Х.Төгс
Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо байгуулагдаад арван жил болжээ. Тус холбоо 1990 оноос өмнө байсан Шинийг санаачлагчдын нийгэмлэгийн залгамжлагч. Тухайн үед энэ нийгэмлэг маш олон бүтээл гаргаж улс, ардын аж ахуйд олон шинэ бүтээл нэвтрүүлсэн байдаг. Бүх аймгуудад салбартай байсан энэ байгууллага өнөөдөр олон мянган инженерүүдийн томоохон арми бүрдүүлжээ. Харамсалтай нь тэдний оюуны бүтээлийг төр засгаас дэмждэггүй аж. Манай хууль зүйн өнөөгийн тогтолцоо дотоодын бус, гадны үйлдвэрлэлийг дэмждэг гэнэ. Энэ талаар Монголын шинийг санаачлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржавтай ярилцлаа.
-Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо ямар зорилготой байгууллага вэ?
-Манай холбоо 2000 онд байгуулагдсан. 2015 онд ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нэгдэж зохион байгууллалтад орсон. Үүнээс хойш Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо болж өргөжсөн. Манай улс түүхий эдийн асар их нөөцтэй. Гэвч түүнийгээ түхий эд чигээр нь гадагшаа экспортолдог. Маш хямдаар хийсэн экспортоос нийгэм ашиг хүртэж чадахгүй байна. Харин манай холбоонд түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оюуны чадавх, технологи байна.
-Эрх баригчид сүүлийн 20-оод жил нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгаа солонгоруулах тухай ярьж байгаа шүү дээ?
-Үнэн хэрэгтээ 30 жил ярьж байгаа. Гэвч цагаа болохоор гадны үйлдвэрлэлийг л дэмжих бодлого хэрэгжүүлээд байгаа юм. Монгол Улс өмнө ч түүхий эдийн хавсарга маягаар явж ирсэн. Өнөөдөр ч энэ бодлого үргэлжилсэн хэвээр байна.
-Та бүхэнд санал байна уу?
-Хамгийн наад зах нь бид зэсээ боловсруулах боломж байна. Технологи, оюуны потенциал хангалттай. Гэтэл энэ талаар төрөөс ямар ч анхаарал хандуулж, бодлого хэрэгжүүлсэнгүй.
-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн үг үү?
-Зэсийг зөвхөн хайлуулаад зогсохгүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Сүүлийн арваад жил төрд санал болгоод хэрэгжүүлсэнгүй. Хятад руу гаргахаас өөр замгүй бодлого хэрэгжсээр өнөөг хүрлээ. Миний үеийнхэн уламжлалт байдлаар хөдөө аж ахуйг хөгжүүлэх аргыг сайн эзэмшсэн. Монголчууд малын амьсгалаас бусдыг ашиглаж байсан түүх саяхных. Тэр бүү хэл хулгана, зурмыг ч үйлдвэрлэл болгон хувиргах чадвар бий.
-Үйлдвэрлэлийг сэргээхийн тулд юунаас эхлэх вэ?
