Өмгөөлөгч Б.Мэргэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан хойшилсонд та бухимдаж, цахим хуудастаа пост оруулсан байсан. Дээрх хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж байсан юм бол?
-Өнгөрсөн хавар Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зургаан сарын хугацаатай тогтоосон шүү дээ. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон тохиолдолд тэр орчинд ямар ч хууль үйлчилдэггүй. Тэгэхээр энэ хугацаанд хэнийг халах, хэнийг ажилд авахаас эхлээд, өмнөх тендерүүдийг хүчингүй болгох, өөрсдөө ямар нэг шалгуур тавихгүйгээр хүссэн худалдан авалтаа хийх гэх мэт маш олон боломжийг Засгийн газарт өгчхөж байгаа юм. Тэнд өнөөдөр ямар заваан будилаан болж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдсэн ч энэ орчинд хууль үйлчлэхгүй. Засгийн газрын тогтоол энэ байна гээд суух боломж бүрдчихээд байгаа юм.
-Тэгэхээр Засгийн газар хууль зөрчсөн гэсэн үг үү?
-Онцгой дэглэм тогтоохдоо 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг барьсан. 1992 онд шинэ Үндсэн хуультай болсон шүү дээ. Түүнтэй холбоотой бүх хуулийг шинэчилсэн ч өнөөдрийг хүртэл хүчингүй болохгүй хэрэгжээд байгаа долоон хууль бий. Тэр хууль хүчингүй болоогүй болохоор түүнийг ашиглаад ийм онцгой дэглэм тогтоосон. Тэгэхээр “Энэ чинь хууль бус. Үндсэн хуульд нийцэхгүй. Ийм ажиллагаа хийж болохгүй. Тийм учраас Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож өгөөч” гэсэн. Цэц хариу өгөхдөө, “Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 1992 оноос хойш батлагдсан хуульд Цэц маргаан үүсгэнэ. Түүнээс өмнөх хуульд маргаан үүсгэхгүй” гэсэн. Тэгэхээр 1991 оны хуулийг бариад хууль зөрчөөд байх юм уу. Тэгвэл 1992 онд Үндсэн хууль батлагдах үеийн протоколыг үзэхээр1992 оноос өмнө хэрэгжиж байсан хуулиудыг бүгдийг нь шинэчлэх ажлыг УИХ хийх ёстой байсан юм билээ. Гэтэл УИХ өнөөдрийг хүртэл энэ ажлаа хийгээгүй. Ингээд “1992 оноос хойш батлагдсан хууль дээр Цэц маргаан үүсгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгох гээд өгсөн. Тэр заалтыг хүчингүй болговол, араас нь Засгийн газрын онцгой дэглэм тогтоосныг хүчингүй болгуулах нөхцөл үүснэ. Тэр заалтыг хүчингүй болгуулах хурал нь өнгөрөгч даваа гарагт болох байсан ч олон нийтийн арга хэмжээ хийхийг хориглосон гээд цуцалчихлаа.
-Онцгой дэглэм өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм уу?
-Ямар ч гэсэн нэг удаа сунгасан. Би Үндсэн хуулийн Цэцэд өнгөрсөн зун долдугаар сард хандсан. Гэвч одоог хүртэл нийтийн эрх ашгийг хөндсөн энэ асуудлыг шийдвэрлээгүй байна.
-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан хэргийг төрийн нууцаас 100 хувь ил болгооч гэдэг хүсэлтийг ҮАБЗ-д гаргасан байгаа шүү дээ. Тэр асуудал нь ямар ахицтай байна?
