Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Батдэлгэр: УИХ-аар дүүрэн ЖДҮ-гийн хэргийн яллагдагч гишүүд бий

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэртэй ЖДҮХС-тай холбоотой асуудлаар ярилцлаа.

-2017 онд ХХААХҮ-ийн сайд тогтоолоо журам болгосноор ЖДҮДС-гийн мөнгийг хувааж авах булхай луйврын эхлэл тавигдсан-

-Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг яаж шийдэгдэж байна вэ?
-ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж зээл авсан хэрэг илэрсэн нь нэг талаасаа Монгол Улсын иргэдэд томоохон дохио сургамж боллоо. Өөрөөр хэлбэл иргэд, олон нийтийн байгууллагууд төрийн байгууллага, өндөр дээд албан тушаалтнуудад хараа хяналт цаг үргэлж тавьж байхгүй бол болдоггүй юм байна гэдгийг харууллаа. Дөрвөн жилд нэг удаа ард иргэд бидний төлөө зүтгэнэ хэмээн итгэж сонгосон нөхдүүдийн үнэн нүүр царайг жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан энэ үйлдэл ил болгосон. Тэд өөрийн, ах дүү, хамаатан садангийнхаа эрх ашгийг хамгийн эхэнд, Монгол Улс, эх орон, үйлдвэрлэгчээ хойш тавьдаг юм байна гэдэг нь ил болж, ард түмнийг сэрээсэн. ЖДҮДС-гаас төрийн өндөр дээд албан тушаалтнууд зээл авсан булхай луйвар илэрснээр өнөөдөр манай улсад өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл тавигдаж байна гэж бодож байна.

 Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2018 оны зургадугаар сард “Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮЭ-дийн форум-2018 зохион байгуулах үеэр нэр бүхий УИХ-ын гишүүд, ЖДҮДС-гийн захирал, 300 гаруй баялаг бүтээгчид оролцож ЖДҮДС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээл олгодог юм байна. Тэр нь жирийн ард иргэд, жинхэнэ ЖДҮ-дийн гар дээр очдоггүй юм байна, энэ сангийн үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор явдаггүй юм байна гэдгийг мэдсэн. Тэр цагаас эхэлж манай холбоо ЖДҮДС-гийн зээл эзэддээ очдоггүй, төрийн өндөр албан тушаалтнууд хуваагаад авчихдаг талаар холбогдох байгуулагуудад гомдол хүргүүлсэн. Удалгүй ЖДҮ-гийн хэрэг олон нийтэд ил болсон юм.
-Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэв?
-Хариуцлага хүлээсэн юм байхгүй. УИХ-аар дүүрэн яллагдагч ЖДҮ-гийн хэргийн гишүүд бий. Хариуцлага хүлээлгэх гэхээр нэг тэрэгний дугуйнууд биенээ хамгаалаад аваад үлдчихээд байна. Сүүлдээ ард түмнийг мартуулах тийшээ хандуулах болсон. Үнэхээр хариуцлага хүлээлгэхэд хэцүү. Яагаад Ерөнхий прокуророос ЖДҮ-гийн хэргийг оруулахгүй, хууль хяналтын байгууллага нь энэ асуудлыг сөхөхгүй байгааг гайхаж байна. ЖДҮХС-гаас 2017, 2018 онд зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу шалгах ажил хаана очоод гацсаныг мэдэхгүй. Тиймээс ард түмэндээ “ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг дахин төрийн толгойд гаргахгүй байх эрх мэдэл зөвхөн та нарт байгаа шүү” гэж хэлмээр байна. Та бүхэн дараагийн төрийн удирдлагуудыг сонгохдоо хянуур хандахгүй бол дахин жирийн иргэдийн боломжийг хулгайлах ичгүүр сонжуургүй түшээд төрийн толгойд гарч ирж мэднэ. Тэгээд дахиад бид ийм асуудал яриад сууж байх вий. Манай монголчууд аливаа асуудлыг мартах нь амархан. Тиймээс ЖДҮХС-гаас хулгай хийсэн нөхдийн хэрэг мартагдах гэж байна. Азаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос санаачлан сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг “Бөгтөр ЖДҮ” ном гаргасныг та бүхэн авч уншаарай гэж зөвлөмөөр байна. Ардчилал гарснаас хойш 30 жил өнгөрч байхад манай улсад яагаад аж үйлдвэр,үндэсний үйлдвэр хөгжихгүй байна вэ гэдгийн учир шалтгаан энэ номонд бий. ЖДҮ-гийн асуудлыг хэзээ ч мартаж болохгүй.
-ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл олгосон гэх өндөр албан тушаалтнуудаас зээлээ бүрэн төлөөгүй хүн байна уу?
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас авхуулаад л байна. Сар бүр зээл төлөх хуваарийн дагуу төлөлт хийдэг. Мөн албан тушаалаа хүлээлгэн өгсөн Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гэх мэт. Мөн албан тушаалаа өгөөгүй Улаанбаатар цахилгаан түгээх станцын дарга Д.Баярсайханы гурван компани нь 3.2 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна. Хэдийгээр зээлээ төлсөн гишүүд байгаа боловч албан тушаал, эрх мэдлээ ашигласан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудаар Чингис бондын хүүний зөрүү хохирлыг төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь жилийн гурван хувийн хүүтэй олгож байгаа мөнгийг ЖДҮХС-д төвлөрүүлэхдээ Чингис бондоос зээл авсан. Чингис бонд энэ мөнгийг олон улсаас 14 хувийн хүүтэй зээл авсан. Тэгэхээр зөрүү 11 хувийн хүүг улс төлж байгаа асуудал бий. Тиймээс дээрх албан тушаалтнуудын хууль бусаар зээл авсныг тогтоолгочихвол энэ хохирлыг эргэн нэхэмжлэх боломжтой гэж харж байна.
-Жилийн гурван хувийн хүүтэй ЖДҮХС-гийн зээл баялаг бүтээгч, үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ цэнтэй боломж гэдэгтэй хэн ч маргахгүй байх?
-Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг маш чухал байдаг. Жилийн гурван хувийн хүүтэй буюу сарын 0.25 хувийн хүүтэй энэ зээл тэдний хувьд “Тэнгэрийн умдаг атгасантай адил. Энэ зээлийг авсан ямар ч баялаг бүтээгч, өсч, өндийж, дээшилж бичлээс жижиг рүү, жижгээс дунд руу, дундаас том болох нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг. Гэтэл энэ боломжийг нь тэрбум тэрбумаар нь УИХ дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд хувааж авсан явдал бол анхнаасаа зохион байгуулалттайгаар, үгсэн хуйвалдаж ард иргэдээ хохироосон гэж хардаж байгаа. 2016 оноос өмнө ЖДҮДС-гийн зээл банкаар дамжиж үйлдвэрлэгчдийн гарт очдог байсан. Гэхдээ их хэмжээгээр олгодоггүй байсан. Гэтэл 2016 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын түр тогтоол гарч ЖДҮДС-гаас мөнгийг хуваарилахаар болгосон. Ингэхдээ хоёр тэрбум төгрөг хүртэл зээлийг шууд олгохоор тогтоосон. Дараа нь 2017 оны зургадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайд тогтоолоо журам болгож гаргаснаар ЖДҮДС-гийн мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд авах булхай луйврын эхлэл тавигдсан гэж харж байгаа. Энэ жил улсын төсөвт ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг суулгасан. Харин 2018 онд улсын төсөвт 70 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтийн 25.5 тэрбум төгрөг суулгаж нийт 95.5 тэрбум төгрөгийг 216 аж ахуйн нэгжид олгосон байдаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэдний булхай луйвар илрэхээр ЖДҮДС-д энэ онд өмнөх жилийн төсвөөс хоёр дахин бага мөнгө суулгасныг харж болно. Энэ тал дээр олон нийтийн анхаарлыг хандуулсны хүчинд 2017 онд ХХААХҮ-ийн сайдын гаргасан журмыг өөрчлүүлж, ТББ-уудын хяналт олон нийт давамгай, зээлийн хорооны гишүүдийн 60 хувь нь буюу долоон гишүүний дөрөв нь ТББ-аас оролцож, хяналт тавьж эхэлснээр ЖДҮДС-гийн мөнгө жинхэнэ эзэддээ очих нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл төр засгаас гаргаж байгаа шийдвэрт олон нийт, иргэд хяналт тавьснаар, оролцоогоо нэмэгдүүлснээр ямар үр дүнд хүрч болохыг ЖДҮХС-гийн 2019 оны зээл олголтоос харж болно. 