Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол хүний амь эрх мэдэлтнүүдийн амны зугаа, статистик тоо төдий болжээ

 Монголчууд бид цөөхүүлээ бие биеэ хайрлая гэдэг. Гэвч харгис хатуу, эр зоригийн гэмээр орчин нөхцөлд олонх нь амьдарч амиа алдсан аймшигт мэдээ өдөр бүр цуварч одоо түүнд дөжирдөг болчхоод байна. Нэг хүн нас барвал эмгэнэл нэг хэсэг хүн осолдвол статистик гэдэг үг гашуун хэрнээ бодит үнэн болжээ. Монголчууд гуравхан саяулаа. Харин хүн амыг бүтцээр нь авч үзвэл ямар бол. Нийт гурван сая хүн амын 63 хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг байна. Мөн 30 хувь нь 0-14 насны хүүхэд, 62 хувь нь 15-69 насныхан, долоон хувь хүрэхгүй нь 60-аас дээш насныхан аж.
Жилд 20-оод мянган хүн хорвоогийн мөнх бусыг үзэж наяад мянган хүүхэд мэндэлдэг. Тухайлбал, 2019 онд 78.223 хүүхэд мэндэлж, 17.123 хүн нас баржээ. Гэхдээ хүн амын өсөлт тун удаан явцтай. Учир нь цаг бусаар нас барах тохиолдол Монголд маш өндөр. Хүн амын тоотойгоо харьцуулахад заримдаа дайны үед амиа алдсан цэргийн тоотой дүйх хэмжээнд очих тохиолдолд ч байдаг байна.

Хамгийн олон хүний амь нас авч явдаг шалтгаан нь гадны нөлөөтэй буюу осол гэмтэл мөн өвчин. Түүнээс зам тээврийн осол тэргүүнд бичигддэг байна.

Амь авдаг тамын замууд

 2018 онд зам тээврийн осолд орж 562 хүн амь насаа алдсаны 45 нь хүүхэд байжээ. Үүний 74 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй. Зам тээврийн ослын шалтгаан нь тодорхой боловч сануулга, сэрэмжлүүлэг хэчнээн өгөвч энэ тоо жилээс жилд өссөөр байгаа. Тухайлбал, монгол жолооч нарын 97 хувь нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг. Наян хувь нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог аж. Ийм давтагдах хэдхэн шалтгаанаас жилд 2018 онд 5,323 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохиров. Үүнээс 562 хүн амь насаа алдаж, өмнөх оноос 55 хүнээр өссөн байна. Энэ нь өдөрт 1-2 хүн зам тээврийн ослоор хорвоог орхиж байдаг гэсэн үг. Зам тээврийн ослын 60 орчим хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байдаг бол 40 орчим хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалдаг.
 Манай улсын замын нөхцөл байдал хүний амь авч одох томоохон шалтгаануудын нэг. Зөвхөн 2019 онд Дархан болон Налайхын замын ажлыг удаашруулж бүрэн засч дуусгаагүйн улмаас хэдэн хүний амь нас эрсдэж, хэдэн хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсныг тусад нь судалж гаргасан судалгаа үгүй. Хараал хүрсэн мэт Дарханы зам гэдэг яриа хүртэл гарч айдастай зорчигчид амь насаа олноороо алдсан. Гэвч тэрхүү замыг тийнхүү удааж чилээж хуудуутай зүйл хийснийхээ төлөө зам тавиулсан нь ч, тавьсан нь ч хариуцлага хүлээлгүй өнгөрлөө.

Амь авдаг айдастай ажлууд

 Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж 539 хүн нас баржээ. Шуудхан хэлэхэд ажил мэргэжлээсээ болж зуурдаар нас барагсадын тоо сүүлийн жилүүдэд буураагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний улиралд 66 бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 65 буюу 98 хувь хувь нь үйлдвэрлэлийн осол, 1.5 хувь нь хурц хордлого. 2019 оны дөрөвдүгээр сарын 21-нд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч гурван хүн амиа алдсан. Ослын шалтгаан нь урьдчилсан байдлаар уурхайд нуралт үүсч иргэд 377 метрийн гүнд дарагдсан аж. Налайхын уурхайд лиценз гэгчийг эзэмшин аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй орчинд иргэдээр нүүрс олборлуулдаг энэхүү бизнесийг бүр мөсөн таслан зогсоогоогүй.


 Өнгөрсөн оны намар тус уурхайтай холбоотой ослын гашуун мэдээлэл түгэхэд тус уурхайд 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Дөрөвдүгээр сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн ажилтан хийнд хордож амь насаа алдсан ноцтой осол гарсныг хүмүүс мартаагүй. Мөн 2019 оны хоёрдугаар сард Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн шороонд дарагдан амиа алдсан. Хөрсний ус нэвчсэн 80 метр шороон хананы дороос алт ухуулахаар уурхайчдаа явуулсан компанийнханд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар ямар дүрэм журам үйлчилж байсныг хэлэхэд хэцүү.
 Ийнхүү ажил хөдөлмөр эрхэлж хоолоо олж идэхээр тэмцэж буй монголчуудын амь нас уул уурхай, барилгын салбарт хамгийн их сүйддэг нь харагдаж байна. Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алддаг гэсэн судалгаа гарчээ.


 2019 онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман тохиолдол нь өндрөөс кран унасан осол. Эдгээр ослын улмаас долоон хүн амь насаа алджээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна. Хамгийн сүүлийн гунигтай мэдээ буюу иргэн Б.Болороогийн нөхрийн осол. Нөхрийнхөө нэр төрийн төлөө тэр суулт зарлан тэмцсэн билээ. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарав. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, ес буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, таван хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байна.