-Төрийн нууцыг ил болгох хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, хугацаа дууссан тохиолдолд, Хоёрт, тухайн мэдээлэл хариуцлагагүй албан тушаалтны буруугаас нэгэнт ил болсон тохиолдолд, Гуравт, нууцалж байсан үр дүндээ хүрсэн тохиолдолд ил болгож болно гэсэн байдаг. С.Зоригийн хэрэг 1986 оны Эрүүгийн хуульд хамаардаг. Тэр хуулийн дагуу төрийн нууцын хугацаа нь 25 жил байсан. Гэтэл түүнээс өмнө энэ хэрэг илрээд гурван шатны шүүхээр шийдэгдчихээд байна. Тэгэхээр энэ хэрэг нэгэнт зорилгодоо хүрсэн юм чинь ил болгоход асуудал алга гэж үзсэн. Тэгэхгүй бол “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ”гэдэг шиг С.Зориг гэдэг хүний нэрийг 300 худалдаж идээд өчнөөн хүмүүс улс төрийн ашиг хонжоо олж авлаа. Одоо хүртэл энэ хэрэг улстөрчдийн хоолоо олж идэх хэрэгсэл болсоор байна. Энэ байдлаас сэргийлэхийн тулд ард иргэдийн эргэлзээг арилгаж, үнэн зөв мэдээлэл өгмөөр байна. Үнэхээр буруутай болохоор нь ял өгсөн юм уу, эрүүдэн шүүж байгаад ял өгсөн юм уу гэдэг дээр ард түмэн хоёр талцчихлаа. Үүнээс болж улс оронд тогтворгүй байдал үүсэх, бүүр томоор яривал иргэний мөргөлдөөн гарахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид ҮАБЗ-д хандсан. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй байна.
-Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэдэг шүүхийн шийдвэр гарвал энэ хэргийн хувь заяа яаж эргэх вэ?
-Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзээд хэргийг дахин сэргээж шалгах болов уу. Гэхдээ хэргийг шийдсэнээс хойш жилийн дотор сэргээн шалгах шинэ нөхцөл байдал нь гарах ёстой. Тэгэхээр сэргээн шалгах нөхцөл байдал үүсэх эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Мөн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байгаа. Энэ хугацаанд багтаах ёстой.
-Эрүүдэн шүүсэн хэрэг одоо яг аль шатны шүүх дээр явж байна вэ?
-Анхан шатнаас прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүх хуралдаан руу явуулсан. Давж заалдахаас “Анхан шатны шийдвэр буруу гарсан байна. Байгаа нотлох баримтынхаа хүрээнд шийдэж болох юм байна” гээд анхан шатны шүүх рүү буцаачихсан. Тэгэхээр шүүгдэгчдийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол бичээд дээд шатанд өгсөн. Дээд шатны шүүхээс хариу өгөөгүй байна.
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлигын хэргүүдийг сэргээн шалгах боломж бүрдсэнтэй санал нэг байна уу. Яг энэ асуудлаар МNB телевизийн мэтгэлцээнд оролцож, няцаагч тал болсон байсан?
-Ард түмний дайсан болсон шүү дээ. Тэгнэ гэдгээ ч мэдэж байсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар өмнөх хуулийн харилцааг яаж зохицуулах вэ, шинэ хуультай яаж нийцүүлэх вэ гэдэг шаардлага гардаг. Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагддаг. Энэ хуульд гурван асуудлыг зохицуулсан байгаа. Нэгдүгээрт, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш мөрдөгчийн саналаар, прокурорын хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан хэргүүдийг сэргээн шалгах. Хоёрдугаарт, 2017.07.01-ээс хойш шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан авлигын хэргүүдийг сэргээн шалгах. Гуравдугаарт, одоо мөрдөн байцаалтад явж байгаа болон шүүхийн шатанд явж байгаа хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох гэсэн. Тэгэхээр энд ямар асуудал үүсч байна гэхээр эрүүгийн эрхзүйд хууль шинэчлэн батлагдсан тохиолдолд тухайн хууль батлагдахаас өмнө гэмт хэрэг байгаагүй үйлдэл хийсэн хүн яах юм бэ. Энэ хууль батлагдахаас өмнө гэмт хэрэг байсан ч, шинэ хуулиар гэмт хэрэг биш болчихвол яах вэ гэдэг асуудал үүсдэг. Энэ асуудлыг хэдэн зуун жилийн өмнө эрдэмтэд судлаад, эрүүгийн эрхзүйн зарчим болгоод хуульдаа зүйл заалт болгож оруулаад, хэрэгжүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнд аль хууль нь ашигтай байх юм бэ, тэр хуулиа дага гэдэг зохицуулалт байна. Тэгэхээр эрхзүйн байдлыг дордуулсан биш, дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ л гэсэн үг. Авлигын хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацаа өмнөх хуулийн үед дууссан бол шинэ хуулиар тэр хүмүүсийн хэргийг сэргээн шалгаж болохгүй ээ гэсэн зарчим юм. Энэ зарчим хэрэгжих ёстой. Өнөөдөр хэдэн авлигачдыг шийтгээд, ард түмэн алга ташаад өнгөрч болно. Гэхдээ дараа нь үүсэх эрсдэл үүнээс хэдэн арав дахин их байх болно. Тэгэхээр энэ зарчмаа хамгаалах ёстой гэж ярьж байгаа болохоос авлига авсан хүмүүсийг өмгөөлж хамгаалж байгаа зүйл биш юм л даа.