-Манай холбоо бол оюуны өмчийн цуглуулга. Монголын инженерүүд бол асар их оюуны өмч. Энэ том өмчийг ашиглаж улс орон хөгжих ёстой. Өнөөдөр АНУ-тай үзэлцээд байгаа Хойд Солонгос улс эрдэмтэд, инженерүүдийнхээ хүчийг ашиглан зэвсэглэлийг өндөр түвшинд гаргаж байна. Инженерүүдийнхээ чадварыг улс орны аюулгүй байдлаа хамгаалахад ашиглаж чадаж байна. Батлан хамгаалах, сансрын чиглэлд өөрийн оюуны потециалыг ашиглаж байна. Бүх засгийн газрууд сансар, интернэт, инновацын салбартаа өөрийн улс орны оюуны чадавхыг дайчилж байгаа. Ингэснээр зарим улс орнууд урьдчилан төсөөлөөгүй их амжилтад хүрсэн. Дээр үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд Шинийг санаачлагчдын нийгэмлэг гэж байсан. Тэр үед нийгэмлэгийн харьяа олон зохион бүтээх товчоо ажиллаж байсан. Аймаг бүрт салбартай. Эдгээр салбараар дамжуулан захиалга ирүүлж тэр бүхнийг монгол инженерүүд биелүүлдэг байсан. Монгол инженерүүдийн бүтээл хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй ажлын байр олноор гаргасан. Тэр хэрээр нийгмийн хөгжил хурдасч байсан. Аливаа шинэ бүтээлийг судлаад, ашигтай нь нотлогдвол, хэрэгжүүлэх ажиллагааг Сайд нарын зөвлөлийн хэмжээнд хэрэгжүүлнэ. Гэтэл өнөөдөр инженерүүд, технологи нь бэлэн байхад төр зүгээр л хараад сууж байна.
-Төрөөс яг юу хүсч байна?
-Эхний ээлжинд дотоодын биш гадны үйлдвэрүүдийг дэмжээд байна. Манай хууль эрх зүйн орчин тийм бүтэцтэй. Дотоод үйлдвэрлэл явуулахад өчнөөн дарамт байдаг бол гаднаас юу ч оруулсан дотоодын үйлдвэрлэлээс хямд тусна.
-Дотоодын үйлдвэрлэлээ сэргээх төлөвлөгөө байгаа юу?
-Хангалттай бий. Үйлдвэрлэл сэргэхэд эхний ээлжинд оюуны чадавх чухал. Монголчууд дэлхийд IQ-гаараа тавд ордог. Нутаг дэвсгэрийн хувьд дэлхий анхаарлаа хандуулж байгаа хоёр том зах зээлтэй хөрш. Энэ бол үйлдвэрлэл сэргэх маш том нөхцөл. Өнөөдөр монголчууд шинжлэх ухааны ололтын араас дагах биш, угтаж хөгжих шаардлагатай. Монгол инженерүүд энэ боломжийг бүрдүүлчхээд байна л даа.
-Монгол инженерүүдийн үнэлгээ муу байна уу?
-Муу байгаа юм биш. Муухай харагдуулах төрийн бодлого яваад байна. Эхлээд монголдоо үйлдвэрлэсэн бүхэн муу гэсэн сэтгэхүй төрүүлнэ. Дараа нь монголоос мөнгө гаргаж гадны үйлдвэрүүдийг санхүүжүүлнэ. Завсраас нь идэж, ууна. Зувцуулж, шамшигдуулах төлөө л Монголын үндэсний үйлдвэрлэлийг сэргээх бодлого хэрэгжүүлэхгүй байгаа юм.
-Эх оронч худалдан авалтын тухай асуудал юу болсон бэ?
-Дотоодод үйлдвэрлэж байгаа олон бараа, бүтээгдэхүүн байна. Гэтэл тэд нь өрсөлдөх чадвар байхгүй. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хил гаалийн дарамтаас эхлээд нийгмийн даатгал, элдэв татваруудад сөхөрнө. Тэгвэл импортын бараа гаалийн татвараас өөр саад байхгүй. Гаднаас юм оруулна гэдэг нь тухайн улсын үйлдвэр, ажлын байр, татварыг л өсгөнө. Монголчуудын мөнгө гадныхныг тэтгэнэ. Ийм тогтолцоо үйлчилж байхад үндэсний үйлдвэрлэлийн тухай ярих арга байхгүй биз дээ.
-Ерөнхий сайд танай холбоонд боломж олговол эхний ээлжинд юу хийж чадах вэ?
