийн амбулаториор жилдээ 100 мянга гаруй хүн үйлчлүүлж байна. Эдгээрээс 10 мянга гаруй нь хэвтэн эмчлүүлж байгаа бол томоохон хэмжээний мэс засалд 2600-2800 хүн ордог. Ингээд тооцвол нэг өдөрт дунджаар 10 гаруй хүнд томоохон мэс засал хийж байна. ХСҮТ-ийн одоогийн нөхцөл байдлыг 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад 100 буюу түүнээс дээш хувиар өсч, ачаалал эрс нэмэгдсэн гэж хэлж болно.

-Нийт хавдраар өвдсөн иргэдийн хэдэн хувь нь эрт үзлэг шинжилгээнд хамрагдсан байдаг юм бол?
-Жилд дунджаар 6000 хүн ямар нэгэн төрлийн хавдартай хэмээн оношлогдож байгаагаас 60 хувь нь нэгхэн жилийн настай гэх аймшигт хариу сонсдог. Үүний учир шалтгаан нь хавдартай гэдгээ эрт мэдээгүйтэй холбоотой. Хорт хавдрын оношлогдож байгаа үе шатыг авч үзэхэд 22 хувь нь эрт үе шатандаа буюу төгс эмчлэгдэх боломжтой үедээ оношлогдож байгаа бол үлдсэн 75-78 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Тиймээс эрт илрүүлгийн төвийг есөн дүүрэг, 21 аймагт нээн ажиллуулж, иргэдээ цаг бусаар амь насаа алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулж чадсан нь томоохон ахиц дэвшил юм. Монгол Улс ДЭМБ-ын 2019 онд гаргасан мэдээллээр, 2018 онд 100 мянган хүн тутамд 93.7 хүн элэгний хорт хавдартай гэсэн үзүүлэлттэй байна. Манай улсын араас жагссан Египет улсын хувьд бараг л гурав дахин бага үзүүлэлттэй буюу 100 мянган хүн тутмаас 32.2 хүн элэгний хорт хавдартай байна.

-Эмнэлгийн ачаалал их байгаа учраас олон хоног хэвтэн эмчлүүлэх боломж хомс байх. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Бид эмнэлгийнхээ дундаж ор хоногийг 2017 онд 6.7 хүртэл багасгасан. Хавдрын эмнэлгийн хувьд энэ дээд амжилт. Асар хүнд хагалгаа хийлгэсэн иргэд дунджаар зургаан хоног л хэвтэн эмчлүүлээд гарч байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн тооцооллоор дээрх тоог 5.6 болгож буурууллаа. Үүнээс цааш багасгах боломж үнэхээр алга. Бүр доод цэгтээ тулчихлаа. Энэ тулчихсан байдлаараа харахад химийн эмчилгээнд орохын тулд сарын дараа л дугаар авч үйлчлүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой байна. Ийм хэмжээний дараалал үүсч, бүтэн нэг сарын хугацаанд эмнэлгийн ор гарахыг хүлээх нь хавдарт өвчин туссан хүнд цаг хугацаа хийгээд сэтгэл санааны асар их хохиролтой. Мэс засал хийлгэсний дараа тодорхой хугацаанд химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Дараагийн хими эмчилгээ авахын тулд мөн л хүлээх ёстой. Хэдийгээр бид байгаа бүхий л нөөц бололцоогоороо ажиллаж байгаа ч урт дарааллыг багасгах боломж одоогоор алга. Тиймээс дахин эмнэлгээ өргөжүүлэх шаардлага тулгарч байна.

-Өмнө нь 2018 онд өргөтгөл ашиглалтад оруулсан санагдаж байна?
-Тийм л дээ. Манай эмнэлэг 1982 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар уг сууриндаа 38 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд өргөтгөл хийснээр өмнө нь дөрвөн мэс заслын хэсэгтэй байсан бол зургаа болгон өргөжүүлсэн. Гэсэн хэдий ч мэс заслын, эмчилгээний дараалал хэвээр л байна. Тиймээс эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, мэс заслын 4-5 хэсгийг нэмж байгуулсны дараа л мэдэгдэхүйц өөрчлөлт гарахаар байна. Эцэст нь, хорт хавдар гэдэг аюулт өвчний онош сонсч сэтгэл санааны хүн байдалд орчихсон байгаа өвчтөн, түүний ар гэр, үр хүүхдүүд эмчилгээ нь хойшлогдож, эмчилгээгээ авах өдрөө удаан хүлээх нь сэтгэлзүйн хувьд асар их дарамт учруулдаг.

-Хавдрын ямар нэгэн эмчилгээнд орохдоо иргэд төлбөр төлдөг үү?
-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хавдрын эмчилгээг ХСҮТ үнэ төлбөргүй хийж байгаа боловч зарим иргэд урт дарааллаас болж хувийн эмнэлэгт хандах асуудал цөөнгүй. Хорт хавдраар ойр тойрноос нь нэг л хүн өвдөхөд тухайн гэр бүлийн эдийн засаг асар хүнд байдалд ордог. Учир нь хорт хавдар нь маш өндөр зардалтай хөнөөлт өвчин. Зарим нэг нь гадаад руу эмчлүүлэхээр явдаг. Гэвч ихэнхдээ хожуу үед нь оношлогдож байгаа учраас эмчилгээний үр дүн муу байна. Зарим нь насаараа хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгө, мөнгөө өвчинд зараад дуусч буй гашуун түүх ч олон. 2018 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 19.427 хүн хорт хавдрын эмчийн хяналтад байна гэсэн тооцоо гарсан. Хүн нэг бүрийн хувьд эдийн засгийн асар их дарамт бий болж байдаг. Тухайлбал, ходоодны хавдрын эдийн засгийн судалгаанаас харахад ходоод тайрах хагалгаанд орох багаж хэрэгслийг авахад 5-6 сая төгрөг зарцуулдаг байна. Үүн дээр нэмээд хөдөө орон нутгийн иргэнд тээврийн зардал, хоол унд гэх мэт олон төрлийн урсгал зардал нэмэгдэнэ. Үүн дээр түүнийг дагалдаж яваа хүний зардал мөнгө ч нэмэгдэх юм. Тэгэхээр дунджаар 10-15 сая төгрөг зарцуулж байгаа тооцоо гарсан.

-Иргэд хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Хавдар бол нэг өдөр л үүсдэг өвчин биш. Таны бие организмд олон жилийн турш бий болсон архаг хууч өвчнөөс, буруу амьдралын хэв маягаас үүдэлтэй. Тиймээс иргэд хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой.
Үүний зэрэгцээ 1-3 жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ заавал хийлгэж, эрүүл эсэхээ магадлуулж байх нь чухал. Ингэснээр хавдар өвчнийг урьдал үед буюу эрт үед нь илрүүлж төгс эмчлэгдэх боломжтой болно. Зарим төрлийн хавдар тухайлбал элэг, умайн хүзүүний хавдар үүсэхэд нөлөөлдөг гол шалтгааны нэг болох вирусийн халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдаж байх нь чухал. Хавдраас сэргийлэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил гэж үзэхээс илүүтэйгээр иргэд эрүүл мэнддээ анхаарч тогтмол эмнэлгийн байгууллагад үзүүлж хэвших хэрэгтэй. Хавдраас урьдчилан сэргийлэх боломж зөвхөн таны гарт бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com