-Хөөн хэлэлцэх хугацааг энэ удаагийн хуулиар яаж зохицуулсан байгаа вэ?
2015 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэн батлахдаа хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн цагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх хүртэл гэж заасан бөгөөд 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан. Гэхдээ энэ заалт хэрэгжиж эхлээгүй байхад эрх баригч солигдож, МАН гарч ирээд хуулийг өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно гэсэн. Тэгэхээр яллагдагчаар татахад хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэдэг заалт хэрэгжиж эхлээгүй байхдаа өөрчлөгдсөн. Тийм байхад авлигачид цагдаа дээр шалгагдаж байх үедээ, прокурор дээр хянаж байх үед, эсвэл шүүхийн шатанд янз бүрийн байдлаар шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг асуудал үүсч байна. Яллагдагчаар татаад зогсох ёстой байсан хөөн хэлэлцэх хугацааг зогсоохгүй шүүхийн шийдвэр гартал тоолдог болгож, хуулийг завхруулж байгаад энэ нөхдүүд ял завшчихлаа. Тийм учраас энэ нөхдийн 2017.07.01-ээс хойш авлигын хэргээр явж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээе гэдэг тайлбар хийгээд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр манай улсад яллагдагчаар татангуут хөөн хэлэлцэх хугацаа зогсдог тохиолдол байгаагүй. Үүнээс гадна УИХ хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг хууль тогтоогчид дахин “шалга, шүү” гэж байгаа нь шүүх эрх мэдэл рүү халдсан хэрэг. Мөн 2002 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шат дуустал тоолдог байсан. 2002 оноос хойш авлигын хэрэг үйлдчихээд шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хааж байсан хэргүүд зөндөө бий. Тэгэхээр эрх баригчдын ярьж байгаагаар тэр үеэс хойших бүх хэргийг сэргээж шалгах ёстой болж байна.
-Гүтгэх, доромжлох хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож оруулахаар болжээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
-Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах, хэвлэн нийтлэх гээд Үндсэн хуульд заасан үндсэн эрхүүдийг хамгаалахын тулд гүтгэх, доромжлох гээд байгаа гэмт хэргүүдийг эрүүгийн гэмт хэрэг болгохоос улс орнууд сэргийлдэг, татгалздаг жишиг бий. Үүний оронд иргэний журмаар шийдвэрлэж болно гэдэг байдлаар асуудалд ханддаг. Өөрөөр хэлбэл, нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө байж болно. Нөгөө талаас хүн өөрийн гэсэн нэр хүнд, алдар нэртэй. Түүнд халдаж болохгүй. Хэрвээ өөрийнхөө нэр төрд халдсан гэж үзэж байгаа бол тэр нэр төрөө сэргээлгэх эрх иргэний журмаар яваад шийдвэрлэгдэж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх, “Эдийн болон эдийн бус ийм хохирол учирлаа. Үүнийг барагдуулж өг” гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад иргэний шүүхээр шийдүүлэх эрхтэй. Хэрвээ үүнийг гэмт хэрэг болгоод эхэлбэл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжихээ болино. Сэтгүүлчдэд ял өгөөд эхэлбэл төрийн өндөр албан тушаалтнуудын халаасанд орно гэдэг ерөнхий зарчим бий. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэлд үүнийг гэмт хэрэг байхыг нь бүр болиулъя гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд Зөрчлийн хууль руу оруулсан. Одоо буцаагаад Эрүүгийн хууль руу оруулаад ирчихлээ. Энэ бол ухралт хийсэн алхам гэж бодож байна. Тухайн үед хуульзүйн дэд сайд байсан Б.Энхбаяр “Төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий иргэдийн талаар бичсэн асуудал нь гүтгэх зохицуулалтад хамаарахгүй шүү” гэдэг тайлбар оруулж өгсөн. Тэгсэн МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр гэдэг хүн өөрөө Их хурал руу энэ тайлбарыг авч хая гэдэг санал оруулсан байна лээ.
-Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд хориг тавих хугацаа дууссан уу?