-Эхний ээлжинд бид автобус үйлдвэрлэлээ өргөжүүлнэ. Нийслэлд автобус шаардлагатай. Бидэнд үйлдвэрлэх боломж байна. Автобусны үйлдвэрлэлд маш их инновац шингэсэн байдаг. Нэмүү өртөг өнөөгийн технологийн ололт тэр чигээрээ автобусны үйлдвэрлэлд шингэсэн байдаг. Энэ хэрээр нэмүү өртөг, чанартай ажлын байр, үйлдвэрлэлийн өсөлт байгаа байхгүй юу. Хувийн хэвшлийнхэн төрөөс юу ч шаардахгүйгээр өнөөдөр автобус угсрах боломжтой хэдэн үйлдвэр байгуулчихсан. Гэтэл гаднаас автобус авах тухай яриад байна.
-Үйлдвэрүүд нийлээд жилд хэдэн автобус үйлдвэрлэх чадалтай вэ?
-Жилд нийтдээ 350 том оврын автобус үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд сул зогсч байна.
-Нийслэл энэ жил 400 автобус авна гэсэн. Та нараас авах уу?
-Ерөнхий сайд манай автобусыг үзээд нийслэлд судлах үүрэг өгсөн. Таг чиг.
-Дотоодод үйлдвэрлэсэн автобус гадныхантай өрсөлдөх чадвар байгаа юу?
-Бид 2018 онд Японд очоод дэлхийн хамгийн шилдэг батарейнуудыг авах гэрээ хийсэн. Энэ бол хамгийн урт настай, хөнгөн зай хураагуурууд. Мөн хамгийн сүүлийн үеийн зардал багатай цахилгаан хөдөлгүүрүүдийг авсан.
-Та нар энэ бүхнээ туршаад нийслэлд нийлүүлсэн байх аа?
-Тэгсэн. Туршилт хангалттай хийсэн.
-Ерөнхий сайдын үүрэг юу болсон бэ?
-Нийслэл судлаад байгаа юм байх.
-Өнөөдөр та нар нийслэлд автобус нийлүүлэхэд бэлэн үү?
-Бэлэн. Гэхдээ шийдвэр гаргагчид өнөөдөр хүртэл хариу өгөхгүй байна. Зам, тээврийн яам, нийслэлийн удирдлага дээр л хэдэн жил гацаж байна шүү дээ.
-Та нар аль нэгэн байгууллагад өгөөд үнэгүй туршилт хийж болохгүй юу?
-Туршилт хангалттай хийгдсэн. Хүй долоон худагт дунд оврын автобуснууд арваад жил, Өмнөговь аймаг, Оюу толгойд ашиглаад л байгаа. Туршихын хувьд хангалттай. Харин төрийн түшээд л судалж байна гэж суугаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Өмнөговийнхон төвд үйлчилж байна. Шатахууны зардалгүй автобус шүү дээ. Төвдөө найман ширхэг автобус ашиглаж байна. Өөр ямар туршилт хийх ёстой гэж. Ерөнхий сайд нь нийслэлийн засаг дарга, Зам тээврийн сайддаа үүрэг өгөхөд бид маш их баярлаж байсан.
-Ерөнхий сайдыг үүрэг өгөхөд албан тушаалтнууд юу гэж байсан бэ?
-Дуугүй л толгой дохицгоож байсан. Зам тээврийн сайд УИХ, Засгийн газраар оруулах юм яриад л байсан. Тэгээд л өнөөг хүртэл таг чиг. 2018 онд Ерөнхий сайд нь үүрэг өгөөд өнөөдөр хүртэл хэрэгжээгүй.
-Хамгийн сүүлд түшмэдүүдээс ямар нэгэн юм дуулдсан уу?
-“Наадах чинь явахгүй байна” гэж улаан цайм үйлдвэрлэгчдийг дарамталсан. Түшээд гаднаас юм оруулах гээд зүтгээд байна. Хэний ч нүдэнд ил байхад айх ичих юмгүй болсон байна.
-Эрх баригчид мөрийн хөтөлбөртөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар нэлээд зүйл оруулна гэж байсан. Орсон уу?