2018 оны төсвөөс хоёр дахин бага буюу 47 тэрбум төгрөгийг өмнөх жилийн зээл авсан иргэдээс 2.2 дахин их баялаг бүтээгчдэд олгосон явдал юм. Өөрөөр хэлбэл 2018 онд 216 аж ахуйн нэгжид олгож байсан бол, 2019 онд 466 аж ахуйн нэгжид олгосон гэсэн үг. Ер нь жинхэнэ баялаг бүтээгчид их зээл хүсдэггүй. 2018 онд Архангай аймгийн баялаг бүтээгчдийн нийт хүссэн зээл нь 800 сая төгрөг. Гэтэл эдгээр иргэдэд өгөх хөрөнгө оруулалт байхгүй гэсэн мөртлөө УИХ-ын нэг гишүүн өөрийн хамаарал бүхий компанидаа 950 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Эндээс тэд ямар олон хүний боломж хулгайлсан нь тод харагдаж байна. Ингээд дээр хэлсэнчлэн ЖДҮДС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж эхэлснээр жинхэнэ эзэддээ очдог болсон.
-ЖДҮДС-гийн төсөв одоо жинхэнэ эзэддээ очиж байгааг хэрхэн батлах вэ?
-2019 оны сонгон шалгаруулалт болсноос хойш “Ашиг сонирхлын зөрчилтэй байсан, танил талдаа өгчихлөө, шударга бус шийдвэр гаргачихлаа” гэсэн хүмүүс тун цөөхөн байна. Яагаад гэвэл бүх зүйл ил тод, нээлттэй болсон. Харин шалгаруулалтад тэнцээгүй хүмүүс эргээд би төслийнхөө энэ үе шат дээр алдсан байна. Дараа жил дахин сайжруулаад өгье гэсэн итгэл үнэмшилтэй болсон.
-ЖДҮДС-гийн үйл ажиллагааг зогсоох талаар яриа гарсан. Энэ асуудал юу болов?
-Тийм л дээ. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээрт, ЖДҮХС-гаас зээл авч чадахаа больчихоороо, хоёрдугаарт, ЖДҮХС-тай холбоотой ЖДҮ-чид нэрээсээ салахын тулд 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа ЖДҮХС-г устгахаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах санг нийлүүлж Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох төслийг Засгийн газрын Тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгаар оруулж ирсэн. Энэ саналаа ч мөн нууцаар оруулж ирсэн гэх хардлагыг төрүүлж байгаа. Учир нь хууль өргөн барьж байгаа бол өмнө нь хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол хийх гэх мэт Хууль тогтоомжийн хуулийн дагуу олон зүйл бий. Гэтэл Засгийн газрын Тусгай сангийн хууль Хууль тогтоомжийн хуулийг баримтлаагүй. Ингээд нууцаар оруулан ирж, улсын төсвийг батлахдаа сэмхэн батлах үйлдэл хийсэн. Үүн дээр нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо идэвхтэй ажиллаж, УИХ-ын гишүүн бүрт албан бичиг явуулж, утас руу нь мессеж бичиж, заримтай нь биечлэн уулзаж учир байдлаа ойлгуулсны хүчинд ЖДҮХС-гийн үйл ажиллагааг хэвээр нь үлдээж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах санг нэгтгэж ХАА-г дэмжих сан болгон өөрчилсөн.
-Ямартай ч ЖДҮХС-г аваад үлдэж. Харин төсөв байхгүй. Одоо яах билээ?