-Хориг тавих хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байна. Одоо хориг тавихаасаа өнгөрч байх шиг байна.
-Сонгуулийн хууль дээр сонгогчдын эрхийг зөрчсөн олон зүйл заалт орсон талаар шүүмжлэл явж байна л даа. Үүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгч маргаан үүсгэх боломжтой юу?
-Сонгуулийн хууль дээр эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн олон заалт оруулсан байна. Аль ч сонгуулийн өмнө тухайн эрх барьж байсан нам өөрсдөдөө ашигтай тооцоолол хийж хуулийг өөрчилсөөр ирсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэгж өөрчилсөн нам дандаа ялагддаг. Нэг сонирхолтой зүйл нь нийт иргэдийн 50-аас дээш хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа мөртлөө 30 хувьд нь хүрэхгүй мандатыг авч байна. Тэгэхээр хотын хоёр иргэн, хөдөөний нэг иргэнтэй тэнцэх болчихлоо. Эрх баригчид хууль нь ийм гэж тайлбарлаж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар нутгийн хэмжээ, хүн ам гээд олон зүйл харгалзан үзнэ. Хүн амын тоо бол зөвхөн нэг л хүчин зүйл гэж тайлбарлаж байгаа. Гэтэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч байх ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөлөгч биш иргэдийн төлөөлөгч гэсэн үг. Энэ мэтээр Үндсэн хууль зөрчиж байгаа заалтуудыг Цэцэд өгье гэхээр бид олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэх жишээний.“Сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгч магадгүй. Тэгэхээр ийм шалтгаанаар хурлаа хийхгүй суугаад байя” гэсэн юм болов уу гэх хардлага ч төрж байна. Цэц улс төрийн захиалгаар ажилладаг байгууллага болчхоод байна шүү дээ.
-Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа сонгогчдын саналыг авахгүй гэсэн. Үүн дээр төр засгаас ямар тайлбар өгч байгаа бол?
-Үүнийг тайлбарлахдаа, можаритор тогтолцооны үед гадаадад байгаа хүн бүрийн саналыг авахын тулд техник технологи, зардал шаардлагатай. Тийм хэмжээний зардлыг гаргах төсөв байхгүй учраас гадаадад байгаа иргэдийн саналыг авч чадахгүй гэсэн. Энэ чинь өөрөө шалтгаан биш шүү дээ. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Тэр эрхээ эдлэх боломжийг хангах үүрэг төрд бий. Энэ чинь Засгийн газрын үүрэг. Мөнгө байхгүй гээд Засгийн газар хүний үндсэн эрхийг зөрчиж байна. Маш олон хүн энэ хуулийн заалт дээр хориг тавиад өгөөч гэсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “УИХ-ын тэгж баталсан нь зөв өө. Монгол Улсад ийм мөнгө санхүү байхгүй гэсэн. Хориг тавихгүй гэсэн”. Энэ заалтыг ч гэсэн Цэцэд өгмөөр байна. Үүнийг өөрчлөх ганц боломж нь Цэцэд хандах. Гэтэл Цэц таг чиг.
-Таны анзаарснаар сонгуулийн хуульд өөр ямар ноцтой зөрчил байна вэ?
-Нэр дэвшигчид он гараад сурталчилгааны хугацаа эхэлтэл өөрийн талаар ямар нэг мэдээ мэдээлэл цацаж болдоггүй. Гэтэл УИХ-ын гишүүн ажлын тайлангаа тавьж болно гэдэг заалт орсон байх жишээтэй. Ажлын тайлан нэртэй бусдаас давуу байдалтай өөрийгөө сурталчлах боломжтой болж байна. Мөн өөрийн албан ёсны цахим хаягуудаа бүртгүүлж, тэр хаягуудаараа мэдээ мэдээлэл, реклам бүүстэлж болно гэсэн. Гэхдээ өмнөх жилд хэчнээн төгрөг төлж сурталчилгаа хийж байсан. Түүнээс хэтрүүлэхгүй хэмжээгээр сурталчилж болно гэсэн байгаа юм. Тэгэхээр 2019 онд өөрсдөө энэ хуулийг батлахаа мэдэж байсан хүмүүст давуу байдал үүснэ. Мэдээгүй хүмүүс нь хохирно гэх мэтээр маш олон өөрсдөдөө ашигтай заалтуудыг оруулсан байна лээ.