Энэрэлгүй эмнэлгийн үйлчилгээ

 Хүн амын нийт нас баралтын ихэнхийг өвчин эзэлдэг. Гэвч хачирхалтай нь 2019 оны дүнгээр
эмнэлэгт нас барагсадын тоо 101-ээр буюу 2.1 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1592 тохиолдол бүртгэгдсэний 503 эмнэлэгт, 1089 нь гэртээ нас барсан байна. Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж буй юм.
Өнөөдөр хүн бүхэн коронавирусээс эмээж халдвар авахгүйг хичээж байгаа. Азаар нэг ч хүний амь насыг энэ аюулт өвчин авч одоогүй ч уушгины хатгалгаагаар өдөр бүр бид нялх үрсээ алдаж байдгаа анзаардаггүй. Тухайлбал, уушгины хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. 2019 оны стасистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар хатгалгаа өвчнөөр нас барсан таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байжээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийг 2019 оны байдлаар харвал бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 17.9 мянга болж, амьсгалын замын халдвар 16.4 мянга болж хувиуд нь бүгд нэмэгдсэн байна.
Нийгмийн халдварт өвчин маш их ихэсчээ. Тухайлбал, салхин цэцгээр өвчлөгчид 2522-оор, тэмбүүгээр өвчлөгчид 932-оор, трихомониазаар өвчлөгчид 492-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 169-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 311-ээр, сүрьеэгээр өвчлөгчид 126-гаар өссөн байна. Улаанбаатар хотод 2019 оны арванхоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёртохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 286 болов. Харин хувь хүний шууд оролцооноос хамаардаг гэдэсний халдварт өвчин болон гараар дамжих халдварууд багасчээ.

11 хүний амиар авчирсан булингартай агаарыг хайрлаж яваарай гэх нь холгүй...

 Аюулт үзэгдэл, ослын улмаас 2019 онд нийт 207 хүн амь насаа алдаж, 153 хүн түлэгдэж, бэртэж өвчилжээ. Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд усны ослын улмаас 82 хүн, обьектын түймрийн улмаас 58 хүн, үер болон хүчтэй салхи шуурганы улмаас 15 хүн, бичил уурхай, нурангийн улмаас 14 хүн, тарваган тахлын улмаас хоёр хүн, аянга болон тэсрэх
бодисын ослын улмаас тус тус нэг хүн, хүний үйл ажиллагаатай холбоотой бусад ослын улмаас 34 хүн амь насаа алджээ.
Үүн дотор бага насны хүүхэд тогонд цохиулах, жорлонд унах, хөл­дөх, нохойд бариулах, угаартах, усны саванд унах гэх мэт зүй бус шалтгаануудаар амь насаа алдсаар. Өнгөрсөн оны энэ олон уй гунигт автуулсан хар мэдээг дахин дахин бичихэд ч гар салганаж, сэтгэл өвдөнө.
 Зөвхөн энэ өвлийн байдлаар 11 хүний амь насыг шахмал түлшний аянаараа сольчхоод байх ёстой мэтээр сууцгааж байна. Утаанаасаа салах гэж хүний эрдэнэт амиар туршилт хийж, золионд гаргасан Ерөнхий сайд болон Хотын дарга өнөөдөр юу ч болоогүй мэт инээмсэглэн зурагтаар гарч сая гаруй хүн утаанаасаа салахад 10 гаруй хүний амь нас золих нь байх л хэрэг мэтээр ухуулж, бусад нь ч гэр хорооллынхон өөрсдөө буруутай хэмээн өчүүхэн улаан амиа бодоод өнгөрсөн нь даанч хөөрхийлөлтэй.
Дайны цагт бол тангараг өргөсөн цэрэг эрс амиараа дэнчин тавих нь байж болох. Гэвч техник технологи хөгжсөн XXI зуунд угаараасаа салах гэж 11 хүнээрээ “өргөл өргөж”, бяцхан хүүхдүүд нь ханиадаар, тогонд цохиулж нас барж байгаа нь дэлхийн шившиг гэхээс өөрцгүй.
 Энх цагийн цэрэг арми тангараг өргөсөн байлдагчаа цохиод, зодоод, дэглээд алчихдаг жинхэнэ айдас хүйдэстэй жишиг тогтоож өгснийг олон түмэн харлаа.
Энэ бүхнийг харуусан харуусан өгүүлэхэд эгэл жирийн монгол хүний эрдэнэт амь эрх тушаалтнуудын зугаа цэнгэл, туршилтын тест, сүржин мэдээлэл хийх статистик тоо төдийхний үнэ цэнтэй болсон гэдгийг өнгөрөгч оны олон олон жишээнээс энгийн иргэд нүдэндээ нулимс, зүрхэндээ цус хуруулан үзэж, сонслоо.
Гэвч алтан улиасыг нь хуга мөргөж гэж айлгасны төлөө өндгөөрөө өргөл өргөдөг шиг ингээд аймшигт мэдээ гарчиглаж, статистик болгон эмхтгэж чихэн дүлий, нүдэн балай суусаар байх уу?
Буруутныг заавал тогтоож, хариуцлага хүлээлгэж цаг бусаар одсон хайртай хүмүүсийнхээ сүнсийг ядаж амирлуулж, нэрийг нь цагаатгах хүч зориг, тэмцэл хүмүүст ер нь байна уу???

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com