-2019 оны зургадугаар сарын 06-нд Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуулийг дагалдаж гарсан Засгийн газрын тусгай сангийн хуулиар “Жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг ЖДҮХС-д төвлөрүүлнэ”. Энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 оноос тус сан бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэтэл өөрсдөө зээл авч чадахгүй болмогцоо ЖДҮХС-г устгах гэж оролдоод чадахгүй болохоороо төсөв өгдөггүй. Ийм л үнэн дүр төрх гарч байна. Ингээд зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх мөнгөнөөсөө төсвөө бүрдүүл гэж байна. Энэ жил ЖДҮХС-д 50 тэрбум орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрөхөөр байна. Сард ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг гэсэн үг. Одоогийн байдлаар ЖДҮХС-д тав орчим тэрбум төгрөг төвлөрчихсөн байгаа гэсэн үг. Гэхдээ нөгөө талаасаа тус санд Чингис бондын өр төлбөр байгаа. Анх 2013 онд Чингис бондоос 100 тэрбум төгрөгийн зээл ЖДҮХС-д олгосноос өнгөрсөн онд 40 гаруй тэрбум төгрөгийг нь төлсөн байдаг. Тэгэхээр ойролцоогоор 50-60 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг 2021, 2022 онд Чингис бондын өрийг төлөхөөс өмнө улсын төсөвт төвлөрүүлсэн байх ёстой. Гэтэл Сангийн яамнаас ЖДҮХС-д төвлөрсөн эргэн төлөлтийн мөнгөнөөс Чингис бондны өрийг төлөх мөнгийг түрүүлж авна гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр бид зээл хүсч байгаа иргэдээ бичил буюу 20-100 сая хүртэл, жижиг буюу 100-300 сая хүртэл, дунд буюу 300-аас тэрбум хүртэлх хэмээн ангилсан. Тэгэхээр өнгөрсөн жил бичил зээлийг 47 аж ахуйн нэгж 3.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Энэ жил сар бүр дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх учраас эхний хоёр сард төвлөрсөн мөнгийг бичилд, дараа нь жижиг, дараа нь дунд шатны зээлд олгох төлөвлөгөөтэй байна.
-ЖДҮХС-гаас зээл олгох журмыг Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон. Өмнө нь хэрхэн шийддэг байсан бэ?
-Өмнө нь ХХААХҮ сайд баталдаг байсан. Тэгэхээр сайд солигдох бүрт энэ журам өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр одоо ямартай ч Засгийн газрын тогтоолоор баталдаг болсноор өмнөхөө бодвол тогтвортой, урт настай байх болов уу гэж горьдож байна. ЖДҮХС-гаас төсөл сонгон шалгаруулах, зээл олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар энэ сард батлах болов уу. Төсөл нь ХХААХҮ яам дээр явж байгаа. Манай холбоо өнгөрсөн жил төсөл сонгон шалгаруулах журам боловсруулах ажлын хэсэгт орж журмаа сайн боловсруулсан. Дараа нь зээлийн хорооны бүрэлдэхүүнд орж баялаг бүтээгчдэдээ зээл олгосон. Зээл олгохдоо хяналт сайн тавьж жинхэнэ эздэд нь очих боломжийг бүрдүүлсэн. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн журмаа илүү сайжруулж, баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчдэд ээлтэй болгохыг зорьж байна. Учир нь өнгөрсөн жил 2018 онд хууль бус үйлдлээс шалтгалаад, жинхэнэ ЖДҮ-чдийнхээ гарт хүргэхийн тулд хэтэрхий өндөр шаардлага тавьсан байх магадлалтай. Тиймээс энэ жилийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэгдэх журам жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн гарт чирэгдэлгүй очдог тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
-ЖДҮХС-гаас зээл авсан иргэдийн эргэн төлөлтөд хэрхэн анхаарч байна?
-Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар идэвхтэй хөөцөлдөж байна.Тухайлбал 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр ЖДҮХС-гийн 48 тэрбум төгрөгийг Капитал банканд зээлүүлсэн асуудал бий. Энэ асуудлыг Засгийн газрын нууц хуралдаанаар оруулж гэрээ хийсэн. Энэ асуудлаар манай холбоо Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу маргаан үүсээд явж байна.
-Яагаад уг асуудлыг хууль бус гэж үзэх болов?
-Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор ЖДҮХС-гаас 48 тэрбум төгрөгийг Капитал банканд зээлүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын тусгай сангийн хуульд зааснаар Тусгай сангийн захиран зарцуулалтыг салбарын сайд захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл Засгийн газраас тус сангийн хөрөнгийг захиран зарцуулсан гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн үед хүчин төгөлдөр байсан Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн наймдугаар зүйлд банканд зээл олгохыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл мөн энэ заалтыг зөрчиж банканд зээл олгосон. Гуравдугаарт, 2016 оноос өмнө ЖДҮХС-гийн мөнгийг банкуудаар дамжуулан олгодог байсан. Тухайлбал Капитал банк 2011 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр ЖДҮХС-гаас зээл олгоход манай банк дамжуулан зээлдэгчийн үүрэг хүлээнэ гэсэн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээг таван жилийн хугацаатай Засгийн газартай хийсэн бөгөөд гэрээний хугацаа дуусахад үл маргах журмаар Капитал банк эрсдэлээ хүлээж улсад төлбөрийг бүрэн төлөхөөр заасан. Хэрэв төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээнд заасан. Энэхүү гэрээний хугацаа 2016 оны арваннэгдүгээр сарын 07-д тус гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа буюу 2017 оны аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж гэрээг нь дахин сунгасан асуудлыг хууль бус гэж үзэж байгаа. Тиймээс Капитал банкаар ЖДҮХС-аас зээлсэн мөнгийг төлүүлэх, мөн 2011 онд байгуулсан гэрээнд заасны дагуу тус банканд үлдсэн 28 тэрбум төгрөгийн алданги 14 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр хөөцөлдөж байна. Энэ зээл болон бусад ЖДҮХС-гаас авсан иргэн аж ахуйн нэгжүүдийн зээлийг эргүүлэн төлөлтөд анхаарч тус мөнгийг баялаг бүтээгчдэдээ олгож үйлдвэрлэлийг дэмжих боломж байгаа юм.
-Засгийн газар, Капитал банктай хийсэн гэрээгээ 2017 онд дахин сунгахдаа алданги тооцох хүүг бууруулсан гэж сонссон. Энэ талаар?
-2011 онд хийсэн гуравласан гэрээн дээр таван жилийн дараа гэрээ дуусахад ЖДҮХС-аас Капитал банкаар дамжуулан олгосон зээлийн эрсдэлийг 100 хувь хүлээж мөнгийг төлнө. Хэрэв гэрээнд заасны дагуу мөнгөө төлөхгүй бол хоногт 0.5 хувийн алданги тооцно гэсэн заалт байсан. Гэтэл 2017 оны аравдугаар сарын 10-нд тус гэрээг сунгахдаа өмнөх гэрээнд заасан хоногийн алдангийг тооцохгүй гэсэн заалт оруулснаас гадна шинэчилсэн гэрээнд хоногийн алдангийг 0.014 хувиар тооцно гэж оруулсан. Өөрөөр хэлбэл сард 0.4 хувийн алданги тооцохоор болсон. Ийм гэрээ хаана байсан юм бэ. Жирийн иргэд Капитал банкнаас зээл аваад төлж чадахгүй бол сарын 7-8 хувийн алданги тооцуулж байхад сард 0.4 хувийн алданги тооцно гэсэн заалт оруулсан нь тус банканд давуу байдал үүсгэсэн гэж харж, гэрээг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ заалтыг өөрчилснөөр хоногийн алдангийн зөрүүнээс үүсэх 13 тэрбум төгрөгийг хариуцах эзэн байхгүй болсон.
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн санхүүжилт ЖДҮХС-аас 1000 гаруй аж ахуй нэгжид олгосон гэдэг. Үүний үр дүн манай улсын аж үйлдвэрийн салбарт ахиц дэвшил гарав уу?
-Та ч бас харж байгаа байх. Манай улсын жижиг дунд үйлдвэрийн өнөөгийн төрхийг. Үүний шалтгаан бол эдгээр зээл эзэндээ очоогүйн баталгаа. 2018 онд ЖДҮХС-ийн зээлийг жинхэнэ ЖДҮ-чдээс хулгайлсан шиг өмнөх жилүүдэд мөн л танил талаа харсан, эрх мэдэлтэй хүмүүст очсон байгаа байхгүй юу. 2019 оноос жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн гарт мөнгө нь очиж байна.

Эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com