-МАН мөрийн хөтөлбөрт цагаан дээр хараар бичсэн цэнхэр ном байгаа. Үүндээ үндэсний үйлдвэрлэгчдээс 400-аас багагүй тооны том оврын автобус авна гээд тусгачихсан байгаа. Мөрийн хөтөлбөрт суулгаад бардаггүй, Ерөнхий сайд нь үүрэг өгөөд бардаггүй, ийм л нам болчхоод байна даа.
-Жилд та нар 400 автобус нийлүүлж барах уу?
-Чадна. Миний хэлсэн 350 том автобус үйлдвэрлэх суурь хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлэх боломжтой. Бид төрөөс мөнгө нэхээгүй. Нийслэлд шаардлагатай байгаа нийтийн тээврийн том автобусны захиалгыг авах гээд хэдэн жил болж байна.
-Та нарын өмнө нь нийслэлд нийлүүлсэн автобуснууд хаачсан бэ?
-Э.Бат-Үүлийг засаг дарга байхад бид том оврын 20 автобус нийлүүлсэн. Одоо ч ашиглаж байгаа. Хамгийн зардал багатай. Түлш бага хэрэглэнэ. Хорт утаа бага ялгаруулна. Евро-4 түлшээр явна. Өөрөөр хэлбэл бүх зүйл туршигдчихаад байхад нийслэл, Зам тээврийн яам хараагүй, дүлий мэт суугаад байгаа. Дөрвөн жил ашиглаж байна. Бидний нийлүүлсэн автобус өнөөдөр бүх шаардлагыг хангаж байна. Хэрэв автобусны захиалга авчихвал үйлдвэрүүд сэргэхээс гадна маш олон жижиг дунд үйлдвэрүүд дагаж үүснэ. Өнөөгийн удирдлага дэндүү эх оронч бус хандаж байгаа. Тэгсэн мөртлөө парк шинэчилнэ гэж татвар нэмэх гэж оролдсон. Хоноцын сэтгэлгээ л энэ байх. Нийслэлийн нийтийн тээврийн асуудлын шийдэл бэлэн байхад санаатайгаар шийдэхгүй байгаа юм.
-Нууц биш бол дотоодын болон импортын автобусны үнийг хэлж болох уу?
-Бидний үйлдвэрлэсэн автобус 400 гаруй сая төгрөг. Гаднаас авсан автобус 700 гаруй сая төгрөг болно.
-Та энэ тоог хариуцлагатай хэлж байгаа биз?
-Тийм.
-“Танай эдийн засгийн луужин зэс, нүүрс, нефтийн үнэ” гэж гадны хүн хошигнож байсан.
-ХАА, газар тариалангаа хаясны гай. Үнэхээр бид зүгээр ухаад л зараад суугаад байгааг хэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ хэдэн толгойгоос илүү ашгийг ХАА-гаас олж болно. Дээр нь нүүрс зэсээс илүү ашиг өгөх боломжтой.
-Нүүрсийг дэлхий даяар хориглож байгаа биз дээ?
-Бид дээр дооргүй ингэж сэтгээд байгаа учраас хөгжихгүй байгаа юм. Үнэн хэрэгтээ нүүрснээс, зэсээс их ашиг олж болно. Нүүрсийг зөвхөн шатаадаг юм биш. Түүнийг боловсруулах хэрэгтэй. Нүүрснээс хийнээс эхлээд хувцас хийж болно. Боловсруулахын оронд хүй нэгдлийн үеийн нүдээр л хараад байгаад хэргийн учир байгаа юм.
-Та бүхэнд технологи байгаа юм уу?
-Өнөөгийн ертөнцөд интернэт рүү ороод л харчихна. Хөрөнгө, бизнесийн орчин бүрдүүлчихвэл манай инженерүүд энэ бүхнийг хийхэд бэлэн байна. Монгол инженерүүдийн оюуныг олж харахгүй, эсвэл харахыг хүсэхгүй төр байгаа нь л асуудалтай.